| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1428/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1456 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1456
2022 10 07 2022/ШЦТ/1456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Жд холбогдох 2206 00000 2215 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа мал малладаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ын 4-20 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Ч овогт Бийн Ж /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ын 5 дугаар байрны урд талд хамт архи ууж байсан иргэн С.Галсандаштай маргалдах явцдаа түүний биед нь халдаж, хохирогчийн биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жыг өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Галсандашийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би найзуудын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ын 5 дугаар байрны урд талын машин зогсоол дээр архи уугаад сууж байтал 23:00 цагийн орчимд манай гэрийн энэ хавьд амьдардаг байсан, Ж ирсэн бид наймуулаа 6-7 шил архи уусан. Би согтсон байсан болохоор юунаас болж маргалдсан гэдгийг санахгүй байна. Нэг ухаан ороход би Жтай маргалдаж байсан. Би Жыг цохих гэтэл миний .... нүд харанхуйлаад байсан. Дараа нь гэртээ ирээд толинд хартал миний зүүн нүдний дээд хөмсөгний хэсэгт язарсан, яс нь харагдаж байсан. Тэгээд би Цэргийн төв эмнэлэг дээр ирээд эмчид үзүүлэхэд эмч миний нүдийг шилээр зүссэн байна гэж хэлсэн... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх.07-08, 10/,
Батлан хамгаалах эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч Д.Мөнх-Оргилийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай:
“1. С.Галсандашийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн чих, хүзүү хоолой орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Зүүн хөмсөгний шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн чих, хүзүү хоолой орчмын зулгаралт гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.24-25/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.01-02/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жы яллагдагчаар өгсөн: “... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр багийн найзуудтайгаа уулзах гэж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус-15 4 дүгээр байрны гадаа 20:00 орчим цагийн үед ирсэн ба манай найз Борко, Галаа, Галсандаш нар байсан намайг очиход манай найзууд бүгд архи уусан байсан би очоод бид нар цугтаа 1 ширхэг 0.75 граммын Экс нэртэй архи хувааж уусан. Тэгээд Галсандаш бид хоёр муудалцсан юунаас болж муудалцсанаа сайн санахгүй байна. Би Галсандашийн нүүр лүү баруун гараа 2-3 удаа зүүн нүдний хөмсөг рүү 1 удаа баруун гараараа цохисон. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ буруу ойлголттой байсан байна лээ сүүлд болсон зүйлийг сайн бодоход Галсандаш намайг цохиогүй юм байна лээ. Би согтуу гэр лүүгээ явах замдаа газар нүүрээрээ унаж гэмтсэн юмаа. Надад Галсандаш гэмтэл учруулаагүй. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Шүүгдэгч Л.Басхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.35, 38/,
Шүүгдэгч Б.Жы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.41/,
Хохирогчийн бичгээр гаргасан “Б.Жтай харилцан тохирсон тул гомдол санал байхгүй.” гэсэн хүсэлт /хх.43/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.46/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ын 5 дугаар байрны урд талд хамт архи ууж байсан хохирогч С.Галсандаштай маргалдах явцдаа түүний биед нь халдаж, хохирогчийн биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Галсандашийн өгсөн: “... Нэг ухаан ороход би Жтай маргалдаж байсан. Би Жыг цохих гэтэл миний .... нүд харанхуйлаад байсан. Дараа нь гэртээ ирээд толинд хартал миний зүүн нүдний дээд хөмсөгний хэсэгт язарсан, яс нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.07-08, 10/,
Батлан хамгаалах эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч Д.Мөнх-Оргилын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай:
“1. С.Галсандашийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн чих, хүзүү хоолой орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Зүүн хөмсөгний шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн чих, хүзүү хоолой орчмын зулгаралт гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.24-25/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.01-02/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жы яллагдагчаар өгсөн: “... Би Галсандашийн нүүр лүү баруун гараа 2-3 удаа, зүүн нүдний хөмсөг рүү 1 удаа баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Б.Жы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Жыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Жы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч С.Галсандаш нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Б.Жы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Жд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Ч овогт Бийн Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Жд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Жд сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Жд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР