Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

                                                           

 

ЭБСП ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02847 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ЭБСП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Эад холбогдох  

 

Зуучлалын хөлс болон хөлсийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алдангид нийт 9 546 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 17 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭБСП ХХК үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагатай иргэн Б.Э нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЭХ-14/166 дугаарын Энгийн листингийн гэрээ буюу зуучлалын гэрээ байгуулсан.

Гэрээгээр зуучлуулагч Б.Эын “Өгөөж хишиг” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр UA-120263 дугаарын “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр захиалан бариулсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, “Өгөөж хишиг” ХХК-ийн хашаанд байршилтай UNITED APARTMENT цогцолборын 63 айлын орон сууцны 2 дугаар жигүүр Е сууцны 63 тоот 135.27 м.кв үндсэн талбайн хэмжээтэй, 8.55 м.кв тагтны талбайн хэмжээтэй орон сууцыг худалдан авах, худалдан авагч олоход зуучлалын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон.

Гэрээний дагуу ЭБСП ХХК үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагын зуучлагч Л.Энхзориг нь зуучлалын зүйл болох тухайн орон сууцыг Австрали улсын иргэн Жулиан Аллан Рой /Lawrens Julien Allan Roy/-д худалдан борлуулахаар зуучлалын үйл ажиллагаа явуулж, холбон өгч 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зуучлуулагч Б.Э худалдан авагч Австрали улсын иргэн Жулиан Аллан Рой /Lawrens Julien Allan Roy/-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан зуучлалын зүйл болох орон сууцыг 370 000 000 төгрөгөөр худалдсан юм.

Зуучлалын гэрээний 3.1-д зуучлуулагч нь зуучлагчид үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны үр дүнд нийт борлуулалтын орлогоос 2 хувийн төлбөр төлөхөөр тохиролцсон. Уг төлбөрийг гэрээний 3.3-т зааснаар төлбөр төлөгдмөгц буюу ажлын 3 хоногийн дотор төлөхөөр үүрэг болгож заасан юм. Иймд зуучлуулагч Б.Э нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.2-т зааснаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр орон сууц худалдсан 370 000 000 төгрөгийг аваад зуучлалын төлбөр 2 хувь болох 7 400 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлөх байтал өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зуучлалын гэрээний 3.4-т төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасан бөгөөд нэг хоногт 37 000 төгрөгийн алданги төлөх ба өнөөдрийг хүртэл нийт 66 хоног хэтэрсэн 2 146 000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилж байна. Нэхэмжлэгч ЭБСП ХХК нь Б.Эаас нийт зуучлалын хөлс 2 хувь болох 7 400 000 төгрөг, алданги 2 146 000 төгрөг, нийт 9 546 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг шаардлагадаа: Нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан нь үнэн. Тус компанитай гэрээ байгуулахаас өмнө зуучлагч Л.Энхзоригийг таньдаг байсны хувьд олон улсад нэртэй Remax компаниар үйлчлүүлэхийг хүссэн. Гэрээ хийхдээ Remax компанитай биш ЭБСП ХХК-тай хийсэн ч би өөрөө зөвшөөрч хийсэн тул ярих юм байхгүй.

Би захиалгаар бариулсан өөрийн өмчлөлийн орон сууцаа 430 000 000 төгрөгөөр зарах саналтай байсан учир гэрээнд энэ дүнгээ бичсэн. Гэвч миний орон сууцыг 380 000 000 төгрөгөөр Австрали улсын иргэн Жулиан Аллан Рой /Lawrens Julien Allan Roy/ авъя гэж байна гэх саналыг Л.Энхзориг хэлсэн. Мөнгөний хэрэг байсан тул би зөвшөөрсөн.

Ингээд орон сууц худалдан авах Австрали Улсын иргэн Жулиан Аллан Ройтой би Л.Энхзориг, Э.Баттулга бид 4 уулзсан. Гэрээний шатанд Жулиан Аллан Рой өөрийн зүгээс орчуулагч оролцуулмаар байгаагаа хэлсэн бөгөөд тэр нь Д.Амарбаясгалан байсан.

Бидний ярилцлагын дүнд би орон сууцаа 380 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож байх явцад тухайн орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй асуудал гарсан. Учир нь зуучлагч байгууллага миний орон сууцны талбайн хэмжээг 144 м.кв гэж танилцуулж, зарыг мөн энэ хэмжээгээр тараасан байсан. Гэтэл үнэндээ миний орон сууц 135.27 м.кв, тагт нь 8.55 м.кв талбайтай бөгөөд тагтны талбайг 0.3 итгэлцүүрээр тооцвол 2.56 м.кв буюу 137.83 м.кв байхад нөгөө талд 144 м.кв гэж танилцуулснаас болж бизнесийн ёс зүй зөрчиж, шударга бус байдал гаргасан болсон.

Үүнээс болж худалдан авагч орон сууцыг 370 000 000 төгрөгөөр авах болоод гэрийн доторх бүх тавилгыг байранд үлдээх нөхцлийг надад тулгасан. Тухайн үед надад мөнгөний хэрэг их байсан учир би арга буюу тухайн нөхцөлөөр байраа худалдахаар болсон бөгөөд гэрийн тавилгаас 1 телевизор, 1 ус шүүгч, 1 буйдан гэх мэт зүйлээ зарах боломжгүйгээ орчуулагч Э.Баттулгаар дамжуулан хэлж ойлголцсон.

Худалдах, худалдан авах гэрээ байгуулах явцад зуучлагч тал ямар ч үйлчилгээ үзүүлээгүй, зөвлөгөө өгөөгүй, гэрээний төслийг ч гаргаж өгөөгүй. Гэрээний төслийг Жулиан Аллан Рой-ын орчуулагч гэх Д.Амарбаясгалан бэлтгэж, орчуулж, улмаар уг гэрээний дагуу худалдах үйл явц өрнөсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс гэвэл зөвхөн худалдан авагчтай л намайг танилцуулж өгсөн болохоос гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Иймд би зуучлалын хөлс төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний орон сууцны м.кв-ыг 144 м.кв гэж буруу зарласнаас болж би 10 000 000 төгрөгийн алдагдалд шууд орсон. Гэрээний төсөл, хуулийн зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүйгээс би Жулиан Аллан Рой-ын орчуулагч гэх Д.Амарбаясгаланд 4 500 000 төгрөгийн хөлс төлж хохирсон. Гэхдээ түүнд төлбөр төлсөндөө харамсахгүй байгаа. Мөн орчуулагч гэх Э.Баттулга нь Жулиан Аллан Рой-д үнэн зөв мэдээлэл өгч чадаагүйгээс Жулиан Аллан Рой нь миний худалдан борлуулахгүй гэж тайлбарласан 3 000 000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг авч үлдсэн.

Орон сууцаа хүлээлгэн өгөхөөс өмнө би урьдчилгаа төлбөр авч, түүнийгээ зарцуулсан байсан учир арга буюу 3 000 000 төгрөгийн тавилгаа үлдээсэн. Энэ нь нэхэмжлэгч компанийн орчуулагчийн буруутай ажиллагаатай шууд холбоотой тул хохирлоо нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд 10 000 000 төгрөгийн алдагдал, 3 000 000 төгрөгийн тавилгын үнэ, Д.Амарбаясгаланд төлсөн 4 500 000 төгрөг гээд нийт 17 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг шаардлагын хариу тайлбартаа: Д.Амарбаясгалан манай ажилтан биш, түүнд мөнгө өгсөн нь манай компанид хамаагүй. Мөн 2 тал тохиролцож худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг тогтоож байгаа тул үүнд манайх хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх үндэслэл байхгүй. Үнийг буулгахгүй байх эрх нь хариуцагчид өөрт нь байгаа. Гэрийнхээ бүх тавилгыг өөрсдөө тохирч үлдээсэн, наймаа тохирохгүй бол буцаж бас болох байсан. Тэгээд ч 3 000 000 төгрөгтэй холбоотой нотлох баримт алга байна

Бид гэрээ хийх нөхцөл бололцоог хангаж зуучлах л үүрэгтэй. Энэ ажлаа хийсэн. Түүнээс гэрээний талуудын тохироо, түүнээс учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэггүй. Иймд сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан Б.Эаас 7 400 000 төгрөгийг гаргуулж ЭБСП ХХК-д олгож, ЭБСП ХХК-ийн нэхэмжлэлээс үлдэх 2 146 000 төгрөгт холбогдох шаардлага болон ЭБСП ХХК-иас 17 500 000төгрөгийг гаргуулах Б.Эын сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 167 700 төгрөг, хариуцагчаас төлсөн 245 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Э давж заалдах гомдолдоо: “...Б.Э миний бие 2017 оны 05 сарын 24-ны өдрийн 17/106 тоот гэрээгээр "Эй Би Си Проперти" ХХК-тай байгуулсан гэрээгээр үл хөдлөх хөрөнгөө зуучлан борлуулах, түүнтэй холбоотой гэрээ хэлцэл хийх, хуулийн зөвлөгөө өгөх, орчуулгаар хангах, төлбөр тооцоог тохирсны дагуу барагдуулах тухай гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний 1.1-т “Зуучлагч нь өмчлөгчийн өмчийг худалдан авах, худалдан авагч олоход бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллана гэдгээ энэхүү гэрээгээр хүлээн зөвшөөрч байна" гэсэн заалт биелэгдээгүй байхад зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Гэрээний "7.5.2-т хөрөнгийн талаарх мэдээллийг РЕ/МАХ үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн санд оруулах, листинг үүсгэн, Хөрөнгө зуучлалын төвөөр дамжуулан сурталчилна", гэрээний 7.5.3-т "Интернет орчин, олон нийтийн сүлжээг бүхий л байдлаар ашиглана", гэрээний 7.5.9-д "Зуучлагч нь өмчлөгч болон Худалдан авагч нарын хооронд байгуулах гэрээний төслийг бэлтгэн өгч, гэрээтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө өгнө. Шаардлагатай тохиолдолд орчуулагчаар хангана" гэсэн өмчлөгчийн эрхийг хамгаалсан хүчин төгөлдөр гэрээний заалтууд огт биелэгдээгүй байхад зөвхөн зуучлах буюу танилцуулах, худалдан борлуулсны үр дүнгийн төлөө төлбөр авах тухай энэхүү гэрээний 3.2-т заасан заалтыг хүчин төгөлдөр мэт шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн энэхүү гэрээний 7.5.9-д заасан орчуулагч, хуулийн зөвлөгөө өгөх, гэрээ бэлдэх үүргээ зуучлагч тал биелүүлээгүй нь нотлогдож, "Эй Би Си проперти" ХХК-ийн төлөөлөгч буюу агент Л.Энхзориг гэрээ хийх явцад байгаагүйгээс үүдэн аргагүй нөхцөл байдалд Худалдан авагчийн хуулийн зөвлөх орчуулагч Б.Амарбаясгалангаар орчуулга хийлгэн хуулийн зөвлөгөө авч, гэрээний төсөл бэлдүүлсний төлбөрт миний бие сайн дураараа 4 500 000 төгрөгийг өгсөн, мөн зуучлагчийн төлөөлөгч биш хэмээн өрөөсгөл үндэслэлээр миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй орчуулга буруу дутуу хийгдсэн, Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн зууч компани гэх мөртлөө Монгол улсад мөрдөгдөж байгаа норм стандарт /Үүнд: MNS 6058:2009/, Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй /Зар сурталчилгааны хууль/, албан ёсоор төлөөлөн гэрээ хийсэн этгээд нь үйлчлүүлэгч /Өмчлөгч/-ийн эрх ашгийг хамгаалж хангаж гэрээ, хэлцэл хийх явцад байлцаагүй, хөндлөнгийн этгээд байлцуулсан, РЕ/МАХ хэмээх олон улсын сүлжээ, нэр хүнд бүхий брэндийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлэн цөөн тооны ажилтантай хоорондоо үл хамааралтай жижиг компаниуд энэ тэнд үйл ажиллагаа явуулдаг, зөвхөн өөрт ашигтай гэрээ хийсэн, гэрээгээ хоосон төсөл дээр гарын үсэг зуруулаад батлуулаад өгнө гэж авч яваад дараа нь нөхөж бичсэн, гэрээ цаг тухайд нь өгөөгүй сүүлд нэхүүлж байж өгсөн, Л.Энхзориг нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч төлбөрөөс өөрт ногдох хувиа хасуулахаа мэдэгдэж байсан талаар мэдэгдсэн гэх мэт олон асуудал байгааг үл тоон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд  анхан  шатны  шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Эй Би Си Проперти ХХК нь хариуцагч Б.Эаас зуучлалын хөлс 7 400 000 төгрөг, хөлс төлөх хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 2 146 000 төгрөг, буюу нийт 9 546 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс өөрт учирсан хохиролд 17 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Эх-14/106 тоот Re/max Infinity Энгийн листингийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Б.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, United apartment цогцолбор, 30Б байр, 63 тоот 135.27 м.кв үндсэн талбайн хэмжээтэй, 8.55 м.кв тагтны талбайн хэмжээтэй захиалгаар бариулсан орон сууцыг худалдан авах, худалдан авагч олоход бүхий л хүчин чармайлт гаргаж ажиллах, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулсан тохиолдолд борлуулалтын орлогоос 2 хувийг эсвэл 8 600 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

 

Дээрх гэрээг байгуулснаас хойш 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б.Э нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцаа Лаурэнс Жулиан Аллан Ройд 370 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан ба одоо тэрээр өмчлөгч болсон ба худалдан авагч Лаурэнс Жулиан Аллан Рой, худалдагч Б.Э нар нь ЭБСП ХХК-иар дамжуулан хэлцэл хийсэн болох нь дээрх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үндэслэлээр зуучлалын хөлс болон түүнийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алдангийг хариуцагчаас шаардсан бөгөөд анхан шатны шүүх “Энгийн листингийн гэрээ”-ний 3.8 дахь заалтад тухай гэрээний 3.4 дэх хэсэгт заасан алданги төлөх зохицуулалт хамаарахгүй гэж үзэж алдангид 2 146 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Мөн шүүх хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь зуучлалын гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, олон нийтийн сүлжээнд зарыг тараан байршуулаагүй, орон сууцны м.кв-ын хэмжээ буруу мэдээлсэн, гэрээний төслийг бэлтгээгүй, хууль зүйн зөвлөгөө хангалттай өгөөгүй гэж маргаж, үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 17 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шалтгаант холбоо тогтоогдсон, эргэлзээгүй нотлогдсон байх учиртай. Гэрээний үнэ буурсан байдал нь зуучлалын үйл ажиллагаанаас болж буурсан эсэх, эсвэл талууд тохиролцоод үнийг бууруулсан гэдэг нөхцөл байдал эргэлзээтэй. Иймээс нэхэмжлэгч ЭБСП ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээний нөгөө тал болох хариуцагч Б.Эад шууд хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

 

Харин шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар зарим нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулав.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Эх-14/106 тоот Re/max Infinity Энгийн листингийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зуучлагчийн компанийн хийж гүйцэтгэх ёстой 9 нэр төрлийн ажлыг тодорхой тусгасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрээний 7.5.6-д заасан сонирхогч этгээдүүдээс өгч байгаа үнийн санал, гэрээнд тусгагдах зүйл зэргийг маягтад тусгаж, өмчлөгчид танилцуулж бэлтгэх”, 7.5.9-д заасан гэрээний төслийг бэлтгэн өгч, хууль зүйн зөвлөгөө өгөх” зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин гэрээний 7.5.1-ээс 7.5.5, 7.5.7, 7.5.8-д тус тус заагдсан ажлуудын үр дүн нь гарсан учраас хийгдсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заагдсан дээрх 9 нэр төрлийн ажлыг бүрэн гүйцэд хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний 7.5.6, 7.5.9-д заасан ажлыг хийсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул уг 2 ажлын үнийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь 9 төрлийн үйлчилгээг үзүүлж, төлбөр 370 000 000 төгрөгийн 2 хувь буюу 7 400 000 төгрөгийг хариуцагчаас авахаар тохиролцсон бөгөөд хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 7 төрлийн үйлчилгээ буюу зуучлалын гэрээний 77.7 хувь буюу нийт 5 755 555 төгрөгийн үйчилгээг үзүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02847 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...7 400 000 төгрөг...” гэснийг “...5 755 555 төгрөг...”, “...2 146 000 төгрөг...” гэснийг “...3 790 445 төгрөг...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...133 350 төгрөг...” гэснийг “...107 039...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Эын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

 

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН