Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0548

 

 

 

 

 

 

 

ОГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч “ОГ” ХХК

Нэхэмжлэгч: “ОГ” ХХК

Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын “ОГ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 116/2022/0027/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ОГ” ХХК-иас хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын “ОГ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ОГ” ХХК-аас Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын “ОГ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч ОГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШШ2024/0007 дугаар шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 10 болон 12 дугаар хэсэг нь хоорондоо зөрчилтэй болжээ. Маргаан бүхий захиргааны актаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбай нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын талбайтай давхцалтай байгаа нь эрх бүхий байгууллагын шүүхэд хүргүүлсэн баримтаар нотлогддог. Тухайн захиргааны акт нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах эрх олгогдсон талбайтай 100% давхцалтай байхад шүүх нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэх дүгнэлт нь өрөөсгөл байна. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5, 52.2.6 дахь хэсгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.8-д заасан зохицуулалтыг ялгааг анхаарч үзсэнгүй.

 

3.2. Анхан шатны шүүх “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоол”-ыг “ОГ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэхийг шалгахаас өмнө уг тогтоол нь Захиргааны хэм хэмжээний акт юм уу? Эсхүл нэг удаагийн үйлчлэлтэй захиргааны акт юм уу? гэдгийг зайлшгүй тогтоож, улмаар Захиргааны хэм хэмжээний акт үзсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д ”улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-д хамаарахгүй гэж үзээд анхан шатны журмаар шийдвэрлэсэн үндэслэл болон “илт хууль бусыг тогтоох” шаардлагыг хэлэлцэж буй үндэслэлийг шүүхийн шийдвэртээ тодорхой тайлбарлаж өгөх ёстой байсан. Шүүх “Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоол”-ыг нэг удаагийн үйлчлэлтэй захиргааны актад хамруулсан тохиолдолд, ямар үндэслэлээр 25 жилийн турш үйлчлэх захиргааны актыг хэм хэмжээний актад хамруулаагүйг мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдах ёстой байжээ. Шүүхийн харьяалал, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй шууд хамаарах зүйл болсон маргаан бүхий захиргааны актын талаар дүгнэлт өгөөгүйгээс болж шүүхийн бусад дүгнэлт бүхэлдээ үндэслэлгүй болж байна.

 

3.3. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын дунд сургуулийн бага ангийн багш ажилтай эмэгтэй оролцсон боловч шүүхийн шийдвэрт дурдаагүй харин дүгнэлтийг нь шүүхийн шийдвэрийн 3 дугаар хуудас 4.1-т дурдсан байна. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.5-д “хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах” гэсэн эрхийн хүрээнд гаргасан дүгнэлт нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг. Дээрх дүгнэлт нь бага ангийн багшаар ажилладаг, Монгол хэлний А үсгийг хүүхдэд заадаг хүний хувьд хариуцагчийн Монгол хэлний найруулга, мэдлэг, хөтлөлтөд тавьсан шударга зөв үнэлгээ гэж бид харж байна.

 

3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах” гэсэн зохицуулалтаас харахад Засгийн газар тухайн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтооно. Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, Усны тухай хууль зэргээс харахад Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий актад дурдсан газартай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаль орчныг дордуулах эрх олгогдоогүй, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй тул бидний зүгээс Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолтой маргахаас өөр арга байхгүй байна.

 

3.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/0240 дугаартай Магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 2.6-т “...хариуцагч уг тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох болгох боломжтой эсэх зэргийг тодруулж, түүнтэй холбоотой баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.” 2.7-д “...нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй...” гэсэн заалт хэрэгжээгүй буюу Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас албан ёсны суурь баримт ирээгүй, шүүх маргаан бүхий захиргааны акттай холбоотой шүүхийн харьяалал, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулах ажиллагаа хийгээгүй болно.

 

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШШ2024/0007 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч “ОГ” ХХК-иас Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтын “ОГ” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолоор “Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат овоо, уул, рашаан, булгийн зарим газруудыг энэхүү тогтоолын хавсралтад заасан 49 газрыг тусгай хэрэгцээнд авсан”, харин маргаан бүхий мөн хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацааг 25 жилийн хугацаагаар сунгаж, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа рашаан, булаг, тахилгат уул овоо, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газруудын 2999840.57 га талбай бүхий 49 газрыг хавсралтад заасан солбицлоор баталж, 08 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон” байна.

 

4. Анхан шатны шүүх “...Маргаан бүхий актаас харахад, дарааллын хувьд тогтоолын 1 дэх заалтаар 49 газрын орон нутгийн тусгай хамгаалалтад байх хугацааг 2043 он хүртэл сунгасан байна, 2 дахь заалтаараа уг 49 газрынхаа солбицлыг баталсны дараа, 3 дахь заалтад уг 49 газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авч байсан 2014 оны 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь агуулгын хувьд зөрчилдөхгүй, уг актыг биелүүлж хэрэгжүүлэх боломжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх илт хууль бус актын үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцсэнгүй.

 

5. Учир нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гээд 18.1.2 к-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 3 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” гэж тус тус заасан.

 

6. Дээрх хуульд зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, түүний хэмжээ, заагийг тогтоох эрхтэй боловч захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх,  уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор байжээ. 

 

7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит есдүгээр хуралдааны тэмдэглэлд “...2014 онд тусгай хамгаалалтад авсан газар буюу энэ 49 газар дээр ямар ч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байхгүй” талаар дурдсан байх боловч маргаан бүхий тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан тухайн газарт нэхэмжлэгч “ОГ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 225,7 гектар талбай давхацсан талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8/2498 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад мэдэгдсэн, мөн өдрийн хуралдааны тэмдэглэлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтад байх хугацааг сунгах тухай тогтоолыг ажлын хэсэг байгуулах дахин хянаж албажуулахаар тогтов” гэж шийдвэрлэсэн атлаа маргаан бүхий Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “...1. 2014 оны 06 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацааг 2043 он хүртэл сунгаж, 2. ...2999840.57 га талбай бүхий 49 газрын солбицлыг хавсралтаар баталж, 3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож...” буюу тэмдэглэлд дурдсанаас өөр агуулгатай шийдвэр гаргасан төдийгүй тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 08 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авах газрын солбицол, хэмжээг хавсралтаар баталсан бөгөөд тус хавсралтын 41 дүгээрт тусгагдсан газрын талбайн хэмжээ 37678.477 га гэж, харин маргаан бүхий 2018 оны 13 дугаар тогтоолын хавсралтын 41 дүгээрт талбайн хэмжээ 37675.98 га гэж зөрүүтэй тусгагдсан, мөн тогтоолын 1 дэх заалтаар 2014 онд тусгай хэрэгцээнд авсан газрын хамгаалалтад байх хугацааг сунгаж, 2 дахь заалтаар тус газрын солбицлыг баталсан атлаа 3 дахь заалтаар тусгай хэрэгцээнд авсан 2014 оны дээрх шийдвэрээ хүчингүй болгосон зэрэг ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

8. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5.2-т “Улсын тусгай хэрэгцээнд авах газрын хил заагийг урьдчилан тогтоохдоо иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулахгүй байх зарчмыг баримтлах бөгөөд давхацсан эсэхийг заавал нягтлан шалгана”, 3.7-д “Улсын тусгай хэрэгцээнд авах газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн газартай давхацсан тохиолдолд нөхөх олговор олгох асуудлыг ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран холбогдох хуульд заасан журмын дагуу тооцно” гэж зааснаас үзвэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 08 дугаар тогтоол, 2018 оны 13 дугаар тогтоолуудаар дээрх 49 газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах үед нэхэмжлэгч “ОГ” ХХК нь аливаа байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, ашиглаж байсан эсэхийг тодруулах буюу нэхэмжлэгчийн болон өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг судлан тогтоож, холбогдох хууль болон энэ журамд нийцүүлэн тус маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

 

9. Хэдийгээр хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэхдээ дээр дурдсанчлан бодит нөхцөл байдлыг тогтоож, тодорхойгүй, зөрүүтэй нөхцөл байдлууд тогтоогоогүй зэрэг шаардлагатай ажиллагааг хийгээгүй байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар маргаан бүхий актыг илт хууль бус болох үндэслэл болохгүй.

 

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд шүүхэд гаргах нэхэмжлэл, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг тодорхой зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана” гээд 52.2.4-д “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл” гэж, харин 52.5-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлон хуульчилснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох учир “...“ОГ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэхийг шалгахаас өмнө уг тогтоол нь Захиргааны хэм хэмжээний акт юм уу? Эсхүл нэг удаагийн үйлчлэлтэй захиргааны акт юм уу? гэдгийг зайлшгүй тогтоож, ...үндэслэлийг шүүхийн шийдвэртээ тодорхой тайлбарлаж өгөх ёстой байсан” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

11. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байх боломжийг үгүйсгэхгүй бөгөөд нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх агуулгатай зохицуулалт болно.

 

12. Иймд хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хугацааг сунгах эсэх, тус газруудын талбайн хэмжээ, солбицлыг батлах эсэх талаар хууль эрх зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай бөгөөд тухайн асуудал нь хариуцагч байгууллагын чиг үүрэгт хамаарах тул шүүхээс шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий актыг дахин хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг 3 /гурван/ сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоол хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, нэхэмжлэгч “ОГ” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА