| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00360/И |
| Дугаар | 478 |
| Огноо | 2018-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 478
2018 оны 07 сарын 24 өдөр Дугаар 153/ШШ2018/00478 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, ..... тоот регистрийн дугаартай, Гний ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1976 оны 06 дугаар сард 8-р анги төгссөн. Миний аав Цэдэв нь 1975 онд нас барсан. Миний ээжийг Эрдэв гэдэг бөгөөд аавыг нас барснаас хойш ээж Эрдэвийн нэр дээр цалин, данс тооцоо явагддаг байсан. Би Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 10 дугаар сараас 1980 оны 06 дугаар сар хүртэл хоньчноор, 1983 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл хоньчин, үхэрчинээр ажиллаж байсан. 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 10 дугаар сараас 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 06 дугаар сараас 1990 он хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд тухайн үеийн 70 дугаар дансыг өрхийн тэргүүнээр хөтөлжээ. Иймд намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдалыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1085 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын Эрдэв, Г нарын нэр дээрх 1976-1979, 1982-1990 оны 70-р дансны хуулгууд,
-Цэргийн батлахын 380870 дугаартай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Г ий 0708125 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Д.Баатаржавын “Г нь надтай хамт 1976 онд Зэрэг сумын 8 жилийн сургууль төгсөж, илгээлтээр мал дээр гарсан. Ингээд мал маллаж байгаад 1980-1983 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тэрээр мал малласан. Харин би 1976-1990 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малын эмчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ж.Должингийн “би 1958-1990 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд мал малласан. Харин 1976 онд нэгдэлд илгээлтээр ирж байсан. Тэрээр 1990 он хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан ” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч Г нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал, цалингийн баримтууд нь архивт байхгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1085 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Г ий хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1085 дугаартай лавлагаагаар ирүүлсэн архивын тасгийн Г ий нэр дээрх 1985-1986 оны 70-р дансны хуулгад түүний эх Эрдэвийн нэр орсон, мөн хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан “миний аав Цэдэв нь 1975 онд нас барсан. Миний ээжийг Эрдэв гэдэг бөгөөд аавыг нас барснаас хойш ээж Эрдэвийн нэр дээр цалин, данс тооцоо явагддаг байсан...” гэх тайлбарыг үндэслэн архивын тасгаас ирүүлсэн Эрдэвийн нэр дээрх 1977-1984 оны 70-р дансны хуулгыг тус хэрэгт нотлох баримтаар үнэлж, энэ хугацаанд Г ийг ажиллаж байсан гэж үзэх боломжтой байна.
Иймд дээрх баримтуудаар Г ийг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дондогынхон овогт Цэдэвийн Гэрэлцэвээний Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1976 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА