Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/877

 

 

 

 

 

 

    2022        09        12                                    2022/ШЦТ/877

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 09 дугаар сарын 12-ны өдөр;

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: Э.Булганчимэг;

Хохирогч Г.Ч-ий өмгөөлөгч: Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал;

Иргэний хариуцагч: А.Э;

Иргэний хариуцагч А.Э, Х.Т нарын өмгөөлөгч: Б.Соёл-Эрдэнэ;

Шүүгдэгч: Э.Б;

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Амгаланбаатар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

Хэргийн дугаар: ...........................;

Шүүгдэгч Э.Б регистрийн дугаартай:  Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ... дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт   хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Э.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““ цахим тоглоомын газарт ажилтнаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох GTX1660 16GB график карт 30 ширхэг, RTX2060 6GB график карт 5 ширхэг, хяналтын камерын хард диск 2 ширхэг, 24 инчийн дэлгэц зэрэг эд зүйлсийг хувьдаа завшиж, захиран зарцуулж хохирогч Г.Ч-д 45.786.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Миний бие 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах ““ гэх цахим тоглоомын газар тухайн байгууллагын эд зүйл, цэвэрлэгээг хариуцдаг, тооцоо хийдэг ажилд орсон. Хувь хүнээс мөнгө зээлчихсэн өртэй байсан болохоор дарамт шахалтад орж ирээд яах учраа ойлгохгүй байсан. Би тухайн тоглоомын газар хөл хорионы үеэр 1 сарын хугацаанд байрлаж ажилласан. Манай ажил дээр ашиглагдадгүй сэлбэг байсан бөгөөд тухайн сэлбэгнүүдийг зарж өрөө төлөөд үлдсэн мөнгөөр нь буцааж сэлбэгээ авах зорилгоор мөрийтэй тоглоом тоглож алдсан. А.Э болон Х.Т нар надад “чиний ажилладаг тоглоомын газрын график картыг зараад мөнгийг нь хувааж аваад удалгүй картуудыг нь буцаагаад аваад тавьчихъя” гэж хэлсэн. Мөнгө бас график картуудыг алдчихаад захиралтайгаа уулзаж чадахгүй болсон. Надад хохироох, завших санаа зорилго байгаагүй болохоор хэзээ төлж барагдуулах талаараа ажил дээр захиа үлдээчихээд явсан. Хэсэг хугацааны дараа захиралтай утсаар яриад ажил дээрээ ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Надад итгэж байсан захирлынхаа итгэлийг алдсандаа харамсаж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч А.Э мэдүүлэхдээ: “...Тоглоомын газраас тухайн график картуудыг аваад зарах санаа гаргасан зүйл байхгүй. График картуудыг зарсан мөнгөө Э.Бгээс зээлдэг байсан. Би Э.Бгийн ажил дээр нь очсон. Тухайн график картуудыг Э.Бгийнх гэж бодож байсан. Би койн олборлолт хийдэг байсан. Тухайн олборлолт хийдэг хүмүүсийн фейсбүүк грүпп байдаг учраас тухайн грүппт зар тавиад зарсан.  График картуудаа зарахдаа найзынхаа график картыг зарж байгаа гэж хэлдэг байсан...” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ч /хх-ийн 16-18/, гэрч Д.Э /хх-ийн 24/, гэрч Ч.А /хх-ийн 46-47/, иргэний хариуцагч А.Э /хх-ийн 142-143/, иргэний хариуцагч Х.Т /хх-ийн 147-148/ нарын мэдүүлэг, Э.Бгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-83/, А.Эын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 84-94/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 98-104/, “Д...о” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 107-108, 117-121, 124-125/, “А...” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-115/, Э.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 134-137/,  Э.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 151, 160-161, 164-165/, Э.Бгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 178-182/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““ цахим тоглоомын газарт админ ажилтнаар ажиллаж байх хугацаандаа өөрт нь итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох GTX1660 16GB график карт 30 ширхэг, RTX2060 6GB график карт 5 ширхэг, хяналтын камерын хард диск 2 ширхэг зэрэг эд зүйлсийг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон, хууль бус захиран зарцуулалт хийж иргэн Г.Ч-д 45.310.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Ч-ий /хх-ийн 16-18/: “... Миний бие ““ компьютер тоглоомын газрыг 2020 оны намраас эхлэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах байрыг “” ХХК-аас түрээсэлж ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд өөрийн тоглоомын газарт 2021 оны 08 дугаар сараас эхэлж Э.Б гэх залууг админаар ажиллуулж эхэлсэн бөгөөд Э.Бд тоглоомын газрын тоног төхөөрөмж, компьютер түүний дагалдах хэрэгсэл, хяналтын камер зэрэг бүх эд зүйлсийг хариуцуулж өгсөн. Э.Б нь үйлчлүүлэгчдийн цагийг нээх, хаах болон төлбөрийг авах, цэвэрлэгээ хийх ажпыг хийдэг байсан ба Э.Б өөрөө ажил дээрээ тоглоод хонодог байсан. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 10 цагт ““ тоглоомын газарт ирэхэд хаалга түгжээтэй байсан бөгөөд би өөр түлхүүртэй админ Төртайваныг дуудаж 11 цагийн орчимд тоглоомын газар руу ороход текэн дээр захиа байсныг уншихад “Б-с ах Ч ах нарт” ...гэх хаягтай “би РС-ны 35 ширхэг график карт, 2 ширхэг хард диск, 1 ширхэг дэлгэцийг авч  явсан бөгөөд 7 хоногийн дотор буцаан авч ирж өгнө, энэ хугацаанд тоглоомын газрын орлогыг өдрийн 500.000 төгрөгөөр бодож, өдөр бүр таны данс руу шилжүүлнэ” гэсэн утга бүхий зүйлийг Э.Бгээс бичиж үлдээсэн байсан. Үүнийг  уншаад эд зүйлсээ шалгаж үзэхэд захианд дурдсан эд зүйлсийг авч явсан байсан ба нэмж 1 ширхэг Philips брэндийн 24 инчийн 144 герцийн дэлгэцийг хагалсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Эд зүйлс авч явснаас хойш Э.Б өөрийн данснаас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 400.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 400.000 төгрөгийг тус тус миний данс руу шилжүүлсэн. Өөрөөр ямар нэгэн мөнгө өгөөгүй. Би өөрөө хувь хүн учир ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл байгуулаагүй, аман байдлаар ажлын хөлсийг тохирч цэвэр харилцан итгэлцэл дээр ажиллаж байсан. Би GTX1660 6GB график картыг иж бүрэн компьютерийн хамт нэг ширхгийг 4.100.000 төгрөгөөр, RTX2060 6GB график карттай иж бүрэн компьютерийн хамт нэг ширхгийг 5.500.000 төгрөгөөр бодож Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжин хотоос 2020 оны 08 дугаар сард худалдаж авч байсан. ...Би маш их итгэж байсан учир тоглоомын газарт байгаа бүх эд зүйлсийг 60 ширхэг компьютерийг танилцуулж, албан ёсоор хүлээлгэж өгсөн. Э.Бгээс одоогийн байдлаар надад 5 ширхэг RTX2060 6GB картын өртөг болох 9.750.000 төгрөг болон дансаар 800.000 төгрөгийг шилжүүлж нийт 10.550.00 төгрөгийг төлсөн. ...1 ширхэг RTX2060 6GB картын үнэ нь 2 250.000 төгрөг байгаа боловч би 5 ширхэг картыг төлсөн гэж үзэж байгаа. Хэрэглэж байсан GTX1660 6GB график картын нэг бүрийн үнэ нь 1.700.000 төгрөг, RTX2060 6GB график картын нэг бүрийн үнэ 2.250.000-2.280.000 төгрөг, “Самсунг”-ийн хард диск нэг ширхэг нь 1.000.000 төгрөг, дэлгэц 500.000 төгрөгийн тус бүрийн үнэтэй байна. ...2021 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар cap хүртэл миний эд зүйлсийг өгнө гэсэн үгэнд итгэж тоглоомын газрын түрээс гэж 2 сарын сул түрээсийн мөнгө 5.000.000 төгрөгийг төлж улмаар 2022 оны 01 дүгээр сард тоглоомын газраа татан буулгаж, үлдсэн ижил төрлийн график картаа дээрх үнээр бусдад худалдсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Аын /хх-ийн 46-47/: “...надтай фейсбүүкээр холбогдож RTX 6GB график карт 5 ширхэгтийг зарсан бөгөөд би тус бүрийг нь 1.600.000 төгрөгөөр бодож авч мөнгийг нь ХААН банкны данс руу шилжүүлж өгч байсан. Дараа нь уг хүн өөрийн утаснаас дахин надтай холбогдож RTX 6GB график карт 1 ширхгийг 1.200.000 төгрөгөөр зарсан. Би уг хүнээс “ямар учиртай карт зараад байгаа юм бэ” гэж асуухад “манай ахын Циркийн хажуу талд байдаг PC ажиллахаа больж байгаа учир картуудаа зарж байгаа” гэж хэлсэн бөгөөд би 6 ширхэг график картыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг 13 хорооллын Бөхийн өргөөний урд талд байх Твин таурт уулзаж авч байсан...” гэх мэдүүлгээр,

 иргэний хариуцагч А.Эын /хх-ийн 143/: “...2021 оны 10 дугаар сард Э.Б надад “2 ширхэг 1660-тай график карт байна, үүнийг зараад өгөөч” гэж миний утас руу ярьж хэлсний дагуу ...уг 2 график картыг зар байршуулж ...үл таних хүнтэй уулзаж 2 ширхэг график картаа тус бүрийг нь Э.Бгээс асууж байгаад тухайн үеийн ханшаар бодож 1.000.000-1.100.000 төгрөгөөр зарж өөрийн дансаар Э.Б рүү 2 картны мөнгийг нь шилжүүлсэн. Э.Б хэд хоногийн дараа надтай хаана гэдгийг нь санахгүй байна, уулзаж 2 ширхэг GTX 1660 картыг өгч “зараад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр  нь би 1 ширхэгийг нь 1.000.000 орчим төгрөгөөр зарж, тухайн үед Э.Бгээс “мөнгө зээлээч” гэхэд 1.000.000 төгрөг зээлсэн. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Х.Т бид хоёр Э.Бтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1 дүгээр сургуулийн гадна уулзаж, “10 ширхэг GTX 1660 картыг зараад өгөөч” гэж хэлсэн. ...нийт 10.200.000 төгрөгөөр зарж Э.Бд 6.000.000 төгрөгийг шилжүүлж, 2.000.000 төгрөгийг би Э.Бгээс зээлж, 2.000.000 төгрөгийг Х.Т Э.Бгээс зээлсэн. Тухайн өдрөө би зээлсэн мөнгө болох 4.000.000 төгрөгөө Э.Бд буцааж өгсөн. Үүний дараа хэзээ гэдгийг нь санахгүй байна, дахиад 7-8 ширхэг GTX 1660  картыг Х.Т бид хоёрт өгч “зараад өгөөч” гэсэн бөгөөд ...нэг бүрийг 1.000.000 төгрөгөөр зарж, би 2.300.000 төгрөгийг зээлж, үлдсэн мөнгийг Э.Б рүү шилжүүлсэн. Үүний дараа Э.Б бид хоёр дахин ...уулзаж надад 5-6 ширхэг GTX 1660 картыг өгч, би тус бүрийг нь 1.000.000 төгрөгөөр зарж бүх мөнгийг Э.Б рүү шилжүүлсэн. Э.Бгээс ямар учиртай график карт бусдад заруулж байгааг асуугаагүй, багын найзууд учраас итгэсэн. Би график карт ашигладаг хүмүүсийг сайн таньдаг учир Э.Б надаар заруулсан байх...” гэх мэдүүлгээр,

  иргэний хариуцагч Х.Тын /хх-ийн 148/: “...”“ тоглоомын газрын гадна талд А.Этой очиж байсан бөгөөд А.Э надад “хүнд компьютерийн график карт дамжуулж өгнө” гэж хэлж байсан. ...А.Эоос 2.000.000 төгрөг зээлж авч байсан. Би Э.Бгээс мөнгө  зээлж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

Э.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 134-137/: “...” компьютер тоглоомын газарт 2021 оны 09 дүгээр сард ажилд орсон бөгөөд ажиллаад нэг сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сард компьютераар 1хbet сайтаар орж бооцоо тавьж тоглож байгаад мөнгө алдаж хувь хүнд өртэй болсон. Өрөө дарах зорилгоор ““-ын ашигладаггүй 5 компьютерийн 4 ширхэг RTX2060 график картыг мэдэгдэлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр салгаж авч зарын группт зар байршуулж .... гэх хаягтай хүнтэй уулзаж нэг ширхэгийг нь 1.550.000 төгрөгөөр бодож нийт 6.200.000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар шилжүүлж авч уг мөнгөөр өрөө дарж үлдэгдлээр нь дахин бооцоо тавьж алдаж өрөнд орсон учир 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин ““-ын ашигладаггүй нэг компьютерийн RTX2060 график картыг ....... хаягтай хүнтэй уулзаж 1.200.000 төгрөгөөр зарж өөрийн дансаар мөнгөө авч энэ мөнгөө дахин бооцоо тавьж алдсан. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 ширхэг GTX 1660-тай график картыг авч ............ гэх хаягтай хүнд нэг ширхэгийг нь 1.250.000 төгрөгөөр бодож зарж, дансаар мөнгөө авч бооцоо тавьж алдсан. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А.Э, Х.Т нартай уулзаж өөрийгөө их хэмжээний өртэй байгаа талаараа хэлэхэд А.Э, Х.Т нар “бид хоёр мөн өртэй болсон байгаа, танай ажлын газрын график картыг мэдэгдэлгүй аваад зарж мөнгө олж өрөө дарчихаад буцаагаад хийчихье” гэж  хэлсэн. Би тэр хоёрын хэлсэнтэй санал нэгдэж ““ дээр хамт ирж 2 ширхэг GTX 1660-тай график картыг А.Э, Х.Т нэг нэгээр нь компьютерээс сугалж авч яваад “зарсан” гэж хэлсэн бөгөөд хэнд хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ хэлэлгүй миний данс руу “тал нь шүү” гэж хэлээд 1.100.000 төгрөгийг А.Эын дансаар дамжуулан орж ирсэн. Үлдсэн мөнгийг нь А.Э, Х.Т нар хувааж авсан. А.Э, Х.Т нартай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин ““ дээр уулзаж мөнгөө компьютераар мөрийтэй тоглоом тоглож алдсан гэсэн бөгөөд А.Э, Х.Т нар мөн график карт авч зарж мөнгө олохоор болж би зөвшөөрсөн. 2 ширхэг GTX 1660-тай график картыг компьютерээс авч А.Э, Х.Т нар авч явж зарсан бөгөөд миний данс руу тал нь гэж хэлж 1.100.000 төгрөгийг А.Э өөрийн данснаас шилжүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 ширхэг GTX 1660-тай график картыг Х.Ттой хамт явж зарсан. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5 ширхэг GTX 1660-тай график картыг А.Э, Х.Т нар ирж авч явж зарсан бөгөөд миний данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн мөнгөө өөрсдөө авсан байх. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.Э, Х.Т нар дахин ирээд GTX 1660-тай график 10 ширхэгийг авч явж зарсан бөгөөд 6.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А.Э, Х.Т нар дахин ирээд 5 ширхэг GTX 1660-тай график картыг авч яваад зарж миний данс руу 3.100.000 төгрөгийг шилжүүлсэн. ...би явахдаа 2 ширхэг GTX 1660-тай график карт болон 2 ширхэг 2GВ багтаамжтай хард дискийг авч яваад А.Эын өмнө нь картаа зарсан хүний дугаарыг авч, би уулзаж нэг ширхэгийг нь 1.040.000 төгрөгөөр бодож нийт 2.080.000 төгрөгөөр зарсан. ...Уг газар нь компьютер тоглоомын газар бөгөөд би өөрөө админ хийж хүмүүсээс мөнгө авч тооцоогоо хийж тоглуулдаг байсан. Би компьютер бусад техник хэрэгслийг хариуцаж ажилладаг байсан...” гэх мэдүүлэг болон Э.Бгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-83/, А.Эын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 84-94/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 98-104/, “Д...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 107-108, 117-121, 124-125/, “А...” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-115/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

         Э.Бд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

 Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, Э.Бгийн гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, хохирогчоос албан ажлын шаардлагын дагуу түүнд эд хөрөнгийг шилжүүлж өгсөн болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, шүүгдэгч нь тухайн компьютер тоглоомын газрыг хариуцан ажиллуулж байсны хувьд эд хөрөнгийг дур мэдэн өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон, хууль бус захиран зарцуулалт хийснийг болон хохирогчийн эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Э.Б нь Г.Ч-ий эд хөрөнгийг завшсаныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

  Хохирогчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт, гомдолд “энэ гэмт хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан А.Э, Х.Т нар хамтран оролцсон эсэх, мөн тэдний үйлдэлд мөнгө угаах гэмт хэргийн шинж агуулагдаж буй эсэхийг нэмж шалгуулах, хэргийн хохирлын хэмжээг буруу тооцож гаргасан” гэх зэрэг асуудлыг дурьдан хэргийг прокурорт буцаах ёстой гэж үзсэн байна.

 

  Гэтэл Э.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн танил А.Эыг гуйж заруулахаар өгсөн талаар иргэний хариуцагч нар мэдүүлснээр А.Э, Х.Т нар тухайн эд зүйлийг Э.Бгийн зөвшөөрлөөр цааш худалдсан болох нь тогтоогдсон байна. Нөгөөтэйгүүр А.Э, Х.Т нар тухайн компьютерийн график картуудыг Э.Б хаанаас авсныг мэдээгүй, өөрсдийгөө зөвхөн Э.Бгийн гуйлтаар зарж борлуулахад оролцсон гэсэн нь үнэмшилтэй, тэднийг энэ гэмт хэрэгт оролцсон, эсхүл гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж авсан, ашигласан, цааш зарж борлуулсан гэж үзэх нотолгоо байхгүй байна.

 

Иймд дан ганц шүүгдэгч Э.Бгийн “...А.Э, Х.Т нартай уулзаж өөрийгөө их хэмжээний өртэй байгаа талаараа хэлэхэд А.Э, Х.Т нар “бид хоёр мөн өртэй болсон байгаа, танай ажлын газрын график картыг мэдэгдэлгүй аваад зарж мөнгө олж өрөө дарчихаад буцаагаад хийчихье” гэж  хэлсэн. Би тэр хоёрын хэлсэнтэй санал нэгдэж ““ дээр хамт ирж 2 ширхэг GB GTX 16/60-тай график картыг А.Э, Х.Т нэг нэгээр нь компьютерээс сугалж авч яваад “зарсан” гэж хэлсэн бөгөөд хэнд хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ хэлэлгүй миний данс руу “тал нь шүү” гэж хэлээд 1.100.000 төгрөгийг А.Эын дансаар дамжуулан орж ирсэн. Үлдсэн мөнгийг нь А.Э, Х.Т нар хувааж авсан...” гэсэн мэдүүлэгт хөтлөгдөн А.Э, Х.Т нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй юм.

 

Мөн Э.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас хохирогчийн амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд хохирол, хор уршиг учирсан талаархи нөхцөл байдал ч мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй тул энэ зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна.

 

Харин үнэлгээний хувьд компьютерийн график картуудыг дамжуулан худалдаалсан иргэний хариуцагч, худалдан авсан гэрч нарын мэдүүлгээр тодорхойлогдож буй хэмжээтэй ойролцоо байх бөгөөд хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул завшсан эд хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэх тухай өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг мөн л хүлээн авах боломжгүй. Энэ тохиолдолд үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн этгээд болох “Дамно” ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр үнэлж хохирлыг тооцох нь бодит байдалд нийцэхээр байна.

 

Ийм учраас хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, гомдлыг хангаагүй болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Э.Б нь ““ цахим тоглоомын газар админ ажилтнаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох GTX1660 16GB график карт 30 ширхэг, RTX2060 6GB график карт 5 ширхэг, хяналтын камерын хард диск 2 ширхэг зэргийг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоон хууль бус захиран зарцуулалт хийж буй гэм буруугийн  санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Харин прокуророос Э.Бг хохирогч Г.Ч-ий  “24 инчийн 144 герцийн “Phillips” маркийн 476.000 төгрөгийн үнэлгээтэй компьютерийн дэлгэцийг завшсан”  үйлдэлд холбогдуулан ялласан нь үндэслэлгүй байна.

 

Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд “...1 ширхэг “Phillips” брэндийн 24 инчийн 144 герцийн компьютерийн дэлгэцийг хагалаад үлдээсэн байсан...” гэж хохирогч Г.Ч мэдүүлжээ (хх-ийн 16-17).

 

Энэ мэдүүлгээс үзвэл хохирогч Г.Ч-ий  24 инчийн 144 герцийн “Phillips” маркийн компьютерийн дэлгэц хагарч гэмтсэн байдалтай ““ тоглоомын газарт үлдсэн байна.

 

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг завших гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

 

Дээрх тохиолдолд Э.Б нь хууль бус захиран зарцуулалт хийх буюу завшсан нөхцөл байдал байхгүй байна.

 

Ийм учраас Э.Бг буруутгасан уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

        Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэж Э.Бд холбогдох хэрэгт А.Э, Х.Т нарыг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

 

Гэвч энэхүү зохицуулалтын хүрээнд иргэний хариуцагчаар төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо эхний ээлжид гэмт хэрэг үйлдсэн этгээд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг анхаарах нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох 45.310.000 (GTX1660 16GB график карт 30 ширхэг, RTX2060 6GB график карт 5 ширхэг, хяналтын камерын хард диск 2 ширхэг) төгрөгийн хохирлоос шүүгдэгч Э.Б нь 38.786.000 төгрөгийг, иргэний хариуцагч А.Э 5.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.

 

Шүүгдэгч Э.Бгийн тухайд тэрээр өөрийн хариуцвал зохих хохирлын нөхөн төлбөрийг бүрэн нөхөн төлсөн байх тул түүнээс нэмж гаргуулах төлбөргүй болно.

 

Харин хохирогчийн эд хөрөнгийг цааш худалдан борлуулахад оролцсон оролцоо, гэмт хэрэг гарахад хүргэсэн нөлөө, хохирогчийн эд хөрөнгийн хувьд хохирсон байдал, эд хөрөнгийг борлуулж олсон орлогоос хувь хүртсэн хэмжээ зэргийг харгалзан үлдэх хохирол төлбөр болох 1.524.000 төгрөгийг иргэний хариуцагч А.Эоос гаргуулж хохирогч Г.Ч-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хариуцагч Х.Тын тухайд хохирогчийн эд хөрөнгийг цааш худалдан борлуулахад оролцсон оролцоо, эд хөрөнгийг борлуулж олсон орлогоос хувь хүртсэн хэмжээ зэргийг харгалзан үзвэл түүний үйл ажиллагаанд иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх гэм буруу тогтоогдохгүй байх тул түүнээс гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “24 инчийн 144 герцийн “Phillips” маркийн 476.000 төгрөгийн үнэлгээтэй компьютерийн дэлгэцийг завшсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 2700  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу                            (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч А.Эоос 1.524.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ч-д олгож, шүүгдэгч Э.Б, иргэний хариуцагч Х.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ