Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/678

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2205010231408 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, ******* дүүргийн ******* дугаар хороо, Бэлхийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудалд байхдаа иргэн ын эзэмшлийн гар утас болон картнаас нь 485,000 төгрөг авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж нийт 545,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Архи уусан байсан болохоор гар утсыг нь авсан. Өмнө нь дэлгүүрээс цуг юм авч байсан болохоор нууц үгийг нь мэдэж байсан. Намайг картнаас мөнгө авахыг зөвшөөрөөгүй. Буруу үйлдэл гэдгээ мэдэж байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан болохоор авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй” гэв.

Хаан банкны 5065112884 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5-6 дугаар хуудас/,

Хаан банкнаас ирүүлсэн 5065112884 дугаартай данснаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг 20 минутад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10, “Амин хүнс” худалдааны төвд байрлах АТМ714 дугаартай АТМ-аар үйлчлүүлэх үеийн гэрэл зураг /хх-12-14 дүгээр хуудас/,

Хаан банкны АТМ-ын хяналтын камераас бэхжүүлэн авсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-20 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-27-28 дугаар хуудас/,

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө сэрээд аас миний утас хаана байна гэхэд мэдэхгүй ээ гэж надад хэлсэн, би өөрийнхөө утас руу ын утаснаас залгахад холбогдох боломжгүй байсан. Утасны гэр дотор виза карт, кредит карт, иргэний цахим үнэмлэх зэрэг байсан. д утас болон бусад эд зүйлс алга болчихлоо гэхэд Бүжээнээ авсан байх, би олоод өгчихнө санаа зоволтгүй гэж надад хэлсэн. Буудлаас гараад 4 шонхор зах ороод ус ундаа аваад нэгж авч өгөөд тэндээсээ аас салсан. Дээгий надад хэлэхдээ та маргааш хүрээд ир, би бүгдийг нь зохицуулаад байж байя гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо Бэлхийн - тоот гэртээ байх үед өглөө эрт 09 цагийн орчимд танил над руу 99842230 дугаараас залгаад хаана байгаа юм, өчигдөр хотод ирсэн, хороололд байна хүрээд ир уулзъя гэж дуудсан. Тэгээд би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич нэртэй буудалд очсон. Намайг очиход , хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба тэнд байсан тал шил архийг бид гурав хувааж ууж дуусгачихаад бид хоёр дэлгүүр орж архи болон бусад зүйл худалдаж авсан. Тэгэхэд ын картнаас надад 100,000 төгрөг авч өгсөн. Ингээд буцаж буудлын өрөөнд ороод авсан архиа гурвуулаа хувааж уусан ба сууж байхад намайг тэвэрч аваад өнөөдөр энд хононо ахиад нэг найзаа дуудчих, цамцаа тайл гээд ор луу түлхэж унагаад байхаар нь миний уур хүрээд утасны цэнэглэгчээр ыг ороолгоод боссон ба орон дээр нэг утас байхаар нь шүүрч аваад явсан. Тэгээд гарч таксинд суугаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Амин хүнс худалдааны төвд очоод АТМ-ээс нийт 485,000 төгрөг гаргаж авсан. Тухайн үед мөнгөний хэрэгцээ маш их байсан учир ломбардад тавьсан байсан зүйлүүдээ сунгуулаад хоол хүнс аваад дууссан. Тухайн картын нууц үгийг бид хоёр дэлгүүр орох гээд нууц үгийг нь ахаас асуугаад миний утсан дээр тэмдэглэж байсан нь үлдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-45-46 дугаар хуудас/,

Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-922/3906 дугаартай: “...гар утас Huawei L62 нэг ширхэг 60,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-21-23 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-50 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-51 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-52 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудалд байхдаа ын эзэмшлийн Huawei L62 загварын гар утас болон картнаас нь 485,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсны улмаас нийт 545,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч ын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-922/3906 дугаартай шинжээчийн дүгнэлт, ХААН банкны 5065112884 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны 5065112884 дугаартай данснаас Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 10, “Амин хүнс” худалдааны төв хаягт байрлах АТМ714 дугаартай АТМ-аар үйлчлүүлэх үеийн АТМ-ын гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан, улмаар хохирогчид 300,000 төгрөгөөс буюу бага хэмжээнээс дээш 545,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн ердийн шинжийг хангасан байна.

Хэрэгт цугларсан баримтаар хохирогч нь гэх хүний хамт “Рич” зочид буудлын өрөөг хөлслөн орж, шүүгдэгч *******ыг утсаар залгаж дуудсан, үүний дагуу шүүгдэгч ******* тухайн буудлын өрөөнд нэвтэрч, тэдэнтэй нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч ын эд хөрөнгийг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний үйлдлийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй *******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч д нийт 545,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Huawei L62 загварын 60,000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг шүүгдэгч *******аас хураан авч хохирогч д биет байдлаар нь буцаан өгсөн, түүнчлэн хохирогч “...гар утас болон *******аас 485,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тул ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдээгүй, ял шийтгүүлж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, .1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НЯМДАВАА