Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/726

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч О.*******,

шүүгдэгч Г.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох эрүүгийн 2205024651985 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 8-11 тоотод түр оршин суух, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, **************гийн 10 дугаар гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.******* нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр **************гийн 10 дугаар гудамжны ******* тоотод 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гар утас өг гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч О.*******тай маргалдан биед нь халдан гарыг нь мушгиж, түүний биед баруун мөрний далны уруулын урагдал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч О.******* мэдүүлэхдээ: “...Г.******* 6 дугаар сараас эхлээд гэртээ үе үе ирдэг болсон. Би 2 хүүхдийн хадгаламжаас 9 сая төгрөгийг *******т өгсөн. Гэртээ үе үе ирдэг болохоор нь буцаад ирж байгаа юм байна гэж бодсон. Нэлээн бодсоны эцэст сонголт хийхдээ тэр хүүхнээ дагаад явсан. Тэгэхээр нь би хувцсыг чинь дүүд чинь өгнө гэж хэлээд *******ыг харахыг хүсээгүй тул яв гээд хөөсөн. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд надаас утсаа нэхсэн. Би үнэндээ тухайн утсыг нь хаана байгааг анзаараагүй. Би тухайн үед 1 давхарт утсаа оролдоод сууж байсан. Би гараа хөшүүлээд унахдаа 2 удаа унасан” гэв.

Хохирогч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн нөхөр болох ******* овогтой *******тай 2008 онд гэр бүл болж байсан. Бид хоёр Цэлмүүн, Цэлмэн гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэдтэй юм аа. 2020 оноос нөхөр өөр эмэгтэй хүнтэй болж бид 2 тусдаа амьдрах болсон. Би одоо 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо ************** 10 дугаар гудамж ******* тоотод амьдарч байгаа. 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой нөхөр Г.******* миний дугаар руу залгаад надад хандаж би архи уусан байна намайг ирээд аваач гэж хэлэхээр нь би түүнийг очиж аваад өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн 10 дугаар хороо, **************гийн 10 дугаар гудамж ******* тоотод авч ирэн нөхөр манайд хоносон. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 06 цагт нөхрийн хамтран амьдрагч ******* ирээд манай хаалгыг цохисон. Би түүнийг оруулсан чинь Г.******* босож ирсэн. ******* *******т хандаж “сонголтоо хий” гэж хэлсэн чинь ******* сууж байгаад *******г дагаж явна гээд хувцсаа авна гэхээр нь би *******т хандаж дүүд чинь өгөөд араас чинь явуулна чи яв гэж хэлсэн. Тэгээд нөхөр уурлаад хувцсаа аваад *******гийн хамт явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ******* ганцаараа орж ирээд утсаа надаас нэхээд байсан. Би түүнд хандаж утсыг чинь мэдэхгүй байна байхгүй гэж хэлээд өөрийн гар утсыг үзээд сууж байсан чинь миний баруун гараас барьж байгаад хүч хэрэглэж мушгиж хөшөөд намайг газар унагаасан. Газар унах үед миний гар маш ихээр өвдөөд би орилсон. Би гэртээ түний утсыг хайж байгаад олоод түүнд өгсөн чинь тэр утсыг аваад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-15-16 дугаар хуудас/,

Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 07 дугаар сард ******* гэж хүнтэй танилцаж байсан. Тухайн үед надад эхнэр хүүхэд байгаа талаараа хэлээгүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сард эхнэр хүүхэд байдаг талаараа хэлээд би мэдсэн. 2019 оны 01 дүгээр сараас ******* манай гэрт ирж амьдрах болсон. 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой ******* миний дугаар руу залгаад *******гийнд ирсэн байна. Хүүхэдтэйгээ уулзаад явуулах гэж байна гэж хэлсэн. Тухайн өдөр би ажил дээрээ хонож байсан тэр өдөр *******ын утас нь холбогдоогүй. ...би *******т хандаж чи хэнтэй нь амьдрах юм бэ сонголтоо хий гэж асуусан. ******* нь би *******тэй байна гэж хэлсэн чинь ******* уурлаад зайл гэж хөөгөөд орилоод байсан.  Тэгээд ******* бид хоёр тус айлаас гараад явж байсан чинь ******* миний утас алга байна гээд буцаад орсон. Би гадаа үлдээд ороогүй хэсэг хугацаа өнгөрсний дараа ******* гар утсаа аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр явсан” гэсэн мэдүүлэг /хх-18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед байх би салсан эхнэр О.******* руу залгаад би архи согтууруулах ундаа уусан байна өглөө танайд яваад очъё гэж хэлсэн. Тэгсэн ******* очоод чамайг авъя гэж хэлсэн тэгээд удалгүй намайг ирж аваад би Баянгол дүүргийн 10 дугаар хороо ************** 10 дугаар гудамж ******* тоотод очиж хоносон. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өглөө хамтран амьдрагч ******* тус тоотод ирээд надаас чи хэнтэй нь байх юм бэ сонголтоо хий гэж асуусан. Би *******д хандаж чи намайг хүндэлж харьцдаг ******* миний хэлсэн үгийг тоохгүй намайг үл тоодог ийм байдаг учир би *******г сонгомоор байна гэж хэлсэн чинь ******* орилж босож ирээд ******* бид хоёрыг гэрээсээ хөөсөн. Би хувцсаа авахаар цуглуулах үед ******* миний хувцсыг хүнд өгнө гэхээр нь миний уур хүрч өөрийн дээлийг ураад нүдэнд ил харагдсан хувцсаа аваад тэдний гэрээс гарсан. Тэгээд би *******гийн хамт явсан. Би өөрийн гар утсыг *******гийн гэрт үлдээсэн гэдгээ мэдээд ганцаараа эргэж очсон. Би *******д хандаж өөрийн утсыг авах гэсэн юм гэж хэлсэн чинь, утас чинь байхгүй, би яаж мэддэг юм гээд хэрүүл хийгээд орилоод байхаар миний уур хүрээд гарыг нь мушгисан чинь ******* газар унасан. Тэгээд би утсыг нь аваад би түүнд хандаж миний гар утсыг өгөөд өөрийн гар утсаа ав гэж хэлсэн чинь тэр миний гар утсыг өгөөд, би түүний гар утсыг өгөөд би гэрээс гараад явсан. ...шинжээчийн дүгнэлтэд гарсан гэмтлийг би учруулсан юм аа” гэсэн мэдүүлэг /хх-45-46 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10559 дугаартай: “...0.*******гийн биед баруун мөрний далны уруулын урагдал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-28-29 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-59 дүгээр хуудас/ иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-61 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, **************гийн 10 дугаар гудамжны ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч О.*******тай “гар утас өг” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гарыг нь мушгиж түүний биед баруун мөрний далны уруулын урагдал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал буюу үйл баримт хохирогч О.*******, гэрч Д.******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10559 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч О.*******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Г.*******ын гэм буруутай үйлдлээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Харин прокуророос Г.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж зүйлчилж шүүхэд ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Учир нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулж дүгнэх нь Эрүүгийн хуулийн агуулгад нийцэхгүй.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон байна.

“Байнга” гэх гэмт хэргийн шинж нь хэвшмэл, дахин давтагдах шинжтэй байхыг ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл нь гурав, түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдлээр илэрхийлэгдэх хууль зүйн ойлголт юм.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь хохирогч О.*******г байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Уг гэмт хэргийн тухайд гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас шүүгдэгч Г.*******, хохирогч О.******* нар 2020 оноос хойш тусдаа амьдарч байсан, гэр бүл салалт, түүнээс үүссэн маргааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж дүгнэв.

Тодруулбал, шүүгдэгч Г.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирээд аваач гэж дуудсаны дагуу хохирогч О.******* өөрөө очиж түүнийг авч гэртээ цуг хоносон, маргааш нь шүүгдэгч Г.******* гар утсаа авья гэсэн шалтгааны улмаас О.*******тай маргалдаж, улмаар түүний гарыг мушгиж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр хохирогч О.******* нь “Г.******* өмнө нь миний гарыг хөшиж эрх чөлөөнд халдаж байсан” гэж мэдүүлсэн боловч хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нотлох баримтаар нотлогдохгүй байх ба хэрэгт энэ талаар баримт байхгүйг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Г.*******ын хохирогч О.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүгдэгч Г.*******ын хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.*******гийн эрүүл мэндэд баруун мөрний далны уруулын урагдал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10559 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа гаргаж 320,200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.******* дээрх хохирлын мөнгийг нөхөн төлсөн тул түүнийг хохирогч О.*******д төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА