Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/779

 

 

 

 

 

 

 

 

   2022        10           4                                      2022/ШЦТ/779

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн,

хохирогч Н.Э,

шүүгдэгч Ц.Ү нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Цэрэнбатын Ц.Үад холбогдох эрүүгийн 2211 00315 1338 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Римакс компанид үл хөдлөх хөрөнгийн зууч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Ү, регистрын дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 30-31 -нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “S pub кагаоке”-д хохирогч Н.Этай маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн хэсэгт пивоны шилээр тус тус цохиж, баруун хөмсөг, зүүн зулайн хуйханд шарх, доод уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ү: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э: “...Нийт 7 оёдол тавиулсан, 1 сар гаруй гэртээ байсан нийт хохирол төлбөр 828,000 нийт нэхэмжилж байгаа...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Н.Эн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

- Гэрч Ц.Раднаацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

- Гэрч Э.Довдонцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- Гэрч Б.Жүгдэрдэмидийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой О.Нансалмаагийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2471 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

- Шинжээч эмч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

- Яллагдагч Ц.Үын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ц.Үыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “S pub кагаоке”-д хохирогч Н.Этай маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн хэсэгт пивоны шилээр тус тус цохиж, баруун хөмсөг, зүүн зулайн хуйханд шарх, доод уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ц.Ү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “S pub кагаоке”-д хохирогч Н.Этай маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн хэсэгт пивоны шилээр тус тус цохиж, баруун хөмсөг, зүүн зулайн хуйханд шарх, доод уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Н.Эн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд Жүүгий бид хоёр дундуур нь ороод салгахад эмэгтэйчүүд нь үснээсээ зууралдаад газар хэвтэж байсан. Тэр нэг залуу нь салгахдаа нөгөө 4 эмэгтэйн нүүр энэ тэр рүү нь цохиод үснээс нь татаад байхаар нь би боль гээд болиулсан. Зөөгчөөс юунаас болоод маргаан үүссэн бэ гэж асуусан чинь энэ дөрвөн эмэгтэй тооцоогоо хийхгүй байснаас болж маргаан үүссэн гээд бид хоёр хоорондоо юм яриад байж байтал нэг тайрмал үстэй эмэгтэй ирээд пивоны шилээр толгойны оройн хэсэгт цохисон. Тэгсэн шууд миний толгойноос гарсан тэгээд би толгойгоо бариад сууж байгаад тэр эмэгтэйгээс яагаад намайг цохиж байгаа юм гэж асуухад “чи энэ янхнуудаа өмөөрлөө” гээд дахиад пиво хийж уудаг шилэн бакалаар баруун хөмсөг хэсэгт цохисон тэгээд би нөгөө эмэгтэй рүү дайрахад хамт явж байсан хүмүүс нь ойртуулахгүй байсан. Тэгсэн согтуу зөөгч надтай маргаан хийх гээд намайг цохих гээд дайраад байсан боловч цохиогүй харин хамт явж байсан залуу нь надтай маргалдаж байхдаа намайг цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

- Гэрч Ц.Раднаацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ц.Ү нөгөө 4 эмэгтэйг “төлбөр тооцоогоо хийж чадахгүй янхан” энэ тэр гээд өдөөд байсан. Нөгөө 4 нь өөдөөс нь хэрэлдэж байгаад зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгах гээд дийлэхгүй болохоор нь нөгөө гурван ахыг дуудаад зодооныг салгаад өгөөч гээд зодооныг салгаж өгсөн. Тэгээд байж байтал дахин зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би цаашаа нөгөө 4 охиныг гаргахаар үүд рүү яваад нөгөө охидыг үүдээр гаргачхаад ирэхэд нөгөө гурван ахын нэгнийх нь толгойноос цус гарчихсан байсан. Тухайн зодоон болох үед гаднаас үйлчлүүлэхээр орж ирсэн хүмүүс бол шил зэвсгийн чанартай зүйл барьж аваагүй. Харин манай хамаатнууд л текний ар талаас архины шил, шилтэй архи аваад шидлээд хүн цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

- Гэрч Э.Довдонцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хажууд нь бас нэг эмэгтэй Н.Эг цохиод дайраад байсан. Би дундуур нь ороод тэднийг салгасан. Тухайн үед салгаж байхад тайрмал үстэй эмэгтэй Н.Эгийн толгой руу шилээр цохисон. Н.Эгийн толгойноос нь цус гараад би нэг өрөө рүү дагуулж ороод түүнийг тайвшруулсан. Тухайн үед бөөн зодоон маргаан болоод цагдаа дуудах боломж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- Гэрч Б.Жүгдэрдэмидийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр үед нөгөө хар куртиктэй эмэгтэй текний хажуугийн тавиур дээрээс 2 аяга аваад манай найзруу шидсэн бөгөөд тэр аяганууд нь оноогүй. Тэр үед нөгөө хар куртиктэй залуу босож ирээд Н.Этай зууралдаад авсан чинь найз охин нь гээд ягаан куртиктэй эмэгтэй текний хажууд газар байсан архины шилнээс аваад эхлээд нэг цохиод нэг шил хагарсан. Тэгэхээр нь Н.Э яагаад байна гэхэд дахин нэг шил аваад Н.Эгийн толгой руу дахин цохиж хагалсан. Би шинжээч эмчид үзүүлэхгүй, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой О.Нансалмаагийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2471 дугаартай: “...Н.Эгийн биед баруун хөмсөг, зүүн зулайн хуйханд шарх, доод уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

- Шинжээч эмч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу шилээр цохиход үүсэх боломжтой. Н.Эгийн биед учирсан доод уруулын гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

- Яллагдагч Ц.Үын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах S нэртэй караоке паб-д эгч Отгонцэцэг хүргэн ах Цэнд-Аюуш нарийн хамт ороод 1 шил архи болон 10 ширхэг пиво захиалаад бид нар хувааж уусан. Отгонцэцэг болон Цэнд-Аюуш нараас гадна манай хамаатны нэг залуу зөөгч хийгээд бид нарийн өрөөгөөр орж гараад бага зэрэг архи уусан. Тэгээд архи болон пиво ууж дуусаад тухайн караокеноос гарах гээд үүдний буйдан дээр сууж байсан чинь дөрвөн охин манай хамаатан болох зөөгч залуу тооцоогоо хийж чадахгүй маргаан үүсгээд байсан. Тэгэхээр нь би тооцоогоо хийж чадахгүй байсан юм бол яах гэж архи дарс уусан юм тооцоогоо хийгээч гэж хэлсэн. Тэгсэн тэр дөрвөн охины нэг нь над дээр хүрч ирээд баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би яагаад намайг өшиглөж байгаа юм гэж маргалдаж байгаад намайг өшиглөсөн охиныг үснээс зулгаасан. Тэгсэн нөгөө гурав нь араас нь орж зодоон болсон. Нэг харсан эгч Отгонцэцэг бас маргалдаад байсан. Тэгсэн гэнэт нэг залуу араас тэвэрч аваад ямар ч хөдөлгөөнгүй болгосон. Нөгөө дөрвөн эмэгтэй над руу дайраад байсан намайг хөдөлгөөнгүй болгосон залуугаас мултарч гараад юуны шил авч шидсэн гэдгээ сайн санахгүй байна ямар ч байсан текэн дээрээс аваад шидсэн. Газар унаад хагарсан гэдгийг санаж байна тэрнээс хойш бусад болсон зүйлийн талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Ц.Ү нь хохирогч Н.Этай маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн хэсэгт пивоны шилээр тус тус цохиж, баруун хөмсөг, зүүн зулайн хуйханд шарх, доод уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Н.Эн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ц.Үын идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Үад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Ц.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

            Хохирогч Н.Э нь “...Би шүүх эмнэлэгт үзүүлсний дараа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ариун лотус гэх сувилалын газар хэвтэн эмчлүүлсэн. 1,200,000 төгрөг болсноос эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт гээд 360,000 төгрөг хасагдаж, би өөрөө 840,000 төгрөг төлсөн. Үүнийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 19 дэх тал/ байх бөгөөд хавтаст хэрэгт баримтаар 828,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч Ц.Үаас гаргуулж хохирогч Н.Эд олгуулах үндэслэлтэй байна.

   Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжпэл гаргах, гарсан нэхэмжпэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заасан байх тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэл гарган оролцож байна. Тусламж үйлчилгээний зардал болох 245,000 төгрөгийг яллагдагч Ц.Үаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/-ийг гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

Хохирогч Н.Энхтайванд бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 245,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Үаас уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үад оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Үаас 828,000 төгрөгийг гаргуулж хохирогч ...  тоотод оршин суух Н.Э /РД: /-д олгож, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 245,000 /хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Үаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлж барагдуулахаар тотгоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ