Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 115

 

2016.11.17                                                 115

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 180/2016/0130/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                     А.Цэрэндулам,
Улсын яллагч                  Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Л.Наранчимэг,
Шүүгдэгч                                                 Т.Төгөлдөр нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Шархайн овогт Түмэндэлгэрийн Төгөлдөрт холбогдох эрүүгийн 201623000247 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 14-р хороо уяачдын 01-59 тоотод оршин суух, 2014 оны 10 дугаар сарын 27-ны Сум дундын 28 дугаар шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2-дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, улсаас авсан гавъяа шагналгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Шархайн овогт Түмэндэлгэрийн Төгөлдөрт /РД:НЦ97030519/

Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч Т.Төгөлдөр нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А19-р байрны 02 тоотод оршин суух иргэн Д.Билэгээгийн гэрт нэвтрэн орж нөөтбүүк, эмэгтэй годон гутал зэргийг хулгайлж бага бус хэмжээний буюу 1.445.000 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:
    Хохирогч Д.Билэгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумруу гэр бүлээрээ амралтанд явсан юм. Дадал сумаас ирээд намайг ажил дээрээ байж байхад манай эхнэр Батцэцэг надруу утсаар яриад оюутан охиныхоо хувцас хунарыг бэлдэж байсан чинь Нөтбүүк, годон гутал нь байхгүй байна гэж хэлсэн. Манай эхнэр хэлэхдээ хамаатны дүү Төгөлдөр хулгайлсан байж магадгүй гэж сэжиглэж байсан. Эдгээр алдагдсан эд зүйл болох нөтбүүкийг одоогоос жилийн өмнө нэг сая төгрөгрөөр авч байсан. Харин бугын арьсан гутал /годон/-ыг нь 2016 оны өвөл 600-700 мянган төгрөгөөр авч байсан бараг шинэ гутал байсан. Манайхаас өөр алдгдсан эд зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/
     Иргэний нэхэмжлэгч С.Моломын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 08 дугаар сард өөрийн ажил болох Хэрлэн сум 3 дугаар баг Цэн трейд төвийн бөс барааны дэлгүүрт нь худалдагч хийдэг ба намайг дэлгүүр дээрээ байж байхад өдөр тийш гаднаас 20 орчим насны туранхай бор шөвгөр царайтай дунд зэргийн нуруутай хүүхэд ганцаараа орж ирээд эгчээ та годон гутал авах уу гэж асуусан би хотын хүүхэд байгаа юм аа энд ирээд тэмцээнд орох гээд мөнгөгүй болоод байна тэгээд гуталаа зарах гээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч нь авахгүй гэсэн чинь гараад явсан тэгээд эргэж орж ирээд надаас гуйж байгаад та энэ гутлыг хар л даа би тэмцээнд орох гээд мөнгөгүй байна та хямдхан авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр гутлыг нь үзтэл цагаан саарал өнгийн эмэгтэй бололтой жижиг размерийн годон гутал байсан би хараад энэ гутал чинь жижиг размерийн эмэгтэй хүний гутал байна чиний өөрийн чинь гутал мөн юм уу гэж асуухад тийм ээ энэ миний гутал мөн гэж хэлээд үнэмшилтэй яриад байсан. Би тэгэхээр нь гэрт чинь очоод үзье гэж асуухад Улаанбаатар хотынх гэсэн тэгэхээр нь энд хэн гэж ямар айлд байгаа юм гэж асуухад энд байгаа айлынхаа хаягыг зааж өгөхгүй байсан. Та итгэхгүй бол миний зургийг авчих гэж хэлсэн тэгэхээр нь би зургийг нь гар утсаараа авсан. Тэгээд тэр хүүхэд анх годон гутлаа 200.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн би 200.000 төгрөгөөр авч чадахгүй гэж хэлэхэд тэр хүүхэд за тэгвэл 160.000 төгрөгөөр авчих гэж гуйсан би яг хулгайн гутал биш биз гэж хэлж байгаад авсан. ... Би 160000 төгрөгөө гаргуулж авах саналтай” гэсэн мэдүүлэг / хх-ийн 28-29 тал/,
    Иргэний нэхэмжлэгч Э.Дэчинбалын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай Цэцэг ломбарданд Б.Эрдэнэсайхан нэрээр барьцаанд тавигдсан алтан ээмэг хулгайн эд зүйл болох нь тогтоогдсон тул манай компанийн зүгээс Цагдаагийн байгууллагад хууль журмын дагуу хураалгасан. Иймээс барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу гэм буруутай этгээдээс 305.300 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
    Гэрч Г.Бат-Ундрахын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Төгөлдөрийг зүс танина. Манай эсрэг талын байрны айлаар орж гардаг хүүхэд байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрийнхээ цонхоор зэргэлдээх байранд байдаг Билэгээ ахын цонхруу харсан чинь Төгөлдөр гэх эрэгтэй хүүхэд цонхыг нь угаачихсан зогсож байсан. Тэгээд тэр өдөр Билэгээ ахын охин Намуун надад маргааш манайхан аймгаас гадагшаа явна гэж хэлж байсан. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 18-ны орой Билэгээ ахын гэрийн цонх нь гэрэлгүй харагдаж байсан би явцан юм байх гэж бодсон.  Намуун надад манай гэрийн цонхруу харж байгаарай гэж захиж байсан. Тэрнээс хойш 2016 оны 08 дугаар сарын 19-ны орой гэрийх нь цонхруу харсан чинь том өрөөнийх нь гэрэл асаалттай байсан. Мөн маргааш нь буюу 08 дугаар сарын 20-ны өдөр асаалттай байхаар нь би Намуун руу яриад танай гэрэл асааллтай байна танайхан ирсэн юм уу гэж асуухад Намуун асааллтай байх ёсгүй дээ хүн очоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалгыг нь очоод тогшиход онгойлгохгүй байсан. 2016 оны 08 дугаар сарын 19-ний билүү 08 дугаар сарын 20-ны өдөр билүү яг хэзээ хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан өөрийн гэрийнхээ цонхоор хартал Билэгээ ахын байрны баруун тийшээ харсан хамгийн хойд талын цонхны тавцан дээр гарцан цонхоор Төгөлдөр биеийнхээ цээжин хэсгийг гаргаад тамхи татаад зогсож байсан. Тэгээд дараа нь цонхыг нь харсан чинь порчик нь хаалттай байсан. Би тэдний байрны цонх нь нээлттэй байхад Намуунд хэлсэн чинь итгэхгүй байсан тэгэхээр нь утсаараа зургийг нь аваад фейсбүүкээр явуулсан байгаа миний ярьсан зүйл үнэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
    Гэрч Н.Хонгорцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Хэрлэн сумын 4 дүгээр баг зүүн захын Элит нэртэй цайны газар кассан дээр ажилладаг бөгөөд ажлаасаа 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр амралтаа авсан миний амралт авдаг өдрөөс 2 өдрийн өмнө байх цагийг нь сайн санахгүй байна. Намайг ажил дээрээ байж байсан чинь гаднаас зүс таних эрэгтэй хүүхэд орж ирээд нөөтбүүк авах уу гэж асуусан би тэр үед бас нөөтбүүк авах гэж байсан болохоор үзье гэж хэлээд тэр өдөртөө үзэж амжаагүй. Тэрнээс хойш маргааш нь байна уу нөгөөдөр нь намайг ажил дээрээ байж байсан чинь тэр хүүхэд дахиж орж ирээд нөгөө нөөтбүүкээ үзэх үү гэхээр нь би ажилтай байсан манай нөхөр ажилгүй гэртээ амарч байсан болохоор би нөхрөө дуудад нөөтбүүк авах уу гэж байна гэсэн манай нөхөр үзье гэсэн чинь ломбарданд 80.000 төгрөгөөр тавьсан байгаа гэж хэлээд ломбарданд нь очиж үзчих гэж хэлсэн тэгээд хүний нэр дээр тавьсан байгаа та ломбарданд тавьсан хүнтэй нь очоод үзчих гэж хэлсэн манай нөхөр очиж үзээд 88.000 төгрөгөөр ломбарднаас нь чөлөөлж аваад дээрээс нь бэлнээр 112.000 төгрөг өгөөд нийт 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй надад хэлэхдээ манай эгч Анагаахад сурдаг юм хичээлдээ хэрэглэж байгаад надад өгсөн юм гэж хэлсэн бас би тэмцээнд орохоор явах гээд мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэр нөөтбүүк нь кодтой байсан кодыг нь тэр хүүхэд мэдэж байсан болохоор би хулгайн эд зүйл гэж мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
Гэрч Т.Билэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би  он сарыг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан 2016 оны 08 дугаар сарын сүүлээр намайг ломбардан дээрээ сууж байхад нэг 25-30 орчим насны эрэгтэй хүн ирээд нөөтбүүк авах уу гэж асуусан би тэр нөөтбүүкийг нь үзхэд hр загварын хар саарал өнгийн, цэнэглэгчтэйгээ, хар өнгийн цүнхтэй нөөтбүүк байсан би асааж ямар багтаамжтай ямар, үзүүлэлттэй байна гэдгийг нь хараад буцаагаад унтраасан. Тэгээд 80.000 төгрөгөөр л авна гэж хэлсэн тэгээд 80.000 төгрөгөөр барьцаанд тавиад удалгүй эргэж ирээд тэр залуу эгчээ би бичиг баримтаа алдчихлаа гэж хэлээд надаас өөр хүнд битгий өгөөрэй гээд нэг хувь гвитанз дээр өөрөө бичээд явсан. Тэрнээс хойш маргааш нь байна уу нөгөөдөр нь өөрөө  ирээд буцаагаад авсан. Би бас сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
Гэрч Г.Доржпаламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр Д.Отгончулуун Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон нийтийн цагдаагаар ажиллагадаг байсан. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Хэнтий аймагт зүүн бүсийн наадам үзэх гээд ирээд байсан тэгээд наадам үзэж дуусаад буцаж ажилруугаа яваагүй байж байгаад ажилаасаа гарсан. Бид хоёр энд манай ээжийн ажилуулдаг зүүн захын урд талд байдаг ТҮЦ-д суудаг байсан. Тэгээд нэг өдөр Төгөлдөр ирээд надаас юм зээлээд манай нөхөртэй танилцаж байсан. Төгөлдөр бид хоёрыг ТҮЦ-д сууж байхад ирж бэлэн мөнгө болон бараа зээлсээр байгаад өр нь бараг 150 орчим мянган төгрөг болоод байсан. Тэгээд нөхөр бид хоёр Төгөлдөрт өрөө төл бид хоёр бараа авмаар байна гэж уурлаж хэлсэн. Тэгсэн маргааш нь шөнө Төгөлдөр хар өнгийн гар цүнхтэй нөөтбүүк авч ирсэн тэгээд миний нөөтбүүк байгаа юм гэж хэлээд үлдээгээд явсан. Маргааш нь ирээд нөөтбүүкээ аваад явах гэхээр нь би нөхөр Отгончулууныг цуг яваад мөнгөө олж ир гэж хэлсэн тэгээд тэр хоёр гараад явсан. Удалгүй ирэхдээ Отгончулуун нөөтбүүкийг нь ломбарданд тавиад 60.000 төгрөгийг нь авчихлаа гэсээр Төгөлдөртэй хамт ирсэн. Тэгээд нөгөөдөр нь /сар өдрийг нь мэдэхгүй байна/ Төгөлдөр ирснээ нөгөө нөөтбүүкээ ломбарднаас аваад өгчих гээд манай нөхрийг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/
Гэрч Д.Отгончулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төгөлдөрийг танина хоч нь шөмбөө хүмүүс шөмбөө гэж дуудаг юм байна лээ. Бид хоёрын хооронд садан төрлийн холбоо байхгүй. Манай гэр Дорнод аймгийн Чулуунхороот  суманд байдаг би сумандаа олон нийтийн цагдаагаар 8 сар гаран ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр наадам үзнэ гэж Хэнтий аймаг Чингис хотод ирээд буцалгүй эндээ байж байгаад ажлаасаа гарсан. Тэгээд энд эхнэр Доржпаламын ээж нь ажиллуудаг зүүн захын замын урд талын ТҮЦ-д эхнэртэйгээ хамт суудаг болсон. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 10-ны үеэр Төгөлдөр гэх хүнтэй танилцаж байсан. Бид хоёрыг ТҮЦ-д сууж байхад юм зээлдэг байсан. Өмнө манай эхнэрийг бас танидаг байсан. Тэгэж танилцаж байсан. Тэрнээс хойш Төгөлдөр манай ТҮЦ-с намайг болон эхнэр Доржпаламыг сууж байхад ирж юм зээлдэг хааяадаа бэлэн мөнгө зээлдэг байсан. Тэгээд Төгөлдөрийн өр нь 150.000 орчим болсон. Бид хоёр Төгөлдөрөөс мөнгөө авах гээд араас нь зөндөө хөөцөлддөг байсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 20-д гаргаад нэг шөнө цагийг нь санахгүй байна/ гаднаас хар өнгийн цүнхтэй НР загварын нөтбүүк авчирсан. Энэ миний нөөтбүүк байгаа юм энийг ломбарданд тавиад өрнийхөө талыг өгье гэж хэлсэн. Төгөлдөр нөөтбүүкийг асаагаад кодыг нь хийгээд ажиллуулаад байсан болохоор өөрийнх нь юм байна гэж бодсон. Тэгээд тэр шөндөө нөөтбүүкээ манай ТҮЦ-д хонуулаад маргааш нь ирээд нөөтбүүкээ аваад явах гэтэл манай эхнэр наад Төгөлдөр чинь нөөтбүүкээ аваад алга болно чи хамт яв гээд намайг явуулсан. Тэгээд Төгөлдөр бид хоёр зүүн захын урд талаас такси бариад баруун тийшээ яваад замын урд талын харуул хамгаалалтын газартай ломбарданы гадаа очоод энэ ломбардны хүн намайг танина чи ороод тавчих гэж хэлэхээр нь би нөөтбүүкийг аваад ломбарданд ороод 150.000 хүрэх үү гэж асуухад тэр ломбардны эгч хүрэхгүй ээ 80.000 төгрөгөөр авна гэсэн тэгээд би 80.000 төгрөгөөр тавиад бичгийг нь би өөрөө аваад мөнгийг нь Төгөлдөрт өгсөн. Төгөлдөр тэр мөнгөнөөс 60.000 төгрөг бид хоёрт өгөөд өрнийхөө үлдсэн мөнгийг дараа өгье гэж хэлээд гараад явсан. Тэгээд нөгөөдөр нь Төгөлдөр ТҮЦ дээр замын хойд талын машин дотор цэрэг хувцастай хүн сууж байгаа нөгөө ломбарднаас нөөтбүүкээ аваад өгчих гэж хэлсэн би машинд нь суугаад ломбард дээр очоод ломбардны бичгээр нөөтбүүкийг нь авч өгсөн цэрэг хувцастай эрэгтэй 88.000 төгрөг өгсөн. Тэгээд буцаж түцэн дээр ирээд үлдсэн мөнгөө Төгөлдөрт өгч байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учрал гарсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 4-7 тал/,
Хураан авах тогтоол, эд  зүйл түр хурааж авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-20 тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 12-14 тал/,
Эд зүйлийн үнэлгээ /алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 52 тал/,
Шүүгдэгч Т.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-75 тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Т.Төгөлдөрийг орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т. Төгөлдөр нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А19-р байрны 02 тоотод оршин суух иргэн Д.Билэгээгийн гэрт нэвтрэн орж нөөтбүүк, эмэгтэй годон гутал зэргийг хулгайлж бага бус хэмжээний буюу 1.445.000 /нэг сая дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Хохирогч Д.Билгээ, иргэний нэхэмжлэгч С.Молом, Э.Дэчинбал нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь хувьд оногдох эд хөрөнгөгүй байх тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.  
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэм хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шархай овогт Түмэндэлгэрийн Төгөлдөрийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Төгөлдөрийг эд хөрөнгө хураахгүйгээр, 5 /тав/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Төгөлдөрийн цагдан хоригдсон 59  хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

    4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Төгөлдөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УЯНГА