Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1019

 

   Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 47 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ЦЕ57011519, Аатынхан овогт Бумбаагийн Цэдэндамбаагийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 4-18 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОВ81092216, Сайнбилэг овогтой Бат-Эрдэнэ,

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 4-18 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО87061066, Тайж овогт Нацагийн Оюунчимэг нарт холбогдох,

     Гэм хорын хохирол 12.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэдэндамбаа, хариуцагч С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч Л.Нүүдэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Цэдэндамбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Цэдэндамбаа миний бие 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 37-49 ДАР улсын дугаартай, цагаан өнгийн 2000 онд үйлдвэрлэгдсэн 2013 оны 11 сард орж ирсэн пронтер маркийн ачааны автомашиныг Н.Оюунчимэг түүний нөхөр С.Бат-Эрдэнэ нарт итгэмжпэл хийж заруулахаар тохиролцож өгч явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөхгүйгээр Н.Оюунчимэг, С.Бат-Эрдэнэ нар нь сураггүй болж цагдаагийн байгууллагаар шалгуулсан прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж, иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байна гэж үзсэн. Иргэн Н.Оюунчимэг С.Бат-Эрдэнэ нар нь Дархан-Уул аймгаас шилжиж дээрх хаягт очиж амьдарч байгаа учир харьяалалын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би машинаа үнэлүүлэхэд 12.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хариуцагч нар нь Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Гэрэлцогт гэж байцаагчаар дамжуулж 600.000 төгрөг өгсөн нь үнэн. Энэ мөнгийг би авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх 600.000 төгрөгийг хасч нийт 12.200.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.Оюунчимэг миний бие Дарханд амьдарч байгаад гэр бүлийн хамт 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймагт нүүж ирсэн. Биднийг явах гэж байтал Б.Цэдэндамба өөрийнхөө хуучин машиныг авч яваад зараад өг гэсэн. Уг машиныг авч яваад үнийн тохирөлцоод өгчих гэсэн би уг машиныг өөрийн машинтай хамт өөр хүнээр, бариулаад ирж байтал Архангай аймгийн Хөшөөт суманд ирээд эвдэрсэн. Бид машинаа хүнд захиж үлдээгээд өөрсдөө Увсад ирсэн ингээд сарын дараа машинаа очиж хотоос сэлбэг авч янзлаж хотод оруулж Хуягаа гэгч 2.000.000 төгрөгөөр өгөхөөр болж 1.000.000 төгрөг аваад үлдсэнийг дараа өгнө гээд одоо болтол өгөөгүй юм. Ноднин Хуягааг сураглахад уг машиныг задлаж зараад өөрөө гадагшаа гараад явсан байсан. Б.Цэдэндамбаагийн машин ахн 12.800.000 төгрөгөөр үнэлэгдээд дахин үнэлгээ гаргахад 6.500.000 үнэлэгдсэн. Гэтэл иймд өндөр үнэ нэхэж байгааг гайхаж байна. Бид Б.Цэдэндамбаад нийт 3.000.000 төгрөг өгөх боломжтой, 600.000 төгрөгийг өгсөн. Одоо 2.400.000 төгрөг өгөх боломтой. Өөр мөнгө төлж чадахгүй төлөх боломжгүй гэжээ.

   Иргэдийн төлөөлөгч Л.Нүүдэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Б.Цэдэндамбаагийн нэхэмжилсэн 12.800.000 төгрөг нь машин байхгүй байхад үнэлгээг хийсэн тул С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг нараас 12.800.000 төгрөг нэхэмжлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Б.Цэдэндамбаа нь хариуцагч С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 12.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 12.200.000 төгрөг нэхэмжилжээ.

     Хариуцагч нар нь Бид Б.Цэдэндамбаад нийт 3.000.000 төгрөг өгнө. Үүнээс 600.000 төгрөгийг өгсөн тул одоо 2.400.000 төгрөг өгнө. Өөр мөнгө төлөх боломжгүй хэмээн маргаж байна.

     Хариуцагч С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг нар нэхэмжлэгч Б.Цэдэндамбаагийн эзэмшлийн 37-49 ДАР улсын дугаартай, Киа пронтер вонго маркийн ачааны автомашиныг Б.Цэдэндамбаагийн нэрийн өмнөөс худалдан борлуулахаар Дархан-Уул аймгаас Увс аймаг руу авч явсан болох нь талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Итгэмжлэл-ээр тогтоогдож байна.

      Улмаар уг автомашиныг хариуцагч нар тэдэнд олгогдсон зөвшөөрөл, итгэмжлэлийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Оюундэлгэр /С.Алтанхуяг/ гэгчид 2.000.000 төгрөгөөр худалдсан гэдгээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн байх ба уг үйлдлийг Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан болох нь тогтоогдож байна. Харин ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул хэрэг бүртгэлийн 201709000327 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгов гээд С.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хааж, харин Б.Цэдэндамбааг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг зааж өгсөн нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаартай тогтоол, уг тогтоолд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1/1134 дүгээр Хариу мэдэгдэх хуудас-аар тус тус тогтоогдож байна.

    Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Автомашины үнэ 12.800.000 төгрөг гаргуулах тухай хэмээн тодорхойлон ирүүлсэн, мөн шүүх хуралдааны явцад Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан холбогдох заалтууд энэ харилцаанд үйлчлэх боломжтой гэх тайлбар тус тус гаргаж байгаа боловч иргэн С.Бат-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг холбогдох эрх бүхий байгууллага шалган тогтоосон байх тул тухайн нэхэмжлэлийг шүүх Бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор гэж үзэж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

     Хэдийгээр хариуцагч С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Бид Б.Цэдэндамбаагийн автомашиныг 2.000.000 төгрөгөөр бусдад зарсан, 600.000 төгрөгийг нь мөрдөн байцаагчаар дамжуулан өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа тухайн автомашины үнэлгээг 6.400.000 төгрөг байна гэсэн дүгнэлт гарч байсан. Энэ бүх баримт эрүүгийн хэрэгт байгаа гэж маргаж байгаа боловч шүүхэд уг тайлбар, түүний үндэслэл болсон нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, мөн эдгээр нотлох баримтуудыг холбогдох байгууллага, албан тушаалнаас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 38.6-д заасны дагуу лавлагаа, нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

    Мөн Прокурорын тогтоолд дурдсанаар тухайн автомашиныг 2.000.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан гэх боловч хариуцагч уг нөхцөл байдлыг нотлох баримтаа ирүүлээгүй, хэрэгт авагдсан 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

     Түүнчлэн хариуцагч Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан тул хариуцагчийн дээрх тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй болохыг дурдав.

     Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг нараас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 12.200.000 гаргуулан нэхэмжлэгч Б.Цэдэндамбаад олгож шийдвэрлэв.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэдэндамбаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг нараас улсын тэмдэгтийн хураамж 210.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэдэндамбаад олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг нараас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 12.200.000 /арван хоёр сая хоёр зуун мянга/гаргуулан нэхэмжлэгч Б.Цэдэндамбаад олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэдэндамбаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.750 /хоёр зуун арван есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бат-Эрдэнэ, Н.Оюунчимэг нараас улсын тэмдэгтийн хураамж 210.150 /хоёр зуун арван есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэдэндамбаад олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.БОЛОР

                                   ШҮҮГЧИД                          Н.ГЭРЭЛТУЯА

                                                                                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ