Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1506

 

 

 

 

 

 2022         10          17                                       2022/ШЦТ/1506

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Н.Өнөрбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Эт холбогдох 2206 03520 2853 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, 23 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-131 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 981 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Налайх дүүргийн хэргийн анхан шатны Эрүүгийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдэж байсан,

Аовогт Пын Э /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

П.Э нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туулын 9-131 тоотод хамтран амьдрагч болох О.Хулангоог “бусадтай мессеж бичлээ” гэх зэргээр хардаж, улмаар түүний эзэмшлийн Самсунг А-51 маркийн гар утсыг нь газарт шидэж, дахин ашиглагдах боломжгүйгээр устгаж, гэмтээсний улмаас, О.Хулангоод 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Хулангоогийн өгсөн: “Би П.Этэй Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд 1 дүгээр ангиасаа хойш эхлээд хамт нэг ангид сурч байсан. Тэгээд 2017 онд сургуулиа төгсөөд бид хоёр үерхэж дундаасаа 2020 онд хүүхэдтэй болсон... 2021 оны 01 дүгээр сард би хүүхдээ аваад дахин эцэг эх дээрээ очсон. Тухайн цаг үеэс хойш П.Э бид хоёр хамт байхгүй тусдаа амьдарч байсан. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би 06 дугаар сарын 01-ний өдөр арга хэмжээтэй байсан учраас П.Эээс “хүүхдээ 2 өдөр хараад өгөөч” гэхэд за гээд хүү Сэцэн-Эрдэнийг аваад гэр лүүгээ явсан. Би нэг хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр П.Э намайг ажил дээрээс ирж аваад хамт гэрт нь 22 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд унтаж амрах гэж байхдаа ажлынхаа хүнтэй чатласан чатаа харж байхад П.Э “хэнтэй чатлаад байгаа юм бэ, надад наад чатаа харуул” гэхэд нь би харуулахгүй гэхэд бид хоёр хоорондоо маргаж эхэлсэн. Тэгсэн П.Э над руу хуванцар асаагуур авч шидсэн. Гэхдээ асаагуур шидээд оноогүй. Би тухайн үед ямар нэгэн хариу үзүүлээгүй учраас уур нь хүрсэн үү яасан гэнэт босож ирээд миний Самсунг А-51 загварын гар утсыг миний гараас булааж аваад газарт шидсэний улмаас миний гар утасны дэлгэц хагараад, ар талын таг хэсэг нь цуураад хагарсан байсан. Би гар утсаа аваад үзэхэд асахгүй, ажиллахгүй байсан. Миний эвдлүүлсэн гар утас байхгүй. Тухайн үед миний гар утсыг маш хүчтэйгээр савсан учир гар утасны маань дэлгэцийн шилнүүд хагарч, ашиглах боломжгүй, янзлуулах боломжгүй болсон учир би гар утсаа хаячихсан...” гэх мэдүүлэг /хх.14-15, 96/,

“Дамно” ХХК-й 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БЗ1/22/916 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.25-28/,

Хохирогч О.Хулангоогийн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан тайлбар, хохирол авсан тухай дансны хуулга /хх.30-31/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай захирамж /хх.50-52/,

Шүүгдэгч П.Эийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.69-72/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.79-80/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.60-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Эийн яллагдагчаар  өгсөн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тэмцээнд оролцоод орой тэмцээнээ дуусгаад эхнэр О.Хулангоог ажлаас нь очиж аваад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Туулын 9-131 тоот өөрийнхөө гэртээ харьсан. Орой гэртээ эхнэр гийнхээ хамт байж байхад 22 цагийн үед О.Хулангоогийн гар утсан өөр эрэгтэй хүнээс чат ирсэн учраас би О.Хулангоогийн гар утсыг аваад “энэ хэн юм бэ” гэж асуухад О.Хулангоо “хэн ч биш, чамд хамаагүй” гэж хэлснээс бол бид хоёр хоорондоо бага зэрэг маргасан. Би О.Хулангоод хандаж “ингэж байвал гар утас барьж яахын” гэж хэлээд Самсунг А51 загварын хар өнгийн гар утсыг нь аваад Монгол гэрийн шад руу шидсэн. Тухайн үед О.Хулангоо надад “гар утас эвдэлчихлээ” гээд уурлаад байхаар нь би “уучлаарай хэд хоногоос аваад өгнө” гэж хэлээд унтаж амарцгаасан. Маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өглөө хадам аавын гэрт хүргэж өгөөд цаашаа эхнэр О.Хулангоог ажил руу нь хүргэж өгөхдөө “5, 6 хоногийн дараа гар утас авч өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би хэлсэн хугацаандаа гар утсыг нь авч өгөх гэтэл мөнгөгүй байсан учраас хөдөө адуу мал руу явсан хойгуур эхнэр Хулангоо цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байх 450.000 төгрөг О.Хулангоогийн ХААН банкны 5114533682 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.83-84/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.89-95/,

Шүүгдэгч П.Эийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.96/,

Хохирогчийн О.Хулангоогийн гомдол санал байхгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.101/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.104/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

П.Э нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туулын 9-131 тоотод хамтран амьдрагч болох О.Хулангоог “бусадтай мессеж бичлээ” гэх зэргээр хардаж, улмаар түүний эзэмшлийн Самсунг А-51 маркийн гар утсыг нь газарт шидэж, дахин ашиглагдах боломжгүйгээр устгаж, гэмтээсний улмаас, О.Хулангоод 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Хулангоогийн өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр П.Э ... Самсунг А-51 загварын гар утсыг миний гараас булааж аваад газарт шидсэний улмаас миний гар утасны дэлгэц хагараад, ар талын таг хэсэг нь цуураад хагарсан байсан. Би гар утсаа аваад үзэхэд асахгүй, ажиллахгүй байсан... Тухайн үед миний гар утсыг маш хүчтэйгээр савсан учир гар утасны маань дэлгэцийн шилнүүд хагарч, ашиглах боломжгүй, янзлуулах боломжгүй болсон учир би гар утсаа хаячихсан...” гэх мэдүүлэг /хх.14-15, 96/,

“Дамно” ХХК-й 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БЗ1/22/916 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх.25-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Эийн яллагдагчаар  өгсөн: “... Би О.Хулангоод хандаж ингэж байвал гар утас барьж яахын хэлээд Самсунг А51 загварын хар өнгийн гар утсыг нь аваад Монгол гэрийн шал руу шидсэн. Тухайн үед О.Хулангоо надад гар утас эвдэлчихлээ гээд ...” гэх мэдүүлэг /хх.83-84/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

П.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Эийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч О.Хулангоод 450.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

П.Эийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

П.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Аовогт Пын Эийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Эт сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР