Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
Хэргийн индекс | 186/2022/0725/Э |
Дугаар | 2022/Ш/788 |
Огноо | 2022-10-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2022/Ш/788
2022 10 10 2022/Ш/788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч О.Нандинцэцэг,
хохирогч Д.Э,
шүүгдэгч Л.Сыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Сад холбогдох эрүүгийн 2211 00781 1368 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхийн хамт ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л.С, регистрийн дугаар,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.С нь 2022 оны 4 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Дээд салхитын 3 дугаар гудамжны 52а тоотод Д.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдан, түүний эрх, эрх чөлөөнд халдан, зодсоны улмаас биед нь баруун өвдөгт шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хацар хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний алимны салст, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, тохой, шуу сарвуу, цээжинд цус хуралт, баруун шагайн үений зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвуун зулгарал, баруун 6 дугаар хавирганы хугарал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э нь: “...Эмчилгээний зардал томограф, эм тариа, дусал гээд 580,000 гаруй төгрөгийн зардал гарсан тэгээд над руу 700,000 төгрөг шилжүүлсэн. Би эмнэлгийн зардлыг барагдуулчихлаа гэж үзэж байна. Одоо ажлын 22 хоног ажилгүй байсан сарын цалингаа нэхэмжилж байгаа...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Хохирогч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
- Хохирогч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 545 дугаартай шинжээч Б.Ариунзул, Н.Туяа, Б.Ганзориг нарын дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баасанжавын дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
- Хохирогч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дахь тал/,
- Яллагдагч Л.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Сыг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Дээд салхитын 3 дугаар гудамжны 52а тоотод Д.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдан, түүний эрх, эрх чөлөөнд халдан, зодсоны улмаас биед нь баруун өвдөгт шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хацар хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний алимны салст, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, тохой, шуу сарвуу, цээжинд цус хуралт, баруун шагайн үений зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвуун зулгарал, баруун 6 дугаар хавирганы хугарал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Л.С нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Дээд салхитын 3 дугаар гудамжны 52а тоотод Д.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдан, түүний эрх, эрх чөлөөнд халдан, зодсоны улмаас биед нь баруун өвдөгт шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хацар хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний алимны салст, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, тохой, шуу сарвуу, цээжинд цус хуралт, баруун шагайн үений зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвуун зулгарал, баруун 6 дугаар хавирганы хугарал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Д.Эгийн “... 2022 оны 4 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө би ажлаа тараад Л.Сын гэрт нь очиход Л.С гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид хоёр хоол хийж идчихээд хөргөгчинд нэг том савтай пиво байхаар нь хувааж уучихаад байж байтал намайг ямар ч шалтгаангүйгээр хэл амаар доромжлоод /янхан, банзал, гичий/ байсан. Тэгэхээр нь “...намайг ямар учраас доромжлоод байдаг юм бэ...” гэхэд Л.С “...чи яасан, намайг хорлох гэж ирээ юу...” гээд үсдэж газар унагаагаад миний дээрээс хөлөөрөө өшиглөөд дэвсээд эхэлсэн. Тэгээд би Л.Саас би гэр лүүгээ явья намайг битгий зодооч гэж гуйсан чинь чи цагдаагаа дууд, би хаалгаа онгорхой байлгаж байя гээд намайг газар хэвтэж байхад миний биеийн бүх л хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 545 дугаартай “...Д.Эгийн биед баруун өвдөгт шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хацар хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний алимны салст, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, тохой, шуу сарвуу, цээжинд цус хуралт, баруун шагайн үений зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвуун зулгарал, баруун 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. СТ center-ийн 2022.05.06-ны цээжний КТГ-ын CD-г ШШҮХ-ийн дүрс оношлогооны эмчээр давтан шинжлүүлэхэд Д.Эд баруун 6 дугаар хавирганы шинэ хугарал тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Л.С нь хохирогч Д.Этай үл ялих шалтгааны улмаас маргалдан, түүний эрх, эрх чөлөөнд халдан, зодсоны улмаас биед нь баруун өвдөгт шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хацар хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний алимны салст, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, тохой, шуу сарвуу, цээжинд цус хуралт, баруун шагайн үений зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвуун зулгарал, баруун 6 дугаар хавирганы хугарал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Д.Эгийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Л.Сын идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Л.Сын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Д.Э нь “...Эмчилгээний зардалд 700,000 төгрөг над руу шилжүүлсэн байсан. Би одоо ажилгүй байсан 1 сарын цалинг нэхэмжилмээр байна...” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ байх боловч хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Л.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжпэл гаргах, гарсан нэхэмжпэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заасан байх тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэл гарган оролцож байна. Тусламж үйлчилгээний зардал болох 186,500 төгрөгийг яллагдагч Л.Саас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/-ийг гаргасан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.
Хохирогч Д.Эд бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 186,500 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Л.Саас уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсан зүйлгүй, шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 186,500 /нэг зуун наян зургаан мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч Л.Саас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлж барагдуулахаар тотгоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ