Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0368

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр      Дугаар 128/ШШ2019/0368              Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б  би даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Т.  

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Д.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Д нарын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн******* дугаар актыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Д.Д,  Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон уг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: “... Татварын улсын байцаагч нарын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн******* дугаар актад “2016 оны Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “ОТ” байрны 18 м.кв дулаан гараашны 30.000.000 төгрөгийг нотлоогүй, хувь хүний орлогын албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй” зөрчилд 3.000.000 төгрөгийн нөхөн татвар, 900.000 төгрөгийн торгууль ногдуулах гэжээ.

Дээрх нөхөн татвар, торгуулийг оногдуулахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг тус тус баримталсан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан байхад хүчингүй болсон хуулийн заалтыг баримталсан нь эрх зүйн хувьд зөрчилтэй. 

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар тогтоолд “Ц.Т-ын магадалгаанд ирүүлсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд тус иргэний 2010-2015 оны цалин хөлсний орлого нь 113,227,840.00 төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 11,322,784.00 төгрөг, Хувь хүний орлогын албан татвар 9,688,105.60 төгрөг, бусад амьжиргааны зардал /50 хувиар/ 46,109,475.20 төгрөг гэж тооцоолоход үлдэж байгаа орлого нь 46,109,475.20 төгрөг байхаар байна. Мөн дээрх тооцооллоос Ц.Т нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан гарааш худалдан авсан 30,000,000.00 төгрөгийн орлого нь татвар төлсний дараах орлого болох нь зөвхөн татвар төлөгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдож байгаа” гэсэн байна. Энэ нь миний татварын дараах орлого Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо “ОТ” байрны 18 м.кв дулаан гараашийг худалдан авахад хангалттай байсан гэдгийг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл өөрөө тогтоосныг нотолж байна.

2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн******* дугаар актын 2 дахь хэсэгт “2017 онд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, нарны замын тоотын 170,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод татвар ногдуулж, суутгаагүй зөрчил нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Албан татвар төлөгчийн тухайн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна”, 17 дугаар зүйлд “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох”, 17.1-т “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний ...”, 17.1.1-т “энэ хуулийн 10.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр” гэж заасныг зөрчсөн тул ... 3,400,000 төгрөгийн нөхөн татвар, 1,020,000 төгрөгийн торгууль ногдуулах” гэжээ.

Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах харилцааг бүртгэлийн байгууллага зохицуулахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдагч талаас худалдан авагч талд шилжүүлэн бүртгэхдээ зайлшгүй хийдэг нэг алхам бол үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсны 2 хувь татварыг төлсөн баримтыг хавсаргасан байх ёстой байдаг. Энэ асуудлаар татварын байцаагч шалгалт хийж байгаа бол уг асуудлыг татварын байгууллагаас бүртгэлийн байгууллагад хандаж, лавлагаа авах замаар шалгах боломжтой байсан. Нөгөө талаас нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах үүрэгтэй гэсэн хуулийн заалт зөрчигдсөн. Гэтэл ийм арга хэмжээг зохион байгуулаагүй атлаа иргэнд нөхөн ногдуулалт, алданги, торгууль тавьж буй нь хууль бус юм.

Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 10 дугаар зүйлийн 10.1.1, 17 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 25 дугаар зүйлийн 25.1.3-д тус тус тодорхой зохицуулсан байдаг. Энэ хуулийн зохицуулалтын дагуу тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээд нь Ц.Т биш юм.

Маргаан таслах зөвлөлийн хурал дээр гишүүн Б.Б улсын байцаагч нараас үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн харилцаа явагддаг журмыг дурдаад улсын байцаагч нараас бүртгэлийн байгууллагаас лавлагаа авсан эсэх талаар асуулт тавихад тодорхой хариулт хэлээгүй нь акт өөрөө илт хууль бус үйлдэл болохыг харуулж байна.

Улсын байцаагчийн актаар бол миний дараалан 170,000,000.00 сая төгрөгийн байр борлуулж, түүний орлогыг өөрөө тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөөгүй мэт үзэж торгууль алдангийг давхардуулан ногдуулж байна. Энэхүү алдаагаа улсын байцаагч нар Маргаан таслах зөвлөлд гаргасан тайлбартаа “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Нарны замын тоотын 170,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны 3,400,000.00 төгрөгийг тогтоосон хугацаанд ногдуулахдаа татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсэгт он тус бүр зөрчлийн дүнг оруулж бичсэн нь найруулгын алдаатай харагдаж байгаа” гэж тайлбарласан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах харилцааг маш тодорхой хуульчлан зохицуулсан байтал улсын байцаагч хууль хэрэглээг мушгин гуйвуулж хэрэглэж байна.

Акт хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болохын тухайд: Энэхүү акт гарахдаа хариуцагчаа буруу бичиж алдаатай буюу нөхөн ногдуулалтын актын толгойн бичвэр хэсэгт хэнд хандаж гаргаж байгаа нь тодорхойгүй Ц.Б  нь хариуцагч гэж утга агуулгын илэрхий алдаа гаргасан. Энэхүү алдаагаа 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр татварын улсын ахлах байцаагч Ч.С, татварын улсын байцаагч Д Д, Д.Б нарын гарын үсэг зурж, дардсаа дарсан. Иргэн Ц.Т гэж хаягласан захиандаа танд өмнө нь хүргүүлсэн акт нь Татварын удирдлагын нэгдсэн системийн алдаанаас таны ургийн овгоор хэвлэгдэн гарсан байсныг залруулж дахин хэвлэж хүргүүллээ” гэж бичсэн байсан.

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна”, 42.4-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэл хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан байдаг. Гэтэл татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд татвар төлөгчийн нэр, өмчийн хэлбэр дээр У ХХК гэж гаргасан. Мөн татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлийн хавсралт дээрх дугаар нь нөхөн ногдуулалтын актын дугаартай зөрүүтэй байсан.

Өнөөдрийн байдлаар Ц.Т-ыг татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж,*******тоот томилолтын хүрээнд шалгаад гаргасан хүчинтэй, эс хүчинтэй эсэх үл мэдэгдэх хоёр нөхөн ногдуулалтын акттай болчхоод байна. Шалгалтын явцад улсын байцаагч Д.Б нь актын агуулгыг урьдчилан танилцуулж байсныгаа 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр акт гардан авах гээд очиход тухайн үедээ зөвшөөрсөн биз дээ” гэж хэлсэн нь бичлэгээр нотлогдоно. Энэ үйлдэл өөрөө дээр дурдсан хуулийн заалтыг илт зөрчсөн болохыг харуулна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилж өгсөн байдаг бол энэхүү актыг гаргахдаа хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгай зарчмуудыг зөрчсөн.

Улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын харилцан туслах үүргийн хүрээнд эрх зүйн хувьд өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй бол, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол, чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, олж авах боломжгүйгээс холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа шаардлагатай бол бичгээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, ... хоёр улсын байцаагч, албаны дарга нийт 3 хүн актад гарын үсэг зурж баталгаажуулсан актын хаяглагдсан этгээдээ зөв бичээгүй нь илт хууль бус юм. Мөн нөхөн ногдуулалтын акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах зэрэг хуульд заасан ажиллагааг огт хийгээгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Д нарын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Д.Д, Д.Б нараас шүүхэд ирүүлсэн хариу  тайлбартаа:   “... иргэн Ц.Т-ын 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр татварын улсын байцаагчийн******* тоот нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Хяналт шалгалтын ажил нь Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавьж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/4101 дугаар албан бичгийн дагуу томилолт үүсгэгдэн шалгагдсан. Татвар төлөгч иргэн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн г/63 дугаартай автомашины гарааш захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг “ӨТ” ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “ОТ” байрны 18 м.кв талбайтай дулаан гараашны хөрөнгө оруулсан 30,000,000.00 төгрөгийн орлогын эх үүсвэрийг хяналт шалгалтын явцад нотолж чадаагүй тул 2016 онд хэрэгжиж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж нөхөн татвар торгууль ногдуулсан.

Татварын хяналт шалгалтын ажлыг хийхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомж, хяналт шалгалтын ажлын журам, татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газраас ирүүлсэн зөвлөмж зэргийг баримтлан гүйцэтгэсэн. Татварын ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 08/2225 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн 15 дугаарт нөхөн татварын актыг бичихдээ тэмдэглэх хэсэгт тухайн зөрчил гаргасан онд мөрдөгдөж байсан хуулийн заалтыг бичих гэж заасан тул дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Хяналт шалгалтад 2016-2019 онуудад хамрагдах хугацааг шалгах томилолт олгогдсон учраас 2010-2015 онуудын татвар ногдуулалтын төлөлтийг шалгах боломжгүй юм. Татвар төлөгч иргэн 2010-2015 онуудад хамаарах цалин хөдөлмөрийн хөлсний орлогыг Маргаан таслах зөвлөлд гаргаж өгсөн нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн******* дугаартай нөхөн ногдуулалтын актад хамааралгүй.

Шалгалтын явцад хоёр хөрөнгийн эх үүсвэр нотлохоос 2017 онд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, нарны замын тоот орон сууцыг 170,000,000.00 төгрөгөөр худалдан борлуулаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Ү- тоот гэрчилгээтэй 210,000,000 төгрөгөөр Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, 42 байр 1302 тоот ажлын байр худалдаж авсан байрны үнийн зөрүү 40,000,000 төгрөгийн орлого юм. Уг байрыг худалдан авсан үнийн зөрүү 40,000,000 төгрөгийн эх үүсвэр болон 2016 оны Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “ОТ” байрны 18 м.кв талбайтай дулаан гараашны хөрөнгө оруулсан 30,000,000.00 төгрөгийн орлогын эх үүсвэр, нийт 70,000,000.00 төгрөгийн орлогын эх үүсвэрийг нотлох талаар иргэн Ц.Т-т танилцуулж шалгалтын ажиллагааг явуулсан. 2016, 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн цалин хөдөлмөрийн хөлсний орлогыг татварын албанд тайлагнасан орлоготой нь тус тус тулган нягталсан болно. Иргэн Ц.Т нь 2016 онд 51,667,410.70 төгрөгийн орлогод 5,165,741.07 төгрөгийн татварыг, 2017 онд 37,693,242.30 төгрөгийн орлогод 3,769,324.23 төгрөгийн татварыг ногдуулан татварын албанд төлжээ. 2016-2017 онд нийт тайлагнасан 89,350,653 төгрөгийн орлогоос амьжиргааны зардал 50 хувийг хасаж тооцоход 44,675,326.50 төгрөгийн орлогыг 2017 онд худалдан авсан байрны үнийн зөрүү 40,000,000 төгрөгийн эх үүсвэрт нь оруулан хасаж тооцсон. Дээрх тооцооллоос үзэхэд 30,000,000.00 төгрөгийн орлогын эх үүсвэр баримтаар нотлогдоогүй тул 2016 онд хэрэгжиж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсан.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, нарны замын тоотын 70,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 2 хувийн татвар ногдуулж төлөөгүй нь баримтаар нотлогдоогүй бөгөөд шалгалтын явцад хөрөнгө борлуулсны 2 хувийг төлсөн төлөлт нь 2016 онд taxpament болон татварын системд төлөлт тусгагдаагүй байсан. Иргэн Ц.Т 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3,400,000.00 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт нөхөн төлсөн байна. Ц.Т 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн орлого хэсэгт 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, нарны замын тоотын 170,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоо мэдүүлээгүй байсан. Тус хөрөнгөтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээ, холбогдох үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн зэрэг баримтуудыг шаардахад худалдсан гэрээ олдохгүй байна тухайн үед татвар төлсөн эсэхээ санахгүй байна гэж мэдүүлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны албан татвар 3,400,000 мянган төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ц.Т өөрийн нэр дээр нөхөн төлсөн нь уг үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан орлогоос тухайн үед татвар ногдуулж төлөөгүй байсан байна гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07/1212 дугаар албан бичигт мэдүүлэг гаргагч Ц.Т нь хөрөнгө орлогын мэдүүлгийн орлого хэсгийн хөрөнгийн борлуулсны орлогод өөрийн хамаарал бүхий этгээд эхнэр Б.Т-ын өмчлөлийн .... орлого гэж мэдүүлсэн нь Татварын байгууллагад өгсөн тайлантай нийцэж байгаа эсэх, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар төлсөн эсэхийг шалгах гэсний дагуу шалгасан. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ”, 27.1.1-т “татвар төлөгчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ болон эхнэр /нөхөр/, хамтран амьдрагч, тэдгээрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү” гэж заасныг үндэслэн харилцан хамааралтай гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, нарны замын тоотын 170,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны 3,400,000.00 төгрөгийг тогтоосон хугацаандаа төсөвт төлөөгүй тул 2017, 2018, 2019 онуудад торгууль алдангийг ногдуулахдаа татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсэгт он тус бүр зөрчлийн дүнг оруулж бичсэн нь найруулгын алдаатай харагдаж байгаа боловч тооцооллын алдаа гараагүй, торгууль, алданги бодох татварын тооцооллыг Татварын ерөнхий хууль, Засгийн газрын тогтоолын дагуу 3.400,000.00 төгрөгөөс бодож тооцсон болно.

2017, 2018, 2019 онуудад үл хөдлөх хөрөнгийн борлуулсны 3,400,000 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1-т “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, мөн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” мөн Засгийн газрын алданги тооцох тухай тогтоолын дагуу алданги тооцсон.

Нөхөн ногдуулалтын актад Ц.Б-д гэж хэвлэгдсэн нь татварын удирдлагын нэгдсэн системээс хэвлэхэд тухайн өдрийн системийн алдаанаас ургийн овгоор хэвлэгдэн гарсан байсныг залруулж дахин хэвлэж шуудангаар явуулсан. Улсын байцаагчийн гардуулсан тухай тэмдэглэлийн хавсралт дээрх дугаар болон татвар төлөгчийн нэр дээр өөр компанийн нэрийг excel программ дээр гаргаж бичсэн нь анзаарч хараагүй, хянаагүйн улмаас үүссэн байцаагч бидний алдаа болсон.

Иймд татварын улсын байцаагчийн******* дугаар нөхөн ногдуулалтын акт нь хуулийн үндэслэлтэй, хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Хуультай холбоотой нь хоёр үл хөдлөх хөрөнгийн орлого нотлох талаар акт тавигдсан байгаа. Авлигатай тэмцэх газрын бичгийн дагуу Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын газраас томилолт оруулж, 2016 оноос 2019 оны хооронд шалгасан байгаа.

Гарааш худалдаж авсан 30 сая төгрөгийн эх үүсвэр тодорхойгүй байна. Түүнийг нотлох боломжгүй байна гэсэн үндэслэлээр хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар акт тавьсан байгаа.  2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг хэрэглэсэн. Энэ нь тухайн татвар төлөгчийн шалгалт хийлгэж байгаа хугацаа нь 2016 оноос 2019 оныг хамарсан байсан. Тийм учир тухайн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 оны хуулийг хэрэглэсэн. 170 сая төгрөгөөр бариад байгаа 210 сая төгрөгөөр худалдаж авсан байр байгаа. Зөрүү нь 40 сая төгрөг гэж байгаа. Үүнийг нэхэмжлэгч болон татварын улсын байцаагч нар тухайн үед олсон орлогын нийгмийн даатгалын шимтгэлээс нь бодоод 40 сая төгрөг нь олсон орлогод нь эх үүсвэр нь орж ирнэ гэж бодсон байгаа.

Нотлох баримт бүрдүүлэх тухай бол манайх Улсын бүртгэлийн ерөнхий газарт онлайнаар холбогдсон байдаг. Иймд албан тоотоор хандаад хариу өгдөггүй. Онлайн дээр тэр болгон зарим мэдээлэл харагддаггүй. Энэ нөхцөл байдлаас болоод нотлох баримт ийм байдалд хүрсэн байгаа. Татварын ерөнхий хуульд татвар төлөгчийн эрх үүргийг тодорхойлоод өгсөн байгаа. Татвар төлөгч татварын хяналт шалгалтад хамрагдахдаа баримтуудыг авч ирж өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Үүнийгээ дагаад бас эрх нь давхар хөндөгдөөд явж байдаг. Улсын бүртгэлийн бичгийг шүүхээр гаргуулсан байна” гэв.

Хариуцагч Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Маргаан таслах зөвлөлийн 2010 оноос 2015 оны хаягийн хөдөлмөрийн орлого гээд 113 сая төгрөгийг нотолсон байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл 11.322.000 төгрөг, хүн ам 9.600.000 сая гээд хасаж тооцоод энэ орлогоосоо амьжиргааны зардал 46.000.000 сая төгрөгийг хасаж тооцоод 46.000.000 сая төгрөгийн орлого нь 30.000.000 сая төгрөгт ногдох эх үүсвэр байна гэж тооцсон байгаа.

Гэтэл 2010 оноос 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2208027298 үл хөдлөхийн гэрчилгээтэй 120 сая төгрөгийн канад амины орон сууцыг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр барьсан байна. Сонгинохайрхан дүүрэгт барьсан байна. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо,*******ад 250 сая төгрөгөөр зуслангийн дүнзэн байшин барьсан байгаа. Өөрөө барьсан гэж мэдүүлсэн байгаа. Тийм учир шалгалтын томилолт 2016, 2017 оныг үзэх ёстой учир 2016 оны иргэнд олгосон татварын албанаас 2020 оны 05 дугаар сарын татвар төлсөн 2 тодорхойлолт байгаа. 2016 онд нэхэмжлэгч 5 сая 165 мянган төгрөгийн татвар төлсөн байна. Үүнд ногдох нь 51 сая төгрөгийн орлого. 2017 онд 3 сая 167 төгрөг байна. Үүний орлого нь 37 сая 693 мянга төгрөг болж байгаа. Энэ орлогоосоо 89 сая орлого тухайн жилд олсон. 50 хувийн хасахаар 44 сая төгрөгийн орлого олсон. Байрны үнийн зөрүүг орлогын хасаж тооцсон. 30 сая төгрөгийн орлого нь дулаан гараашны 30 сая төгрөгийн орлогын эх үүсвэр тодорхойлогдохгүй байсан учир 2016 онд хэрэгжиж байсан Хүн амын орлогын хуулийн дагуу нөхөн төлбөрийн акт тавигдсан. 2, 3 дугаар заалтад хэлэх зүйл алга байна.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг дуудаад шалгаж байх явцад энийг хасъя гэж яриад байсан гэдэг. Энэ бол хамгийн гол нь бид нар зүгээр шууд акт тавих нь бас биш юм. Мэдээж иргэн хүний зөвшөөрлийг харах хэрэгтэй. Нийтдээ 20 хэдэн сая төгрөгийн акт болох гээд байсан. Тэгэхээр нь нэхэмжлэгчээс асуусан. Нотлох баримт чинь юу юм бэ гэж асуусан. Тэр үед нь цалингийн орлогын хараад 40 сая төгрөгийг хасаад 30 сая төгрөгийг акт тавья гэхэд өөрөө тухайн үед болно гэсэн. Хоёр дахь зөрчил дээр 170 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг борлуулаагүй байна гэж асуусан. Гэтэл өөрийн гарын үсэгтэй худалдан авах гэрээ олдохгүй байна гээд зураад ирэхээр 170 сая төгрөгийн акт тавих гэхэд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 3 сая төгрөгийг төлөөд хүрээд ирсэн. Хүнд бас хүний итгэлцэл байдаг. Ингээд акт дээр тавиад суутган тооцоолол хийгээд 3 сая төгрөг тавигдах юм байна гэж тавьсан. Гурав дахь зөрчил угаасаа төлөөгүй учир хугацааны алданги бодогдсон.

Үнэхээр программын алдаанаас шалтгаалаад анх 2020 оны 4 сард хяналт шалгалтын байцаагч болсон. Анх удаагаа хийсэн. Систем шинэчлэгдээд яг үнэхээр программ дээр нэрийг нь солиод гаргасан байсан. Бид хоёр хараагүй биш харсан. Даргадаа мэдэгдсэн. Засвар хийе гээд мэдээллийн төвд хүсэлтээ өгсөн. 7 хоногийн дотор гардуулахгүй бол болохгүй байсан, дараа нь засварлаад явуулсан. Манай дарга болон бид нар өөрсдөө нэхэмжлэгчид хэлж, уучлаарай гэсэн...” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.Т-аас “... Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Д нарын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн******* дугаар актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Үйл баримтын хувьд,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Д нарын зүгээс тус хэлтэстэй харьцдаг, ЧЙ******* регистрийн дугаартай Ц.Т 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж болон*******тоот томилолтын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрүүдэд шалгалт хийж, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай”******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 6,400,000.00 төгрөгийн нөхөн татвар, 5,048,000.00 төгрөгийн торгууль, 1,542,240.00 төгрөгийн алданги нийт 12,990,240.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

Энэхүү нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нөхцөл байдлыг тогтоохын тулд нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, татвар төлөгчийн хувьд татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэггүй байхад анхаарч үзээгүй, актыг утга агуулгын илэрхий алдаатай гаргасан” гэхчлэн маргасан бол хариуцагчийн зүгээс “Авлигатай тэмцэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хяналт шалгалт хийлгэх тухай” 01/4101 албан тоот, Татварын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07/1212 албан тоотын дагуу шалгалт хийсэн улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт нь хуулийн үндэслэлтэй” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Иргэн Ц.Т-ын нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татвар төлөгчийн ярилцлага, хөрөнгө орлогын мэдүүлэг, татвар төлөгчийн ярилцлага, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхдээ хариуцагчийн зүгээс “... орлогоо нотлоогүй, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод татвар ногдуулж, суутгаагүй албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй” гэж үзэж, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай”******* дугаар нөхөн ногдуулалтын актаар 210,200,000.00 төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 12,990,240.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Шалгасан хугацааны мэдээллээр, Ц.Б нь цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоор 2016 онд 5,080,632.92 төгрөг, 2017 онд 3,769,324.23 төгрөгийн, 2018 онд 5,530,013.94 төгрөг, 2019 онд 5,362,808.66 төгрөгийн татварыг..., авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 2016 онд 48000 төгрөг, 2018 онд 148500 төгрөг төлсөн. Эхнэр Б.Т үл хөдлөх хөрөнгө борлуулсны болон хувь хүний орлогын албан татвараар Сүхбаатар дүүргийн 1-р хороо Юнескогийн гудамж, *******ыг 408,512,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8,170,240 төгрөг, мөн зоорины давхар 26д байрны 51 тоотыг 15,000,000 төгрөгийн үнэлгээнээс 300,000 төгрөг, зоорины давхар 26д байрны 52 тоотыг 15,000,000 төгрөгийн үнэлгээнээс 300,000 төгрөгийн татварыг тус тус суутгуулан төлсөн байна.

Татвар ногдуулалт төлөлтийн дараах үндсэн гурван зөрчил гаргасан гэж үзсэн. Үүнд:

1. 2016 онд Хан-Уул дүүргийн ******* “Он” байрны 18 м.кв-тай дулаан гараашны төлбөрт хөрөнгө оруулсан 30,000,000.00 төгрөгийн орлогыг нотлоогүй, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй,

2. 2017 онд Сүхбаатар дүүргийн 3-р хороо Нарны замын тоотын 170,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод татвар ногдуулж, суутгаагүй,

3. 2017 онд 3,400,000.00 төгрөг, 2018 онд 3,400,000.00 төгрөг, 2019 онд 3,400,000.00 төгрөг нийт 10,200,000.00 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэсэн байна.

Хяналт шалгалтаар илэрсэн нийт 210,200,000.00 төгрөгийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 6,400,000.00 төгрөгийн нөхөн татвар, 5,048,000.00 төгрөгийн торгууль, 1,542,240.00 төгрөгийн алданги нийт 12,990,240 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэг. Нэхэмжлэгч Ц.Т нь “ӨОг” ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Автомашины гарааш захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын Г/63 дугаартай гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн ******* “ОТн” байрны 18 м.кв талбайтай дулаан гараашны төлбөрт 30,000,000 төгрөгийг төлсөн. Энэ орлогын эх үүсвэрийг хяналт шалгалтын явцад нотолж чадаагүй гэж үзэж, 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д: “албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдох орлогын дүнд оруулан тооцно” гэж заасныг зөрчсөн гэж шийдвэрлэснийг шүүхээс бодит нөхцөл байдалд тохироогүй, хөрөнгийн эх үүсвэрээ нотлоогүй гэдгийг тогтоогоогүй, харин Ц.Т-ын гарааш худалдан авсан 30,000,000.00 төгрөгийн орлого нь татвар төлөгдсөний дараах орлого болох нь зөвхөн татвар төлөгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдож, энэ нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор мөн тогтоогдож байна. Харин татварын улсын байцаагчдын зүгээс татварын зөрчил бүртгэгдсэн үеийн буюу 2016 онд хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэснийг нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна.

Хоёр. Шүүхэд нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 7/2504 дүгээр албан бичгээр ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Т-ын нэр дээр актад дурдсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Нарны замын тоот хаягт бүртгэлтэй Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна. Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай гэрчилгээгээр иргэн Б.Т нэг хүний өмч байсан нь тогтоогдож байна. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх хаягт байрлах 170,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод татвар ногдуулж суутгаагүй гэх зөрчлийг гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр иргэн Б.Т-аас иргэн Х.Л-д Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Нарны замын тоот 101.12 м.кв дөрвөн өрөө орон сууцыг /Улсын бүртгэлийн дугаар Ү-/ 170,000,000 төгрөгөөр худалдсан болох нь нотлогдож байхаас гадна иргэн Б.Т нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 3,400,000.00 төгрөгийг төлж, хувь хүний орлогын албан татварын суутган төлөгчийн үүргээ биелүүлсэн байна.

Ийм учраас нэхэмжлэгчийг 170,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг борлуулсны орлогод 2 хувийн татвар ногдуулж төлөөгүй гэж үзэхгүй, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19: “суутган төлөгч гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1: “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1: “энэ хуулийн 10.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын нийт дүнгээр”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1: “энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3: “энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд энэ хуулийн 21.2.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх”, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д: “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гурав. 2017, 2018, 2019 онд нийт 10,200,000.00 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол ...торгоно” гэж заасны алданги тооцсон гэх тайлбар, үйл баримт нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгө борлуулаагүй гэж дүгнэсэн, энэ утгаараа үл хөдлөх эд хөрөнгө борлуулсантай холбоотойгоор үүссэн татварын дутуу төлөлтийн дүнд үүссэн зөрчил нэхэмжлэгчид хамааралгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэл гаргагч Ц.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Д нарын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 25200500112 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.Б