Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0682/Э |
Дугаар | 2022/ШЦТ/665 |
Огноо | 2022-10-07 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Э.Ү-, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Э-ий Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000949 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа орон нутгийн тээвэрт явдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт лсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Э-ий Ү-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ү- нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Э-ийг пивон дээр архи хийсэн байна гэж хэлсэн гэх үл ялих зүйлээр шалтаглан түүнийг архины шилний ёроол хэсгээр нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.Ү-: “...Болсон асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, сарын 1,5 сая төгрөгийн тогтмол орлоготой. Хохиролд 350,00 төгрөгийг бэлнээр өгсөн, хувиараа орон нутгийн тээвэрт явдаг, барилгын материал, нүүрс тээвэр хийдэг, хувь хүнтэй хамтарч ажилладаг, том шаланз маркийн машинаар явдаг, машин компанийн нэр дээр байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Э.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед найз Болороотой Янгир гэх хүнсний дэлгүүрээс пиво авч хажууд нь хувааж уусан, тэр үедээ найз залуу Ү- руу залгахад ...би Эрэл дээр явж байна, Нисэхэд очоод залгая гэж хэлсэн. Ү- ирээд дэлгүүр орж ...нэг шил архи, хоёр сав пиво, ундаа чипс аваад ...Т-, Болороо, Ү- бид дөрөв хувааж уусан. ...Ү- надад пиво хийж өгөхдөө архин дээр пиво хийсэн байхаар нь би уурлахад Ү- машинаасаа бууж ирээд баруун гараа атгаж байгаад миний баруун талын шанаа, зүүн шанаа хэсэгт 2-3 удаа цохиход Т-, Болороо хоёр машинаас бууж ирж намайг өмөөрөхөд тэр хоёрыг бас цохисон. ...Ү- уусан архины шилээрээ миний нүүрэнд цохиход хөмсөгнөөс цус гарсан...” /хавтас хэргийн 6-7 дахь тал/ гэсэн,
Гэрч Н.Д- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э- манай гэрт ирэхдээ ...зүүн талын хөмсөгнөөс цус гарсан шоконд орсон байдалтай байхаар нь ...Ү- миний нүүр рүү гараараа, архины шилээр зүүн талын нүд хэсэгт цохичихлоо гэсэн...” /хавтас хэргийн 10 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ...Ү-ын машинд Болороо, Э- бид гурав суугаад ...замаар гарч зогсоод бид дөрөв пиво хувааж уусан. ...Э- гэнэт уурлаад энэ пиво чинь архитай байна гэж уурлаад ...чи намайг таслаад яах гэж байна, хоёулаа салсан, би чамтай амьдрахгүй гэхэд Ү- машинаасаа бууж ирээд Э-ийг янхан, пизда минь гэж хэлээд баруун гараараа зүүн талын шанаа хэсэгт цохиод үсдээд авахаар нь Болороо бид хоёр машинаас бууж Ү-ыг Э-ээс салгаад чи эмэгтэй хүнийг цохиж зодлоо гэхэд Ү- машинд байсан шилтэй архиа гаргаж ирээд Э-ийн нүүр хэсэг рүү шилнийхээ ёроол хэсгээр нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн,
Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ...Ү- машинаасаа бууж ирээд Э-ийг янхан пизда минь гэж хэлээд баруун гараа атгаж байгаад зүүн талын шанаа хэсэгт нь цохиод үсдээд авахаар нь Т- бид хоёр машинаас буугаад ...салгаад ....Ү- машинд байсан шилтэй архийг аваад Э-ийн нүүр хэсэг рүү шилнийхээ ёроол хэсгээр нь нэг удаа цохиход Э- уйлаад газар суусан...” /хавтас хэргийн 14 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.Ү- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Э- яагаад пиво дээр архи хийж байгаа юм бэ гэж надад уурлаад орилоод машинаас буухаар нь би машинаасаа буугаад Э- над руу дөхөөд ирэхээр нь би баруун гараа атгаж байгаад зүүн талын нүд, шанаа хэсэгт нь 3 удаа цохисон тэгэхэд Т-, Болороо хоёр хүрч ирж намайг салгасан...” /хавтас хэргийн 28 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10752 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.Э-ийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, зүүн шуунд цус хуралт, бүсэлхий, баруун тохой, дээд уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хавтас 19-20 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 2 дахь тал/,
- Шүүгдэгч Э.Ү-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 42 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 41 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 31 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 41-49 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Э.Ү- нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Э-ийг пивон дээр архи хийсэн байна гэж хэлсэн гэх үл ялих зүйлээр шалтаглан түүнийг архины шилний ёроол хэсгээр нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, зүүн шуунд цус хуралт, бүсэлхий, баруун тохой, дээд уруулын салстад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Э-ийн “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ...Ү- надад пиво хийж өгөхдөө архин дээр пиво хийсэн байхаар нь би уурлахад Ү- машинаасаа бууж ирээд баруун гараа атгаж байгаад миний баруун талын шанаа, зүүн шанаа хэсэгт 2-3 удаа цохиход Т-, Болороо хоёр машинаас бууж ирж намайг өмөөрөхөд тэр хоёрыг бас цохисон. ...Ү- уусан архины шилээрээ миний нүүрэнд цохиход хөмсөгнөөс цус гарсан...” /хавтас хэргийн 6-7 дахь тал/ гэсэн, гэрч Н.Д-ий “...Э- манай гэрт ирэхдээ ...зүүн талын хөмсөгнөөс цус гарсан шоконд орсон байдалтай байхаар нь ...Ү- миний нүүр рүү гараараа, архины шилээр зүүн талын нүд хэсэгт цохичихлоо гэсэн...” /хавтас хэргийн 10 дахь тал/ гэсэн, гэрч Б.Т-гийн “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ...Ү-ын машинд Болороо, Э- бид гурав суугаад ...замаар гарч зогсоод бид дөрөв пиво хувааж уусан. ...Э- гэнэт уурлаад энэ пиво чинь архитай байна гэж уурлаад ...чи намайг таслаад яах гэж байна, хоёулаа салсан, би чамтай амьдрахгүй гэхэд Ү- машинаасаа бууж ирээд Э-ийг янхан, пизда минь гэж хэлээд баруун гараараа зүүн талын шанаа хэсэгт цохиод үсдээд авахаар нь Болороо бид хоёр машинаас бууж Ү-ыг Э-ээс салгаад чи эмэгтэй хүнийг цохиж зодлоо гэхэд Ү- машинд байсан шилтэй архиа гаргаж ирээд Э-ийн нүүр хэсэг рүү шилнийхээ ёроол хэсгээр нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн, гэрч Б.Б-ийн “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ...Ү- машинаасаа бууж ирээд Э-ийг янхан пизда минь гэж хэлээд баруун гараа атгаж байгаад зүүн талын шанаа хэсэгт нь цохиод үсдээд, ...Ү- машинд байсан шилтэй архийг аваад Э-ийн нүүр хэсэг рүү шилнийхээ ёроол хэсгээр нь нэг удаа цохиход Э- уйлаад газар суусан...” /хавтас хэргийн 14 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Э.Ү-ын “...Э- яагаад пиво дээр архи хийж байгаа юм бэ гэж надад уурлаад орилоод машинаас буухаар нь би машинаасаа буугаад Э- над руу дөхөөд ирэхээр нь би баруун гараа атгаж байгаад зүүн талын нүд, шанаа хэсэгт нь 3 удаа цохисон тэгэхэд Т-, Болороо хоёр хүрч ирж намайг салгасан...” /хавтас хэргийн 28 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10752 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Э.Э-ийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, зүүн шуунд цус хуралт, бүсэлхий, баруун тохой, дээд уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас 19-20 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд учирсан “...зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, зүүн шуунд цус хуралт, бүсэлхий, баруун тохой, дээд уруулын салстад зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Ү-ын түүний нүүр рүү гараараа болон архины шилээр цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Ү-ын хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ү-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Э.Ү- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-ийн зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, зүүн шуунд цус хуралт, бүсэлхий, баруун тохой, дээд уруулын салстад зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч Э.Э-ээс мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлэх талаар санал, баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210000000949 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Ү- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Э-ий Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Ү-од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210000000949 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Ү- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ү-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ү-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР