Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/661

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нямдорж, шүүгдэгч Г.О-, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Г-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210010040682 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хөдөлмөр зуучийн газарт өдрийн ажил хийдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 540,000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1843 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын О,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.О- нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” хотхоны 0 тоотод иргэн Г.А-тай маргалдаж, улмаар түүний гарыг мушгиж, эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд буюу үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “В” хороолол 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.С-эг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

 

          Шүүгдэгч Г.О-: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хамтран амьдрагчтайгаа эвлэрсэн, уучлал гуйсан, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчим ...зүс таньдаг байсан О- гэх ахын гэрт нь ...0,75 литрийн архи аваад орсон. Би яагаад архи авч орсон бэ гэвэл надтай өмнө нь тааралдах болгондоо ахдаа архи авч өг гээд байдаг байсан, өмнөх өдөр нь цалин буусан байсан болохоор архи авч өгөхөөр орсон юм. ...О- ах гэртээ С- гэдэг эмэгтэйтэй хамт байсан, ...О- ах архиа задалж уугаад, эхнэртээ өгөөд надад хийж өгөхөөр нь би уугаагүй юм. Тэгээд эхнэртэйгээ нийлээд архиа хуваагаад ууж эхэлсэн бөгөөд би хажууд нь юм яриад суугаад л байж байсан. Архи нь нэлээн дундраад ирэхэд О- согтож эхэлсэн бөгөөд янз бүрийн юм яриад агсамнаж эхэлсэн. Тэгэхээр нь би О- гэх хүнд хандаад би явлаа өдөр ажилтай гэсэн чинь чи дахиад архи аваад өг, чамд мөнгө байгаа ш дээ гэхээр нь надад мөнгө байхгүй би явлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь О- буйдан дээр хамт сууж байснаа босож ирээд чамд мөнгө байгаа, би мэдэж байна гэж хэлээд зүүн талын гарын алганы ар талаас хоёр гараараа дотогш мушгиад ар нуруун дээр миний гарыг наасан юм. Тэгээд баруун талын халаасанд байсан 25,000 төгрөгийг О- ухаж гаргаж ирээд, чамд мөнгө байсан байна ш дээ, чи худлаа ярилаа гэж хэлээд миний гарыг улам хөшөөд мушгиад эхэлсэн чинь миний гар аймаар өвдсөн, тэгэхээр нь би гар эвгүй болгочихлоо, өвдөөд байна, тавьчих гэж хэлсэн чинь дахиад улам чангалаад мушгиад хөшөөд байсан. Тэгсэн чинь С- гэх эмэгтэй нь чи наадхаа тавиач гарыг нь гэмтээчихлээ гэж хэлээд миний гарыг О-гаар тавиулсан юм. ...Эмнэлэгт хэвтэж 4 хоногийн дараа хагалгаанд орж зүүн гарын атгаал ясанд төмөр хийц суулгуулж 10 ширхэг хадаас хийлгэсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлгээс гараад гэртээ байж байгаад өнөөдөр ирж гомдол гаргаж байна...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч О.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл О- архийг тасралтгүй өдөр болгон ууж байгаа бөгөөд өдөр бүр надад гар хүрч, намайг зодож, цохисон. Өнөөдөр гэртээ ямар нэг шалтгаангүйгээр агсам тавьж намайг зодож цохиж би гэрээс нь зугтааж гадагшаа гарч хүний утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн. Ямар нэг учир шалтгаангүй архи ууж, архи уухаараа агсам тавьж өөрийнхөө үйлдлийг хянаж чадахгүй, ямар ч шалтгаангүй зоддог, эхлээд 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр миний нүүр рүү гараараа 10-20 удаа цохисон, ...би гараараа нүүрээ дарж, толгойгоо хамгаалахад миний нүүр рүү цохиж байсан. Тэгэхэд нь миний гар хавдаж байсан. Тэгээд миний нүүр рүү өшиглөсөн, тэгэхэд миний хамраас цус гарахад битгий наад цусаа гоожуулаад бай гээд дахин миний нүүр рүү цохисон. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр намайг орон дээр хэвтэж байхад миний хөл, гар, нуруу руу өшиглөж, үснээс зулгааж намайг газар чирсэн, ...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бас л согтуу байсан ба дахин миний толгой руу хэд хэдэн удаа цохиж гараараа хамгаалахад нүүр рүү цохисон, ...гар руу гурилын ганжингаар цохисон. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтуу сууж байснаа ямар ч учир шалтгаангүй намайг хоёр удаа алгадсан. Тэгээд өнөөдөр өглөө босож архи ууж согтоод гэртээ орж ирээд намайг орон дээр хэвтэж байтал банш жигнээд өг гэхээр нь банш жигнээд нэг банш хийгээд өг гэхээр нь 3 ширхэг банш хийгээд өгтөл би нэгийг гэж хэлж байхад чи 3-ыг хийчихлээ, би нэгийг гэж хэлсэн гээд л намайг зодчихсон. Тэгснээ гэнэт галзуу юм шиг чи 1939 онд Халхын голд байлдаж явж байгаад намайг алсан гэж хэл гэхээр нь хэлэхэд чи буруу хэлээд байна гээд дахин намайг зодсон, ...би Галданбошигт хааны удам байна, чи сөгд гээд л намайг зодож эхэлсэн. Өнөөдөр бол намайг хар өнгийн хромон гутлаар нуруу руу цохиж, нүүр рүү хромон гуталтай хөлөөрөө өшиглөж, гутлаа тайлж гутлынхаа өсгийгөөр миний толгой руу цохиж байсан. Мөн миний тархи шуугиж ухаан балартаж байхад гараараа миний нүүр рүү хэд хэд удаа цохисон, ...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш намайг байнга цохиж, өшиглөж, зодож байсан, гутлаараа, гурилын ганжингаар цохиж байсан. Тэр битгий хэл 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн орой цагаан өнгийн хутга барьчхаад миний зүүн гарын булчин, зүүн хөхний дээд талд, зүүн гарын сарвууны эрхий болон долоовор хурууны завсар зэрэг газар зүсэж гэмтээсэн. ...Архи уусан үедээ А- гэх хүүхдийн гарыг хугалж байсан, ...би Галданбошигт хааны ур удам, чи намайг урьд насандаа олон удаа алж байсан гээд л зүссэн. Тэгээд би булаацалдаж хутгыг нь тавиулсан. Тухайн үедээ би эмнэлгийн байгууллагад хандаагүй, гарахдаа намайг гаднаас цоожлоод, гар утас аваад гараад явчихсан. Тэр өдөр нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байсан...” /хавтас хэргийн 104-105 дахь тал/ гэсэн,

 

О.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амралтын өдөр байсан санагдаж байна. Манай гэрт тус хотхоны оршин суугч Г.А- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай О- бид хоёр дээр өглөө 09 цагийн орчим ...орж ирэхдээ ...0,75 литрийн нэг шил архи авч орж ирсэн бөгөөд тухайн үед О- архи уугаагүй байсан юм. Тэгээд Г.А-, О- хоёр тухайн архийг хувааж уугаад дууссан. ...О- нь Г.А-ын зүүн гарыг нь хойд талд нугалаад дараад байсан чинь Г.А- гар өвдөөд байна гээд орилсон. Тэгээд О- босоод Г.А-ыг дээш нь босгосон чинь Г.А-ын зүүн гар хөдлөхгүй хавдчихсан байсан...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “В” Эс 13 дугаар байрны гадаа нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлага мэдээллийг хуваарилан өгсөн бөгөөд тухайн дуудлага мэдээллийг очиж шалгахад иргэн О.С- нь “В” хотхоны Эс13 дугаар байрны 5 давхарт зодуулсан байдалтай зогсож байсан. Улмаар юу болсон талаар нь тодруулж асуухад О.С- нь “манай нөхөр сүүлийн 4-5 хоног архи ууж байна, сүүлийн 3-4 хоног намайг зодлоо, одоо гэртээ байна, би сая зугтааж гарч ирлээ” гэж байсан. Тэгэхээр нь би тухайн иргэнд хандаж “та урьд өмнө нь яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй юм бэ?” гэж асуухад “би О-г больчих байх, зүгээр архиа уухаа больчих байх, гайгүй болчих байх гэж бодоод цагдаад дуудлага өгөөгүй юм, гэтэл өнөө өглөө бүр гараа атгаж байгаад намайг зодож цохиод байхаар нь би аргаа бараад зугтаж гарч ирж шатан дээр хүнтэй тааралдаад тэр хүнийг гуйж цагдаа дуудууллаа” гэж хэлсэн. Ингээд Эс14 дүгээр байрны 2 давхарт 7 тоотод О.Сэлэнгийн хамт ороход гэрийн эд зүйл ундуй сундуй, эмх цэгцгүй, шалаараа архи дарс, ус ундаа асгасан бололтой. О- гэх 40-45 орчим насны, эрэгтэй хүн шалан дээр унтаж байсан. ...О.С- гэх иргэний нүүр маш их хавдаж, хөхөрсөн, зүүн талын нүд хавдаж, аньсан, баруун талын чих хөхөрсөн, хоёр гарын гадар, сарвуу хэсэг хөхөрч улайсан, хамар хэсэгт шархтай, О.С- нь мөн намайг хутгаар зүссэн гэж өөрөө гар болон цээж хэсгээ харуулахад исгэгдсэн бололтой шарх үүссэн байсан. Би урьд өмнө нь тухайн хаягт 5-6 удаа дуудлага мэдээллээр очиж байсан. Гэхдээ иргэдээс биеэр ирж дуудлага мэдээлэл өгдөг байсан. Тухайн дуудлага мэдээллийн утгын хувьд гэвэл тухайн “В” хотхоны Эс 14-ийн 2-7 тоотод хүмүүс цуглаж архидаад байна, зодолдоод байна гэдэг байсан...” /хавтас хэргийн 110-111 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “В” хотхоны эс 13 дугаар байр болох гэрлүүгээ алхаад дээшээ шатаар өгсөж байтал 2 давхарт 40 орчим насны нүүр ам нь хөхөрч хавдсан, футболка болон трикотой өөр ямар нэг хувцасгүй, хөл нүцгэн эмэгтэй хүнтэй таарсан. Тэгсэн тэр эмэгтэй надад хандан “манай нөхөр намайг зодох гээд араас хөөгөөд байна, эгчдээ цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би шууд өөрийн 88166219 дугаарын утаснаас 102 дугаарын утас руу залгаж гэр бүлийн хүчирхийлэл болж байна, нөхөр нь эхнэрийгээ зодсон юм шиг байна гэсэн утгатай дуудлага мэдээллийг өгч байршлыг хэлж зааж ...өгчхөөд тухайн эмэгтэйг гэр лүүгээ дагуулж орж шаахай өмсүүлсэн бөгөөд цагдаа иртэл гэртээ байлгасан. Тухайн эмэгтэйн нүүр нь маш их хөхөрч, хавдсан шинжтэй байсан. Мөн хоёр гарынх нь шуу, булчин хэсэг нь хөхөрсөн харагдаж байсан. Тухайн эмэгтэй надад 3 хоног нөхөр намайг гэрээс гаргалгүй зодсон гэж хэлж байсан...” /хавтас хэргийн 113 дахь тал/ гэсэн,  

 

Шүүгдэгч Г.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус тоотод байх гэртээ хамтран амьдрагч О.С-тэй амарч байсан чинь манай байрны зүс таних А- гэх залуу хаалга тогшоод ...0,75 литрийн архи авч орж ирсэн, ...тухайн архийг нь А- бид хоёр хувааж уусан бөгөөд манай хамтран амьдрагч О.С- архинаас уугаагүй. Тэгээд архи ууж дуусчхаад байж байсан чинь Г.А- шүдээ зуугаад гараа зангидаад хүн буудаж алмаар байна гээд сонин юм яриад байхаар нь зүүн гарыг нь мушгиад орон дээр дарсан чинь нэг юм хугарах чимээ гарахаар нь гар нь хугарчихлаа гэж мэдээд гарыг тавиад ахын дүү гар чинь хугалчих шиг боллоо гэсэн чинь зүгээр гээд шууд гэрээс гараад яваад өгсөн.

...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч О.С-тэй маргалдаж улмаар цохиж зодсон байсан. Би тухайн үйл явдлуудыг нарийн сайн санахгүй байгаа, би тухайн өдрөөс 2, 3 хоногийн өмнөөс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд нэг уухаараа олон хоног уудаг болохоор юугаа ч санадаггүй юм. Тухайн явдал болсны дараа нь эрүүлжүүлэх байранд сэрээд цагдаагийн байгууллагад ирээд О.Сэлэнгийг зодож асуудалд орсноо мэдсэн юм...” /хавтас хэргийн 87-88, 175-176 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №5556 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.А-ын зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №6369 дугаартай дүгнэлтэд: “...1. О.С--н биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацар, баруун бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас 118-119 дэх тал/ гэсэн,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 642 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.О- нь DS: F10.2  Архины хараат байдлын хам шинж хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Г.О-гийн дээрх сэтгэцийн эмгэг нь 10 орчим жилийн өмнөөс үүссэн байх боломжтой байна. Г.О- нь хэрэг учрал болох үед хэрэг учрал болохоос өмнө хэрэг учрал болсны дараа DS: F10.2  Архины хараат байдлын хам шинж хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.О- нь DS: F10.2  Архины хараат байдлын хам шинж хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Г.О-гийн уг сэтгэцийн эмгэг нь олдмол эмгэг юм.

4. Г.О- нь юмыг зөвөөр тусган ойлгох зөвөөр мэдүүлэх чадвартай байна.

5. Г.О- нь иргэнийхээ журмаар “архинд донтох эмгэг”-ийг эмчлэх эмчилгээнд хамрагдах боломжтой.

6. Г.О-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна...” /хавтас хэргийн 190-192/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл /хавтас хэргийн 6-7 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-5, 97-99 дэх тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 28-37 дахь тал/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 94 дэх тал/,

- Илтгэх хуудас /хавтас хэргийн 148 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 149-150 дахь тал/,

- Шүүгдэгч Г.О-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 126 дахь тал/, байнга оршин суугаа хаягын өөрчлөлт /хавтас хэргийн 126 дахь тал/, шүүгдэгчийн хүүхдийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 127 дахь тал/, шүүгдэгчийн төрөл садан нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 128-131 дэх тал/, ерөнхий боловсролын сургууль төгссөн эсэх талаар тодорхойлолт /хавтас хэргийн 144 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтас хэргийн 145-146 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 123 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 41-58, 141-142 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.О- нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” хотхоны 0 тоотод иргэн Г.А-тай маргалдаж, улмаар түүний гарыг мушгиж эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд буюу үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “В” хороолол эс-14 дүгээр байрны 2-7 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Сэлэнгийг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацар, баруун бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.А-ын “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...архи нь нэлээн дундраад ирэхэд О- согтож эхэлсэн бөгөөд янз бүрийн юм яриад агсамнаж эхэлсэн. Тэгэхээр нь би О- гэх хүнд хандаад би явлаа өдөр ажилтай гэсэн чинь чи дахиад архи аваад өг, чамд мөнгө байгаа ш дээ гэхээр нь надад мөнгө байхгүй би явлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь О- буйдан дээр хамт сууж байснаа босож ирээд чамд мөнгө байгаа, би мэдэж байна гэж хэлээд зүүн талын гарын алганы ар талаас хоёр гараараа дотогш мушгиад ар нуруун дээр миний наасан юм. Тэгээд халаасанд байсан 25,000 төгрөгийг О- баруун талын өмдний халааснаас гараараа ухаж гаргаж ирээд, чамд мөнгө байсан байна ш дээ, чи худлаа ярилаа гэж хэлээд миний гарыг улам хөшөөд мушгиад эхэлсэн чинь миний гар аймар өвдсөн, тэгэхээр нь би гар эвгүй болгочихлоо, өвдөөд байна, тавьчих гэж хэлсэн чинь дахиад улам чангалаад мушгиад хөшөөд байсан. Тэгсэн чинь С- гэх эмэгтэй нь чи наадхаа тавиач гарыг нь гэмтээчихлээ гэж хэлээд миний гарыг О-гаар тавиулсан юм. ...эмнэлэгт хэвтэж 4 хоногийн дараа хагалгаанд орж зүүн гарын атгаал ясанд төмөр хийц суулгуулж 10 ширхэг хадаас хийлгэсэн...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн, хохирогч О.Сэлэнгийн “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр миний нүүр рүү гараараа 10-20 удаа цохисон, ....би гараараа нүүрээ дарж, толгойгоо хамгаалахад миний нүүр рүү цохиж байсан. Тэгэхэд нь миний гар хавдаж байсан. Тэгээд миний нүүр рүү өшиглөсөн, тэгэхэд миний хамраас цус гарахад битгий наад цусаа гоожуулаад бай гээд дахин миний нүүр рүү цохисон. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр намайг орон дээр хэвтэж байхад миний хөл, гар, нуруу руу өшиглөж, үснээс зулгааж намайг газар чирсэн, ....2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бас л согтуу байсан ба дахин миний толгой руу хэд хэдэн удаа цохиж гараараа хамгаалахад нүүр рүү цохисон, ...гар руу гурилын ганжингаар цохисон. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтуу сууж байснаа ямар ч учир шалтгаангүй намайг хоёр удаа алгадсан. Тэгээд өнөөдөр өглөө босож архи ууж согтоод гэртээ орж ирээд намайг орон дээр хэвтэж байтал банш жигнээд өг гэхээр нь банш жигнээд нэг банш хийгээд өг гэхээр нь би 3 ширхэг банш хийгээд өгтөл би нэгийг гэж хэлж байхад чи 3-ыг хийчихлээ. Би нэгийг гэж хэлсэн гээд л намайг зодчихсон...” /хавтас хэргийн 104-105 дахь тал/ гэсэн, О.Сэлэнгийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...О- нь Г.А-ын зүүн гарыг нь хойд талд нугалаад дараад байсан чинь Г.А- гар өвдөөд байна гээд орилсон. Тэгээд О- босоод Г.А-ыг дээш нь босгосон чинь Г.А-ын зүүн гар хөдлөхгүй хавдчихсан байсан...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн, гэрч Э.Б-ын “...Эс14 дүгээр байрны 2 давхарт 7 тоотод О.Сэлэнгийн хамт ороход гэрийн эд зүйл ундуй сундуй, эмх цэгцгүй, шалаараа архи дарс, ус ундаа асгасан бололтой. О- гэх 40-45 орчим насны, эрэгтэй хүн шалан дээр унтаж байсан. ...О.С- гэх иргэний нүүр маш их хавдаж, хөхөрсөн, зүүн талын нүд хавдаж, аньсан, баруун талын чих хөхөрсөн, хоёр гарын гадар, сарвуу хэсэг хөхөрч улайсан, хамар хэсэгт шархтай, О.С- нь мөн намайг хутгаар зүссэн гэж өөрөө гар болон цээж хэсгээ харуулахад исгэгдсэн бололтой шарх үүссэн байсан. Би урьд өмнө нь тухайн хаягт 5-6 удаа дуудлага мэдээллээр очиж байсан. Гэхдээ иргэдээс биеэр ирж дуудлага мэдээлэл өгдөг байсан. Тухайн дуудлага мэдээллийн утгын хувьд гэвэл тухайн “В” хотхоны Эс 14 2-7 тоотод хүмүүс цуглаж архидаад байна, зодолдоод байна гэдэг байсан...” /хавтас хэргийн 110-111 дэх тал/ гэсэн, гэрч Д.Б-ийн “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “В” хотхоны эс 13 дугаар байр болох гэр лүүгээ алхаад дээшээ шатаар өгсөж байтал 2 давхарт 40 орчим насны нүүр ам нь хөхөрч хавдсан, футболка болон трикотой өөр ямар нэг хувцасгүй, хөл нүцгэн таарсан. ...Тухайн эмэгтэйн нүүр нь маш их хөхөрч, хавдсан шинжтэй байсан. Мөн хоёр гарынх нь шуу, булчин хэсэг нь хөхөрсөн харагдаж байсан. Тухайн эмэгтэй надад 3 хоног нөхөр намайг гэрээс гаргалгүй зодсон" гэж хэлж байсан...” /хавтас хэргийн 113 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Г.О-гийн “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...Г.А- шүдээ зуугаад гараа зангидаад хун буудаж алмаар байна гээд сонин юм яриад байхаар нь зүүн гарыг нь мушгиад орон дээр дарсан чинь нэг юм хугарах чимээ гарахаар нь гар нь хугарчихлаа гэж мэдээд гарыг тавиад ахын дүү гар чинь гар чинь хугалчих шиг боллоо гэсэн чинь зүгээр гэрээс шууд гараад яваад өгсөн.

...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч О.С-тэй аргалдаж улмаар цохиж зодсон байсан...” /хавтас хэргийн 87-88, 175-176 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №5556 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.А-ын зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2022 оны №6369 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: О.С--н биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацар, баруун бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтүүд, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-5, 97-99 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Г.А-ын эрүүл мэндэд учирсан “...эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны далд хугарал...” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Г.О-гийн түүний гарыг мушгисан идэвхтэй санаатай үйлдлийн улмаас,

Хохирогч О.Сэлэнгийн эрүүл мэндэд учирсан “...биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацар, баруун бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганд шарх...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.О-гийн түүнийг зодсон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.О-гийн хохирогч Г.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Г.О-гийн хохирогч О.Сэлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Г.О-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.О-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн нийт ялыг 620 /зургаан зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.О-г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 02 /хоёр/ хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүнд шийтгэсэн 620 /зургаан зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 604 /зургаан зуун дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Шүүгдэгч Г.О- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.А-ын эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны далд хугарал бүхий хүндэвтэр, хохирогч О.Сэлэнгийн эрүүл мэндэд нь биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацар, баруун бугалга, цээж, нуруу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгад шарх бүхий хөнгөн хохирол тус тус учирсан хохирогч Г.А-, О.С- нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210010040682 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.О- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Шүүгдэгч Г-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 620 /зургаан зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-гийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож  нийт 16 цагийг түүнд шийтгэсэн 620 /зургаан зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг  604 /зургаан зуун дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Г.О-д шийтгэсэн 604 /зургаан зуун дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн 2210010040682 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.О- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.А-, О.С- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР