Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0386

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүгч Д.Ч, шүүгч С.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэл гаргагч: “А С”  ХХК /РД:***/ Улаанбаатар хот, **

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба.

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У-д холбогдох хэсгийн 322,4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А С” ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсний дагуу уг хэмжээгээр газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.О, гуравдагч этгээд Б.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, иргэдийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Ус суваг ашиглалтын газрын контор, лабораторийн дуусаагүй барилга, 1000 оюутны байрыг түрээсээр эзэмшиж байх үедээ 739,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүрэн ашиглалтад оруулан түрээсийн давуу эрхээр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2004 оны 10 сарын 18-ны өдрийн 92 дугаар тогтоолоор 74,158 сая төгрөгөөр хувьчилж авсан юм.

Тус барилгын гадна талбайн тохижилтод манай компани 2003 онд 25,0 сая төгрөг зарцуулж байсан бөгөөд иргэдэд газар олгож эхэлсэнтэй холбогдон манай барилгын нүүрэн талын гадна төмөр хашааны гортиг дотор орчны гэрэлтүүлэг сайжруулах, хүүхэд, оюутан залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх жижиг хэмжээний талбай хийж, галын болон түргэн тусламжийн автомашин чөлөөтэй өнгөрөх нөхцөлийг бүрдүүлэн 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Асгат сервиc ХХК-ийн албан бичгээр байрны гаднах зам талбай 850 м.кв газрыг бид нар өөрсдийн хөрөнгөөр урд болон хойд талын бүх газраа тохижуулж, тус тохижуулалтад 24,000,000 төгрөг орсон талаар дурдаж, энэ газрын талбайн тохижилтыг баталгаажуулж өгөөч, үүний дагуу газар эзэмших хүсэлттэй гээд тохижуулсан зургаа тод зурж хавсаргаж өгсөн нь одоо хавтас хэрэгт байна.

Ямар газар эзэмших вэ гэхэд 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Т С” ХХК гээд кадастрын хувийн компаниар 36 цэг бүхий 9237,67 м.кв газрын кадастрын зургийг зуруулаад, энэ талбайгаа авахыг хүссэн байгаа. 8 цэгтэй 176,33 м.кв хашаа, 25 цэгтэй 7788,61 м.кв хашаа зурагдсан байгаа юм. 9237 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар 7000 м.кв талбайг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу гэрээ байгуулж гэрчилгээ авсан. 7000 м.кв газар эзэмшдэг гээд явж байсан барилгын нүүрэн талдаа авто зогсоолтой, ард талдаа хашаатай, аж ахуйн газар яваад байгаа юм. Үүний дараа 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/444 дүгээр захирамжаар газар эзэмших 000317001 дугаар бүхий гэрчилгээг олгож, Баянзүрх дүүргийн тухайн үеийн Өмч, газрын харилцааны албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, өнөөдрийг хүртэл 7000 м.кв газрын талбайг эзэмшиж байгаагаар газрын төлбөрөө төлж байгаа болно.

2015 оны захирамжийн хүрээнд бид 7000 м.кв талбай эзэмших ёстой боловч тухайн үеийн дүүргийн Газрын албаны удирдлага, байцаагч нар манай эзэмшил газрын нүүрэн талын 700 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан бидэнд 6370 м.кв талбайг эзэмшүүлж байгаа ба бид газрын төлбөрийг 7000 м.кв талбайгаар тооцон барагдуулж ирсэн. Бид анх энэхүү барилыг худалдан авч авч тохижуулж байхад байгууллагын эргэн тойрны хашааны гортиг дотор энэхүү инженерийн байгууламж гэх газрыг анхнаасаа оролцуулан барьсан байсан юм. Инженерийн байгууламжтай, нийтийн эзэмшлийн талбай гэсэн атлаа бидний хүсэлтийг 6 жил үл харгалзан Дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамжаар иргэн Б.У-д манай хашаан дотор 500 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон байсан ба Б.У гэх хүн манайх энд газар авсан гээд гэр буулгаад эхэлсэн. Газрын байршлыг нь харахад 1000 оюутны байрны хашаан дотор, оюутны байрны цонхны доор хашаа өгсөн байсан. Б.У газрын тухай өргөдөл гаргахдаа шаардлага хангасан өргөдөл гаргаагүй. Өмнө нь манай эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцуулан хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 7000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Уг газар мэдээллийн санд орсон гэж байсан, бодит байдал дээр газрын кадастрын мэдүүлгийг 6176 м.кв буюу 800 гаран м.кв газрыг мэдээллийн санд оруулаагүй, Б.У-гийн гаргасан хүсэлттэй холбоотой газрууд байсан. Б.У-гийн гаргасан хүсэлтийн хашааны дотор орсон хэсгийг давхацсан гэж үзэж, хашааны гаднах 100 орчим м.кв газартай маргаагүй. Б.У-гийн гаргасан хүсэлт бусдын хүсэлт гаргасан газартай давхцаагүй байх ёстой.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 17 дугаар хороо, эмнэлгийн гудамж, 35 тоот гэсэн хаяг бичээд маргаж байгаа газар нь өлгий 31-ийн 523а гэж байгаа хаяг байхгүй өөрийнх нь өргөдөл бичсэн хаяг огт өөр хорооны хэсэгтэй тодорхойлолт нь уг хаяг биш буюу оршин суугаа хаяг зөрүүтэй улсын бүртгэлийн тоо бүртгэлийн хаяг зөрүүтэй захирамжлалтай газар зөрүүтэй цохолт нь он саргүй, хэн тодорхойлолт бичсэн нь тодорхойгүй хаана газар эзэмшиж байгаа кадастрын зураггүй ийм өргөдөл шүүхэд газар эзэмшье гээд авчирч өгсөн байна. Үүний дагуу шийдсэн. Газрын тухай хуульд зааснаар газрыг эзэмших ёстой гэдгийг иргэн хуулийн этгээд хэнд ч гаргах хэрэгтэй. Хамгийн түрүүнд гаргасан өргөдлийг шийдэх хэрэгтэй. “А С”  ХХК-ийн гаргасан өргөдлийг 6175 м.кв болсон гэдгийн урьдчилан хэлэх ёстой. Б.У бусдын захирамжтай хэсэг дээр хүсэлт гаргасан нь өөрөө хууль бус байсан.

7000 м.кв газар олгосон хүчин төгөлдөр захирамжийн дагуу жил бүр газрын төлбөрөө төлж байна. Гэрээ гэрчилгээ байгаа учир мэдээллийн санд ороогүй болоод Б.У-д газар эзэмших эрхийг өгсөн байна тул нэхэмжлэл гаргасан. Захирамжид заасан газрыг мэдээллийн санд оруулаагүй байгаа нь газрын албаны хууль бус эс үйлдэхүй учир газрын кадастрын зураг нь Газрын тухай хууль зөрчсөн байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаан хэлсэн тайлбартаа: ...Маргаан бүхий газар нь нийслэлийн Өмчийн газартай худалдах, худалдан авах гэрээний үр дүнд шилжиж ирсэн. Маш олон оюутнууд байр түрээсэлж амьдардаг нийтийн байр юм. Нийтийн байр учир орчны газар зайлшгүй шаардлагатай байгаа. Өмнөө болон хойноо хүүхэд тоглуулах талбай, авто зогсоолууд зайлшгүй шаардлагатай, хэрэгтэй байна. Ийм учраас анх хувьчилж авахад хашаа бүхий газар байсан. Хашаа бүхий газраа хувьчилж авсныхаа дараа хүсэлтээ бичгээр гаргасан байдаг. Ингэхдээ 2008 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр “А С” ХХК-ийн албан бичгээр байрны гаднах зам талбай 850 м.кв газрыг бид нар өөрсдийн хөрөнгөөр урд болон хойд талын бүх газраа тохижууллаа. Тохижуулалтад 24,000,000 төгрөг орсон. Энэ газрын талбайн тохижилтыг баталгаажуулж өгөөч үүний дагуу газар эзэмших хүсэлттэй гээд тохижуулсан зургаа тод зурж хавсаргаж өгсөн нь одоо хавтас хэрэгт байна.

Ямар газар эзэмших вэ? гэхэд 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Т С” ХХК гээд кадастрын хувийн компаниар 36 цэг бүхий 9237,67 м.кв газрын кадастрын зургийг зуруулаад, энэ талбайгаа авахыг хүссэн байгаа. 8 цэгтэй 176,33 м.кв хашаа, 25 цэгтэй 7788,61 м.кв хашаа зурагдсан байгаа юм. 9237 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар 7000 м.кв талбай эзэмшүүлэх захирамж гаргаад, захирамжийг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу гэрээ байгуулж гэрчилгээ авсан. 7000 м.кв газар эзэмшдэг гээд явж байсан барилгын нүүрэн талдаа авто зогсоолтой, ард талдаа хашаатай, аж ахуйн газар яваад байгаа юм. Үүний дараа 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А444 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг мөн сунгасан. Гэтэл Б.У гэх хүн манайх энд газар авсан гээд гэр буулгаад эхэлсэн. 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А178 дугаартай захирамжаар 500 м.кв газар эзэмшдэг гээд захирамж гаргаад ирсэн. Газрын байршлыг нь харахад 1000 оюутны байрны хашаан дотор, оюутны байрны цонхны доор хашаа өгсөн байсан. Б.У газрын тухай өргөдөл гаргахдаа шаардлага хангасан өргөдөл гаргаагүй. Өмнө нь манай эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцуулан хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн захирамжаар 7000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Уг газар мэдээллийн санд орсон гэж байсан, бодит байдал дээр газрын кадастрын мэдүүлгийг 6176 м.кв буюу 800 гаран м.кв газрыг мэдээллийн санд оруулаагүй, Б.У-гийн гаргасан хүсэлттэй холбоотой газрууд байсан. Б.Угийн гаргасан хүсэлтийн хашааны дотор орсон хэсгийг давхацсан гэж үзэж, хашааны гаднах 100 орчим м.кв газартай маргаагүй. Б.Угийн гаргасан хүсэлт бусдын хүсэлт гаргасан газартай давхцаагүй байх ёстой.

Баянзүрх дүүргийн газрын албанд 17 дугаар хороо, эмнэлгийн гудамж, 35 тоот гэсэн хаяг бичээд маргаж байгаа газар нь өлгий 31-ийн 523а гэж байгаа хаяг байхгүй өөрийнх нь өргөдөл бичсэн хаяг огт өөр хорооны хэсэгтэй тодорхойлолт нь уг хаяг биш буюу оршин суугаа хаяг зөрүүтэй улсын бүртгэлийн тоо бүртгэлийн хаяг зөрүүтэй захирамжлалтай газар зөрүүтэй цохолт нь он саргүй, хэн тодорхойлолт бичсэн нь тодорхойгүй хаана газар эзэмшиж байгаа кадастрын зураггүй ийм өргөдөл шүүхэд газар эзэмшье гээд авчирч өгсөн байна. Үүний дагуу шийдсэн. Газрын тухай хуульд зааснаар газрыг эзэмших ёстой гэдгийг иргэн хуулийн этгээд хэнд ч гаргах хэрэгтэй. Хамгийн түрүүнд гаргасан өргөдлийг шийдэх хэрэгтэй. “А С”  ХХК-ийн гаргасан өргөдлийг 6175 м.кв болсон гэдгийн урьдчилан хэлэх ёстой. Их хэмжээгээр олгохгүй гэж байгаа бол энийг урьдчилан шийдэх ёстой байсан. 7 хоногийн дараа захирамж гарсан байгаа. Б.У бусдын захирамжтай хэсэг дээр хүсэлт гаргасан нь өөрөө хууль бус байсан. Оюутны байрны орц гарц Б.У-д холбогдсон газар нь 20 м.кв хүрэхгүй байгаа хэрвээ энд гал түймэр янз бүрийн юм болоход гал түймрийн машин багтахгүй. Ийм аюултай онцгой байдлын дүрэм горим журмыг зөрчсөн газар олгосон. Газрын тухай хуулиа зөрчсөн учраас Б.Уд холбогдох хэрэг хууль бус хүчингүй болгуулах гэснээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна. 7000 м.кв хүчин төгөлдөр захирамж байгаа захирамжийн дагуу жил бүр газрын төлбөрөө төлж байна. Гэрээ гэрчилгээ байгаа учир мэдээллийн санд ороогүй болоод Б.У-д газар эзэмших эрхийг өгсөн байна гэсэн үндэслэлээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Захирамжид заасан газрыг мэдээллийн санд оруулаагүй байгаа нь Газрын албаны хууль бус эс үйлдэхүй учир хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Б.У анх энэ газар өөрөө амьдарч байсан. Тэгээд цонхон доор байгаа газрыг хууль бусаар газрын албаны дарга байсан учраас манай 800 м кв хасаад нийтийн эзэмшлийн татвар албан байгууллага эзэмшүүлэхгүй гэсэн хариу хэлсэн. Тэгээд хасуулсан. Одоо та нар энэ хүний нэр дээр гаргасан захирамж хараарай. Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэд эзэмшлийнхээ талбайг нь эзэмшүүлэх тухай захирамжийн эхний хэсэгт заасан байдаг. Манай хашаан дотор Б.У хэзээ ч газар эзэмшиж байгаагүй. Задгай 500 м.кв гэсэн нь хуурамч тоо эхнээсээ хууль бус байсан. Яагаад энэ охин одоо хүртэл 5,6 жил ингэж яваад байгааг ойлгохгүй байна. Надад бол эргэлзээд байх юм байхгүй гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар "“А С”  ХХК-д тус дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байр байршилд 7000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/444 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрхийг сунгасан байна.

Тухайн газрын асуудлыг дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" гэж заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэсэн байдаг.

“А С” " ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс ".. дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 дугаар захирамжаар иргэн Б.У-д 500 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд газрын кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд танай газартай ямар нэгэн давхцалгүй, бохирын шугам байрлаагүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй..." гэсэн хариуг өгсөн. Түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “А С”  ХХК, иргэн Б.У нарыг оролцуулж, Газрын албатай хамтран маргаан бүхий газар дээр очиж хэмжилт хийх, дээрх байгууллага, иргэн хоорондын газар давхцалтай эсэхийг тодруулахаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан. Газрын үзлэгээр маргаан бүхий газрыг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх шаардлагатай тул шууд шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Иймд маргаан бүхийн газарт Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хэмжилтийг дахин хийлгэх нь зүйтэй юм. Дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамжаар иргэн Б.Уд манай хашаан дотор 500м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон гэх тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжаар иргэн Б.Уд газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь олгосон,

Газрын мэдээллийн сан дахь газрын кадастрын зургаас харахад иргэн Б.У-гийн газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар “А С”  ХХК-н газартай давхцуулсан олгосон зүйл байхгүй байна. Иймд маргаан бүхий газрыг давхцуулан олгосон гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "... захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох ..." гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн захиргааны акт хууль бус захиргааны акт байх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор хуульчилсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамж нь газрыг давхцуулан олгосон нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2018 оны 06 сард Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар гаргасан байдаг. Уг тайлбарт бол нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Угийн газартай давхцалгүй байна гэдэг тайлбараар захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хариу тайлбарыг гаргасан байдаг. Миний бие энэ хэрэгт 2014 оны 02 дугаар сараас итгэмжлэлээр төлөөлөн оролцож байна. Хэрэгт хавсаргасан баримтаас үзэх юм бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ тайлбарыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байна. Нөгөө талаар үндэслэл юу вэ? гэхээр анх 2010 онд Засаг даргын захирамж гарсан байгаа энэ захирамжаар “А С”  ХХК 2014 онд А178 захирамжаар 7000 га газар олгохоор захирамж гаргасан байгаа. Энэ захирамжид заасан хэмжээгээр кадастрын зураг хийгдэх ёстой. Гэтэл газрын зураг тухайн үед бүрэн хийгдээгүй байжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт оролцсон баримтуудаас харахад анх хүсэлт гаргахад 7700 м.кв-аар хүсэлт гаргасан. Үүнийг бол инженерийн шугам сүлжээтэй давхцалтай гэж үзээд энэ хэмжээг 7000 м.кв газар гэсэн захирамж гаргаж олгосон байна. Кадастрын зураг хийгдэхдээ энэ хэмжээгээр хийгдээгүйн улмаас 2014 онд иргэн Б.Ундармаа хүсэлт гаргасан хүсэлтийн дагуу кадастрын зураг байхгүй байгаа учраас энэ газрыг олгосон байна. Энэ өөрөө эргээд давхцал үүснэ. Үүнтэй холбоотой сүүлд шинжээчийн дүгнэлт гарсан байна. Хавтаст хэрэгт холбоотой баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...7000 метр квадрат газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсний дагуу уг хэмжээгээр газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т "...захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд заах ёстой гэжээ. “А С”  ХХК-ийн эзэмшил бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн санд 6370 м.кв талбайгаар бүртгэгдсэн болохыг анх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/444 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “А С”  ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, холбогдох гэрээг байгуулахад мэдсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2015 оны захирамжийн хүрээнд эзэмших ёстой боловч тухайн үеийн дүүргийн Газрын албаны удирдлага, байцаагч нар манай эзэмшил газрын нүүрэн талын 700 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан бидэнд 6370 м.кв эзэмшүүлж байгаа гэж дурдсанаас харагдаж байна. 2015 онд “А С”  ХХК газрын мэдээллийн санд 6370 м.кв талбайгаар эзэмшиж буй газар нь бүртгэлтэй болохыг мэдсэн хэр нь тухайн үед холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаж байгаагүй болох нь дүүргийн Газрын албаны болон Тамгын газрын өргөдөл, бүртгэлийн дэвтэрт бүртгэлгүй байдлаар тогтоогддог. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны үйл ажиллагааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй байдаг ба “А С”  ХХК нь захиргааны захирамжилсан үйл ажиллагаатай холбоотой зохих байгууллагад гомдол гаргаж байгаагүй, мөн хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Хүлээн зөвшөөрөх хэд хэдэн шалтгаан байна. Анх “А С”  ХХК манай дээр ирээд бүх орц гарцаа хаагаад 9000 м.кв-аар зураг хийлгэж ирсэн. Тэрийг буцаагаад “Т С” ХХК гэдэг компаниар 7700 м.кв-аар зураг хийлгээд ирсэн. Хийлгэж ирсний дараа судалж үзээд 7000 м.кв-аар захирамж гаргах эрхийн гэрчилгээ олгосон байгаа. Тухайн үеийн байцаагч нар яах ёстой вэ гэхээр захирамж гарсан тохиолдолд 7000 м.кв га газрыг үндэслэж газрын мэдээллийн санд кадастрын зургийг оруулах ёстой. Тэрийг тухайн үед оруулаагүйгээс болоод иргэн Б.Утай газрын маргаан үүссэн. Б.У-гийн давхцаж байгаа үндсэн хэсгийн баруун талын доогуур ус зайлуулах шугамтай учраас Б.Угийн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

Гуравдагч этгээд Б.У шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Иргэн Б.У нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 31-523а тоотод байрлах 500 м.кв газрыг эзэмших эрхийн 0******* тоот гэрчилгээгээр эзэмшдэг. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс иргэн Б.Угийн өөрийн эзэмшлийн газраа эзэмших, ашиглах эрхийг зөрчиж, удаа дараа барьсан гэр, хашаа зэргийг нь буулган нураах, хөөж туух зэргээр дур зоргоороо авирлан Цагдаагийн байгууллага, Газрын алба зэрэг холбогдох газруудаар шийдвэрлэгдэж нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байсан. Мөн шүүхээс томилсон Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын дүгнэлтээр нэхэмжлэлд дурдагдсан газрууд хоорондоо ямар нэгэн давхцалгүй болох нь тогтоогджээ.

Анх хашаа байгаагүй гэр барих гээд очсон ч хашаа байгаагүй. Газраа эзэмших гээд эзэмшиж чадаагүй манай гэр, хашааг нураасан бид нарт маш их мөнгөний зардал учруулсан. “А С”  ХХК газрын албанд өргөдөл өгсөн гээд байгаа би тэр өргөдлийг Газрын алба дээр очиж шүүх шалгахад хамт байсан. Тэгэхэд өргөдөл гарч ирээгүй. Газрын албанаас өргөдөл өгсөн бичиг байхгүй. газрын албаны эдгээр хүмүүсийн өмнө байсан хүн мэдэж байгаа. 6175 м.кв газар эзэмшсэн гэсэн бичиг нотлох баримтад байсан. Анхнаасаа тэрийгээ мэдсээр байж өмнө нэг ч өргөдөл газрын албанд өгч байгаагүй хамт очиж шүүсэн. Галын аюулын байдал тийм юм байхгүй. Ус сувгийн шугамаас 2,3 удаа бичиг авсан. Манай газар доогуур ус сувгийн шугам байгаа юу үгүй юу гэдгийг тэхэд ус сувгийн шугам байхгүй гэсэн бичиг нотлох баримтад байгаа. Энэ газрын албаны хүн ус сувгийн шугам байгаа гээд буруу яриад байна. Шинжээчийн дүгнэлтээр 322-оор давхацсан гээд байгаа шүүхийн шинжээч ерөөсөө тийм юм давхцаагүй гэсэн. Газар дээр үзлэг хийх гээд очиход би хамт байгаагүй. Тэр хашаа бол анхнаасаа ерөөсөө байгаагүй. Манайх хашаагаа зөндөө барих гээд урдуур хашаа барьсан байсныг эднийх бүгдийг нь нураасан. Манайх одоо түрээсийн байранд амьдардаг. Монгол гэрээ бариад газар дээрээ эзэмшээд амьдрах гээд очтол манай монгол гэрийг нураагаад явуулсан. Тэгээд тухайн үед нь өргөдөл гаргаад цагдаад өгч байсан. Эд нарын өгсөн өргөдөл гэж байхгүй шүүхийн шинжээчийн 322-оор давхацсан гэж байхгүй. Нотлох баримтад ч байхгүй. Миний хаягийг хэлээд байсан би тухай үед хотод дөнгөж ирээд нөхрийнхөө эмээгийн хаяг дээр шилжиж ирсэн тэр хаягаараа өргөдөл бичсэн гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Илт хууль бус өргөдөлгүй газар олгодог газар гэж байдаг үүнийг би авлигын шийдвэр гэж нэрлэнэ. Тухайн үед өргөдөлгүй 7000 га газар олгосон газрыг авлигын шийдвэр гэнэ. Бид 7000 га газрыг хүчинтэй юу үгүй юу гэдэг талаар маргаагүй байна. Бид авлигатай тэмцэх газар өгч болно. “А С”  ХХК хүсээгүй байхад 7000 га газар ав гээд хүчээр өгсөн. Хариуцагч итгээд 7000 га газар авъя гээд өргөдөл өгсөн гэнэ. Хавтаст хэрэгт 7700 м.кв газар авъя гэсэн өргөдөл нэг ч өгүүлбэр байхгүй. Байхгүй зүйлийг шүүх хурал дээр би 7700 м.кв газар авъя зөвшөөрч байна гэсэн өргөдөл өгснийг 7000 м.кв болгоод өгсөн учраас манайх буруутай байна манайх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гээд төрийн албан хаагч шүүхийн танхимд худлаа яриад зогсож байна. Энэ бол гутамшиг одоо энд бичлэг хийгдэж байгаа би энэ бичлэгийг хожмын өдөр авч шаардлагатай бол хариуцагчийн төлөөлөгчийг шалгуулна. Баян хүний дэргэд ядуу хүн газар авсан учраас баян хүн нь ичээд байна энэ ядуу хүнийг энд газар авах ёсгүй гэдэг үндэслэлээр мөн Ардчилсан намын хүн энэ газрыг авах ёстой.

Хавтаст хэрэгт нэг кадастрын зураг байгаа. Тэрийг кадастрын зураг гэдэггүй юм. 2004, 2005 онуудад тоо тааруулах гэдэг зүйл гарч ирсэн, тэр нь 2, 3 өдөр хийдэг хүнд ажил тоо тааруулсан ноорог цаасыг кадастрын зураг гээд байгаа юм. Тоо тааруулсан ноорог цаасан дээр шинжээч томилсон ноорог цаасыг би буруутгана. Тийм учраас би тоо тааруулсан ноорог цаасыг нотлох баримтаас хасуулъя гэсэн гэтэл тоо тааруулсан ноорог цаасыг өргөдөл гэж үзээд байна. өргөдөл байхгүй газар олгогдоод өргөдөл байхгүй газар аваад кадастрын зурагч байхгүй. Хажуудаа байгаа хуулийн дагуу өргөдлөө өгөөд газар авсан хүмүүсийг буруутгаад газрыг авна яагаад гэвэл энэ хүн ардчилсан намын хүн биш гэсэн сэтгэхүйгээр хандаж болохгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шаардлагатай гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Мэдээллийн сандаа 6194 м кв аар орсон гээд кадастр нь яагаад тийм байгаад гайхаж байна. Хариуцагчийн талд нь газрын маргааны асуудлыг кадастрын хэмжээг тодорхой болгож өгч болдоггүй юм уу? Миний ойлгосноор 2 талынх нь газар давхацсан юм шиг ойлгогдоод байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ.

“А С” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А С” ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын мэдээллийн оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба шүүх хуралдаан дээр хүчингүй болгуулах шаардлагаа Б.У-д холбогдох хэсгийн 322,4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулах хэмээн тодруулсан болно.

Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдэд хууль ёсоор газар эзэмших эрх үүсээгүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ бусдын газартай давхцаж байгаа эсэхийг тодруулаагүй, 2007 оноос хойш бодитойгоор амьдарч байгаа эрхийг нь зөрчсөн, газар эзэмших эрхийн захирамжтай газар дээр давхцуулан эзэмших эрх анхнаасаа олгосон нь Газрын тухай хуульд нийцээгүй зэргээр маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс дүүргийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан авч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй хэмээн тайлбарлаж байна.

Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдийн зүгээс 2014 онд тухайн газрыг эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргаснаар газар эзэмших эрхтэй болсон, газар эзэмших хүсэлтээ гаргах үед бусдын газартай давхцахгүй байсан, эзэмших эрхтэй болсон газарт цэвэр бохир усны шугам байхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын, гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий үйл баримт болон захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үйл баримтын хувьд,

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Ус суваг ашиглалтын газрын контор, лабораторийн дуусаагүй барилгыг түрээсийн давуу эрхээр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 221 дүгээр захирамжаар[1][1] “А С” ХХК-д өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орчны газар болох 7000 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай А/444 дүгээр захирамжаар[2][2] газар эзэмших эрхийг 10 жилийн хугацаатай сунгасан үйл баримттай талууд маргахгүй байхаас гадна хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс ийнхүү 7000 м.кв газрыг эзэмшүүлэх нь зүйтэй, нэхэмжлэл нь үндэслэлтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хамгийн сүүлийн байдлаар газар эзэмших эрхийн дагуу 000317001 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг 18******* дугаар бүхий нэгж талбарыг хувийн хэрэгт авагдсанаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байна.

Гуравдагч этгээд Б.У нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай А/178 дугаар захирамжаар иргэний ахуйн зориулалтаар 500 м.кв газар эзэмших эрх, уг эрхийн дагуу 18******* нэгж талбарын дугаар бүхий 0******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй боловч газар эзэмших эрхийг бодитойгоор хэрэгжүүлэхгүй, шийдвэр гарснаас хойших бүхий л хугацаанд уг эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгохгүй нэхэмжлэгч талаас саад болж байгаа гэсэн тайлбартай байна.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн тухайд,

Шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд, Баянзүрх дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ бичиг баримтын үзлэгийг[3][3] явуулахдаа нэхэмжлэгч “А С” ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхийг захирамжид заасан хэмжээгээр буюу талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр хүсэлт гаргаж байсан эсэх талаар шалгасан ба үзлэгээр ийнхүү хүсэлт гаргаж байсан тухай баримт олдоогүй гэх баримт, хоёр удаагийн газрын үзлэгээр маргаан бүхий газрын ойр орчмын байдлыг фото зургаар баталгаажуулж хэрэгт авагдсан баримт, Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3/457[4][4], 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/2382[5][5] дугаар албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн бичигт: Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах иргэн Б.Угийн 18******* нэгж талбарын дугаар бүхий газарт манай байгууллагын эзэмшлийн цэвэр,бохир усны шугам байхгүй гэх баримт, Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4554 дүгээр албан бичгээр[6][6] 2008-2012 онуудад Баянзүрх дүүргийн 5-р хороог хариуцан ажиллаж байсан албан хаагчдын мэдээллийг ирүүлсний дагуу тэдгээрийг шүүхээс гэрчээр оролцуулж тайлбар авсан тэмдэглэлүүд гэх эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болгон маргасан газрын хэмжээгээ нэмэгдүүлэн өөрчлүүлэх талаар удаа дараа хандаж байсан, инженерийн байгууламжтай газар хэмээн тайлбар хэлж сунгахгүй байсан гэх тайлбар няцаагдаж, энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжид дурдсан 7000 м.кв газар нь /маргаан бүхий/ байршлын хувьд хаана яаж байршиж байгааг тодруулахаар шүүхээс удаа дараа буюу тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/6497 дугаар[7][7], 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/7420 дугаар[8][8], 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/8226 дугаар[9][9], 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Нотлох баримт дахин шаардах тухай 1/8548 дугаар[10][10] албан бичгээр нэхэмжлэгч “А С” ХХК-д,

Тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/6496 дугаар[11][11], 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/7421 дүгээр[12][12], 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/8546 дугаар[13][13] албан бичгээр хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд,

Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Нотлох баримт гаргуулах тухай 1/2142 дугаар[14][14] албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээлэл технологийн хэлтэст тус тус нотлох баримт гаргуулахаар шаардаж хүргүүлсэн боловч 7000 м.кв газар байршлын хувьд хаана вэ гэдгийг нотлох баримтыг хэн аль нь гаргаж ирүүлээгүй ба энэ тохиолдолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0195 дугаар магадлалд заасан зарим ажиллагаа бүрэн гүйцэтгэх боломжгүй байсныг тэмдэглэж байна.

Анх хариуцагч Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 221 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “А С” ХХК нь 7000 м.кв хэмжээгээр газар эзэмших хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т: тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг гэж заасны дагуу  ХХК-аар 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 9237,87 м.кв, 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 7788,61 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг үйлдүүлэн Баянзүрх дүүргийн Газрын албанд өгсөн нь нэгж талбарын газрын хувийн хэрэгт ирсэн материалд авагдсан байна. Энэ нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх захирамж гарахаас өмнөх хугацаанд хийгдсэн кадастрын зураглал байна.

Уг захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа цуглуулсан болон өмнө нь хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

1.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/1581 тоотоор ирсэн албан бичигт:[15][15] “Г Л”  ХХК-ийн зурагласан иргэн Б.Угийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг дахь солбицол, “Т С” ХХК-ийн зурагласан “А С” ХХК-ийн нэгж талбарын байршлын кадастрын зураг дахь солбицлуудыг газрын байршил тодорхойлон зураглан давхцуулахад байршлын хувьд хоорондоо 322.41 м.кв талбайгаар давхцалтай байна.

Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2018 оны 08 дугаар сарын зурган мэдээллийг “Г Л” ХХК-ийн зурагласан иргэн Б.У-гийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагтай давхцуулахад нэгж талбарын 18******* дугаар бүхий 6175.64 м.кв талбайтайгаар “А С” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газартай байршлын хувьд хоорондоо давхцалгүй байна;

2. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/3267 албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хандан гуравдагч этгээд Б.У-гийн “Г Л” ХХК-аар хийлгүүлсэн кадастрын зураг, агаарын болон сансрын фото зургийг давхцуулан давхцалын хэмжээг нарийвчлан гаргаж ирүүлэхийг шаардахад тус Газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/929 албан бичгээр “Г Л”  ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг байхгүй;

3. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/347 албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлтэд[16][16]: нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны 12 дугаар сарын зурган мэдээлэлд нэгж талбарын 18******* дугаар бүхий 6175 м.кв талбайтайгаар “А С” ХХК /2077612/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 18******* дугаар бүхий 500 м.кв талбайтайгаар иргэн Б.У /ТА*******/-н нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр “А С”  ХХК-нь 5990 м.кв талбайтай газрыг хашаалсан байна. Мөн “А С”  ХХК эзэмшил газрынхаа баруун талд 25 м орчим урттай төмөр хашаа барьсан байх бөгөөд 8.5 м нэгж талбарын 18******* дугаар бүхий 500 м.кв талбайтай газартай давхцалтай;

4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2/1553 дугаар албан бичигт:[17][17] Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарын хоорондох зурган мэдээллээс нэгж талбарын 18*******, 18******* дугаараар хайлт хийж үзэхэд 2006 оны 09 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж 18******* дугаар бүхий 6175 м.кв талбайтай газар нь “А С”  ХХК-ийн /2077612/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй байна. Харин 2016 оны 07 дугаар сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18******* дугаар бүхий 500 м.кв талбайтайгаар иргэн Б.У /ТА*******/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй;

5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/1899 дүгээр албан бичигт:[18][18] Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд “А С” ХХК-ийн нэр дээр 7000 м.кв талбайгаар зураглагдсан бүртгэл байхгүй, ...газар дээр иргэн Ундралмаагийн барьсан гэх хашаа байхгүй;

6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2/2371 дугаар албан бичигт:[19][19] “Т С” ХХК-ийн 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, “Г Л”  ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус тус үйлдсэн кадастрын зургийн солбицлын утгуудыг боловсруулан нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 08 дугаар сарын архивын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд нэгж талбарын 18*******, 18******* дугаар бүхий газрууд давхцалтай;

7. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/2567 дугаар албан бичигт:[20][20]: Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 09 дүгээр сарын зурган мэдээллээс нэгж талбарын 18*******, 18******* дугаараар хайлт хийж үзэхэд нэгж талбарын 18******* дугаар бүхий 500 м.кв талбайтай газар нь иргэн Б.Угийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 18******* дугаар бүхий 6171 м.кв талбайтай газар нь “А С”  ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн байна. Тус газарт архивлагдан хадгалагдаж буй 2010-2015, 2017-2019 онуудын сансрын зургийн хил заагт нэгж талбарын 18*******, 18******* дугаар бүхий газар хамрагдсан гэх эдгээр нотлох баримтууд байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “А С” ХХК-ийн хувьд захирамжаар олгогдсоноор 7000 м.кв, дээрх “Т С” ХХК-ийн зураглан үйлдсэнээр 9237,87 м.кв, 7788,61 м.кв гэсэн хоёр өөр хэмжээгээр, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар 5990 м.кв талбайтай газрыг хашаалж, 6175 м.кв газрыг эзэмших эрхтэйгээр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18******* дугаар бүхий 6171 м.кв талбайтайгаар хэмээн өөр өөрөөр тусгагдсан байгааг шүүх дүгнэхдээ, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т: ... дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна, 23.4.3-д: эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 23.4.4-т: газрын мэдээллийн санг эрхлэх, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д: газрын кадастрыг нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ гэж заасны дагуу хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Засаг даргын газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн талбайн хэмжээгээр газар эзэмшигчийн газрын кадастрын зургийг үйлдэж, нэгж талбарын дугаар олгож, улсын бүртгэлд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь, нэхэмжлэгч “А С” ХХК-ийн зүгээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т: тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг гэснээр газрын байршил нэгж талбараа харуулсан тодорхой зөв тойм зургийг гаргаагүй нь нотлогдож, энэхүү маргаан гарах үндэслэл болсон байна.

Шүүх дээрх байдлыг дүгнэн үзэхэд, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхийн тулд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгадаг боловч ийнхүү буруутай байсныг мэдэж хамгаалуулах боломж байсаар байхад хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл тухайн газарт газар эзэмших эрхэд заасан хэмжээгээр хүсэлтээ гаргаж байгаагүй, захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй маргахгүйгээр өөрийн нэгэн адил газар эзэмших эрхтэй иргэн Б.Угийн газар эзэмших эрхийг зөрчих замаар маргаж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 ... зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрх-ийг нь хөндөхөөр байхаас гадна Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар дүүргийн Засаг даргад олгосон, тухайлбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д: энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэнд ... эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ..., мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.3-д: нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т: хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаар хариуцагч дүүргийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх хуульд заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн баримтгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших захирамж, гэрээ, гэрчилгээний дагуу 7000 м.кв газар нь хамгийн энгийнээр ертөнцийн аль зүгт байршиж байгаа нь, байрших ёстой нь тодорхой бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Газар эзэмших талаар түрүүлж үүссэн эрхийн талаар буюу хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 32 дугаар зүйлийн 32.3.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А С” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.Уд холбогдох хэсгийн 322,4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “А С”  ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

                                                 ШҮҮГЧ С.ГАНБАТ