Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/1455/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1507 |
Огноо | 2022-10-17 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1507
2022 10 17 2022/ШЦТ/1507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Ат холбогдох 2106 03688 0195 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголия” ХХК-Д дээж бэлтгэлийн техникийн ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухрын 20 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бовогт Ганхуягийн А /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.А нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 153-41 тоотод оршин суух иргэн Ц.Амар-Амгалангийн гэрт дуудлагаар, пиво борлуулахдаа 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөрт Ц.Амар-Амгалангийн 40.000 төгрөгийг 400.000 гэж алдаатай бичиж гүйлгээ хийснийг мэдсээр байж илүү 360.000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Амар-Амгалангийн өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний орой холбогдож “чи А гэх хүн мөн үү” гэхэд “мөн байна. Чиний дансанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө чиний дансанд 400.000 төгрөг орсон байна. Энэ ямар учиртай юм” гэхэд “та пиво захиалаад илүү мөнгө шилжүүлсэн” гэж хэлсэн, тэгсэн тэр хүүхэд “маргааш данс руу 360.000 төгрөг шилжүүлье” гэхэд нь би “тэгээ” гэж хэлсэн. Тэгсэн гэнэт тэр орой 00 цагийн орчим тэр хүүхэд залгаад “та намайг яагаад цагдаад өгдөг юм, та миний дансыг хаалгасан байна. Тэгэхдээ би нээлгэсэн, таныг өөрийг чинь цагдаад өгнө” гэж хэлээд байсан... миний мөнгийг өгөхгүй шинжтэй байсан. Тэгээд маргааш өглөө би залгахад гар утсаа огт аваагүй тэрнээс хойш огт холбогдоогүй... надад гомдол байхгүй... Миний хувьд уг залуугаас илүү шилжүүлсэн мөнгийг буцаан авсан, ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулан хурдан шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.14-15, 96/,
Хохирогч Ц.Амар-Амгалан болон шүүгдэгч Г.А нарын ХААН банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх.23, 25/,
Шүүгдэгч Г.Аын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.28-49/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.56-57/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.60-62/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Аын яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад гэрээс гараад ганцаараа пиво зарахаар явсан юм. Тэгээд шөнө 04 цагийн үед танихгүй дугаараас нэг эрэгтэй хүн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Натурт 2 том “Сэнгүр” пиво авна гэхээр нь удалгүй 15 минутын дараа Натурт очсон юм. Тэгээд нэг танихгүй эрэгтэй хүн 2 том Сэнгүр пиво аваад тооцооны 40.000 төгрөг хийхэд нь мессеж ирсэн. Тухайн үед нь ХААН банкны сүлжээ муутай байсан учраас гацаад орлого, зарлагаа шалгаж чадаагүй, гэртээ хариад дансаа шалгатал 400.000 төгрөг орчихсон байсан. Маргааш нь би Архангай аймгийн Жаргалант сум руу явах байсан болохоор пиво худалдаж авсан ахтай холбогдоогүй... Би тухайн мөнгийг юунд зарцуулсан талаараа санахгүй байна. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн... хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.63-64/,
Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх.84/,
Хохирогчийн Ц.Амар-Амгалангийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.99/,
Шүүгдэгч Г.Аын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.100/,
Мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурорын тогтоол /хх.102/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.106/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.А нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 153-41 тоотод оршин суух иргэн Ц.Амар-Амгалангийн гэрт дуудлагаар, пиво борлуулахдаа 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөрт Ц.Амар-Амгалангийн 40.000 төгрөгийг 400.000 гэж алдаатай бичиж гүйлгээ хийснийг мэдсээр байж илүү 360.000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Амар-Амгалангийн өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний орой холбогдож “чи А гэх хүн мөн үү” гэхэд “мөн байна. Чиний дансанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө чиний дансанд 400.000 төгрөг орсон байна. Энэ ямар учиртай юм” гэхэд “та пиво захиалаад илүү мөнгө шилжүүлсэн” гэж хэлсэн, тэгсэн тэр хүүхэд “маргааш данс руу 360.000 төгрөг шилжүүлье” гэхэд нь би “тэгээ” гэж хэлсэн. Тэгсэн гэнэт тэр орой 00 цагийн орчим тэр хүүхэд залгаад “та намайг яагаад цагдаад өгдөг юм, та миний дансыг хаалгасан байна. Тэгэхдээ би нээлгэсэн, таныг өөрийг чинь цагдаад өгнө” гэж хэлээд байсан... миний мөнгийг өгөхгүй шинжтэй байсан. Тэгээд маргааш өглөө би залгахад гар утсаа огт аваагүй, тэрнээс хойш огт холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх.14-15, 96/,
Хохирогч Ц.Амар-Амгалан болон шүүгдэгч Г.А нарын ХААН банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх.23, 25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Аын яллагдагчаар өгсөн: “... нэг танихгүй эрэгтэй хүн 2 том Сэнгүр пиво аваад тооцооны 40.000 төгрөг хийхэд нь мессеж ирсэн. Тухайн үед нь ХААН банкны сүлжээ муутай байсан учраас гацаад орлого, зарлагаа шалгаж чадаагүй, гэртээ хариад дансаа шалгатал 400.000 төгрөг орчихсон байсан. Маргааш нь би Архангай аймгийн Жаргалант сум руу явах байсан болохоор пиво худалдаж авсан ахтай холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх.63-64/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Г.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ц.Амар-Амгаланд 360.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Г.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Г.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Бовогт Ганхуягийн Аыг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ат сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ат урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР