Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0621/З |
Дугаар | 221/МА2024/0551 |
Огноо | 2024-08-20 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2024/0551
С.А ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З
Нэхэмжлэгч: С.А
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 32/05 дугаар актын С.А т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 271 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ш
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/0621/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.А аас хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 32/05 дугаар актын С.А т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 271 дүгээр шийдвэрээр: “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалт, 4.3.3 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 32/05 дугаар актын иргэн С.А т холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу тус дүүрэгт хийгдсэн шалгалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн С.А ийн тэтгэврийн хувийн хэрэг дэх бичиг баримтын үндэслэлийг шалгахад тэрээр 2017 оны 05 сарын 12-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 394 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 17 дугаартай шүүхийн шийдвэрээр тэрээр ажилласан жилээ тогтоолгосон бөгөөд шүүхэд ажилласан жилээ тогтоолгохдоо Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 64 тоот тушаал, 1984 оны 56 тоот тушаал, мөн аймгийн Нефть баазын даргын 1987 оны 67 тоот тушаал, 1994 оны 98 тоот тушаал шийдвэрүүдийг нотлох баримт болгон бүрдүүлэн өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнийг 10 жил 02 сар 04 хоног ажиллаж байсан байдлыг тогтоосон байна.
3.2. Гэтэл С.А нь 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Увс аймгийн Гурилын үйлдвэрт засварчин, жолоочоор тус тус нийт 1 жил 9 сар ажиллаж байсан нь архивын лавлагаагаар нотлогдсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж заасан заалтын 10-аас доошгүй жил ажилласан жилийн болзол хангахгүй байсан.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Захиргааны байгууллага Нотлох баримтыг цуглуулж Баянзүрх дүүргийн Нийгмийн даатнгалын хэлтэст хийгдсэн шалгалтаар шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлж өгсөн тушаал шийдвэрийн үндэслэлийг Увс аймаг дахь архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Барилга угсралтын контор болон Нефть баазын архивын хадгаламжийн нэгжид шүүж, шалгахад түүний шүүхэд нотлох баримт болгон өгсөн тушаал шийдвэрүүд нь архивын сан хөмрөгт байхгүй тухай 2023 оны 248 тоот албан бичиг ирүүлсэн учраас шалгалтын ажлын хэсгийн зүгээс дээрх нотлох баримтуудыг үндэслэн тэтгэврийг олголтыг түдгэлзүүлэн зогсоож шийдвэрлэсэн.
3.4. Мөн түүнчлэн С.А тэтгэврийн тогтоолт олголтыг зогсоосон шийдвэрийг үл зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг дагуу анхан шатны шүүх хуралдааны явцад Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шүүхийн шийдвэрт нотлох баримт болгон хавсрагдсан тушаалуудыг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжилгээ хийлгэхэд шинжээчийн дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 6,7 дугаар талд авагдсан тушаал гэсэн баримтуудын хэвлэмэл хуудас, тэмдгийн дардас зэргийг шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн хуурамч хэвлэмэл хуудас, тэмдгийн дардас байна” гэж дүгнэлт гарсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь хэсэгт заасан болзлыг хангаагүй илтэд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа нь нийт Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэд болон Нийгмийн даатгалын санг хохироосон үйлдэл байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0271 дугаартай шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны хүлээн авч уг шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч С.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай 32/05 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.2. Маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай” маргаан бүхий 32/05 дугаар актаар “Хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 64 иргэний тэтгэврийн олголтыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоох”-оор шийдвэрлэсэн байх бөгөөд уг жагсаалтын 7 дугаарт нэхэмжлэгч Сайндаагийн Алтанхуягийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг зөрчиж хуурамч баримт бичиг бүрдүүлэн тогтоосон зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр тэтгэврийг зогсоож шийдвэрлэжээ.
2.3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, 23 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын байгууллага ... нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, ..., даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална”, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ”, 1/-т “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж тус тус заасан.
2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр С-ийн Ашигт малтмал газрын тосны газрын-ийг Увс аймгийн Нефть баазад 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 7 жил, 3 сар, 20 хоног ачигч, буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугуй зуухны ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосон, уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр С.А ийг дээрх хугацааны ажилласан жилийг тогтоогдсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг няцаах, нэхэмжлэгчийн ажилласан байдалтай холбоотой уг асуудлыг дахин нотлох ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан тухайн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хуурамч хэмээн үзэж, нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг зогсоосон”-ыг үндэслэл бүхий гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.
2.5. Иймээс анхан шатны шүүхийн “...хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор нэхэмжлэгчийг хуурамч нотлох баримт бүрдүүлэн шүүхээр ажилласан байдлаа тогтоолгосон гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байна, ... нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон буюу үнэлэгдсэн нотлох баримтыг дахин үнэлэхээргүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актын нэхэмжлэгч С.А т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.6. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 2-т зааснаар “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлэх”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж тэтгэврийг зогсоох үндэслэлийг хуульчлан заасан байхад хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг зогсоож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ажилласан байдал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан “архивын лавлагаа шүүхийн шийдвэрээс зөрүүтэй” гэсэн үндэслэл түүний тэтгэвэр олголтыг зогсоосон нь энэ хуульд заасантай нийцэхгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
2.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон, С.А ийн тэтгэврийг манайхаас зогсоогоогүй, ...улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 32/05 дугаар актаар тэтгэврийг зогсоогоод 2022 оны 11 сараас нөхөн олгож эхэлсэн, ...сүүлд зогсоосон нь манай байгууллагад хамааралгүй...” гэж тайлбарлаж байх боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 32/05 дугаар актыг үндэслэж, тус актын үр дагаврын улмаас нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг зогсоосон буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад тухайн үйл баримтад хариуцагчаас гаргасан актыг шууд хамааралгүй гэж үзэх боломжгүй төдийгүй өөр эрх зүйн актаар зогсоосон гэж үзэхээргүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА