Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1241

 

2022         10           05                                    2022/ШЦТ/1241

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Э.Оргилбат /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б, Ц.Г,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 дугаартай хэргийг 2022.09.09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2004 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл-6, эцэг, эх, эгч, хоёр дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум 0 дүгээр баг Тахилга гэх газар оршин суух, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоо 00-00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Уран Д овогт Бын Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хангайн 00 дугаар гудамжны нийтийн байрны гадна талд нийтийн байранд “шөнө шуугилдлаа” гэх шаардлага тавьсан иргэн Э.Цтэй маргалдан түүний нүүр рүү цохиж зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-3/,

- Хохирогч Э.Цгийн: “Би 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин дүү болох П.Э ухаан алдсан гэдгийг найзаас нь сонсоод эмнэлэгт хүргэж өгч үзүүлээд буцаад гэрт нь 00:20 цагийн үед ирсэн. Гэрт нь очоод байж байхад манай дүүгийн хажуу айлд залуучууд шуугилдаад архи уугаад дуулаад байгаа чимээ гарахаар нь тэсэлгүй хаалгыг нь очиж тогшиход нэг эмэгтэй хаалгаа тайлж өгөхөөр нь “олон хүмүүс амарч байгаа чимээгүй байж болох уу” гэхэд намайг “хэн бэ” гэхээр нь би чимээгүй болгох санаатай “би байрны эзний дүү байна” гэж хэлсэн. Тэгэхэд “бид нар төрсөн өдөр тэмдэглэж байна. Жаахан орилолдож болох уу” гэж урдаас уурласан. Тэгээд тэнд байсан хүмүүстэй гар бариад тайвшруулсан. Тэд нар дотроос нэг залуу өөрийгөө “цагдаа” гэж хэлэхээр нь тэр эрэгтэйг юмны учир ойлгох байх гэж бодоод юм ярьж байгаад гарахад араас гарч ирээд өөрийгөө цагдаа гэж хэлсэн залуу миний нүд рүү түрүүлж гараараа цохисон. Би газарт унахад миний дээрээс толгой руу өшиглөөд байсан. Миний нүд рүү ******* гэх залуу цохисон. Уламбаатар гэх залуу байрны гадаа түлхэж унагаагаад зугтаж байхад ******* араас ирж цохисон. Намайг *******эс өөр цохиж зодсон хүн байхгүй. Надад өмнө нь суурь болон хууч өвчин байхгүй, урьд өмнө нь гэмтэл авч байгаагүй” гэх мэдүүлэг /х.х-7-8/,

- Гэрч С.Уын: “...байрны эзний хүү байна яасан их шуугилддаг юм. Энд хүмүүс амарч байна. Унтаж амарцгаа” гэхэд нь “би за ахаа уучлаарай одоо унтаж амарлаа” гэхэд нөгөө хүн намайг хавсарч унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд та яаж байгаа юм гэж хэлээд бариад авахад ******* нөгөө хүний зүүн нүд рүү цохисон” гэх мэдүүлэг /х.х-19-20/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10298 дугаартай “Ц.Цгийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч, арын эврийн урагдал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн хацар эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-34-35/,

- Яллагдагч *******ийн: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-46/,

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар дараахь үйл баримт тогтоогдлоо. Үүнд: Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 16 гудамжны нийтийн байранд оршин суух С.Уын гэрт 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр найз И, Б, Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, дуу дуулах зэргээр шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан ба 00 цагийн орчимд тус байранд оршин суух Э.Ц “Хүмүүс амарч байна. Чимээгүй байх” шаардлага тавихад гэрийн эзэн болох С.У өөрийгөө “цагдаа” гэж танилцуулан цаг гэрээсээ гарч маргаан үүсгэсэн бөгөөд араас нь гарч ирсэн ******* нь  С.Уыг өмөөрч Э.Цгийн зүүн нүд рүү нь цохиж, газарт унахаар нь өшиглөж цохиж зодсоны улмаас Э.Цгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогчийн “Миний зүүн нүд рүү Б гэх залуу цохисон. У гэх залууг байрны гадна түлхэж унагаад зугтаж байхад Б араас ирж цохисон. Би Бтэй ноцолдоод газар давхрладаж унаад босож ирэхэд миний зүүн хөл өвдөг хэсгээрээ хөндүүрлэж хавдаад хөдөлгөж болохгүй байсан. Намайг Бэс өөр хүн цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /х.х-7-8/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.07.27-ны өдрийн 10298 дугаартай дүгнэлт /х.х-34-35/, гэрч С.Уын мэдүүлэг /х.х-19-20/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн энэхүү үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатайгаар хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдсан үйлдэл байх тул Б. ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Э.Цгийн бие махбодод “зүүн өвдөгний дотор жийргэвч, арын эврийн урагдал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн хацар эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан нь хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарч байгаа ба уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл болох нь шинжээчийн 2022.07.27-ны өдрийн 10298 дугаартай дүгнэлтээр /х.х-34-35/ тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Э.Ц нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******эс шаардах эрхтэй байна.

Хохирогч Э.Цд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “******* надад 2022.09.10-ны өдөр нийт 3900000 төгрөгийг өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-50/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж хохирогчийг гомдол саналгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас *******д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргалаа.

Дээрх нөхцөл байдал болон *******ийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосончлон *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдэж бусдад гэм хор учруулсны төлбөрт 3900000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлж, хохирогчийг гомдолгүй болгосон, бусдад төлбөргүй байх ба түүний насны байдал /18 настай/, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх зорилгод нийцүүлэн шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Уран Д овогт Бын Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уран Д овогт Бын Бд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан *******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 3900000 төгрөгийг *******эс хүлээн авсан талаараа шүүхэд мэдэгдсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч *******ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ