Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, ..... тоот регистрийн дугаартай, П  ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1977 оноос 1990 оныг дуустал 4 дүгээр бригадад малчнаар ажилласан. 1980 оны 05 дугаар сараас 1983 оны 06 дугаар сарыг дуустал цэргийн алба хааж, одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1977 оноос 1980 он, 1984 оноос 1985 он, 1988 он, 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар байхгүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрийн архивын лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, 70 дугаар данс тус архивд шилжин ирээгүй байгаа байна.

Иймд П намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1984-1990 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1984-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1001 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Чандмань сумын Урд гол бригадын П П ын нэр дээрх 1986-1987, 1989 оны 70-р дансны хуулгууд,

-Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан тухай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- П ын нэр дээрх 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- П ын нэр дээрх 1986 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сайшаалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2002 онд Шойд ашиг шимт малын диплом”-оор шагнагдсан дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Сайн малчин”-ны зөвлөгөөнд оролцсон дурсамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- П ын 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Ц.Даншийгийн “П нь 1977 онд Ховд аймгийн Чандмань сумын сургуулийг төгсөөд 1977 оноос тус сумын Шинэ зам нэгдэлд илгээлтээр ирж 1993 он хүртэл малчнаар ажилласан. Би мөн тэр үед мал маллаж байсан учир сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

-Гэрч П.Сүхээгийн “П нь намайг цэргээс халагдаж ирээд удаагүй байхад тус нэгдэлд малчнаар ирж байсан. Бид нэгдэл тарах хүртэл хамт мал малласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч П ыг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1984-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал, цалингийн баримтууд нь архивт байхгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1001 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч П ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1001 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Урд гол бригадын П ын нэр дээрх 1986-1987, 1989 оны 70-р дансны хуулгуудаар П ын 1984-1985, 1988, 1990 онуудын цалингийн 70-р дансны хуулга гарч ирээгүй боловч тухайн малчинг 1986-1987 онд малчнаар ажиллаж байгаад 1988 онд гарсан, дахин 1989 онд малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй байх тул дээрх хугацаанд буюу архиваас цалингийн түүвэр ээлжлэн гарч ирсэн хугацаанд түүнийг бүхэлд нь ажиллаж байснаар тооцох боломжтой гэж үзлээ.

Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар П ын Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1984-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харгайхан овогт Гэндэнгийн Пүрэвжалын Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1984-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА