Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 159/2024/0039/З |
Дугаар | 221/МА2024/0549 |
Огноо | 2024-08-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2024/0549
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих
ахлах прокурор А.Бгийн дүгнэлттэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б
Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Б
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналты улсын байцаагч Б.Б
Дүгнэлтийн шаардлага: “Л.Д холбогдох 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Дүгнэлт гаргагч прокурор А.Б
Хариуцагч Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 159/2024/0039/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Бгаас Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналты улсын байцаагч Б.Бд холбогдуулан “Л.Д холбогдох 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт гаргасан байна.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 159/ШШ2024/0050 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5 заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Бгийн 09 дугаартай прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналты улсын байцаагч Б.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн юм. Ингэж шийдвэрлэхдээ Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ө.Баясгалан нь, Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах” шалгалтын хүрээнд , тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б нь “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж иргэн Л.Д 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0661064 дугаартай шийтгэлийн хуудсыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянасан энэ нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр /2 дугаар улирлын материал болно/.
3.2. Иргэн Л.Д нь О сумын 2 дугаар баг “Өвөр нарийны худаг” гэх газар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан газарт хяналтын хэмжилт хийж зургийг гаргасан болно. /Хяналтын хэмжилтийн зургийг гаргахдаа иргэний овог нэрийг буруу бичсэн байсан тул прокурорын туслах н.Ц-д зураг дутуу хуудас алгасан дугаарласан байгааг хэлсэн болно/. Зөрчлийн тухай хуулийн 8.1-ийн 10.1-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж байдаг. /эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн гэж байдаггүй/
3.3. Иргэн аж ахуй нэгж, байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар дээр байшин, барилга байгууламж барих, газар хагалж тариа ногоо тарих, өвөлжөө хашаа барих, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй болон өөр чиглэлээр зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгахын тулд энэ заалтыг хэрэглэдэг. Хэрэглэсээр ирсэн 2023 оны 01 дүгээр сараас эхлэн хяналтын прокурор өөрчлөгдсөнөөс хойш Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэл болгохгүй гэж дүгнэлт бичиж байна.
3.4. Нийслэл болон бүх аймгийн Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчид Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасан хэм хэмжээг үндэслэн зөрчилд шийтгэл оногдуулж шийдвэрлэж байгаа учир миний тухайд хэн нэгнийг торгож хохироох санаа зорилго огт байхгүй, хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх ганцхан зорилготой байгаа юм.
Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.18-ны өдрийн 159/ШШ2024/0050 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Дүгнэлт гаргасан прокурор нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Бгийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болгуулахаар шаардаж буй Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-гийн үйлдсэн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Л.Д-ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг баримтлан 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.2. Анхан шатны шүүх “...эрх бүхий албан тушаалтны зүгээс иргэн Л.Д холбогдох зөрчлийн хэргийг шалгахдаа дээрх хуульд заасан нотлох баримтуудыг огт цуглуулаагүй, иргэн Л.Д тухайн газрыг хууль бусаар ашигласан эсэх хэзээ, хэний эзэмшлийн газарт /хүн, хуулийн этгээд эсхүл төрийн эзэмшилд байгаа эсэхийг баримтаар тогтоогоогүй хэрэгт авагдсан баримт байхгүй/ ямар зүйл тарьсан эсэх талаар шинжээч томилж нарийвчлан тогтоогоогүй, хэргийн газарт үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй, гэрч хохирогч нараас мэдүүлэг аваагүй, гаргасан шийдвэрийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу прокурор шүүхийн шатанд нотолж чадаагүй, тухайн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоогоогүй зэрэг Л.Д-ын гаргасан гэх зөрчлийг нотлох ажиллагаа огт хийгээгүй, дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй” гэх зэргээр дүгнэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.
2.3. Маргааны үйл баримттай холбогдуулан прокуророос “… хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нотлох баримтаар Л.Д нь хэзээ, хаана, ямар газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан болох нь тогтоогдохгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлах бол хариуцагч “…Л.Д нь Орхонтуул сумын 2 дугаар баг “Өвөр нарийны худаг” гэх газар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр 32 га газрыг 2022 онд хагалж, 2023 онд ашиглаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгахын тулд энэ заалтыг хэрэглэсэн” гэж дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.
2.4. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэж, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хуульд заасныг зөрчиж: гээд 10.1. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан; ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийн таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасныг хамтатган тайлбарлавал, зөрчил үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон нөхцөлд шударга ёсны зарчимд нийцнэ.
2.5. Харин тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй буюу зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах ёстой байхад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн явдал нь нэгэнт үйлдэгдсэн зөрчлийг, түүнд хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл ногдуулж, албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.
2.6. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл холбогдогч Л.Д нь зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар мэдүүлэг өгсөн хэдий ч эрх бүхий албан тушаалтан нь уг зөрчилд шийтгэл ногдуулахдаа энэ хэсгийн 7-д зааснаас гадна Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан, …. нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;”, 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох;”, 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана.”, 7.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно.” гэж тус тус заасныг зөрчжээ.
2.7. Тодруулбал, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байхад зөрчлийн хэрэг нээж, зөрчлийг тогтоохтой холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй буюу иргэн Л.Дын ашигласан гэх газрыг аливаа этгээд эзэмшихээр гаргасан эсэх эсхүл бусад этгээд эзэмшдэг эсэхийг тодруулаагүй, мөн зөрчил үйлдсэн хугацааг тогтоож, шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхийг дүгнээгүй буюу тус газрыг 2022 онд хагалж, 2023 онд ашигласан бол 2024 онд аливаа байдлаар ашигласан эсэх, хохирол, төлбөрийн хэмжээ нь мөн тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шууд шийдвэрлэсэн нь буруу байна.
2.8. Өөрөөр хэлбэл, холбогдогчийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн аль хэсэгт заасан зөрчилд хамаарахыг нотлох баримтаар бүрэн шалган тогтоогоогүй; тус зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зөрчилд торгох шийтгэл ногдуулахаас гадна албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байхад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар шийтгэлийн хуудаст тусгаагүй зэргээс үзэхэд эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шийтгэл ногдуулсан шийдвэрийн хувьд Л.Дын гаргасан зөрчлийг эргэлзээгүй шалган тогтоосон, зөрчилд тохирсон буюу хуульд нийцсэн шийдвэр гэж дүгнэх үндэслэлгүй.
2.10. Үүнээс дүгнэвэл эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Л.Дын гаргасан зөрчлийг шалган тогтоож, шийтгэл ногдуулах эсэх шийдвэр гаргах ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан эсэх нөхцөл байдал нь маргаан бүхий шийтгэлийн хуудасны хүчин төгөлдөр байдлыг тодорхойлоход ач холбогдолтой боловч шүүхээс хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар энэ нь бүрэн тодорхойлогдохгүй байх тул цаашид уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.
2.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байх боломжийг үгүйсгэхгүй бөгөөд нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх агуулгатай зохицуулалт болно.
2.12. Иймд хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр уг зөрчил нь холбогдох хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар хууль эрх зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай, тухайн асуудал нь улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхээс шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагч нь шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 159/ШШ2024/0050 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Бгийн үйлдсэн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг 58 /тавин найм/ хоногийн хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 гэсэн дугаарыг 3 болгон өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА