Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0374

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ЦХ. /РД:**/.

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө

Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн*******дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ц.Х-с шүүхэд ирүүлсэн гомдол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-аас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж, хуульд заасан журмын дагуу оролцсон. Гэтэл Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн*******дугаар шийтгэлийн хуудсаар 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Дээрх шийтгэлийн хуудас нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд халдсан байх тул тус шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, шийтгэл оногдуулах шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бодитой тогтоосон байх ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, зөрчлийн хэрэгтэй танилцах, тайлбар гаргах зэрэг эрхтэй боловч уг эрхийг эдлэх боломж нөхцөлөөр хангаагүй. Өөрөөр хэлбэл, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь шалгаж буй хэрэгтэй холбоотойгоор холбогдогчоос тайлбар , мэдүүлгийг аваагүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй ба урьдчилан мэдэгдэлгүйгээр шийтгэлийн хуудсыг шуудангаар ирүүлж, миний эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан. Намайг  шийтгэл оногдуулсан зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй тул зөрчлийн хэргийг хэзээ нээсэн, зөрчил шалган шийдвэрлэх ямар ажиллагаа явагдсан, хуульд заасан хугацаанд хэрэг бүртгэлт явуулсан эсэх зэрэг нөхцөл байдлын талаар мэдэх боломжгүй юм.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасан.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “ ... холбогдогч Ц.Хгийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй” байна гэж үзсэн боловч холбогдогч ямар зөрчил гаргасан үүнийг хэрхэн яаж тогтоосон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, Ц.Хгийн ямар зөрчлийн шинжтэй үйлдэл нь шийтгэлийн хуудаст дурдсан СЯ 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Т/6746, ҮАГ 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг гэх баримтаар тогтоогдож байгаа талаар шийтгэлийн хуудаст тодорхой тусгаагүй. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь шийтгэл оногдуулсан шийдвэрийн үндэслэл болж буй дээрх баримттай танилцах боломжоор нэхэмжлэгчийг хангаагүй ба хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй тул  “СЯ 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Т/6746, ҮАГ 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг”-ээр хэрхэн яаж тогтоогдож байгаа, уг баримтад агуулагдсан мэдээлэл нь шийтгэл оногдуулах үндэслэл болж байгаа эсэх талаар тайлбар өгөх боломжгүй болсон.

3. Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэвч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэл, шийдвэрийн талаар урьдчилан мэдэгдээгүй, санал, тайлбар гаргах боломж олгоогүй ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэрийг урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй юм. Шийдвэрийн талаар урьдчилан мэдэгдээгүй, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор хангаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулалгүйгээр бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн шийдвэр нь хуульд нийцсэнгүй гэж үзэж байна.

4.*******дугаар шийтгэлийн хуудас буюу шийтгэл оногдуулсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-тЗахиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй. Шийтгэлийн хуудаст “... холбогдогч Ц.Х-гийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй” байна гэж үзсэн боловч зөрчил тус бүрийг хэрхэн яаж тогтоосон, аль зөрчилд шийтгэл оногдуулж буй нь тодорхойгүй. Шийтгэлийн хуудаст дурдсан 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэлтэй зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу миний бие 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр буюу хуульд заасан хугацааны дотор хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын тайланг хүргүүлсэн. Хуульд заасан хугацааны дотор хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын тайланг хүргүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасан 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэлгүй, шийтгэл оногдуулсан шийдвэр нь хуульд заасан журмын дагуу гаргаагүй, нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй, хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн байх тул Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн*******дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...2021 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн*******тоот шийтгэлийн хуудас хууль бус захиргааны акт юм. Өөрөөр хэлбэл эрх зүйн зөрчилтэй захиргааны акт юм гэж үзсэн. Учир нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журмыг зөрчсөн. Тухайлбал тус хуулийн 4.8 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх журмыг хэрэгжүүлнэ, холбогдогчоос мэдүүлэг авна, эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий баримт мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна гэсэн байгаа. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбар хэлэхдээ нэг удаа утсаар холбогдсон дараагийн удаа холбогдож чадаагүй, мөн дуудах хуудас илгээгээгүй гэдгээ хэлсэн. Энэ бол утсаар яриад холбогдох гэж оролдсоноор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явдаг зүйл биш. Энэ журмыг хуульчилж өгсөн. Дараа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд зөрчлийг нотлох ёстой Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ нөхцөлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан. Хариуцагчийн тайлбарыг сонсоход Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.27 дахь хэсэгт заасан явцын тайланг ирүүлээгүй. Харин эцсийн тайланг ирүүлсэн гэдгийг хариуцагч тайлбартаа хэлж байна. Явцын тайланг мөн ирүүлсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох үүргээ биелүүлэхгүй байна. Хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтууд зөрүүтэй, хариуцагч магадгүй өөрт ашигтай байдлаар 20 мянган нэгж гэдэг санкцид тааруулж худал мэдүүлэг өгч байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан байгаа. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэлх хугацаагаар сунгана гэсэн байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удирдах албан тушаалтан байгаа гэдгийг хэлсэн. Гэтэл Ц.Ө гэж уг зөрчлийн шалгаж байгаа албан тушаалтан өөрөө энэ хугацааг 14 хоногоор сунгаж байгаа. Дараа нь прокурор нэг сараар сунгасан байдаг. Үүнийг зөрчсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд зөрчлийн хэргийг танилцуул гэж байгаа. Зөрчлийн хэрэг танилцуулах үйл явдал нь энэ бүртгэлтийг дуусахаас өмнө болох ёстой процесс юм. Тухайн оролцогч, түүний өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангах заалт хэрэгжээгүй байна. Шийтгэлийг оногдуулахдаа зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа энэ нөхцөлийг заавал тогтоосон байх ёстой. Тухайн хүн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг шалгах ёстой байсан. Гэтэл үүнийг тогтоогоогүй. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим хэрэгжээгүй гэж үзэж байна. Иргэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл шинж нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хир хэмжээнд тохирсон байх ёстой гэсэн шударга ёсны зарчим хэрэгжсэнгүй. Явцын тайланг ирүүлсэн талаарх бүх нотлох баримтууд байхад явцын тайланг ирүүлээгүй гэдэг зөрчил, шийтгэл оногдуулж байгаа нь хууль зөрчиж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явагдаагүй. Захиргааны акт буюу шийтгэлийн хуудас нь бүхэлдээ хууль зөрчсөн захиргааны акт болж гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Улсын Их хурлын 2020 оны сонгуульд 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн Ц.Х нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасан “Нэр дэвшигч нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэснийг зөрчсөн болох нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичиг, Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгээр тогтоогджээ. Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр*******дугаар шийтгэлийн хуудас бичсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Сангийн яам болон Монгол Улсын ерөнхий аудиторын бичиг байгаа 2020 оны 10 дугаар сарын 02, 22-ны өдрүүдэд сонгуулийн зардлын болон ирцийн тайланг Ерөнхий аудитын газар хүргүүлээгүй, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг хүргүүлж арга хэмжээ авч ажиллах талаар албан бичиг хүргүүлж ирсэн. Уг жагсаалтад Ц.Х-гийн нэр байсан. Прокурор үүнийг зөрчлийн шинжтэй үйлдэл мөн хэмээн үзэж зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 57 дугаар зөвшөөрөл байдаг. Гомдол гаргагч эрхээр хангаагүй гэж тайлбарлаж байна. Харин бид хангасан гэж үзнэ. Удаа дараа хяналтын үйлдлүүдийг хийж байсан. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос ирсэн судалгааг болон албан бичгийг үндэслэж Ц.Х-гийн утас уруу нь хэд хэдэн удаа залгасан байдаг. Эхний удаа буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эргээд холбогдоно баримтаа бүрдүүлсэн, шалгаад дахин холбогдъё гэж хэлсэн байдаг. Түүнээс хойш манайд юм ирүүлээгүй. 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хоёр удаа залгасан боловч утсаа аваагүй. Бид уг хүнийг эрхээр нь хангах гэж удаа дараа чиглэсэн үйлдлүүдийг хийх гэсэн боловч Ц.Х нь өөрийгөө нотлох үйлдлийг хийгээгүй буюу ямар нэгэн нотлох баримтыг хүргүүлээгүй. Мөн нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй гэж тайлбарлаж байна. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлд аудитын байгууллагад нийтэд зарлахаас 3 хоногийн өмнө хүргүүлэх ёстой гэж хуульд зааж өгсөн. Гэтэл аудитын газар нь энэ хүмүүс тайлангаа ирүүлээгүй зөрчлийг нь шийдвэрлээрэй гэж жагсаалт гаргаад бичиг хүргүүлсэн байхад цуглуулах нотлох баримтыг гомдол гаргагч өөрөө гаргахгүй бол шалган шийдвэрлэх аудитын газар нь гаргаж өгөөгүй гэсэн байхад үүнээс илүү нотлох баримтыг цуглуулна гэж үзэхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.12, ... 6.22, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-д “нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн зохицуулсны зэрэгцээ эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

 Эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргагч Ц.Х-гийн зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг ирүүлээгүй хууль зөрчсөн хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч нараас эс зөвшөөрч гаргасан тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж дараах байдлаар шийдвэрлэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн*******дугаар шийтгэлийн хуудсаар “Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигч Ц.Х нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж үзэж Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэн оролцсон, гомдол гаргагч Ц.Х-г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлд зааснаар хорин мянган нэгжээр буюу 20,0 сая төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл /Сонгуулийн хуулийг зөрчих/-ийн 25-д: “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн 27-д: “нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн хуульчилжээ.

Маргаан бүхий шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэсэн атлаа “шийдвэрлэх нь” хэсэгт 17.1 дүгээр зүйлийн аль заалтаар хорин сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байгаа нь тодорхой бус байна.

Шүүхэд нотлох баримтаар цугласан Үндэсний аудитын газрын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1063 албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 7/1832 албан бичгүүдээс үзэхэд гомдол гаргагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3: “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэх хуулийн заалтыг, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын заалтыг тус тус хэрхэн хангасан, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д заасан хоёр зөрчлийн чухам аль зөрчилд нь арга хэмжээ авсан болох, эсхүл, хоёр зөрчилд хоёуланд нь арга хэмжээ авсан эсэх нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тодорхой биш, энэ талаар *******дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан баримтуудад дүгнэлт хийж бүрэн гүйцэд, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

Шүүх, гомдол гаргагчийг холбогдох хууль зөрчсөн гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэх заалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь энэ байдлыг буюу хариуцагчийн үйлдлийг шүүхээс зөвтгөх боломжгүй, гомдол гаргагчийг огт зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинж байдал, хууль зөрчсөн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.4-д заасныг баримтлан Ц.Х-гийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн*******дугаартай шийтгэлийн хуудсыг хоёр /2/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1452770 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН