Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 121

 

2016.11.22                                                     121

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 180/2016/0124/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                     Г.Мөнхномин,
Улсын яллагч                  Ч.Батбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             С.Нарангэрэл,
Шүүгдэгч                                                      Д.Батхүү нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасүрэнгийн Батхүүд холбогдох эрүүгийн 201623000245 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сум 01 дүгээр багт оршин суух хаягтай, 2004 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, 2007 оны 07 дугаар сарын 26-ны Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2012 оны 04 дүгээр сарын 03-ны Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын  хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй гэх хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Даваасүрэнгийн Батхүү  /РД:СЖ85112712/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Батхүү нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Хүйтэний хөх дов гэх газраас иргэн С.Чинбатын олон тооны буюу 68 тооны хонийг хулгайлж бага бус хэмжээний буюу 5.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн болон хавтаст хэрэгт авагдсан дараах
бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:
Хохирогч С.Чинбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай нутгийн Баярхүү гэх залуу надруу утсаар яриад танайх хонио бүртгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийнхөө гэрийн гадаа тоолж үзэхэд 68 тооны хонь дутсан. Тэгэхэд өөрийн хониноос 68 тооны хонь алга болсоныг мэдсэн. Хадланд гарч байсан учраас хэзээ алга болсныг нь мэдэхгүй байна. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тоолоход бүрэн байсан. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай хонин дээр 12 настай Батжавхлан гэдэг хүүхэд байсан юм. Батжавхлан тухайн өдөр үдийн өмнө өөрийнхөө хонийг гэрээс зүүн тийш байх бүрднээс услах гээд туугаад очсон гэж байсан. Бүрдэн дээр хонио усалж байхад Эрдэнэжамцын Болдоогийн малыг харж байгаа Батхүү ирж уулзаад манай хоньчин хүүхдийг гэрийн гадаа байгаа аргамжаатай морийг бариад ир гээд явуулсан байсан. Тэгээд манай хоньчин хүүхдийг Батхүүгийн гэрийн гадаа байсан морийг бариад ирэх зуур Батхүү манай хонины хажууд үлдсэн гэж хэлж байсан. Мөн манай гэрээс зүүн ургаш байдаг Гомбодулам эгч бүрднээс хонио услаад гэрийнхээ тийшээ гараад  явж байхдаа манай хонийг өөр нэг айлийн хоньтой нийлсэн гэж хэлж байсан. 2 хонь нийлж байхад дунд 1 морьтой хүн байсан гэж хэлж байсан. Тэгэхээр Батхүү манай хоньчин хүүхдийг гэрлүүгээ морь авчруулахаар явуулаад тэр хооронд нь манай хониноос өөрийнхөө хонинд нийлүүлсэн байх гэж бодож байна, ... Манай хониноос нийт 68 тооны хонь алдагдсан. Үүнээс Батхүү 33 тооны хонийг Улаанбаатар хотруу борлуулсан байсан. 2016 оны 08-р сарын 28-ны өдөр Эрдэнэжамцын Болдбаатар өөрийнхөө хониноос манай 26 тооны хонийг ялгаж өгсөн байсан. Батхүү Э.Болдбаатарын гэрт малыг нь харж байдаг байсан. Манай хониноос нас бие гүйцсэн эр хонь 15, эм хонь 16, эр төлөг 8, эм төлөг 2, эр ишиг 13, эр хурга 14 алдагдсан, үлдэх 8 тооны хонио нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/,
Гэрч Д. Мандахын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Батхүү надтай яриад малын гарал үүслийн бичгээ Эрдэнэжамц ахын хотноос бэлтгэсэн, мал бэлтгэсэн хүн Эрдэнэжамц ах бэлтгэсэн гэж аваарай гэж хэлэхээр нь малын гарал үүслийн бичиг авахдаа Эрдэнэжамц ахын нэрээр авсан. Малын имийг 2 чих нь цуулбар имтэй гэж аварай гэж хэлсэн. Тэгээд дараа нь мал эмнэлэгийн бичиг аваад орой 20 цаг болж байх үед Батхүүгийн гэрлүү явсан. Самдан Баяраа аймгаас ирсэн гээд аймгийн бой ажиллахгүй байгаа гэж байсан. Тэгэхээр нь аймгийн төв рүү явахаа болиод Улаанбаатар хот руу хонь хэдээр ачих вэ гэж Батхүүг асуухаар нь нэг хонь 10000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхэд аймгийн бой ажиллахгүй юм чинь Улаанбаатар хот руу ачих уу гэсэн. Тэгээд энд ирсэн юм чинь хонио ачаад Биндэр сумын төв орчих гэж хэлсэн. Тэгэхээр нь миний ачаа бага юм байна даа гэхэд та сумаас нэмээд ачаа харчих гэж хэлсэн. Тэгээд миний 14-45 СҮА улсын дугаартай маяти-1 маркийн машин дээр нийт 33 тооны хонь ачсан. Тухайн үед хониных нь эр эмийх нь тоог гаргаагүй. Намайг анх Эрдэнэжамцын Болдоогийн гэрийн гадаа ирэхэд хонь мал харагдаагүй болохоор өглөө ачих юм байх гэж бодоод унтах уу гэсэн чинь хашаатай байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт ачсан. Би хонио ачиж дуусаад Биндэр сум руу явсан. Батхүү гэртээ ганцаараа үлдсэн. Би маргааш Болдоотой уулзаад араас чинь яваад очъё гэж хэлсэн. Биндэр суманд ирж хоноод 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр надад өөр ачаа олдоогүй тэгэхээр нь Батхүүгийн хонинуудыг Аюурзаны Ганбаа ахыг Улаанбаатар хотруу явлаа гэхээр нь Ганбаа ахад ачуулсан. Тэгээд Ганбаа ах Улаанбаатар хотруу ачаад явсан. Тэрнээс хойш би гэртээ байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Батхүүг хулгайн мал ачуулсан гэдгийг мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
Гэрч Э.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... би тухайн үед хадлангаа хадаж байгаад гэртээ ирэхэд Батхүү цагдаа нарт баригдаад явсан байсан. Тэгэхээр нь маргааш нь өөрийнхөө хонийг тоолж үзэхэд манай хонинд Чинбат ахын 26 тооны хонь байсан. Тэр 26 тооны хонь 3 тооны төлөг, 1 тооны эм хонь, бусад нь хурга ишиг байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө хониноос ялгаад Чинбат ахад өгсөн. Би өөрийнхөө хонинд Чинбат ахын хонь байгааг мэдээгүй тоолж байж ялгаж мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Насанд хүрээгүй гэрч Т.Батжавхлангын мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг бүрдэд хонио услаж байхад бүрдийн хойно байдаг Батхүү ах хонио туугаад ирсэн. Тэгээд Батхүү ах бүрдийн хойд талд манай хониноос жоохон зайдуу өөрийнхөө хонийг үлдээгээд надтай ирж уулзсан. Батхүү ах надтай уулзаад манай гэрийн зүүн урд байгаа аргамжаатай морь аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би хонио бүрдэнд үлдээгээд Батхүү ахын гэрийн тийшээ морь авчрахаар явсан. Тэгэхэд Батхүү ах манай хонин дээр үлдсэн. Би морийг нь барьж хөтөлж ирээд Батхүү ахад морийг нь өгөөд өөрийнхөө хонийг уснаас гаргаад буцаад явсан. Намайг морь хөтлөөд ирэхэд манай хонь болон Батхүү ахын хонь тус тусдаа байсан. Намайг бүрд дээр хонио үлдээгээд Батхүү ахын гэрлүү явахад Батхүү ахын хонь манай хониноос ойролцоогоор 200 орчим зайд байсан. Мөн Батхүү ах хонин дээрээ хараад үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Л.Гомбодуламын: Би бүрдээс хонио гаргаад урагш тууж яваад гэрийнхээ зүүн хойно уулийн энгэрт ирээд байж байхад Тогоогийн хонь бүрдэд усанд орж байсан. Тэгж байхад Тогоогийн хонь өөр нэг айлын хоньтой нийлсэн. Тогоогийн хоньтой нийлсэн хонийг хэний хонь гэдгийг нь мэдээгүй, цөөхөн хонь байсан. Хонь нийлж байх үед Тогоогийн хонин дээр 1 морьтой хүн байсан. Би тухайн үед хоньчин нь байна гэж ойлгосон. Би хол байсан учраас таниагүй юм. Тогоогийн хонь өөр нэг айлын хоньтой нийлж байхад нь хойд талаасаа 1 хөтөлгөө морьтой хүн ирж байгаа харагдсан. Ямар хүн хөтөлгөө морьтой ирж байгааг нь таниагүй. Тэгээд тэр 2 хүн хонио хоёр тийш нь туугаад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/.
Гэрч С.Баярзулын мөрдөн байцаалтанд өгсөн: Би аймгийн төв дээр эхнэр дээрээ байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ ирсэн юм. Хөдөө гэртээ ирээд байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гэрийнхээ баруун хойд талд байх Эрдэнэжамцийн Болдбаатарын гэрээр хэссэн юм. Би тухайн үед Бук Баяраатай хамт Бук Баяраагийн мотоцикльтой очсон. Тэгэхэд Эрдэнэжамцын Болдбаатарын гэрт Батхүү ганцаараа байсан. Эрдэнэжамцын Болдоог эхнэрийнхээ хамт хадландаа явсан гэж байсан. Батхүүтэй юм яриад нилээн удсан. Батхүү урьд нь миний мотоциклийг аваад дугуйг нь хагалчихсан гэрийнх нь гадаа байсан. Бук Баяраа бид 2 дэмий зүйл ярингаа миний мотоциклийн дугуйг нөхсөн. Бук Баяраа бид 2-ыг Батхүүгийн гэрт байхад нэг утсаар яриад байсан. Батхүү та хүрээд ирээ би өөдөөс гэрэл гаргая гэж хэлэхийг нь сонссон. Тэгээд Баяраа бид 2-ыг мотоциклийн дугуй нөхөж байхад Биндэр сумын хот хооронд явдаг Мандах ах ачааны машинтай ирсэн. Мандах ахыг ирээд удаагүй байхад Баяраа бид 2 гэр лүүгээ харихаар явсан. Мандах ахыг ямар зорилгоор ирсэнийг мэдээгүй. Баяраа бид 2-ыг яваагүй байхад надаас аймгийн бой ажиллаж байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би ажиллаагүй байна лээ гэж хэлэхэд Мандах ах тэгвэл өнгөрч дээ гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч А.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотруу барилгын материал татахаар явах ажил гарсан. Тэгээд Улаанбаатар хот явах ачаа харж байгаад гудамжинд Мандахтай таарсан чинь би 33 хонь ачаад явах гэсэн чинь миний машины ачаа гүйцэхгүй байна, надад өөр ачаа олдохгүй байна. та ачаад Улаанбаатар хот явах уу гэж асуухаар нь тэгье гээд Мандахын машин дээр ачаатай байсан 33 тооны амьд хонийг ачаад Улаанбаатар хотруу явсан. Мандахын машины ачаан дээр ачаатай байсан 33 тооны хонины малын гарал үүслийн бичиг нь байсан. Би 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотруу яваад 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед налайх дүүрэгт ирж мал нядалгааны газарт ачиж явсан 33 тооны хонио оруулсан. Тэгээд Мандах надад нэг утасны дугаар өгөөд налайхын мал нядалгааны газарт очоод залгахад тосоод авна гэж хэлсэн. Тэгээд налайх дүүрэгт малыг нь ажиллуулаад нөгөө хүнрүү залгасан чинь утас нь болохгүй байсан. Тэгэхээр нь Мандахруу залгаад нөгөө хүний чинь дугаар болохгүй байна. яах юм бэ гэсэн чинь наанаа байгаа ханшаар нь хонины махаа өг гэж хэлсэн, тэгээд 33 тооны хонь нь нийт 2.200.000 төгрөг болсон. Нэг хонь хэдэн кг болсныг нь мэдэхгүй байна. би хонь зарсан мөнгөнөөс нь Улаанбаатар хотруу тээвэрлэсэн зардал гэж 335.000 төгрөг авсан. Мандах руу малын гэрэл үүслийн бичиг хөдөөнөөс авчирсан тээврийн зардал гэж 75,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үлдсэн байсан 1.790.000 төгрөгийг Цагдаагийн хэсгийн дарга Отгонжаргалд өгсөн. Цагдаагийн хэсгийн даргын надруу утасаар ярихаар нь Батхүүг малын хулгай хийсэн талаар мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/ ,
Шүүгдэгч Д.Батхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 60 тооны хонийг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, харин 8 тооны хонийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хулгайлаагүй. Би хохирогчийн хониноос 60 хүрэх тооны хонийг таслаад 33 тооны хонийг ачуулж, үлдсэн хонийг нь Болдбаатарын малд орхиод цагдаад баригдаад үнэнгээ хэлсэн. Тиймээс одоо нэхэмжлээд байгаа 8 тооны хонийг хулгайлаагүй тул төлөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа тул хөнгөн ял шийтгэж өгнө үү гэсэн мэдүүлэг,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, малын үнэлгээ /хх-ийн 3-5, 43 тал/,
Шүүгдэгч нь хувьд оногдох эд хөрөнгөгүйг нотолсон баримтууд /хх-ийн 46-48, 50, 52 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 60-75 тал/ зэрэг болно.
Прокурорын газраас шүүгдэгч Д.Батхүүг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Хүйтэний хөх дов гэх газраас иргэн С.Чинбатын олон тооны буюу 68 тооны хонийг хулгайлж бага бус хэмжээний буюу 5.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэгт хамааралтай бүхий л бичгийн нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч Д.Батхүү нь 8 тооны хоныг хулгайлсан гэх үйлдэл нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс шүүх шүүгдэгчийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Хүйтэний хөх дов гэх газраас иргэн С.Чинбатын 8 тооны хонийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлийн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Батхүүг бусдын олон тооны хонь буюу 60 тооны хонийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 4.530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй болно. Шүүгдэгч нь хувьд оногдох эд хөрөнгөгүй байх тул шүүх түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан хул халзан зүсмийн 9 настай морь нь иргэн Э.Болдбаатарын өмчлөлийнх байх бөгөөд өмчлөгч нь уг морийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглахыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан байх тул шүүх морийг өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.  
Шүүх шүүгдэгч Д.Батхүүд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батхүүгийн 8 тооны хонь хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Боржигон овогт Даваасүрэнгийн Батхүүг бусдын эд хөрөнгийг буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батхүүгийн эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
    4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Батхүүд оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Батхүүгийн цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн Э.Болдбаатарын 9 настай хул халзан морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
    7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
    8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УЯНГА