Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1223

 

        2022          10           03                                    2022/ШЦТ/1223

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******эржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22000000000 тоот хэргийг 2022.09.28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өгөөмөр захад хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Алтан-Овоо 0-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**000000/ Боржигон овогт Сгийн С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Алтан-Овоо 0-00 тоотод хамтран амьдрагч Ц.Оыг нүүрэнд нь алгадаж цохисны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

-  Цагдаагийн байгууллагад 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 07 цаг 19 минутад 88.....62 дугаарын утаснаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдлыг бүртгэсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-3/,

- Хохирогч Ц.Оын “...намайг унтуулах зорилгоор манай нөхөр ******* намайг 2 удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-12-13/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8534 дугаартай “Ц.Оын биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх-19-20/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, хохирогч Ц.О нар нь 2021 оноос гэр бүлийн харилцаатай болж нэг гэрт Ц.Оын 2 хүүхдийн хамт амьдарч байгаа болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар тэдний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэж тооцно.

Хэрэгт хавсаргасан баримтаас үзэхэд 2022 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө болсон үйл явдал нь хохирогч Ц.Оын архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гэртээ агсамнасан, мөн хамтран амьдрагч *******г “өөрийг нь унтуулж байгаад охин Ганчимэгтэй нь унтах гэлээ” гэж хашхирах зэргээр гэрийнхнийгээ унтуулж амраахгүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлээс болсон нь дараахь баримтуудаар тогтоогдлоо. Тухайлбал:

- Хохирогчийн “2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр миний төрсөн өдөр болсон. Тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Алтан-Овоо 0-00 тоотод байрлах гэртээ хамаатан Батсайхан болон хойд хашааны танилтайгаа архи уусан. Ууж байх явцад танил болон хойд хашааны хүн гараад явсан бөгөөд ойролцоогоор 3 орчим шил архи уусан бөгөөд би нэлээн согтсон байсан. Тэгээд намайг унтуулах зорилгоор манай нөхөр ******* намайг 2 удаа алгадсан. Уг шөнө миний бие гэртээ агсам согтуу тавьсан бөгөөд архиа бүрэн гүйцэт гаргаагүй байх үед цагдаад хандсан байсан. Миний бие нөхөртөө маш муухайгаар хэлж уурыг нь хүргэснээр ийм зүйл боллоо. Надад гомдол санал байхгүй бөгөөд миний буруутай үйлдлээс болж намайг цохиход хүрсэн. Миний бие одоо хамтран амьдрагчтайгаа хамт сайхан амьдарч байгаа. Энэ асуудлыг хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-12-13/,

- Хохирогчийн охин Н.Ганчимэгийн гэрчээр өгсөн “Тухайн болсон асуудал ээж агсам тавьснаас ийм зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-17/

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний “Хоорондын харилцаа хэвийн, гэр бүлийн зөрчил маргаан байхгүй. *******тэй хамт амьдраад 2 жил болж байгаа, энэ хугацаанд цохиж зодох, маргах зөрчилтэй зүйл байхгүй” гэх тэмдэглэл бүхий маягт /хх-33-41/,

- Сонгинохайрхан дүүргийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл. Үүнд: илтгэгчийн танилцуулснаар “Ц.Оын ярьж байгаагаар 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн өдөр нь болсон ба өглөө 07 цаг хүртэл архидан согтуурч агсам тавиад хамтран амьдрагчаа хэл амаар доромжлоод унтаагүй, тухайн өдөр нөхөр архи уугаагүй, би архи уугаад согтсон байсан болохоор хамтран амьдрагч *******г өөрийн төрсөн охин Н.Гтэй хардаж хэл амаар доромжилсон. Тэр үед ******* намайг 2 удаа алгадсан. Хүнийг тийм байдалд хүргэсэн миний буруу, цагдаагийн байгууллагад хандсан нь бас буруу юм боллоо гэв”, мөн тухайн багийн гишүүн хэсгийн ахлагч Д.Н “тухайн хаягт Ц.О нь *******тэй 2 жил орчим амьдарч байгаа. Тус тоотод өмнө нь цагдаагийн байгууллагад хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж байгаагүй ”гэсэн /хх-42-44/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч ******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Оыг алгадаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийн илтэд хууль бус, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, гэр бүлийнхнийгээ унтуулж амруулахгүй агсам тавьсан, улмаар хамтран амьдрагчийгаа өөрийн төрсөн охинтой хардаж зүй бусаар авирласан үйлдэл шууд нөлөөлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тухайн нөхцөл байдалд хохирогчийн хууль бус үйлдэлд дургүйцэн, хувийн сэдэлтээр Ц.Оын хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, нүүрэнд нь цохиж зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байх тул *******г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулан шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.О нь “*******тэй эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч ******* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих  ангид эдлэхээр шийтгүүлж байсан, хорих ялыг биечлэн эдэлж байгаа Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.09.08-ны өдрийн 251 дугаартай захирамжаар  ялын тэгшитгэл хамруулж хорих ялаас чөлөөлөгдөж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-48-53/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй тул *******гийн урьд шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус /согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн, хэрэглэсэн/ үйлдэл нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ц.О нь хавтаст хэргийн материалтай танилцаад “нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг сайн дураараа гаргасан /хх-82/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар шийтгэхээр шийдвэрлэлээ. Шүүхээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох ялтай тул *******гийн прокурортой тохиролцсон торгох ялын хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Сгийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сгийн Сд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               *******ЭРЖМЯДАГ