Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1441

 

 

 

 

 

 

 2022         10          06                                       2022/ШЦТ/1441

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Бд холбогдох 2206 03892 2913 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээврийн хэрэгсэл засварлах ажилтай, ам бүл 4, 3 хүүхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрхны 1-17 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 02 сарын 05-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,  

Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан,

Аовогт Лийн Б /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Л.Б нь 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбай дээр хүүхдийг нь зодсон гэсэн шалтгаанаар иргэн Б.Бат-Эрдэнийн биед халдаж улмаар зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун шуу, зүүн тохойд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдөр найз Тэмүүжиний хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ээж хайрхны 3 дугаар гудамд байх сагсны талбай дээр 1 шил архи хувааж уугаад байж байхад Тэмүүжин үл таних 17 орчим настай хүүхдийг дуудаад юм яриад байсан. Тэгэхээр нь би тэр 2 дээр яваад очиход Тэмүүжин уг хүүхдийг 2 удаа нүүр лүү нь алгадаад авсан бөгөөд Тэмүүжинд алгадуулсан хүүхэд зугтаагаад гүйгээд явсан. Энэ үед Тэмүүжин мөн адил зугтаад явсан. Би үлдээд сагсны талбай дээр байж байхад Тэмүүжинд алгадуулсан хүүхдийн аав нь гэх хүн хүрч ирээд намайг “яахаараа хүүхэд зоддог юм” гэж хэлэн миний нүүр лүү 2 удаа алгадан миний нуруу луу 2 удаа гараараа цохиж авсан... хүүхдийн аавд зодуулж байхад намайг зодсон ах хүүхэдтэйгээ хоёулаа л байсан...” гэх мэдүүлэг /хх.04, 24/,

Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх.06/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч М.Аригуунтөгсийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10775 дугаартай:

“1. Б.Бат-Эрдэнийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун шуу, зүүн тохойд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх.10-11/,

Хохирогчийн бичгээр гаргасан “гомдол санал байхгүй, 1.500.000 төгрөгийг Л.Б өгч гомдолгүй болгосон, би Өмнөговь аймагт ажилладаг тул шүүх хуралдаад оролцохгүй.” гэсэн хүсэлт /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тэмүүжиний өгсөн: “... сагсны шийдийн хажууд зогсож байхад хэн нэгэн хүүхэд намайг бөмбөгөөр оночихсон. Тэгэхээр нь би уурлаж шийдэн дээр байсан 1 өндөр залууг “чи яаж байгаа юм” гээд барьж авахад залуу “би бөмбөг шийдээгүй шүү дээ” гээд байсан... энэ үед миний уур хүрээд байсан болохоор хацар хэсэгт гарынхаа дотор хэсгээр 1 удаа түлхэхэд уг залуу хаашаа ч юм гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх.27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бгийн гэрч болон яллагдагчаар  өгсөн: “... би гарч ирээд шийдэн дээр очиход 1 согтуу залуу байсан ба би уг залууг “чи яагаад зодож байгаа юм “гээд нүүр лүү нь 2 удаа алгадаж, нуруу луу нь 2 удаа цохисон...”,

“... Би хүний биед санаатай гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх.29, 50/,

Шүүгдэгч Л.Бгийн оршин суугаа газрын тодорхойлолт, амьжиргааны түвшин доогуур багтсан тухай тодорхойлолт,  иргэний үнэмлэхийн хуулбар /хх.31-32/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.38-44/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.46-17/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.49/,

Шүүгдэгч Л.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.53/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.57/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.Б нь 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбай дээр хүүхдийг нь зодсон гэсэн шалтгаанаар иргэн Б.Бат-Эрдэнийн биед халдаж улмаар зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун шуу, зүүн тохойд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдөр ... Тэмүүжинд алгадуулсан хүүхдийн аав нь гэх хүн хүрч ирээд намайг “яахаараа хүүхэд зоддог юм” гэж хэлэн миний нүүр лүү 2 удаа алгадан миний нуруу луу 2 удаа гараараа цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх.04, 24/,

Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх.06/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч М.Аригуунтөгсийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10775 дугаартай:

“1. Б.Бат-Эрдэнийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун шуу, зүүн тохойд зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тэмүүжиний өгсөн: “... миний уур хүрээд байсан болохоор хацар хэсэгт гарынхаа дотор хэсгээр 1 удаа түлхэхэд уг залуу хаашаа ч юм гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх.27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бгийн яллагдагчаар  өгсөн: “... Би хүний биед санаатай гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх.29, 50/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Л.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь хохирол баримтаар нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн бөгөөд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн боловч хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Л.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Л.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Аовогт Лийн Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Бд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Бгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР