Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0555

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ХТ” ХХК

Нэхэмжлэгч: “ХТ” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нар

Нэхэмжлэлийн шаардлага: “2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 365 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа

Хариуцагч улсын байцаагч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0421/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХТ ХХК-иас хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нарт холбогдуулан “2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14-т заасныг тус тус баримтлан ХТ ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “ХТ” ХХК-иас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Татварын улсын байцаагч нарын үйлдсэн “нөхөн ногдуулалтын акт” нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Татварын ерөнхий хуулийн 5.1.2-т тодорхой байх; 5.1.3-д шударга байх; зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-д дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн. Нөхөн татвар ногдуулах уу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-д заасан эх үүсвэрийн ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь шийдвэр нь үндэслэлтэй болж чадсангүй.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэж болох ба манай тохиолдолд бидний зүгээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсныг ойлгох хэрэгтэй.

3.3. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана гэж заасны дагуу манай компанийн үйлдсэн татварын тайланг маш өндөр дүнтэй хаана байдаг нь эргэлзээтэй зарлаж буй үнэ нь бодит үнэн биш бирж гэх байгууллагын үнэнд таарахгүй байна гэж удаа дараа буцаагаад байхаар бидний зүгээс дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу татварын тайлангаа татварын албанд цаасаар үйлдэн шуудангаар хүргүүлдэг байсан. Гэтэл Татварын алба биднийг огт тайлан гаргадаггүй, хүргүүлээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Шуудангийн баталгаагаар хүргэгдсэн татварын тайлан алга болох ёсгүй шүүх энэ байдлыг дүгнэж үзэх боломжтой байсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0365 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “ХТ” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нарт холбогдуулан “2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.2. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нар нь “ХТ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж дээрх нөхөн ногдуулалтын актаар

“1. Гаалийн мэдээгээр 2018 онд 1,215.12 тн, 2019 онд 22,345.07 тн, 2020 онд 17,639.76 тн, 2021 онд 10,385.28 тн нийт 51,585.22 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 259,427,061.57 төгрөг, 2019 онд 11,517,384.31 төгрөг, 2020 онд 8,484,428,160.90 төгрөг, 2021 онд 3,751,089,276.89 төгрөгийн нийт 24,012,329,083.67 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,

2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /ТТ-15/ тайлангаар 2018 онд 1,215.12 тн, 2019 онд 22,345.07 тн, 2020 онд 17,639.76 тн, 2021 онд 10,385.28 тн нийт 51,585.22 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 259,427,061.57 төгрөг, 2019 онд 11,517,384,584.31 төгрөг, 2020 онд 8,484,428,160.90 төгрөг, 2021 онд 3,751,089,276.89 төгрөгийн нийт 24,012,329,083.67 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,

3. Ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр 2018 онд 40,307,827.29 төгрөг, 2019 онд 38,518,302.51 төгрөг, 2020 онд 8,718,302.51 төгрөг, 2021 онд 419,139,069.51 төгрөг нийт 87,544,432.31 төгрөгийг хуулийн хугацаанд нь төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан гэх зөрчлүүдэд ...2,966,359,633.15 төгрөгийн нөхөн татвар, 923,933,394.13 төгрөгийн торгууль, 546,441,810.04 төгрөгийн алданги, нийт 4,436,734,837.32 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр тогтоосон байна.

2.3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.4. Анхан шатны шүүх “...хайлуур жоншны зах зээлийн үнийг Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор тодорхойлох боломжтой байх тул дээрх хууль болон Засгийн газрын тогтоолыг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар нөхөн төлбөр, торгууль, алданги тогтоосон хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.5. Учир нь Ашигт малтмалын тухай хууль /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2-д “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална”, 47.3-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал, эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт... алданги тооцох бөгөөд”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт албан татвар ногдох бөгөөд хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод  гаргахдаа олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөхөөр зохицуулсан байна.

2.7. Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа борлуулалтын үнэлгээг дутуу тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, АМНАТ-ийг хуулийн хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан зэрэг зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдож байх төдийгүй нэхэмжлэгч компанийг 2018, 2020-2021 онуудын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг үнэн зөв тайлагнаж ирүүлээгүй талаар захиргааны байгууллагаас тухай бүрт нь шаардлага хүргүүлж, тайланг буцаан, үнэн зөв тайлагнаагүй тохиолдолд хяналт шалгалтад хамруулах үндэслэл болох талаар анхааруулсаар байхад нэхэмжлэгчээс энэхүү зөрчлөө арилгаагүй тухайн тохиолдолд хариуцагчаас дээрх хуульд заасныг үндэслэн маргаан бүхий актаар нөхөн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.8. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх” зарчмыг зөрчсөн өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн нөхөн татвар ногдуулах, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 2.2.6-д “уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай 47 дугаар зүйлийн 47.14-д заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6-д уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-д заасныг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьсан” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

2.9. Мөн Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.4-д “Татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана”, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 28.10-д “Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэж заасны дагуу татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүрэгтэй.

2.10. Гэтэл татвар төлөгч “ХТ” ХХК нь 2018 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ хэсгийг хоосон ирүүлснийг дахин тайлагнуулахаар буцаасны дагуу нэхэмжлэгчээс хавсралт мэдээ хэсгийг дахин илгээснийг хүлээн авснаар, мөн 2020 оны ТТ-15 тайланг нэхэмжлэгчээс илгээснийг татварын алба шалгуур үзүүлэлт хангахгүй тул тайланг залруулж ирүүлэхээр 2 удаа буцаасан боловч тайлангаа засварлахгүй дахин ирүүлснийг татварын алба хүлээн аваагүй, 2021 оны нэхэмжлэгчээс илгээсэн тайланг шалгуур хангаагүй, экспортод гаргасан тоо хэмжээний мэдээлэл зөрүүтэй, экспортын борлуулалт тул олон улсын худалдаанд зөвшөөрөгдсөн үнээр тайлагнах талаар сэтгэгдэл бичиж, тайланг залруулахаар татвар төлөгчид буцаасан боловч нэхэмжлэгч компаниас засварлахгүйгээр тайланг дахин ирүүлснийг анхааруулж хүлээн авсан талаар нэгэнт Татварын маргаан таслах зөвлөлөөс үндэслэл бүхий дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэж заасны дагуу манай компанийн үйлдсэн татварын тайланг маш өндөр дүнтэй хаана байдаг нь эргэлзээтэй, зарлаж буй үнэ нь бодит үнэн биш, бирж гэх байгууллагын үнэнд таарахгүй байна гэж удаа дараа буцаагаад байхаар бидний зүгээс дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу татварын тайлангаа татварын албанд цаасаар үйлдэн шуудангаар хүргүүлдэг байсан, Татварын алба огт тайлан гаргадаггүй, хүргүүлээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

2.11. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 5.1.1-д зайлшгүй байх, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх”, 5.1.4-т “үр ашигтай байх”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх” гэж тус тус заасны дагуу хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №******* дугаар нөхөн ногдуулалтын акт нь хуульд нийцсэн, холбогдох журмыг зөрчөөгүй байна.

2.12. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА