| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2018/03471/И |
| Дугаар | 184/ШШ2018/02863 |
| Огноо | 2018-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2018/02863
2018 оны 11 сарын 21 өдөр Дугаар 184/ШШ2018/02863 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ц-д холбогдох,
Гэрээний дагуу төлөх ёстой торгуульд 25.995.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь Д.Цтэй 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, ................. дүүргийн ... дугаар хороо, ....... хотхоны .... дугаар байрны .. тоот хаягт байрлах ... м.кв талбай бүхий 2 өрөө байрыг нийт 127.995.000 төгрөгөөр зарсан юм. Д.Ц нь 2016 оны 2 сарын 24-ны өдөр төлбөрийг барагдуулна гэж тохирсон боловч гэрээний 3.1, 3.4 дэх заалтуудыг ноцтой зөрчиж нэг ч төлбөр төлөөгүй. Д.Ц нь 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 26 хүртэл уг байранд үнэ төлбөргүй сууж, ашигласан. Иймд гэрээний 10.1-д заасны дагуу нийт төлбөрийн 20%-тай тэнцэх торгууль болох 25.995.200 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний төлбөрийг төлөх гэтэл байрны зээл бүтээгүй юм. Нэхэмжлэгч нь гэрээний нэг хувийг өгөөгүй, мөн хариуцагчийн хувьд гэрээний 10.1 дэх хэсгийн агуулга, үр дагаврыг бүрэн гүйцэд ойлгоогүй тул нэхэмжилсэн мөнгөний 50% буюу 12.997.600 төгрөгийг төлүүлэх талаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь гэрээний дагуу төлөх ёстой торгуульд
25.995.200 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч Д.Ц нь, гэрээний агуулга, үр дагаврыг бүрэн гүйцэд ойлгоогүй, гэрээний нэг хувийг өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжилсэн торгуулийн 50% болох 12.997.600 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.
Зохигчид 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр, № А7/15/52 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д ХХК нь ..... хотхоны .... дугаар байр, ... тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Д.Цийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор 127.995.000 төгрөг төлж барагдуулах үүрэг хүлээсэн, төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Д ХХК нь орон сууцыг хариуцагчийн эзэмшилд 2015 оны 3 дугаар сарын 1-нд шилжүүлэн өгсөн гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно. Харин хариуцагч Д.Ц нь орон сууцанд 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр орж, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нүүн гарсан хэмээн тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрч буй хэмжээнд маргаан бүхий үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь зүйтэй юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй боловч нэхэмжлэгч болон хариуцагч нь нэгэнт барьж бий болгосон хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, харилцан тохиролцсон үнийг төлөх талаар тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Энэ гэрээний 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт: Талууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа тогтоож үүргийн гүйцэтгэлийг сануулсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээг цуцалж болох бөгөөд гэрээ зөрчсөн буруутай тал нь нөгөө талдаа гэрээний нийт үнийн дүнгийн 20%-тай тэнцэх торгуулийг нэг удаа төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгууль нь нэг талаас үүргийн гүйцэтгэлийг хангах арга мөн боловч нөгөө талаас үүрэг гүйцэтгүүлэгч нь, гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нотолгоо шаардахгүйгээр өөрт учирсан хохирлыг барагдуулах нэг боломж мөн юм.
Хариуцагч буюу худалдан авагч Д.Ц нь гэрээний зүйл болох орон сууцыг 1 жил 2 сарын хугацаанд үнэ төлбөргүй ашигласан байх ба нөгөө талаас, орон сууцны насжилттай холбоотой худалдагч үнийн алдагдалд орох, энэ хэмжээгээр үүрэг гүйцэтгүүлэгч болох худалдагчид хохирол учрах боломжтой юм. Иймд гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй байна.
Хариуцагч талаас, гэрээний нэг хувийг өгөөгүй, гэрээний агуулга, үр дагаврыг ойлгоогүй хэмээн тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх боловч торгуулийн тухай тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Иймд гэрээний нийт үнийн дүнгийн 20% болох 25.599.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан Д.Цээс 25.599.000 төгрөгийг гаргуулан Д ХХК-д олгож, нэхэмжлэлээс 396.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287.926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс 285.945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР