Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 116

 

2016.11.17                                              № 116

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 180/2016/0128/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                     Н.Болор-Уянга,
Улсын яллагч                  Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Г.Баярсайхан,
Шүүгдэгч                                                       Л.Ганбат нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Бүргэд овогт Лхамсүрэнгийн Ганбат холбогдох эрүүгийн 201623000199 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1965 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, монгол улсын иргэн,  52 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэртэй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 3 дугаар баг, Цэнхэрийн голд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх /РД:СМ65060413/

Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч Л.Ганбат нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4-р баг Чулуут гэх газарт иргэн Ц.Батзаяагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж үхрийн мах 20 кг, аккумлятор 1 ширхэг /хуучин/, үхрийн борц 15кг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5-р баг Шийрийн 04 тоотод айлын байшинд хууль бусаар нэвтрэн орж  дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг /хуучин/, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг /хуучин/, үхрийн борц 15кг, бэлэн мөнгө 200000 /хоёр зуун мянга/ төгрөг хулгайлж иргэн Б. Туулайд 1.050.000 төгрөгийн  хохирол учруулсан,
2016 оны 6 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт иргэн А.Болдбаатарын “Даюун” маркийн итгэмжлэн өгсөн мотоциклийг завшиж 500000 төгрөгний хохирол учруулсан,
2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гадагш явж болохгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

    Хохирогч Б.Туулайн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээ түгжээд Улаанбаатар хотруу Гандан орох гээд явсан юм. Гэтэл намайг Улаанбаатар хотруу явсан хойгуур манай байшингийн цоожийг хөшиж онгойлгоод хулгай орсон байсан. ...Байшинд ирэхэд авдрын цүүг мултлаад авдар дотор тавиур дээр байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гар цүнхэнд байсан 200.0 төгрөг, жижиг модон ширээний шургуулганд байсан мөнгөн аяга, 10 кг үхрийн борц хулгайд алдагсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
     Хохирогч Ц.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 03 дугаар сарын дундуур нэг шөнө манай хойд байшинд хулгай орж 50 килограммын ууттай үхрийн үүцний мах, 25 килограммын ууттай борц, гэрийн хажууд машины дэргэд байсан аккумлятор зэргийг аваад явсан байсан юм. Тэгээд тухайн үед цагдаад тэмдэглүүлээд олдоогүй юм” гэсэн мэдүүлэг / хх-ийн 52-53 тал/,
    Хохирогч А.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “...Ганбат мотоцикль унаж явснаас хойш 7-8 хоногийн дараа Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж миний мотоциклийг олж өгсөн. Ганбат миний мотоциклийг унаж яваад Цэнхэрмандал суманд нэг хүнд 100.0 төгрөгөөр зарсан байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,
    Иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэболдын мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 06 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Цэнхэрмандал сумын төвд намайг гэртээ байхад Ганбат хул шар өнгийн Даюун маркийн мотоцикль уначихсан ирсэн. Ирээд мотоцикль эвдэрчихлээ янзалж өгөөч гэж гуйхаар нь янзалж өгөөгүй байхад мотоциклио зарна гэхээр нь 300.0 төгрөгөөр зарна гэхээр нь 100.0 төгрөгөнд та зарах уу гэхэд жаахан байж байснаа зарна гэсэн. Би тэр мотоциклийг авсан. Хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,
    Гэрч М.Мэндсайханы мөрдөн байцаалтанд өгсөн “...Ганбат А.Болдбаатарын мотоциклийг унаад эргүү төлөг харна гэж хэлээд явсан байсан. Мотоциклийг унаж явсан талаар эхнэр Туул Болдбаатар ахад утсаар хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ Л.Ганбат ахыг хүлээгээд ирэхгүй болохоор нь Жаргалтхаан сумын төв рүү машинтай ирж хайгаад олоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 тал/,
Гэрч Ж.Туулын мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 6 сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Л.Ганбат ахыг Жаргалтхаан сумын төвд явж байхад хөдөө гэртээ авчирсан юм. Л.Ганбат ах гэрийн гадаа эргүү төлөг хайна гээд Болдбаатар ахын мотоциклийг унаад явсан. Эргүү төлөг маань 2 хоногийн дараа айлын хониноос олдсон. Нөхөр бид хоёр Л.Ганбатыг ахыг хайгаад олоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,
Гэрч М.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016.03-14-15-нд үед болов уу өдрийг нь сайн санахгүй байна. Жаргалтхаан сумын төвд байх хашаандаа нөхөр Батзаяагийн хамт хог цэвэрлэж байхад байшингийн баруун талын цонх онгорхой байхыг хараад үзэхэд үхрийн ууттай борц болон мах хулгайд алдагдсан. Байшингийн гадна талд харахад 90 амперийн хар өнгөтэй жижиг аккумлятор бас алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 тал/,
Гэрч Л.Баатарсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Л.Ганбат нь 2016.03.27-ны үед шиг санаж байна. Надад аккумлятор 3000 төгрөгөөр зарсан. Л.Ганбатын зарсан аккумляторыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, минийх гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 тал/,
Сэжигтэн яллагдагчаар Л.Ганбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “... 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ам цангаад Бямбасүрэн ахынх руу орох гэтэл гэр нь цоожтой байхаар нь баруун талын хашаанд байдаг Туулай гуайнх руу ус уух санаатай хашааны хойд хаалгаар орсон. Тэгээд байшингийнх үүдэнд гэрэлгүй байхаар нь бариулнаас нь татаж үзтэл түгжээтэй байх шиг байхаар нь ахиад жоохон хүчтэй угзартал хаалга нь онгойчихсон. ...жижиг модон авдарных нь татсан чинь цүү нь сугарсан. Авдрыг онгойлгож үзтэл хар өнгийн цүнх байхаар нь үзтэл 200.0 төгрөг байсныг авсан. Авдарны хойд буланд хөх өнгийн хөвөнтэй дээл байхаар нь сөхөж үзтэл 2 дунд гарын 1 ширхэг бага гарын нийт 3 ширхэг мөнгөн аяга байсан. Түүнийг аваад гарах гэтэл үүдэнд ууттай борц байсныг аваад гарсан.  ...2016.03.20-ны үеэр орой 22 цагийн үед Батаагийнх руу ороод хашаанынх нь хойд гэрийнх нь ард байдаг дүнзэн байшин руу орж 25 кг ууттай адууны мах болон 25 кг-ийн ууттай үхрийн борц байсныг аваад гарсан. Гарах үед гэрийнх нь зүүн хойд хаяанд хар өнгийн аккумлятор байгааг харагдсныг эргэж очиж авсан. ...надад үлдээсэн Даюун маркийн мотоциклийг унаад унаад хонийг хариулж байгаа цай унд уух гээд гэрийнх гадаа ирсэн чинь эргүүтсэн төлөг байхгүй байхаар нь хайх гэж яваад Цэнхэрмандал сум орсон. Тэнд Эрдэнэболд гэдэг хүн 100.000 төгрөгөөр мотоциклио зарсан. Мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн газар бүртгүүлдэг байсан. Тэгээд мөрдөн байцаагчдаа хэлээд гэр рүүгээ хэд хоног яваад ирэе гэх гэсэн боловч хэлж чадаагүй гэр рүү явчихсан. Тэгээд нилээд хэд хоночихсон болохоор буцаад очвол хорьчих байх гэж бодоод очоогүй. Хот явчихаад ирээд гэртээ байж байгаад цагдаа нар баригдсан үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогч нарын хохирлыг намайг цагдан хоригдож байхад дүү маань бүгдийг нь төлсөн гэж хэлсэн би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, сумын үнэлгээний комиссын үнэлгээ гаргасан баримтууд /хх-ийн 7-17,21, 28, 29 тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 88 тал,
Шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөтэй эсэхийг нотолсон баримтууд /хх-ийн 92-98 тал/ зэрэг болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Л.Ганбатыг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4-р баг Чулуут гэх газарт иргэн Ц.Батзаяагийн байшинд нэвтэрч 20 кг үхрийн мах, 1 ширхэг аккумлятор /хуучин/, 15кг үхрийн борц зэргийг   хулгайлж бусдад 310.000 төгрөгийн,  давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5-р баг Шийрийн 04 тоотод айлын байшинд нэвтэрч  дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг /хуучин/, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг /хуучин/, үхрийн борц 15кг, бэлэн мөнгө 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хулгайлж иргэн Б. Туулайд 1.050.000 төгрөгийн  хохирол учруулсан, мөн 2016 оны 6 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт иргэн А.Болдбаатарын “Даюун” маркийн итгэмжлэн өгсөн мотоциклийг завшиж 500000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гадагш явж болохгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Ганбат нь орон байранд нэвтэрч давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Л.Ганбатыг мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдээгүй хэмээн мэтгэлцэх боловч хэрэгт авагдсан эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол, оргодолд тооцох тогтоол, гэрч Л.Баттөр, Ц.Төмөрбаатар нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн газар бүртгүүлдэг байсан. Тэгээд мөрдөн байцаагчдаа хэлээд гэр рүүгээ хэд хоног яваад ирэе гэх гэсэн боловч хэлж чадаагүй гэр рүү явчихсан. Тэгээд нилээд хэд хоночихсон болохоор буцаад очвол хорьчих байх гэж бодоод очоогүй. Хот явчихаад ирээд гэртээ байж байгаад цагдаа нар баригдсан үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Б.Туулайд учруулсан 350,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэболдод 100,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь нотлогдохгүй байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирлыг төлүүлэхийн хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Иймээс шүүх шүүгдэгчээс дээрх хохирол, нэхэмжлэлийг гаргуулж олгуулах  үндэслэлтэй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзаж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.  


Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Лхамсүрэнгийн Ганбатыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нь хулгайлсан, хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатыг эд хөрөнгө хураахгүйгээр  02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих  ялаар, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын баривчлах ялыг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн ялтны биечлэн эдлэх ялыг 02 жил, 5 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатад оногдуулсан 02 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатаас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Туулайд, 100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.эрдэнэболдод тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Ц.Батзаяа, А.Болдбаатар нарт төлөх төлбөргүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

    8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УЯНГА