| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/02168/И |
| Дугаар | 102/ШШ2018/03638 |
| Огноо | 2018-12-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2018/03638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-хороолол, 54-р байрны 7007 тоотод байрлах, РД-2880946, Юү Эс Би ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Жон бээс ХХК-ийн байрны 301 тоотод байрлах, РД-5306299, Нирваан кинг ХХК-д холбогдох,
104 949 870 төгрөгийг гаргуулах болон нэхэмжлэгчээс 111 357 549 төгрөгийг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгормаа, Ж.Бадамханд, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, гэрч О.Батхүү, С.Пүрэвжав, Ж.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 87 000 000 төгрөгийг, материалын үнэ 13 949 870 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 4 000 000 төгрөгийг, нийт 104 949 870 төгрөгийг гаргуулах болон нэхэмжлэгчээс хариуцагч хийсэн ажлын хөлс болох 111 357 549 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нирваан кинг ХХК нь Угалз холдинг ХХК-тай 2015-07-29 өдөр бараа материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсны улмаас Юү Эс Би ХХК-д хандаж, дээрх гүйцэтгэлийн дагуу буюу уг гэрээний 1.1 дэх хэсэгт заагдсан Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, 54-р барилгын 11-р давхрын 130 м.кв, оффисын 15 м.кв, талбай 2 ширхэг буюу 30 м.кв талбайнуудыг барьцаанд тавьж, мөнгө зээлэх болон өөрийн нэрийн өмнөөс Угалз холдинг ХХК-д бараа материал нийлүүлж өгөх талаар хүсэлт гаргасны дагуу 2016-09-22 өдөр Нирваан кинг ХХК болон Юү Эс Би ХХК зээлийн гэрээ байгуулж, 58 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлсэн.
Юү Эс Би ХХК нь Нирваан кинг ХХК-ийн нэрийн өмнөөс Угалз холдинг ХХК-д нийт 13 949 870 төгрөгийн цахилгаан холболтын бараа материалыг нийлүүлсэн.
Гэтэл Нирваан кинг ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, бараа материалын үнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байж, зээлийн барьцаанд барьцаалуулсан эд хөрөнгөө иргэн Болдбаатарын Гантүвшинд худалдсан байна.
Иймд Нирваан кинг ХХК-иас үндсэн зээл 58 000 000 төгрөг, хүү, алдангид 29 000 000 төгрөг, бараа материалын үнэ 13 949 870 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4 000 000 төгрөг, нийт 104 949 870 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: 58 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн төлбөрт 2017-05-11 өдөр 5020231653 дансанд Хасу финанс ББСБ-аас 30 000 000 төгрөг, 2017-06-19 өдөр 2 000 000 төгрөгийг тушаасан.Зээлийн хүүгээс 2016 оны 10 сарын хүүд 2 900 000 төгрөгийг нябо Оюун-Эрдэнийн данснаас нэхэмжлэгчид шилжүүлсэн. Одоо зээлээс 26 000 000 төгрөг төлөөгүй байгаа тул алданги 13 000 000 төгрөг, нэг сарын хүү 2 900 000 төгрөгтэй, нийт 41 900 000 төгрөг төлөх байх. Барааны үнэ 13 949 870 төгрөгөөс 2017-01-26 өдөр 945 000 төгрөгийг бараа авсан Содноонал ХХК руу шилжүүлсэн. 2016-11-14 өдөр самбарын үнэ 5 000 000 төгрөгийг баримтаар нэхэмжлэгчид өгсөн тул 5 945 000 төгрөг төлсөн учир 8 004 570 төгрөг төлөх ёстой. Өмгөөлөгчийн хөлс 4 000 000 төгрөгийг төлөхгүй. Иймд нэхэмжлэлээс 49 904 870 төгрөгийг зөвшөөрнө. Бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нирваан кинг ХХК нь Угалз холдинг ХХК-тай байгуулсан 2015-07-29 өдрийн бараа материал нийлүүлэх гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 9-р хорооны нутагт барьсан 54-р барилгад цахилгаан, холбоо дохиоллын материалыг нийлүүлсэн. Нийлүүлсэн эдгээр материалыг угсрах, суурилуулахаар Угалз холдинг ХХК-тай 2015-03-15 өдөр байгуулсан гэрээтэй Юү Эс Би ХХК нь манай нийлүүлсэн материалыг хүрэхгүй байна, дутсан тухай яриа гаргасан тул захиалагч нарт манайх зураг төсвийн дагуу нийлүүлсэн, хүрнэ гэж хэлэхэд барилгын захиалагч нь манайхыг нийлүүлсэн материалаараа уг ажлыг хийгээд үзүүлээдэх гэсэн. Иймд манайх эхлээд энэ ажил руу орж, угсралт, суурилуулалтын ажлыг хийх болсон. Гэтэл Юү Эс Би ХХК –ийн зүгээс манайд хандаж, манай компанид 54-р барилга болох Компьютер центр төвийн барилгад материалыг угсрах, суурилуулахад ажиллах мэргэжлийн хүмүүс алга, тиймээс ажиллах хүч гаргаж өгөөч, манай Юү Эс Би ХХК нь мөнгийг нь төлнө, бүх ажиллах хүчний зардал, нийгмийн даатгал, унаа, хоол, ажлын хөлс гээд бүгдийг нь төлнө гэж амаар ярилцаж тохирсны дагуу Нирваан кинг ХХК-иас нийт 6 мэргэжилтэн буюу инженер техникийн ажилтан Г.Амармөрөн, Г.Батбаатар, Ж.Лувсанжамц, Н.Аранжин-Од, С.Энхтүвшин, Б.Эрдэнэбилэг нарыг уг барилгад 2016 оны 09 сараас 2017 оны 05 сарыг 23 өдрийг хүртэл ажиллуулсан. Манай ажилтнууд тус барилгын В1 давхар, 1, 2, 4 ,6, 8, 10,12 давхруудын цахилгааны ажлыг болон цахилгааны өрөөнд цахилгааны тоолуур тавих, унтраалга хийх, гэрэл тавих, цагаан хоолой суурилуулах зэрэг цахилгааны шийдэлийн ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэсэн.
Юү Эс Би ХХК-иас ажлын хөлсөө нэхсэн боловч өгөхгүй байгаа тул манайх хийсэн ажлынхаа төсвийг мэргэжлийн төсөвчнөөр хийлгэсэн.
Иймд Юү Эс Би ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Их тойруу-54, Компьютер центр төвийн барилгад Нирваан кинг ХХК-иас нийлүүлсэн цахилгаан, холбооны бараа материалыг угсрах, суурилуулахад ажилласан ажиллах хүчний зардалд 111 357 549 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжгүй. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үндэслэл огт бий болоогүй бөгөөд Юү Эс Би ХХК болон Нирваан кинг ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага маань зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, мөн бараа материалын үнэ гаргуулах тухай байгаа. Нирваан кинг ХХК нь 54-р барилгад ажил гүйцэтгэсэн бол төсөл хэрэгжүүлэгч Угалз холдинг ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй.
Нирваан кинг ХХК болон Угалз холдинг ХХК-ийн хооронд бараа материал нийлүүлэх тухай гэрээтэй болно.
Тиймээс уг сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдохгүй тул зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрчүүдийн мэдүүлгүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, зээлийн гэрээ, авлагын тооцоо, тооцоо нийлсэн актууд, кассын орлогын ордер, орлогын баримт, падаан, зарлагын баримт, нэхэмжлэх, кассын зарлагын ордер, бараа материал нийлүүлэх гэрээ, компанийн дүрэм, мөнгө шилжүүлсэн баримтууд, Хаан банк дахь харилцагч Э.Оюун-Эрдэнийн дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлгийн мэдээлэл, ажил дүгнэх акт, гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн баримт, Хасу финанс ББСБ-ын тодорхойлолт, ажлын тооцоо, барилга ашиглалтад оруулах улсын комиссын акт, тодорхойлолтууд, ажил гүйцэтгэх 2015-03-15 өдрийн гэрээ, гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт, гэрээний дүгнэлт, фото зургууд, гүйцэтгэсэн ажил хүлээн авсан тухай актууд, тушаалууд, барилгын угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, үзлэгийн тэмдэглэл, дотор цахилгааны ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Их тойруу-54, Компьютер центр төвийн барилгын ажлыг гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч Угалз холдинг ХХК-тай нэхэмжлэгч Юү Эс Би ХХК нь барилгын дотор цахилгаан,холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээг 2015-03-15 өдөр, хариуцагч Нирваан кинг ХХК нь бараа материал нийлүүлэх гэрээг 2015-07-29 өдөр тус тус байгуулсан байна.
Хариуцагч Нирваан кинг ХХК нь бараа материал нийлүүлэх гэрээний дагуу тус барилгын зураг төсвийн дагуу шаардлагатай цахилгаан,холбоо дохиоллын 430 000 000 төгрөгийн материалыг нийлүүлэх үүрэг хүлээсэн учир гэрээний дагуу нийлүүлэх бараа материалыг Нирваан кинг ХХК 2016 оны 09 сараас нийлүүлж эхэлсэн байна.
Хариуцагчаас нийлүүлсэн цахилгаан, холбоо, дохиоллын материалыг угсрах, суурилуулах, монтажлах ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн Юү Эс Би ХХК нь хариуцагчаас барилгын давхар бүрээр тооцож нийлүүлсэн материалыг болохгүй байна, хүрэлцэхгүй байна, дутлаа гэсэн асуудал гаргасан учраас хариуцагч Нирваан кинг ХХК нь нийлүүлсэн материалаа хүрэлцэх, болохыг нь гүйцэтгэгч нарт үзүүлэхээр захиалагчийн шаардлагаар цахилгаан, холбоо, дохиоллын монтажийн ажлыг 2016 оны 9 сараас хийж эхэлсэн байх бөгөөд 193 000 000 төгрөгийг төсөвт өртөгтэй, цахилгаан, холбоо, дохиоллын угсралт, суурилуулалт, монтажийн ажлыг гүйцэтгэх нэхэмжлэгч байгууллагын 3 ажилчин нь уг барилгыг 2017 оны 01 сард ашиглалтанд оруулах хугацаанаас өмнө уг ажлыг хариуцан хийх хүн хүчний боломжгүй, инженер ажиллаагүй зэрэг байдлаас захиалагчийн төлөөлөгч нарын шаардлагаар, зохигч хоорондоо амаар тохирч, хариуцагч Нирваан кинг ХХК нь уг барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан хугацаа, дараа нь дутуу ажлыг хийж гүйцэтгэж дууссан 2017 оны 05 сарын 23 өдрийг хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллаж, цахилгаан, холбоо, дохиоллын угсралт, суурилуулалт, монтажийн ажлыг инженерийн хамт 3-аас дээш хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэсэн болох нь уг барилгын харуул хамгаалалтыг бүртгэлийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлэг, ажил хүлээн авсан актаар тогтоогдож байна. Гэрчүүдийн мэдүүлэгт ажил гүйцэтгэсэн барилгын байршил Сүхбаатар дүүрэг болохыг Чингэлтэй дүүрэг гэж буруу тэмдэглэсэн учраас гэрчүүдийн мэдүүлгээр нотлохгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч зохигч бараа нийлүүлсэн, нийлүүлсэн барааг угсарч, суурилуулсан барилга нь Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байршилтай 54-р байр буюу Компьютер центр барилга болох талаар зохигч маргаангүй байгааг дурдаж, гэрчүүд өөрийн мэдэх зүйлийн талаар эргэлзээгүй мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх үнэлэв.
Материалыг хариуцагч Нирваан кинг ХХК өөрийн хөрөнгөөр нийлүүлэх үүргийг барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх ажлын явцад санхүүжилт дутсанаас материалаа нийлүүлж чадахгүйд хүрч байсныг уг барилгын ашиглалтын өмнөх захиргаанаас нэхэмжлэгчид мэдэгдэж, түүнийг санхүүгийн дэмжлэг хариуцагчид үзүүлээч гэж хүссэний дагуу нэхэмжлэгч нь 2016-09-22 өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулан, 58 000 000 төгрөгийг, сард 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт уг барилгаас бартераар хариуцагч авах 3 байрыг барьцаалсан байна.
Зээлийн гэрээний хугацаа 2016-11-25 өдөр дуусахаар зохигч тохирсон байх боловч зээлсэн мөнгийг 2016-11-08 өдөр хариуцагч нэхэмжлэгчид төлж дуусгасан байхаар гэрээний 4-т заасан байна.
Гэрээнд ийнхүү гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2 өөр байдлаар заасан нь ойлгомжгүй болсон байх тул гэрээнд заасан 2 сарын хугацаагаар тохирсон тохиролцоонд үндэслэн гэрээний хугацааг 2016-11-25 өдөр дуусах болохыг тодорхойллоо.
Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд биелүүлбэл зохих үүргээс зээл 58 000 000 төгрөг, зээлийн хүү 5 800 000 төгрөгийг төлөөгүй байсан байх тул нэхэмжлэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн үүрэгт зээлийн гэрээний 5-д заасны дагуу алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутам, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож гаргуулахаар шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хязгаарлалтын дагуу хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, алдангид 31 900 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж, хариуцагч нь зээлийн барьцаанд барьцаалуулахаар тохирсон талбайгаас 54-р байрны 11 давхрын 1103 тоот дахь 130 м.кв талбайтай байрыг Б.Гантүвшинд худалдаж, барилгын үнэ болох 30 000 000 төгрөгийг, 2017-06-19 өдөр 2 000 000 төгрөгийг Хасу финанс ББСБ/х.х-195/-аас нэхэмжлэгчийн 5020231653 дансанд тушаалгасан, зээлийн 2016 оны 10 сарын хүүд 2 900 000 төгрөгийг нябо Оюун-Эрдэнийн данснаас нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Зээлийн гэрээний дагуу биелүүлбэл зохих 95 700 000 төгрөгийн үүргээс төлсөн дээрх төлбөрийг хасч, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 60 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Юү Эс Би ХХК нь хариуцагч Нирваан кинг ХХК-ийн нийлүүлбэл зохих зарим материалыг бусдаас худалдаж авч, өөрөөсөө нийлүүлж байснаас зохигчийн хооронд материалын үнэ 13 949 870 төгрөг төлөгдөөгүй гэж нэхэмжлэгч нэхэмжилсэн бөгөөд барааны үнэ 13 949 870 төгрөгөөс хариуцагч Нирваан кинг ХХК нь 2017-01-26 өдөр 945 000 төгрөгийг нэхэмжлэгч бараа худалдан авсан Содноонал ХХК руу шилжүүлсэн, 2016-11-14 өдөр самбарын үнэ 5 000 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгормаад өгсөн болох нь мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 5 000 000 төгрөгийг Юү Эс Би ХХК-ийн захирал Ц.Бархасбадьхүү, Нирваан кинг ХХК-ийн захирал Рэнцэн-Од нарын хооронд байгуулсан 5 сая төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцогдсон гэж маргаж байгаа ч уг мөнгийг төлөхдөө материалын үнэнд төлсөн талаар тэмдэглэсэн байх тул материалын үнэ төлөх үүрэгт тооцох үндэстэй байна.
Материалын үнээс ийнхүү 5 945 000 төгрөгийг хариуцагч төлсөн байх тул нэхэмжлэгч 8 004 570 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Их тойруу-54, Компьютер центр төвийн барилгыг улсын комисс 2017-01-18 өдөр ашиглалтанд хүлээн авсан байх бөгөөд нэхэмжлэгч нь барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Угалз холдинг ХХК-тай байгуулсан барилгын дотор цахилгаан, холбоо, дохиоллын ажил гүйцэтгэх 2015-03-15 өдрийн гэрээний дагуу 193 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэй, уг барилгын цахилгаан, холбоо, дохиоллын тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, монтажлах, тэжээлд холбох ажлуудыг хийж гүйцэтгэж, 2017-12-11 өдөр гэрээг дүгнэсэн материалаа ерөнхий гүйцэтгэгч Угалз холдинг ХХК-д хүргүүлсэн, барилгыг улсын комисс хүлээн авсан актад барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Сартком ХХК бичигдсэн байгаа, С.Содтуяа нь Сартком ХХК-ийн барилга хариуцсан захирал тул Нирваан кинг ХХК-ийн хийсэн гэх ажлыг хүлээн авсан С.Содтуяа, талбайн даамал Н.Төмөрбаатар, хяналтын инженер Н.Одонцэрэн нар нь Угалз холдинг ХХК-ийг төлөөлөн ажил хүлээн авах эрхгүй, хуурамч баримт бүрдүүлсэн байна, Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбооноос томилсон барилга байгууламжийг хүлээн авах комисс нь Нирвааг кинг ХХК-иас ажил хүлээж аваагүй гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан тайлбар гаргасан боловч түүний тайлбар нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч нь тухайн үед Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан Угалз холдинг ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу цахилгаан, холбоо, дохиоллыг угсрах, суурилуулах, монтажлах, тэжээлд холбох ажлуудыг хийх болсон, ажлын гүйцэтгэлийг ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Угалз холдинг ХХК-д гаргаж, гэрээг дүгнэсэн байгаа баримт нь хариуцагчийг нийлүүлсэн материалаа угсрах, суурилуулах, монтажлах, тэжээлд холбох ажлыг гүйцэтгээгүйг нотлохгүй.
Учир нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ бусад этгээдийг оролцуулж болох бөгөөд, харин ажлын үр дүнг өөрөө биечлэн захиалагчийн өмнө хариуцах үүрэгтэй юм.
Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Угалз холдинг ХХК нь Н.Төмөрбаатарыг 2014-04-01 өдрөөс талбайн даамлаар, С.Содтуяаг 2015-04-01 өдрөөс барилгын инженерээр, 54-р барилгын захиалагч болох Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо нь өөрийн талаас 54 дүгээр барилгын ажилд хяналт тавих инженерээр Н.Одонцэрэнг 2014-03-01 өдрөөс/х.х-110/ тус тус томилон ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд 54 гэж нэрших болсон дээрх барилгын ажилбараас Угалз холдинг ХХК нь тодорхой төрлийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүйгээс шалтгаалж, тусгай зөвшөөрөл бүхий Сартком ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр сольж нэрлэх болсон боловч барилгын ажлыг Угалз холдинг ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажилласаар дуусгасан болох нь барилгын ажлыг улсын комисс хүлээн авсан акт, гэрчүүдийн мэдүүлэг, 2016-10-25 өдрөөс 2017-05-23 өдрийг хүртэл хугацаанд хийсэн ажлыг нь Нирваан кинг ХХК-иас хүлээн авсан 8 актаар/х.х-73-80/ нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн гүйцэтгэх үүрэг бүхий ажлын заримыг хариуцагч, эсвэл бусад этгээдээр гүйцэтгүүлэх эрхтэй, гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг бүхий төсөвт ажлын гүйцэтгэлийг өөрөө гүйцэтгэснээр тайлагнах үүрэгтэй тул хэдийгээр Нирваан кинг ХХК ажлын заримыг гүйцэтгэсэн ч санхүүжилтийг нэхэмжлэгч авах эрхийнхээ дагуу авсан атлаа хариуцагчийн хийсэн ажлыг бүхэлд нь үгүйсгэж, хийсэн ажлын хөлсийг олгохоос татгалзсан нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтыг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч хариуцагчаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг өгөхөөс татгалзсан тул хариуцагчаас төсөвчнөөр хийлгэж ирүүлсэн хийсэн ажлын төсөвт үндэслэн, подваль,техникийн давхартайгаа, 14 давхар бүхий 54 дүгээр барилгын цахилгаан, холбоо, дохиоллыг угсрах, суурилуулах, монтажлах, тэжээлд холбох ажлаас захиалагч нь хариуцагчаас хүлээж авсан В1, 1, 2, 4, 6, 8, 10,12 давхруудын цахилгаан,холбоо дохиоллын угсралт, суурилуулат, монтаж, тэжээлд холбох ажлуудын хөлс 58 626 309 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй гэж тогтоов.
Иймд сөрөг нэхэмжлэлээс энэ хэсгийг хангав.
Нэхэмжлэгч нь эрх зүйн туслалцаа авах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригоос шалтгаалах бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргаан нь зохигчийн хэн аль нь гэрээгээр үүргээ зөрчнөөс шалтгаалсан байх тул зөвхөн хариуцагчийг учирсан хохиролд буруутгах үндэслэлгүй тул бусадтай байгуулсан гэрээний дагуу өөрийн хүлээсэн, ажлын хөлс төлсөн хохирлоо хариуцагчаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 682700 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 714 738 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох хариуцагчаас 501974 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 451 081 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.