Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1174

 

         2022          09           23                                    2022/ШЦТ/1174

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Ж.Сувданчимэг,

улсын өмгөөлөгч: Л.А,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.08.12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Зээлийн 0-00 тоотод оршин суух, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**000000/ Б овогт Дын Л нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Зээлийн 0-00 тоот гэртээ хамтран амьдрагч С.Цгийн толгойн тус газарт тогооны ширмэн тагаар нэг удаа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

-Хохирогч С.Цгийн: “2022 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай хамтран амьдрагч ******* архи уучхаад хоёр хүүхдээ янз бүрээр хэлээд доромжлоод байхаар нь хүүхдүүдийг нь өмөөрөөд, хүүхдүүдээ байхгүй үеэр нь элдэв муухайгаар доромжиллоо боль гээд хэлчихсэн чинь ******* уурлаад зуухны урд талд байсан төмөр /ширэм/ тогооны тагийг аваад миний толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тухайн үед миний толгойноос цус гарсан учраас 103, 102 руу дуудлага өгсөн. Тухайн өдөр ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг ******* урьд өмнө нь цохиж зодож байгаагүй. ******* архийг нэлээн уучихдаг, жаахан агсам зантай. Би *******д ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-10-11/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5828 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархай хуйханд 4,5 см урттай, 3 ширхэг оёдол тавьсан шархтай, орчны эдэд хавантай.С.Цгийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохилтын үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-20-21/,

- Яллагдагч *******гийн “Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр хамтран амьдрагч С.Цгийн толгойг тогооны ширмэн тагаар цохиж хагалсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсмээр байна. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би шинжээчийн 5828 дугаартай дүгнэлттэй танилцсан. Би С.Цгийн толгой руу тогооны тагаар нэг удаа цохисон учраас түүний биед учирсан дээрх гэмтлийг би учруулсан.” гэх мэдүүлэг /хх-34-35/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь С.Цтэй 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа нь *******гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-44/, хохирогчийн мэдүүлэг /хх-10-11/ Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ “дунд”  гэх дүгнэлт /хх76-77/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-83-90/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тус тус зааснаар *******, С.Ц нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 3-62 тоот гэртээ агсамнан “хүүхдүүдийг өмөөрлөө” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.Цгийн толгойн тус газарт тогооны ширмэн тагаар нэг удаа цохиж, түүний бие махбодод “...тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Ц нь “*******тэй эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч ******* нь урьд 6 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

3. Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 445 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 1 жил 4 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 1 жил 10 сар 27 хоногийн хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 479 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 22 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

4. Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2001 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаар тогтоолоор тухайн ялыг биечлэн эдэлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-51-81/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр ******* нь 6 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдэлж дуусгасан, ялын тооцоогүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгч нь “дахин ийм үйлдэл гаргахгүй, ажил хийгээд явна” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг болон шүүгдэгч *******гийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, *******гийн цагдан хоригдсон 1 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх найман цагийн ялыг эдэлсэнд тооцон хасаж, үлдэх ялыг эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.

Хэргээс үзэхэд хохирогч С.Ц нь “урьд надад огт гар хүрч байгаагүй, ******* архийг нэлээн уучихдаг агсам зантай. Манай нөхөр түргэн ууртай, догшин зантай боловч уур нь хурдан гарчихдаг юмаа” хэмээн мэдүүлж /хх-10/ гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэг, мэдээлэлгүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******, хохирогч С.Ц нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үйлчилгээнд хамруулж, мэдээллээр хангах ажлыг гүйцэтгэхийг тэдний харьяа хорооны Засаг даргад даалгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дын Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Дын Лд 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх найман цагийн ялыг эдэлсэнд тооцон хасаж,  биечлэн 392 /гурван зуун ерэн хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч С.Ц нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ авсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

8. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 1.6-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны Зээлийн 0-00 тоотод оршин суух *******, С.Ц нарыг хуульд заасан арга хэмжээнд хамруулж мэдээ мэдээллээр хангах ажлыг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Засаг дарга А.Сд даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ