Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 117

 

2016.11.18                                 117

                                   
       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:180/2016/0122/Э
 
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанаар

Нарийн бичгийн дарга:            Г.Мөнхномин,
Улсын яллагч:                                    Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             Д.Ганхуяг,
Шүүгдэгч                                                    Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан
 
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бат-Эрдэнэд холбогдох 201623000210 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 1995 оны 07 сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймаг Батноров сум 1-р баг Ихрийн салаа гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бадрахтан овогт Баттөмөрийн Бат-Эрдэнэ /РД:СФ95071515/

Шүүгдэгчийн  холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.Бат-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны төвд 02-34 УБМ улсын дугаартай “тоёота раум” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.3 б-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” 2.7 а-д “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх, эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Э.Шижирбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Урангоогийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Талийгаач Э.Шижирбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Би ослын талаар мэдэхгүй байна. Талийгаачийг би аймгийн түргэний машинаар УБ хот руу гэмтлийн эмнэлэгт 2016 оны 07 сарын 14-ний өдөр хүргэж,  07 сарын 16-ны өдөр хагалгаанд орсон. Тэгээд хагалгаагаа давж гарсан боловч хагалгааны дараах хүндрэлээс 07 сарын 22-ны өдөр нас барсан. Шижирбаатар надад хэлэхдээ “Мөнхбаярын дэлгүүр хүртэл машиныг Ууганбилэг барьж байгаад дэлгүүр дээрээс хөдлөхдөө Бат-Эрдэнэ машиныг барьж явсан” гэж хэлсэн. Энэ үед хажууд  манай дүү Уранхайч болон би байсан. Шижирбаатар нь саруул ухаантай үедээ бие өвдөөд байна, ам хатаад байна, дээшээ бөглөчих гээд байна гээд яриад байсан. Сүүлийн амьсгалын аппаратанд орох хүртлээ бол саруул ухаантай байсан. Чи хаана нь сууж явсан юм бэ гэж асуухад би арын суудал дээр сууж явсан гэж байсан. Дүү маань хөнгөн, хүнд их тусч зантай. Эцэг эхийн хамт мал маллаж амьдардаг байсан. Архи уухгүй нэг жил хэртэй байж байгаад сая осолд орохдоо л архи уучихсан юм шиг байна лээ. Надад учирсан хохирлыг Б.Бат-Эрдэнэ, Д.Сүхбаатар, Б.Ууганбилэг нар төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/
Иргэний нэхэмжлэгч Л.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... 02-34 УБМ улсын дугаартай автомашин бол миний эзэмшлийн машин юм. Энэ машиныг 2016.07.13-ны өдөр надтай хамт архи ууж байсан Ууганбилэг барьж яваад дараа нь Б.Бат-Эрдэнэ барьж яваад осол гаргасан. Осолд орсны улмаас миний машинд 1.018.500 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 тал/
Гэрч Э.Уранхайчийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Талийгаач амьд сэрүүн байхдаа машиныг хүнсний дэлгүүр хүртэл Ууганбилэг бариад осол хийх үед машиныг Бат-Эрдэнэ барьж явсан гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 тал/
Гэрч Э.Шижирболдын мөрдөн байцаалтад өгсөн:  ... Талийгаач хагалгаанд орж ирснийхээ дараа надад Бат-Эрдэнэ машин барьж явж байсан гэж хэлсэн. Талийгаач би өөрөө жолоочийн эсрэг талын суудлын ар талд суугаад явж байсан  ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
Гэрч А.Нямчаривын мөрдөн байцаалтад өгсөн:  ... орцны үүдэнд явж байтал ард тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал суудлын саарал өнгийн машин манай байрны баруун талын ханыг мөргөөд баруун тийшээ үсрээд явчихсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
Гэрч Б.Мөнбишийн мөрдөн байцаалтад өгсөн:  ... 2016.07.13-ны өдөр гэртээ байж байхад 22 цагийн үед гэнэт их дуу чимээ гарахаар нь гэрийнхээ цонхоор харахад 71-р байрны хойд талд саарал өнгийн машин баруун тийшээ хараад зогсож байсан. Энэ үед харуй бүрий болсон Бат-Эрдэнэ, Ууганбилэг 2 гараад зогсож байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,
Гэрч Э.Ганзулын мөрдөн байцаалтад өгсөн:  ... Саарал өнгийн машин нилээн хурдтай ирж яваа харагдсан. Би өөрөө машинд суугаад явж байсан. Тэр машин зүүн хойд талаасаа хүчтэй ирээд 70-р байрны зүүн талаар гараад 71-р байрны баруун талын буланг мөргөөд баруун тийшээ хараад зогссон. Хэн нь жолоодсон гэдгийг мэдэхгүй. Жолоочийн эсрэг талын салхины шил хагарсан Ууганбилэг мөргөсөн бололтой Ууганбилэгийн толгой цус болсон. Үзлэг хийхэд шилний хагархайнууд байсныг цэвэрлэж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 тал/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 131 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16, 21 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт: Хэнтий аймаг дахь шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.07.20-ны өдрийн №1373 дугаартай Дүгнэлт: 1.Талийгаач Э.Шижирбаатарын биед хавсарсан хүнд гэмтэл нугасны дарагдал  бүхий хүзүүний 5,6-р нугалмын мултрал хугарал, цээжний хэнхэрцэгийн дарагдал, няцрал зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний урд хэсгийн, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаач нь нас барах үедээ эмчлэгдэж байсан тул согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. 4.Талийгаачийн цус нь 0/ / бүлгийн харъяалалтай байна. 5. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. /хх-ийн 70 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны төвд 02-34 УБМ улсын дугаартай “тоёота раум” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ын 9.2-т заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.3 б-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” 2.7 а-д “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх, эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Э.Шижирбаатарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчснөөс бусдын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Хохирогч Б.Урангоо нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бадрахтан овогт Баттөмөрийн Бат-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг  дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн плаш дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг жолоочийн №1086293  үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Э.Азжаргалд даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Б.Бат-Эрдэнэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил, 6 сарын хорих ялыг тэнсэж,  01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Б.Бат-Эрдэнэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  

9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.УЯНГА