Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/768

 

 

 

 

 

 

 

  2022          9           28                                      2022/ШЦТ/768

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай, 

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч Г.У нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Уд холбогдох эрүүгийн 2211 00000 1389 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1014 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаардус тус шийтгүүлж байсан,

Г.У, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.У нь 2022 оны 7 дугаар сарын 5-ны 10 цагийн орчимд өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах 17 дугаар сургуулийн буудлын орчимд Хайлааст, Цэцэг төв чиглэлийн 08 дугаартай автобусанд зорчиж байсан иргэн А.Шийн цүнхнээс Самсунг галакси А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлан А.Шт 575,000 төгрөгийн хохирол,

2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч23 чиглэлийн “Зүрх-уул”-МУБИС” чиглэлийн 01-106 улсын дугаартай нийтийн тээврээр үйлчлүүлж явсан зорчигч Б.Лгийн улаан хүрэн өнгийн түрүүвч, бэлэн 295,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Б.Лд 313,000 төгрөгийн хохирол,

2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сургуулийн автобусны буудлаас Зүрх-Уул-МУБИС чиглэлийн автобусанд 7 буудлын орчимд С.Пгийн эзэмшлийн Samsung А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан С.Пд 699,600 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 1,587,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

А. - Хохирогч А.Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

- Гэрч Э.Номин-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Гэрч Э.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал/,

- 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

- Мөрдөгчийн таньж орлуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 20-ын өдрийн 22-610 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Б. - Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

- Гэрч Э.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/,

- Гэрч Э.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 22-611 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 169-171 дэх тал/,

В. - Хохирогч С.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 22-637 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

- Яллагдагч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 126, 182, 223 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Уыг 2022 оны 7 дугаар сарын 5-ны 10 цагийн орчимд өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах 17 дугаар сургуулийн буудлын орчимд Хайлааст, Цэцэг төв чиглэлийн 08 дугаартай автобусанд зорчиж байсан иргэн А.Шийн цүнхнээс Самсунг галакси А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлан А.Шт 575,000 төгрөгийн хохирол,

2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч23 чиглэлийн “Зүрх-уул”-МУБИС” чиглэлийн 01-106 улсын дугаартай нийтийн тээврээр үйлчлүүлж явсан зорчигч Б.Лгийн улаан хүрэн өнгийн түрүүвч, бэлэн 295,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Б.Лд 313,000 төгрөгийн хохирол,

            2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сургуулийн автобусны буудлаас Зүрх-Уул-МУБИС чиглэлийн автобусанд 7 буудлын орчимд С.Пгийн эзэмшлийн Samsung А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан С.Пд 699,600 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 1,587,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Уд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Уын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь:

А. - Хохирогч А.Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 10 цагийн үед Хайлааст-Цэцэг төв гэсэн 8 номерын дугаартай автобусанд суусан ба 17 дугаар сургуулийн буудал дээр ирэхэд би автобусны хойд талын хамаатны дүүгээ наашаа суу гэж хэлээд утсаа цүнхэндээ хийгээд буцаж автобусны хойд талын хэсэг рүү очоод цүнхээ үзэхэд миний цүнхий цахилгаан онгорхой дотор нь байсан Самсунг а52 загварын гар утас алдагдсан байсан...’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

- Гэрч Э.Номин-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байх найз Уын гэрт хоноод маргааш Г.Утай хамт гэрээс нь гарсан ба замаасаа олон жилийн танил Дамдинсүрэн гэх залууг Чингэлтэй хайлаасны нэрийг нь мэдэхгүй буудлаас аваад өөрийн 3954 УАА улсын дугаартай aqua маркийн автомашинаар хамт би жолоодож яваад сайн газар мэдэхгүй Г.У, Дамдинсүрэн 2 машинаас буугаад араас дагаад явчих гээд Хайлаастаас мөн 5 буудлаас автобусанд суугаад би тухайн автобусыг дагаж явж автобуснаас буухаар нь авсан. Г.У автобуснаас сууж буухдаа 2 ширхэг Самсунг а52, түрүүвчтэй 295,000 төгрөгийг хулгай хийж авсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Гэрч Э.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр найз Г.У, Номин-Эрдэнэ нарын хамт Номин-Эрдэнэ машинтайгаа араас дагаад автобусанд хүний халаас ухаж мөнгө олох зорилгоор явж байсан ба орой 19:00 цагийн үед 6 буудлаас би болон найз Уын хамт Ч:23 чиглэлийн автобусанд сууж Чингэлтэй хүртэл явсан. Тэгээд би хулгай хийх гэсэн боловч надаа юм олдохгүй байсан болохоор би гэртээ харьсан. Тэгээд хэд хоногийн дараа Халаасны хулгай хэлтсээс над руу өмнө намайг шалгаж байсан Эрхэмбаяр цагдаа яриад “...Г.У та хоёр Чингэлтэйгээс юм хулгайлсан байна, авсан эд зүйлүүдээ аваад хүрээд ир...” гэж ярьсан ба надаа авсан юм байхгүй болохоор Г.Утай холбогдоод “...цагдаагаас яриад байна, чи Чингэлтэйгээс хулгайлсан юмнуудаа аваад ир...” гэж байна гээд хэлсэн чинь удалгүй Г.У, Номин-Эрдэнэ хоёр ирээд Уын Чингэлтэйгээс хулгайлсан юмнууд гээд 2 ширхэг Самсунг А-52 загварын гар утас, түрүүвчийг нь хаясан гээд бэлэн 295,000 төгрөг надад өгөөд оруулаад өгчих гээд Г.У надад өгсөн. Би тухайн эд зүйлийг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал/,

- 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

- Мөрдөгчийн таньж орлуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 20-ын өдрийн 22-610 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Б. - Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 8 цагийн үед Цэцэг төвийн автобусны буудал дээрээс Ч:23 чиглэлийн “Зүрх-уул - МУБИС” чиглэлийн нэртэй 01-106 улсын дугаартай автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Камелын автобусны буудал дээр 19 цаг 20 минутын үед ирээд автобуснаас буугаад өөрийн үүрч явсан цүнхний цахилгаан саарчихсан байсныг хараад цүнхээ үзтэл дотор нь байсан улаан хүрэн өнгийн арьсан түрүүвч нийт 295,000 төгрөг алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад эд зүйлээ алдсан гэж хандсан. Намайг автобуснаас буух гэж байхад нэг эмэгтэй араас шахаад байсан харвал шууд танина...’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

- Гэрч Э.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.У, Дамдинсүрэн хоёр автобуснаас сууж буухдаа 2 ширхэг Самсунг А-52 загварын гар утас, түрүүвчтэй 295,000 төгрөгийг хулгай хийж авсан байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/,

- Гэрч Э.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Эрхэмбаяр цагдаа яриад Г.У та хоёр Чингэлтэйгээс юм хулгайлсан байна авсан эд зүйлүүдээ аваад хүрээд ир гэж ярьсан ба надаа авсан юм байхгүй болохоор Г.Утай холбогдоод цагдаагаас яриад байна чи Чингэлтэйгээс хулгайлсан юмнуудаа аваад ир гэж байна гээд хэлсэн чинь удалгүй Г.У, Номин-Эрдэнэ хоёр ирээд Г.У Чингэлтэйгээс хулгайлсан юмнууд гээд 2 ширхэг Самсунг А-52 загварын утас, түрүүвчийг нь хаясан гээд бэлэн 295,000 төгрөг надад өгөөд, надад оруулаад өгчих гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 22-611 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 169-171 дэх тал/,

В. - Хохирогч С.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хажууд байрлах сургуулийн буудлаас “Зүрх-Уул-МУБИС” чиглэлийн автобусанд суусан. Тэгээд 7 буудлын автобусны буудал дээр буугаад утсаа шалгахад миний утас байхгүй байсан. Хүний утас гуйгаад өөрийн утас руу залгахад эрэгтэй хүн аваад сургуулийн буудлын гудамжнаас олсон гэсэн. Удалгүй очоод авах гэтэл миний утас холбогдох боломжгүй болсон...’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 22-637 дугаартай үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

- Яллагдагч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 126, 182, 223 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Уыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Уын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцно

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хохирогч нарт гар утас, бэлэн мөнгө зэргийг буцаан өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуулын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Б.Л: “...хохирлоо барагдуулж авсан тул одоо надад гомдол, санал байхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 234 дахь тал/, хохирогч С.П: “...миний бие хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан тул ямар нэгэн гомдол, санал байхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал/, хохирогч А.Ш: “...Гомдол, санал байхгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 241 дэх тал/ зэргээр шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг 270 /хоёр зуун дал/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уд оногдуулсан 270 /хоёр зуун дал/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсрагсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ