Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/1421/Э |
Дугаар | 2022/ШЦТ/389 |
Огноо | 2022-10-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/389
2022 10 07 2022/ШЦТ/1454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч, шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Ч, Г.Ч нарт холбогдох 2206 02401 2740 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1-1а-24 тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан,
Човогт Гын Ч /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгдэлд жолооч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дугаар хороо, Бага дарь эхийн 1-1114а тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан,
Говогт Гын Ч /РД: /,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1-1114а тоотод иргэн Г.Чтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 11- ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 1-1114а тоотод иргэн Г.Чтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Чийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Чын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Чийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй байх болно.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Чын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй байх болно. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.”” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Чын өгсөн: “2022 оны 05 сарын 11-ний өдрийн өглөө 06 цагт намайг ажил дээрээ байж байхад манай бага дүү Отгонзаяа гэртэй байхдаа над руу залгаад “Ахаа та хаана байгаа юм” гэхээр нь би “ажил дээрээ байна” гэсэн чинь “Гэрэлчимэг эгчийн нөхөр Ч чинь согтуу ирчихсэн байна. Эгчийг зодоод байна” гэсэн. “Та очих арга байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би эрэгтэй дүүгээ очих юм бол үе тэнгийн залуучууд хоорондоо зодолдчихож магад гэж бодоод би өөрөө очсон. Гэртээ ороод хөөе гэсэн чинь “чи хэн юм бэ” гээд орилж хашхичаад хажууд нь гурван жаахан хүүхэд суучихсан байж байсан. Би “чи намайг пизда гэдэг хэн бэ” гээд бид хоёр маргалдсан. Ч нь манай талийгаач ээжийг хүртэл янхан, намайг гомо, миний ганц хүүхдийг хүртэл өлөн гэх мэтээр доромжилсон. Тэгээд би тэсвэр алдаад хоёр чихнээс нь барьж байгаад нэг сэгсэрсэн. Тэгээд 2-3 удаа алгадсан. Өөрөөр би цохиж зодоогүй. Тэгээд би сандал дээр сууж байсан чинь нүүр лүү цохиод уруул сэтрээд, нүд хавдсан. Тухайн үед Ч нэлээд согтуу байсан. Ер нь согтчихоорой их авир муутай. Байнгын л эхнэр хүүхдээ дарамталж байдаг. Миний хажууд л эрүүлдээ даруухан байдаг...” гэх мэдүүлэг /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Чийн өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 10-ны 22 цагийн үед найзын төрсөн өдөр болоод би гэрээсээ гарсан юм. Тэгээд маргааш нь үүрээр 05 цагийн үед би Баянзүрх дүүргийн 21-р хороо Бага дарь эхийн 1-1114 тоот гэртээ ганцаараа халамцуу орсон. Тэгээд хадам дүүтэйгээ утсаар маргалдчихаад би унтчихсан. Тэгсэн чинь хадам ах Ч гаднаас орж ирээд намайг орон дээр унтаж байхад намайг үсдээд газар унагаагаад, газар мөргүүлээд бид хоёр маргалдсан. Сүүлдээ манай ээжийг хэл амаар доромжлоод намайг янхны хүүхэд гэх мэтээр хэлсэн. Тэгэхээр нь би тэсэлгүй баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа цохиход Ч намайг дарж унагаад дээрээс цохиод байх шиг байсан. Яг тухайн үед би халамцуу байсан болохоор яг яаж цохисныг нь сайн санахгүй байна. Тэгээд цагдаа дээр ирсэн. Маргаан болох болсон шалтгаан нь манай хадам дүү Отгонзаяа намайг согтуу гэртээ ирчихсэн байна гэж хадам ах Чад хэлээд Ч нь надтай маргаан үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гэрэлчимэгийн өгсөн: “... Тэгсэн чинь манай ах 08 цагийн үед ирсэн. Тэр үед Ч унтаж байсан. Чийг манай ах босоод ир гэсэн чинь “ёо ямар ядаргаатай юм бэ пизда минь, унтмаар байна” гэж хэлсэн. Намайг анзаараагүй байхад л тэр хоёр зодолдоод эхэлсэн. Хэн нь хаашаа нь яаж цохисныг нь анзаараагүй. Би цаана байсан. Дараа нь харахад хоорондоо барилцаж аваад цус гарчихсан байсан. цагдаа ирсний дараа харахад Чийн хамраас нь цус гарчихсан байсан байх. Ч ахын уруулаас нь цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан....” гэх мэдүүлэг /хх.25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Цолмонгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7043 дугаартай:
“1. Г.Чийн биед баруун, зүүн чихний дэлбэнгийн ар, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хөхлөг сэртэн, хүзүүнд баруун, зүүн тохойнд зулгаралт, дух, зүүн хөхлөг сэртэн, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх.30-31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7029 дугаартай:
“1. Г.Чын биед дээд уруул, баруун сарвуунд шарх, баруун доод зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.32-33/,
Шүүгдэгч Г.Чын иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.38, 43, 46-49/,
Шүүгдэгч Г.Чийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.41, 42, 52-53/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.64-65, 72-73/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.67, 75/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Чийн яллагдагчаар өгсөн: “... прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх.68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Чын яллагдагчаар өгсөн: “... прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх.68/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх.83-84/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.86/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1-1114а тоотод иргэн Г.Чтай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 11- ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1-1114а тоотод иргэн Г.Чтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Чын өгсөн: “... би тэсвэр алдаад хоёр чихнээс нь барьж байгаад нэг сэгсэрсэн. Тэгээд 2-3 удаа алгадсан... би сандал дээр сууж байсан чинь нүүр лүү цохиод уруул сэтрээд, нүд хавдсан...” гэх мэдүүлэг /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Чийн өгсөн: “... Ч гаднаас орж ирээд намайг орон дээр унтаж байхад намайг үсдээд газар унагаагаад, газар мөргүүлээд бид хоёр маргалдсан... би тэсэлгүй баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа цохиход Ч намайг дарж унагаад дээрээс цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гэрэлчимэгийн өгсөн: “... тэр хоёр зодолдоод эхэлсэн... Дараа нь харахад хоорондоо барилцаж аваад цус гарчихсан байсан... Чийн хамраас нь цус гарчихсан байсан байх. Ч ахын уруулаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Цолмонгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7043 дугаартай:
“1. Г.Чийн биед баруун, зүүн чихний дэлбэнгийн ар, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хөхлөг сэртэн, хүзүүнд баруун, зүүн тохойнд зулгаралт, дух, зүүн хөхлөг сэртэн, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх.30-31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7029 дугаартай:
“1. Г.Чын биед дээд уруул, баруун сарвуунд шарх, баруун доод зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.32-33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Чийн яллагдагчаар өгсөн: “... прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Чын яллагдагчаар өгсөн: “... прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.68/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Г.Ч, Г.Ч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ч, Г.Ч нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдэнд тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Г.Ч, Г.Ч нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Г.Ч, Г.Ч нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Г.Ч, Г.Ч нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч, Г.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Човогт Гын Ч, Говогт Гын Ч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарт тус тус сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч, Г.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ч, Г.Ч нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР