Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1187

 

2022          09          26                                    2022/ШЦТ/1187

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000001465 тоот хэргийг 2022.09.20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, хувиараа хими цэвэрлэгээ ажиллуулдаг гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хангайн 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Гурван шар овогт Тын Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан овоо 00-00 тоот гэртээ хохирогч Э.Лтой маргалдан зодолдож түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Э.Лын: “Миний бие 2022 оны 8 дугаар сарын 18-ны 18 цагийн орчимд өөрийн ажлаасаа тараад найз нар болох Э, О нарын хамт байж байгаад 20 цаг өнгөрөх үед танил ахыг гэр болох Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоо 00-00 тоотод *******гийн гэрт очсон. Очихдоо бид 3 нэг ширхэг 2 литрийн пивотой очсон. ******* нь тухайн үед эхнэрийн хамт байсан ба эхнэр нь хүүхдээ аваад өөр гэр рүү орсон. Тэгээд бид 4 эхний пивоо ууж дуусаад нэмээд 2 ширхгийг авсан санагдаж байна. Ууж дуусахын үед буюу 03 цагийн үед ******* нь надад ахархаад бага зэрэг үг хаясан. Гэтэл ах нарт чинь хэлэхгүй бол болохгүй юм байна гээд байхаар нь манай ах нар надад юм хэлэхгүй гээд ******* ах бид 2-н дунд маргаан болсон. Улмаар маргалдах үед Э хажууд унтаж байсан ба О харин хажууд сууж байсан. Улмаар бид хоёр гэрийн зүүн талын орон дээр заамдалцаж ноцолдсон ба хэд хэдэн удаа О салгасан ч бид 2 ахин заамдалцсан. Над руу дайраад байхаар нь ******* ахын нүүр рүү нь түлхэж бие рүү хөлөөрөө жийсэн. Тэгээд намайг алгадаж улмаар толгойгоороо зүүн талын нүд рүү нэг удаа мөргөсөн. Энэ үед Эрдэнэбилэг сэрж, Оын хамт салгасан ба би уурандаа гэрийн гадаа байхдаа цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-6-7/,

- Гэрч Т.Оийн: “Миний ажил 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд тарсан юм. Тэгээд хамт ажилдаг найзууд болох Э, Л нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Алтан-Овоо 00-00 тоотод байрлах Эрдэнэбилэгийн хашаанд айл хэсэж очсон. Тухайн хашаанд нь Бямбаа гээд манай байгууллагад ажиллаж байсан ах байсан бид нар тэдний гэрт 21 цагаас хойш пиво ууж эхэлсэн. Эхлэхэд би болон Э.Л, Бямбаа ах бид нар тус бүр 1 ширхэг 2 литрийн нийслэл болон сэнгүр нэртэй пиво авсан. Ууж дуусаагүй байх үед буюу 01 цагийн үед Эрдэнэбилэг нь унтаад өгсөн харин би утсаараа оролдоод хэвтэж байсан ба би бараг уугаагүй. Харин Э.Л Бямбаа 2 нэлээн халчихсан юм яриад үлдсэн пивоо хуваагаад ууж байж байсан. Тэгээд 03 цагийн орчимд Бямбаа, Э.Л нар нь ажлынхаа тухай ярилцаж байгаад маргалдаад эхэлсэн. Улмаар заамдалцаад байхаар нь би салгасан ба хэсэг байж байгаад ахиж заамдалцсан бөгөөд Бямбаа нь гэрийнхээ зүүн талын орон дээр Э.Лыг дараад авсан байсан би ахин салгаад Бямбааг бариад гэрээс гаргасан. Хэсэг байж байгаад ороод Э.Лтой Бямбаа нь ярилцаж байгаад ахин маргаан эхэлж мөн орон дээрээ дарж аваад далайж байгаад 2 удаа гараараа алгадсан. Тэр үед Бямбаа нь "чи чаддаг юм бол ахыгаа дууд" гэж хэлээд Э.Лыг 1 удаа мөргөөд авсан. Тэгэхээр нь би гүйж очоод Бямбаагийн гарыг нь барьж аваад ахин салгасан бөгөөд энэ үед Эрдэнэбилэг сэрсэн ба Э.Л гэрээс гараад цагдаа дуудсан. Бид 4-өөс өөр хүн байгаагүй бөгөөд Эрдэнэбилэг унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-10-11/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11502 дугаартай: “Э.Лын биед зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-16-17/,

- Яллагдагч *******гийн: “Яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Овоо 00-00 тоотод 2022 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 17 цагт гэртээ байсан. Тухайн өдөр миний өмнө ажиллаж байсан газрын танил дүү болох Э нь “танайд очиж 2 пиво ууя ажил тарчихлаа" гэж ярьсан. Тэгээд би гэртээ байж байтал 20 цагийн орчимд манай гэрт Эрдэнэбилэг нь зүс таних 2 залуутай хамт ирсэн. Ирэхдээ гаднаас 2 ширхэг Сэнгүр нэртэй 2 литрийн пивотой ирсэн. Улмаар манай гэрт хувааж ууж байхад уг 2 пиво дууссан ба Э бид 2 ахиад 1 ширхэг 2 литрийн пиво авсан юм. Тэгээд бид нар хувааж уугаад шөнө болсон ба Э нь унтаад өгсөн ба О орон дээр суучихсан байхад Э.Л нь таны үе өнгөрсөн гэх зэргээр үгээр идэж эхэлсэн ба намайг зодвол манай ах нарын өөрийг чинь зодно гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад ах нар гэх хуучин ажлын газрынхан руу утсаар яриад дүүгээ ирж авах талаар хэлсэн ч ирж авах хүн байгаагүй ба бид 2-н дунд маргаан эхэлж зууралдаж авсан. Эхлээд О нь салгаад байтал ахиж надаас хэрүүл өдсөн ба миний нүүр рүү нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд 2 удаа алгадсан ба барьж аваад байхаар нь би зөрүүлээд 1 удаа толгойгоороо нүүр рүү нь 1 удаа мөргөчихсөн. Энэ үед Э сэрж Отай хамт салгасан. Э.Л нь гэрээс гарч яваад цагдаад дуудсан байсан” гэх мэдүүлэг /хх-25-26/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Э.Лтой маргалдан түүнийг алгадах, мөргөх зэргээр харилцан зодолдож түүний бие махбодод “зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Э.Лын “намайг алгадаж, зүүн талын нүд рүү мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-6-7/, гэрч Т.Оийн “Э.Лыг Бямбаа 2 удаа алгадаж, нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-10-11/, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11502 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч *******тэй хамт ажиллаж байсан гэх хохирогч Э.Л, гэрч Т.О, Э нар нь *******гийн гэрт пиво барьж очин шалтгаангүйгээр архидан согтуурсан явдал нөлөөлсөн болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгч ******* нь танхайн сэдэлтээр, шууд санаатайгаар хүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Э.Лын биед “зүүн нүдний дээд, доод зовхи,  дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11502 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Э.Лт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл эмчилгээ, шинжилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. Шүүгдэгч ******* нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Э.Л нь хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан /хх-89/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Гурван шар овогт Тын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гурван шар овогт Тын Бд 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ