Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/784

 

 

 

 

 

 

 

 

  2022        10           6                                       2022/ШЦТ/784

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Н.Уранбайгаль,

насанд хүрээгүй хохирогч У.Н, түүний хууль ёсны төлөөлөгч М.Ууганхүү, хохирогч Ж.М, тэдгээрийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа,

иргэний нэхэмжлэгч А.Нямсүрэн,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан хаалттайгаар хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Гт холбогдох эрүүгийн 2203 00252 0326 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл урлагийн их сургуульд 3 дугаар дамжааны оюутан, аялалын хөтөч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.Г, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 08 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Зам гүүрийн авто баазын урд замд “Toyota” маркийн “Prius Alpha-XW40” загварын 9677 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... эсвэл ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Мын жолоодон явсан “Тоёота” маркийн “Сай” загварын 91-08 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ж.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч 7 настай, эмэгтэй У.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Нямсүрэнгийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Сай” загварын 91-08 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 10,788,000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г нь “...Миний хувьд гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг уучлаарай...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.М нь “...Би 5 дугаар сарын 6-ны өдөр хоёр ачаа цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гэрээсээ 7 цаг өнгөрөөд гарсан. Гэрээсээ гараад доошоо уруудаж явж байгаад 8 цаг өнгөрөөд О.Гтай авто осолд орсон. Би авто осолд ороод үнэхээр их сандраад балмагдаад, нэг хэсэг ухаан балартсан. Хамгийн түрүүнд хоёр ач руугаа харсан. Нэг охины минь хамраас нь цус гарсан байсан, нөгөө охины минь амнаас нь цус гарсан байсан. Би бушуухан машинаас буугаад хоёр ач  охиноо гаргаж авч байхад О.Г гэх энэ залуу зүгээр үү гээд ирсэн. Би тэр үед О.Гийг чи чинь согтуу юм уу хаашаа юм гээд загнасан. О.Г би уугаагүй ээ гэж хэлсэн. Миний арын машинаас нэг залуу бууж ирээд цагдаа, түргэн дуудаадахъя гээд дуудсан. Тэгээд манай хоёр ач болон О.Г бид дөрвийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Авто тээврийн осол гарснаас хойш О.Г нь нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Таны бие яаж байна, юу болж байна гэж асуугаагүй. Миний эмчилгээний зардлыг төлөөгүй байгаа 668,288 төгрөгийн эмчилгээний зардал гарсан түүнийг О.Г нь өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Надад бол өнөөдрийн хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн гэж яриад байна. Надад 1,000,000 төгрөг өгөөгүй шүү. Миний эмчилгээний зардлыг төлөөгүй байна. Миний зүгээс эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Тухайн үед О.Г нь намайг хэвлийн эход харуулж өгсөн. Тэр үед би О.Гт хэлж байсан чи залуу хүүхэд чамд сургамж болог. Чи аятайхан, болох боломжоороо хохирлыг төлж барагдуулаарай. Бүхэл бүтэн хоёрын хоёр айлын амьдралыг авч явдаг машин шүү гэж хэлсэн. Би О.Гт зөндөө энэ талаар хэлж байсан. Надтай О.Г нь нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Би сүүлд 8 дугаар сарын дундуур О.Гийн гэрт өөрөө очиж уулзахад маргааш өглөө 9 цагт цуг явна гэж байгаад яваагүй зугтаагаад байсан. Би эмчилгээний зардал болон хохирлоо нэхэмжилж байна...” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч У.Нийн хууль ёсны төлөөлөгч М.Ууганхүү нь “...Тухайн үед манай хоёр охин эмээтэйгээ хамт явж байсан. Манай бага охин Оюун-Эрдэнийн эрүүл мэндэд гэмтэл гараагүй. Ард нь гарах үр дагаврыг яах юм бэ?. Хэдэн жилийн дараа толгой, тархи нь өвдвөл яах юм бэ? Би ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ, эхнэр, 5 хүүхэдтэйгээ 10 уулаа амьдардаг. Миний машины кроп нь хүртэл хагарсан байхад миний хүүхдүүдийн эрүүл мэнд ирээдүйд яахыг хэлж мэдэхгүй байна. Авто тээврийн осол бол тухайн үед нь мэдэгдэхгүй байж байгаад хожим хойно нь мэдэгддэг гэж хүмүүс ярьдаг. Эрүүл мэндийн даатгал хийлгэмээр байна. Даатгал гэж байдаг бол хоёр охиныгоо эрүүл  мэндийн даатгалд хамруулмаар байна. Цаашид гарах хохирлыг нэхэмжлэхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.Нямсүрэн нь “...Би энэ машиныг аваад 1 жил гаруй болж байна. Миний машиныг өнөөдрийг хүртэл засаж, янзлуулж өгөөгүй байна. Миний машиныг банк бус нь 3 сарын төлөлт хийгээгүй гээд хураасан байдалтай байна. 6 дугаар сард  машины төлөлт хийгээрэй гээд надад 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүний дараа наадмын дараа билүү өмнө нь 5,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Миний машин дээр арван сая гарантай төгрөгийн хохирол гарсан байсан. Манай машиныг төлөлт хийгдээгүй гээд манай гэрийн хашаанаас ирээд ачаад авсан. Машинаа янзлуулж аваар байна. Машины кропийг янзлуулж авмаар байна...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9, 12-14 дэх тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

- Хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч У.Ний хууль ёсны төлөөлөгч М.Ууганхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч А.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6896 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6897 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

- “Виннер Вэй” ХХК-ийн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 9049 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

- Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

- Шүүгдэгч О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 183 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 186 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 183 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Тээврийн прокурорын газраас О.Гийг 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 08 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Зам гүүрийн авто баазын урд замд “Toyota” маркийн “Prius Alpha-XW40” загварын 9677 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...эсвэл ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Мын жолоодон явсан “Тоёота” маркийн “Сай” загварын 91-08 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ж.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч 7 настай, эмэгтэй У.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Нямсүрэнгийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Сай” загварын 91-08 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 10,788,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч О.Г нь 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 08 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Зам гүүрийн авто баазын урд замд “Toyota” маркийн “Prius Alpha-XW40” загварын 9677 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Мын жолоодон явсан “Тоёота” маркийн “Сай” загварын 91-08 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ж.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч 7 настай, эмэгтэй У.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Нямсүрэнгийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Сай” загварын 91-08 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 10,788,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9, 12-14 дэх тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

- Хохирогч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө 07 цаг 40 минутын орчимд гэрээсээ хүү Ууганхүүгийн эзэмшлийн “Тоёота Сай” маркийн 91-08 УАР улсын дугаартай автомашиныг жолоодоод хоёр ач охины хамт гарсан, тухайн үед хоёр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх зорилготой гэрээсээ гарсан. Тэгээд зам гүүрийн авто баазын зүүн талын замаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал эсрэг урсгалд явж байсан машин их хурдтай өөдөөс ирж байсан би тэр үед машинаа зогсооход миний жолоодож явсан машиныг ирээд мөргөөд зогссон. Ослын дараа би хэсэг ухаан балартсан тэгээд 2 хүүхэд рүүгээ харахад нэг хүүхдийнх нь хамраас нь цус гараад нөгөө хүүхдийнх нь амнаас цус гарч байсан. Би 2 хүүхдээ машинаас буулгасан, тэгэхэд нэг залуу ирээд би цагдаа болон эмнэлэг дуудаад өгье гэж хэлээд дуудлага өгсөн би хүү Ууганхүү рүү залгаад ослын талаар хэлээд дуудсан, тэр үед би нөгөө машины жолооч руу уурлаад загнасан удаагүй байтал цагдаагийн машин ирсэн дараа нь түргэний машин ирээд бид нарыг үзэж байхад замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн би хоёр охинтойгоо мөн нөгөө машины жолооч бид дөрөвийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч У.Ний хууль ёсны төлөөлөгч М.Ууганхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдрийн өглөө манай ээж Ж.М манай хүүхэд У.Н, Оюу-Эрдэнэ хоёрыг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан, эхнэрийн эзэмшлийн “Тоёота Сай” маркийн 91-08 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан юм. Хүүхдүүдийн эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлаа нэхэмжилж байна. Хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгал хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч А.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сард Бичил Глобус нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлийн гэрээ байгуулан худалдан авч байсан, миний эзэмшлийн автомашин байгаа юм, уг тээврийн хэрэгслийг хадам ээж Ж.М болон нөхөр М.Ууганхүү нар жолоодож замын хөдөлгөөнд оролцдог юм. Миний машины урд хэсэг нь нэлэнхийдээ эвдрэлтэй болсон байна лээ. Үнэлгээгээр 10,650,000 төгрөг болж байсан. Би гомдолтой байна. Автомашинд учирсан эвдрэл хохирлыг нөхөн төлүүлж, хохирлыг нэхэмжилж байна, би машинаа аваад 1 жил л болж байгаа засууллаа гэхэд цаашид ямар үр дагавар гарахыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6896 дугаартай: “...Ж.Мын биед баруун богтос ясны титмэн сэртэнгийн хугарал, хэвлийд цус хуралт, бугуйн үе, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6897 дугаартай: “...У.Н-н биед дух, хацар, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

- “Виннер Вэй” ХХК-ийн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 9049 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

- Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

- Шүүгдэгч О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Автомашиныг жолоодож гэрлүүгээ харихаар дэнжийн 1000-ын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Би тухайн өдрийн өмнөх өдөр нь таксинд яваад өглөө нь жоохон зүүрмэглэсэн байсан, тэгээд зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байснаа санаж байгаа, эсрэг урсгалаас машин ирж байсныг зүүрмэглэсний улмаас анзаараагүй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан. Би 2014 онд Нийслэлийн 39 дүгээр сургуулийг 9 дүгээр анги төгсөөд тэгээд Хүнс технологийн политехник коллежид 2.5 жил сураад 2017 онд аяллын хөтөч мэргэжлээр төгссөн. Тэгээд 2017 онд Соёл урлагийн их сургуульд элсэн орж одоо тус сургуулийн 3 дугаар курст суралцаж байна. Одоогоор эрхэлсэн ажилгүй байна, гэртээ эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа. Би осол болохоос өмнө таксинд явдаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 183 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Гийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Мын жолоодон явсан “Тоёота” маркийн “Сай” загварын 91-08 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ж.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч 7 настай, эмэгтэй У.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Нямсүрэнгийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Сай” загварын 91-08 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 10,788,000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж буй нийгэмд аюултай үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.  

Иймд шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч Ж.Мын эмчилгээний зардалд баримтаар 688.288 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч О.Г нь шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас 4,788,000 /дөрвөн сая долоон зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Нямсүрэнд олгуулах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч У.Н нь ирээдүйд гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх тул гэмт хэргийг улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийгэж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүүгдэгч О.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас 4,788,000 /дөрвөн сая долоон зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1091 тоотод оршин суух А.Нямсүрэн /РД: УХ92061408/-д олгож, насанд хүрээгүй хохирогч У.Нийн хууль ёсны төлөөлөгч М.Ууганхүүгийн насанд хүрээгүй хохирогч У.Нд учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            6. Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ