Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/1241/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1249 |
Огноо | 2022-10-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1249
2022 10 07 2022/ШЦТ/1249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
`
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Д.Ууганцэцэг,
шүүгдэгч:*******, ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Х, ******* нарт холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.10.03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1981 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн өрмийн мастер мэргэжилтэй, хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл-7, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянцагааны 0-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Боржигон овогт Сын Х.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баянхошууны 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Тангадын тав овогт Эны Ч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******,******* нар нь 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” төвийн үүдэнд харилцан зодолдож, бие биеийнхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч *******ын: “2022 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өн цаг” төвийн караокед найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...04 цагийн орчимд ...би ганцаараа “Өн цаг” караокены гадна зогсож байтал эрэгтэй, эмэгтэй 2 хоорондоо маргалдаад эрэгтэй нь эмэгтэйн нүүр рүү нь гараараа алгадахаар нь тэр эрэгтэйд хандаж “Яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ?” гээд би тэр залуугийн нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тэр залуу зөрүүлээд миний нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон чинь тэр залуу хойшоо газар унасан. ...Тухайн үед тэр эрэгтэй эмэгтэйн нүүр рүү нь гараараа 1 удаа алгадахаар нь миний дургүй хүрээд тэр залуутай маргалдсан. ...Миний биед учирсан гэмтлийг “Өн цаг” караокены үүдэнд эмэгтэй хүнтэй маргалдаад байсан эрэгтэй учруулсан” гэх мэдүүлэг /х.х-15-16/,
- Хохирогч*******ын: “2022 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өн цаг” төвийн караокед эхнэр Алтанцэцэг болон ажлынхаа хэдэн найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...04 цагийн үед би эхнэрээ авч явах гээд “Өн цаг” караокеноос гараад байж байтал манай эхнэр Алтанцэцэг явах гээд байхаар нь би уурлаад эхнэртэйгээ маргалдаад нүүр рүү нь гараараа 1 удаа алгадсан. Тэгсэн чинь караокены үүдэнд байсан үл таних залуу намайг “Яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ?” гэхээр нь би “Чамд ямар хамаатай юм бэ?” гэсэн чинь тэр залуу хүрч ирээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд тэр залуугийн нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохиод би хойшоогоо газар унасан. ...Тэр үед би эхнэр Алтанцэцэгтэй маргалдаж байтал тэр үл таних залуу хажуугаас орж ирээд “Яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ?” гээд маргалдаж эхэлсэн. ...Тэр үед миний биед учирсан гэмтлийг “Өн цаг” караокены үүдэнд байсан залуу учруулсан” гэх мэдүүлэг /х.х-7-8/,
- Гэрч Ц.Агийн: “2022 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өн цаг” төвийн караокед орж барилгачдын баяр тэмдэглэн ажлын газрын найзуудтайгаа болон нөхөр******* нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...С.Х явъя гээд байхаар нь би караокеноос гараад ирсэн ба би гарч ирээд явахгүй гэсэн чинь манай нөхөр******* миний нүүр рүү гараараа 1 удаа зөөлөн алгадахаар нь би буцаад орчихсон. ...Удалгүй гэртээ харьсан чинь манай нөхөр******* хүнд зодуулсан байдалтай нүд ам нь хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг /х.х-20/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12176 дугаартай “*******ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, туславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр, 2022.09.04- ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-22-23/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 12234 дугаартай “С.Хын биед зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн мөр, цээжинд цус хуралт, зүүн тохойнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-27-28/,
- Яллагдагч *******ын: “2022 оны 9 дүгээр сарын 03-наас 04- нд шилжих шөнө 02 цагийн орчим ...“Өн цаг” төвийн караокед найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн өдрийн 04 цагийн орчимд ...би ганцаараа “Өн цаг” караокены гадна зогсож байтал нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо маргалдаад эрэгтэй нь эмэгтэйн нүүр рүү нь гараараа алгадахаар нь би тэр эрэгтэйд хандаж “Яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ?” гээд би тэр залуугийн нүүр рүү нь 1-2 удаа цохисон. Тэр залуу зөрүүлээд миний нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон чинь тэр залуу хойшоогоо газар уначихсан. ...Тэр үед миний хамраас цус гараад өвчтэй байсан. ...Тэр залуугийн нүд нь хавдсан байсан. ...Тэр эмэгтэй хүнтэй маргалдаж байсан залуу бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /х.х-98-99/,
- Яллагдагч*******ын: “2022 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн үед “Өн цаг” төвийн караокед эхнэр Алтанцэцэг болон ажлынхаа хэдэн найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...04 цагийн үед би эхнэр Алтанцэцэгийг авч явах гээд “Өн цаг” караокеноос гараад байж байтал манай эхнэр явахгүй гээд байхаар нь би уурлаад эхнэртэйгээ маргалдаж, эхнэрийн нүүр рүү нь гараараа 1 удаа алгадсан ба тэр караокены үүдэнд байсан үл таних залуу намайг “Яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ?” гэхээр нь би “Чамд ямар хамаатай юм бэ?” гэсэн чинь тэр залуу хүрч ирээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд тэр залуугийн нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохиод би хойшоогоо газар унасан...” гэх мэдүүлэг /хх- ийн 88-89 хуудас/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд,*******, ******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Дээрх баримтуудаар болон шүүгдэгч нараас шүүхэд мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч ******* нь “Ө” төвийн үүдэнд эхнэртэйгээ маргалдан нүүр лүү нь 2-3 удаа алгадсан ба тийнхүү алгадаж байгааг харсан******* нь “эмэгтэй хүнд гар хүрлээ” гэх шаардлага тавихад ******* нь уурлаж*******тай “чамд ямар хамаатай юм бэ” хэмээн*******ын нүүрэнд нь 2-3 удаа цохьсон,******* нь зөрүүлэн *******ын нүүр лүү нь 1-2 удаа цохих зэргээр харилцан зодолдож бие биеийнхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын энэхүү үйлдэл нь танхайн сэдэлттэй, хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх ба*******ын үйлдэл нь хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байх тул тэднийг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас*******ын биед “зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн мөр, цээжинд цус хуралт, зүүн тохойд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл, шүүгдэгч*******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас *******ын биед “тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч, мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” тус тус учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 12176, 12234 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас нь өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч Э.Ч,******* нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг харилцан шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч *******,******* нар нь харилцан хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч *******,******* нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно. Хохирогч *******,******* нар нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жичдээ нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч *******,******* нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна /х.х-31/,
Шүүгдэгч******* нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-59/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-64-67/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал болон *******,******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан, эвлэрсэн, мөн тэдний хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сын Х, Тангадын тав овогт Эны Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сын Х, Тангадын тав овогт Эны Ч нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч *******,******* нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******,******* нарт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ