Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00058

 

 

О Б нарын

     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01863 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О Б нар,

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

 

17 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О Б нар нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Т” ХХК-ийн авто ломбардад өөрийн өмчлөлийн 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг 6 хувийн хүүтэйгээр, нэг сарын хугацаатай, 6 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, Фидуцийн гэрээгээр уг автомашинаа “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж зээл авсан бөгөөд өөрөө эзэмшихээр харилцан тохиролцсон байна.

О Б нар нь зээлийн гэрээний хүүг 2016 оны 03 дугаар сарыг хүртэл төлж, гэрээг сунгаж байгаад үндсэн төлбөрөө төлөх боломжтой болоход “Т” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 7 986 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн барьцаа хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шаардлага гаргаагүй байдаг. Гэвч зохигчид эвлэрсэн тул тус шүүхийн шүүгчийн 101/ШШ2016/04292 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон 6 576 000 төгрөгийг О.Б нарээс гаргуулахаар захирамжилсан. О Б нарнь тухайн маргаанд анх хариуцагчаар татагдсан О Б нарын төрсөн ах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир шүүгч хариуцагчийг сольж 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор 6 576 000 төгрөгийг төлөх тухай захирамждаа тусгасан байна.

Гэтэл О Б нарнь тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй тул 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг зарж төлбөрөө төлж барагдуулахаар зар тавьсан байсныг “Т” ХХК олж мэдээд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр автомашиныг нь худалдан авна гэж хуурч мэхлэн аваад 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бусдад зарсан байна.

Тухайн үед О.Б нарт мөнгөний боломж гарч 6 676 000 төгрөгийг өгч автомашинаа авахаар очиход нь “Т” ХХК нь үндэслэлгүйгээр 12 000 000 төгрөг нэхэмжилж дарамтлан, автомашиныг өгөөгүй байдаг. “Т” ХХК нь 6 576 000 төгрөгийн шаардлагыг хангасан шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг үл хэрэгсэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан албадан гүйцэтгэх ажиллагааг хийлгүйгээр дур мэдэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж, хохирол учруулчихаад автомашины зөрүү мөнгийг өгөхгүй байна. Иймд 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашины зах зээлийн үнэлгээ болох 17 000 000 төгрөгөөс 6 576 000 төгрөгийн төлбөрийг хасч, зөрүү мөнгө болох 10 924 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч О Б нар нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 50-47 УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашин барьцаалж 6 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай автомашинаа унаад явах, эргэн төлөлтөөр үндсэн зээлээс хасагдах нөхцөлтэй зээл авч зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан билээ. Гэвч зээлдэгч О Б нар нь зээлийн эргэн төлөлтөө хийхгүй, барьцааны хөрөнгө болох уг автомашиныг хууль бусаар хил давуулан Казакстан улс руу гаргаж зээлийн гэрээгээ ноцтой зөрчсөн.

Зээлдэгч О Б нартой холбоо барих гэсэн боловч бүх утас нь холбогдох боломжгүй байсан бөгөөд түүний ах О.Б нартэй ярихад “...тиймээ бид нар тэр автомашиныг Казакстан улс руу гаргачихсан, зарах гэж байгаа...” гэсэн мэдээллийг өгсөн.

Үүний дараа манай байгууллага 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч хөлсөлж 7 986 000 төгрөг зээлдэгчээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч О Б нарын ах О Б нарнь манай өмгөөлөгчтэй ирж уулзаад зээлийн барьцаа хөрөнгө болох уг автомашиныг хууль бусаар хил давуулсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан. О Б нарнь манай өмгөөлөгчид хэлэхдээ уг автомашин нь Казакстан улсад очоод мотор нь эвдэрчихсэн, уг барьцаа хөрөнгө нь баталгаатай болсон тул алдангиас чөлөөлж өгөхийг хүсч дүүгийнхээ өмнөөс хариуцлага хүлээж хохирлыг барагдуулахаар болсон. Хариуцагч О Б нарнь эвлэрлийн гэрээ байгуулж, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж 4 удаа төлөлт хийж 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор хохирлыг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч зээлийн гэрээгээ ноцтой зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О Б нарнь давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Манай байгууллага уг автомашиныг хуурч мэхлэн хурааж аваагүй бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд шилжүүлсэн эд хөрөнгийг хаа байгаа газраас нь хураан авах бүрэн эрхтэй. Зээлийн гэрээнд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг захиран зарцуулах эрхийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлнэ гэснийг анхаарна уу.

Нэхэмжлэлд зээлдэгч О Б нар нь зээлийн хүүг төлж, зээлийн гэрээг сунгаж байгаа гэж дурдсан байна. Энэ нь худлаа бөгөөд манай талаас маш олон удаа зээлдэгч О Б нартой холбогдох гэж оролдсон, хаягийн дагуу гэрээр нь очсон боловч манайд өгсөн бүх мэдээлэл нь худал, бүх утаснууд нь орох ярианы эрх нь хаагдсан байсан. Тухайн үед маш олон удаа эгч болон ахтай нь холбогдож ирж уулзаад асуудлыг шийдвэрлэх санал тавьж байсан боловч ирээгүй. Мөн ах, эгч нарт нь зээлийн гэрээний талаар хэлж зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт төлөгдсөн тохиолдолд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байдаг талаар хэлж өгч байсан.

Уг автомашиныг худалдах үед мотор нь гэмтэлтэй байсан бөгөөд энэ талаар О Б нармэдэж байгаа. Тухайн үед уг автомашины зах зээлийн үнэ нь 12 000 000 орчим төгрөг байсан бөгөөд засвар хийх шаардлагатай байсан тул манай байгууллага ченжид 9 000 000 төгрөгөөр зарсан болно. Манай байгууллага энэ мөнгөөр зээлийг хаасан бөгөөд үүнд зээлдэгчийн араас явсан ажилчдын ажлын хөлс, өмгөөлөгчийн хөлс, алдангийн үлдэгдэл ороогүй болно. Хэрэв зээлдэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол манай байгууллага өмгөөлөгч хөлсөлж зөрүү мөнгө нэхэмжлэхийг анхаарна уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О Б нар, хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан 17 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О Б нароос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Хэдийгээр нэхэмжлэгч О Б нар нь анх хариуцагч "Т" ХХК-аас зээл авч, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгон өөрийн өмчлөлийн   50-47 УБЛ   улсын   дугаартай   Хюундай   Старекс   маркийн автомашиныг фидуцийн гэрээний үүргийн дагуу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн боловч хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн   гэрээ,   2016 оны 05 дугаар сарын 13-ны   өдрийн 101\ШШ2016\04292 дугаар шүүгчийн захирамжийн дагуу дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг О.Б нарээс гаргуулахаар болж, нэхэмжлэгч О Б нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Учир нь, энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан байдаг. Иймд "Т" ХХК нь анх О Б нар, О Б нарнарыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №14 тоот зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, уг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой этгээд хэмээн хариуцагчаар татаад мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу хариуцагч О Б нароос татгалзаж, хариуцагч О.Б нартэй эвлэрснээс үзвэл нэхэмжлэгч О Б нар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэх бүрэн боломжтой юм.

Нэгэнт "Т" ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу "Т" ХХК нь хариуцагч О.Б нартэй эвлэрсэн тул О.Б нарт мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээний үүргийг О.Б нарээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тусламжтайгаар албадан гүйцэтгүүлэх эрх буюу нөгөө талаас үүрэг үүссэн байна.

Хариуцагч "Т" ХХК-ийн дээрх эрх, үүрэг нь одоо ч нээлттэй бөгөөд нэхэмжлэгч О Б нарын 50-47УБЛ улсын дугаартай Хюундай Старекс маркийн автомашиныг хууль бусаар авч, бусдад зарсан эсэхээс үл хамаарч, хэдийд ч шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101\ШШ2016\04292 дугаар захирамжийн дагуу О.Б нарээс 6 276 000 төгрөгийг гаргуулж авах боломжтой байгаа. Гэтэл шүүгч дээр дурдсан үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүй, зөвхөн фидуцийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгч, хүчин төгөлдөрт тооцон хэрэг маргааныг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүгч шийдвэр гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Манайх одоо О.Б нарээс шүүгчийн захирамжийн дагуу 6 276 000 төгрөгийг шаардахгүй шүү дээ...” гэж хэлсэн үгэнд нь итгэж, хөнгөмсгөөр найдан, хийсвэр байдлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Дээр дурдсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч О Б нар нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс чөлөөлөгдсөн тул фидуцийн гэрээний үүрэг ч мөн дуусгавар болох хуулийн үндэслэлтэй юм. Учир нь, Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасанчлан дээр дурдсан харилцаанд төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгч О Б нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийн гэрээний үүрэг нь хариуцагч “Т” ХХК болон О Б нарнар эвлэрч, шүүгчийн захирамж гарсан өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Хариуцагч “Т” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох явдал юм. Барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хугацаанд бусдын өмч хөрөнгийг ямар нэг хэлбэрээр өөрийн өмчлөлд шилжүүлж авах нь хуулиар хориглогдсон юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх боломжтой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч шаардлага гаргаснаас үл шалтгаалан шүүгч дүгнэлт хийх ёстой байдаг. Иймд шүүгч энэ асуудалд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт энэ талаар заасан байдаг. Иймд “Т” ХХК нь бусдын өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахгүйгээр, хууль бусаар захиран зарцуулсан үйлдэлд шүүгч мөн л дүгнэлт хийгээгүй байна. Хэрэв дээрх зохицуулалтын дагуу 50-47УБЛ улсын дугаартай Хюундай Старекс маркийн автомашиныг дуудлага худалдаагаар борлуулсан бол “Т” ХХК нь шүүгчийн захирамжийн дагуу авах ёстой 6 276 000 төгрөгийг суутгаж, зөрүү төлбөрийг нэхэмжлэгч О Б нарт олгох үүрэгтэй болох юм. Гэвч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсан хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг огт хэрэглээгүй. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, дүгнэн, хэрэг маргааныг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч О Б нар нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 17 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг О Б нархариуцахаар зээлдүүлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулснаар тухайн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар О Б нартой хийгдсэн фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул зээлдүүлэгч фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн автомашиныг О Б нарт буцаан шилжүүлэх ёстой гэж тайлбарлан, үнийг шаарджээ.

            Хариуцагч татгалзлаа зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу автомашиныг борлуулах эрх зээлдүүлэгчид үүссэн гэж тайлбарласан байна.  

            Нэхэмжлэгч О Б нар нь “Т” ХХК-ийн Т авто ломбардтай 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. /хх-122/

Зээлдүүлэгчийн гэрээний дагуу шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг зээлдэгч О Б нар хүлээн авч, зээлийг ашигласан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр дууссан үйл баримт тогтоогдсон бөгөөд зээлдэгчээс зээлийн үүрэг шаардсан зээлдүүлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 6 276 000 төгрөгийг зээлдэгч О Б нарын өмнөөс төлөх үүргийг төрсөн ах О Б нархүлээж, зээлдүүлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгчийн захирамжаар баталсан, захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр шилжсэн байна.

Харин өр шилжсэнээр фидуцийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд зээлийн гэрээ байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 50-47УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг О Б нарын өмчлөлөөс “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд тэдний Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар сонгож харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт нийцсэн байна. /хх-121/

Зээлдэгч О Б нар болон түүний өрийг шилжүүлэн авсан О Б нарнар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжсэн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгээр зохицуулжээ. Иймд хариуцагчийг 50-47УБЛ улсын дугаартай Хюндай Старикс маркийн автомашиныг хууль болон гэрээний заалтад нийцүүлэн О Б нарын эзэмшлээс гаргуулан авсан гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.

Мөн Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт зааснаар О Б нароос О.Б нарт өр шилжсэн нь фидуцийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

Дээрхээс үзвэл зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нөхцөлд шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардах эрх зээлдэгчид үүсэхгүй бөгөөд зээлийн өр төлөх үүрэг О.Б нарт шилжсэнээр О Б нартой  байгуулсан фидуцийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 4.1, 4.2, 4.8-д заасанд нийцсэн, үндэслэл бүхий болжээ. 

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгохтой холбоотой Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зээлдэгчийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаа шаардах эрхийг хуульчилж, мөн зүйлээр тухайн тохиолдолд баримтлах журмыг тодорхойлсон, харин Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах бусад арга хэрэглэхийг хориглосон заалт биш бөгөөд барьцаагаар хангах аргыг талууд сонгоогүй тохиолдолд хуулийн энэ заалтыг баримтлахыг шаардахгүй.

Иймд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой барьцаалагчийн эрхэд зөвхөн гэрээний хугацаанд хязгаарлалт тогтоосон Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэг буюу анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй үндэслэлээр  гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01863 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  245 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ