Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгч: Л.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн Б овогт Лгийн Өт холбогдох  2235001450167 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын   16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 12-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Лгийн Ө /РД:.................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ө нь Увс аймгийн Сагил сумын нутаг Авгай нарын ам гэх газарт 2022 оны 7 дугаар сарын 23-нд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Б.Эын толгой тус газарт төмөр хувингаар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнгэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.Ө нь Увс аймгийн Сагил сумын нутаг Авгай нарын ам гэх газарт 2022 оны 7 дугаар сарын 23-нд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Б.Эын толгой тус газарт төмөр хувингаар 1 удаа цохьсон болох нь:

1. Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед нөхөр бид хоёр гэрээсээ гарч Түргэн сумын төв орж хүнсний зүйл авсан ба нөхөр Л.Ө дэлгүүрээс нэрийн мэдэхгүй орос нэртэй 2.5 литрийн бор өнгийн савтай 1 ширхэг пиво авсан. Бид хоёр гэр рүү явах замд нөхөр уг пиво задалж уусан ба би уг пивоноос нь амсах төдий уусан. Харин нөхөр уг пиво ууж дуусгасан ба 13 цаг өнгөрч байхад бид хоёр гэртээ ирсэн. 14 цагийн үед нөхөр Л.Ө үхэр малаа харна гэж хэлээд 2 хүүхдээ дагуулаад гэрээс гарч явсан ба би гэртээ хувцас угаагаад үлдсэн. Тухайн өдрийн 17 цагийн үед би хувцасаа угааж дуусчхаад малд явсан. Нөхөр Л.Ө болон 2 хүүхдээ хайж Ш гэх айлд очиход нөхөр тэнд байсан хүмүүстэй хөзөр тоглож байхаар нь миний уур хүрч нөхрийнхөө хэвлий хэсэгт нэг удаа баруун хөлөөрөө зөөлөн өшиглөсөн ба нөхөр надад юм хэлэлгүй босож нөхөр, 2 хүүхдийнхээ хамт гэр рүүгээ явсан. Би гэрт ирээд 2 хүүхдээ усанд оруулах гэж гал дээр ус халааж байтал нөхөр миний гал дээр халаасан усыг шалны хувин руу хийсэн ба гэрт байхад надтай маргалдаж түлхэлцэж газар унагаасан. Би энэ гэрт байвал алуулах юм байна гэж бодоод гэрээс гарахад нөхөр гэрийн гадна байсан 60 литрийн савтай уснаас хувингаар ус зөөж байгаад чи миний ах З-д хоол хийж өгсөнгүй гэж уурлаж миний толгойны дагз хэсэгт ус зөөж байсан төмөр хувингаар цохисон түүний дараа би ухаан алдаж унасан. Хэр удсаныг мэдэхгүй ухаан ороход миний толгойноос цус гарч байсан. Цус тогтохгүй гараад байхаар нь би айж сандрахад нөхөр тоосон шинжгүй байхаар нь гэрээс гарч Улаан даваа өөд явж замын унаанд сууж аав, ээж дээрээ очих гэхэд нөхөр Л.Ө явуулахгүй гэж гар хөлнөөс зууралдаж татаж чангаасан. Би нөхрийг өөр зүйл хийх хооронд нь гэрээс гарч Улаан даваан дээр гарахад цагдаагийн машин ирж байсан уг цагдаагийн машинтай би аймгийн төв орж ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

2. Гэрч Х.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Охин Б.Э, Л.Ө нар нь Увс аймгийн Сагил сумын Авгай нарын ам гэх нэртэй газарт зусаж байсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн орой цагийг нь санахгүй байна Цагдаагийн байгууллагаас ирж охин Б.Эыг хүлээж авна уу гэж хэлсэн. Би охин Б.Эыг авахаар Цагдаагийн байгууллага дээр очиход охин Б.Э цагаан бинтээр толгойгоо боочихсон байсан ба би юу болсон талаар асуухад нөхөр Л.Өтай маргалдаж байгаад хувингаар цохиулчихлаа толгойдоо оёдол тавиуллаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

 3. Шүүгдэгч Л.Өын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай гэр Увс аймгийн Сагил сумын нутаг Авгай нарын ам гэх нэртэй газарт зусаж байсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай хөрш зэргэлдээ байдаг миний төрсөн ах З /56 настай/-ын эхнэр найранд явсан ба ах гэртээ ганцаараа малаа харж үлдсэн учир өдөржин малын бэлчээрт явж хоол унд идээгүй явсан. Би эхнэр Б.Эд хандаж чи ах Зд хоол хийгээд өгчихгүй яасан юм бэ гэж хэлэхэд эхнэр миний урдаас би яахаараа хоол хийж өгөх ёстой юм гэж хэлээд бид хоёр маргалдсан ба би хоол хийх гэж гэрийн гадна байсан 60 литрийн савтай уснаас төмөр хувингаар ус зөөж байсан байсан ба гэрийн гадна эхнэртэй маргалдахдаа ус зөөж байсан төмөр хувингаар эхнэрийн толгой руу 1 удаа цохисон түүний дараа би эхнэрээс уучлалт гуйж өөрийн гараар хоол хийж байхад эхнэр гэрээс гарч яваад Улаан даваан дээр очиж замын машин тосоход цагдаагийн машин ирж тааралдсан. Би өөрийн эхнэр Б.Эаас уучлалт гуйж эмчилгээтэй холбоотой гарсан зардал болох 50.000 /тавин мянган/ төгрөгийг өөрөөсөө төлж барагдуулсан. Б.Эын толгой ямар нэгэн сорвигүй гоё эдгэрсэн ба бид хоёр эвлэрч одоо эвтэй найртай байгаа. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байнагэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаартай “Үзүүлэгч Б.Эын биед тархи доргилт, дагзны хуйханд язарсан шарх, зөөлен эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсзн байгаа. Дээрх гзмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд 2-3 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тархи доргилт, дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мзндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” - ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Б.Эын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Л.Өт 2022 оны 7 дугаар сарын 23-нд толгой тус газраа төмөр хувингаар цохиулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ. 

Шүүгдэгч Л.Ө, хохирогч Б.Э нар нь 2016 онд гэрлэсэн болох нь нотлогдож байх тул албан ёсоор гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,

мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д : “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж заасан тул эхнэр, нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарч байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Л.Өын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Л.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хохирогч Б.Эын мөрдөн байцалтын шатанд өгсөн “одоо миний бие эрүүл болсон. Надад гомдол байхгүй” гэх нотариатаар баталгаажуулсан хүсэлт (хавтаст хэргийн 81 дэх тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Л.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Л.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ө урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Гэрч Ц.Оийн өгсөн: “Л.Ө нь төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи, согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, ууралж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийголох гэжхичээдэг, огцом түргэн ааш, авир байдаггүй. Хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, шударга зантай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), Гэрч Л.Дын өгсөн: “Л.Ө нь төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи, согтууруулах ундааны зүйл болон тамхи хэргэлдэггүй. Ажилсаг,  бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, ууралж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш, авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, шударга зантай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан үзээдулсын яллагчтай тохиролцсон 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаа зуун мянга/ төгрөгөөр торгох ял   оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хувинг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Өт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Лгийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өт 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаа зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Л.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хувинг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Өт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ