Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

М.Аийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02112 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Бд холбогдох  

 

Гэрээнээс татгалзсантай холбоотой 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч С.Бямба-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: М.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Мөнх-Оргил

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Анхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Бтэй 7 000 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойтын 47 дугаар гудамжны 20, 21, 22 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг шилжүүлэн авахаар хэлцэл хийсэн. Тухайн хэлцлээр тухайн газрыг эрхийн доголдолгүй, гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын маргаангүй байхаар тохиролцсон бөгөөд энэ талын асуудал гарсан тохиолдолд худалдагч тал хариуцахаар хэлцэлд тусгаж өгсөн. Гэвч тухайн газар дээр өөр айл байсан ба бид эзэмших эрхээ саадгүй хэрэгжүүлэх боломжгүй болсон. Энэ талаар С.Бд хэлэхэд ямар нэгэн хариу арга хэмжээ авч өгөөгүй. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С.Бтэй байгуулсан хэлцлээс татгалзах авсан өгснөө буцаахаар тохиролцсон.

Тухайн хэлцлээр хариуцагч нь 7 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор М.Ат өгөхөөр тохиролцож бичгээр хэлцэл хийж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа өнгөрсөн боловч хариуцагч надаас зугтаж, холбоо барих боломжгүй болсон ба үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр надаас авсан 7 000 000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө, мөн Иргэний хуулийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алданги авах эрхтэй байгаа бөгөөд үүний дагуу гэрээг бичгээр хийсэн, хуульд заасан хэмжээгээр тогтоосон, гүйцэтгээгүй үүргийн дүн болох 7 000 000 төгрөгийн 50 хувь болох 3 500 000 төгрөгийн алдангийг гаргуулан авах гэсэн шаардлагуудыг гаргаж байна. гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойтын 47 дугаар гудамжны 20, 21, 22 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулан холбогдох материалыг М.Ат хүлээлгэн өгсөн.

Энэхүү газар нь хуульд заасны дагуу олгогдсон бөгөөд эрхийн ямар нэгэн доголдолгүй, гуравдагч этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалт байхгүй, хэн нэгэнтэй газар эзэмшлийн талаар маргаангүй байгаа бөгөөд доголдолтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Худалдах, худалдан авах гэрээг байгуулж байх үед уг газарт зөвшөөрөлгүй айл гэрээ барьсан байсан бөгөөд ямар нэг зөвшөөрөлгүй буусан байсан. Нэгэнт нотариатаар орж холбогдох материалыг худалдан авагчид шилжүүлсэн тул газар чөлөөлөхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсгэх боломжгүй байсан болно. Иймд гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бэс 10 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бэс 182 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч С.Б би 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр М.А, М.Энхтуяа, А.Батцэцэг нарт эзэмших эрхийн гэрчилгээтэй гурван хэсэг газар буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 47-20 тоотыг 2 000 000 төгрөгөөр, 47-21 тоотыг 2 000 000  төгрөгөөр, 47-22 тоотыг 3 000 000 төгрөгөөр тус тус нийт 7 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах, худалдан авах гурван гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн нотариатаар гэрчлүүлж, худалдан авагч нарт холбогдох материалы хамт хүлээлгэн өгсөн. Гэтэл М.А нь бусад худалдан авагч нараас ямар нэгэн итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэн хариуцагчаар 10 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг ноцтой зөрсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо "...Гэрээнээс татгалзсантай холбоотой 7 000 000 төгрөг, түүнийг хугацаандаа буцааж өгөөгүй алданги 3 500 000 төгрөг" гэсэн байдаг. Гэвч М.А нь тухайн худалдах, худалдан авах гурван гэрээг ганцаараа татгалзах эрхтэй субъект биш гэж үзэж байна.

Тухайн газарт Гомбосүрэнгийн Амарзаяа гэх айл зөвшөөрөлгүй байгаа нь доголдол гэж үзвэл анх 2016 оны 07 дугаар сарын 01-ний худалдах, худалдан авах гэрээг байгуулсан өдрөөс өмнө тухайн газарт уг айл зөвшөөрөлгүй гэрээ барьсан байсан бөгөөд худалдан авагч нар буюу нэхэмжлэгч газар дээр очсон болохоо шүүхийн хэлэлцүүлэгт дурдаж, тухайн айлд орж худалдан авч байгаагаа хэлж, хариуцагч миний зүгээс нүүхийг щаардаж байсан болно.

Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагч С.Б нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагч болон нэхэмжлэгч М.А, М.Энхтуяа, А.Батцэцэг нарын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд худалдан авагч тал болох нэхэмжлэгч М.А нь гэрээнээсээ татгалзах эрхтэй бөгөөд хэлцлийн дагуу төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрхтэй юм" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгийн доголдолтой байсан болохыг нотлож чадаагүй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч С.Бд холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбоотой 7 000 000 төгрөг, түүнийг хугацаандаа буцааж өгөөгүй алданги 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч С.Б 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэлцэл хийсэн бөгөөд уг хэлцлээр С.Б Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойт 47-20, 47-21, 47-22 тоот газрыг 7 000 000 төгрөг худалдахаар тохиролцож, газар эзэмших эрхийн гэрчилгээ солигдох хүртэл 6 сарын хугацаанд дээрх газартай холбогдсон асуудал үүсгэхгүй байхыг С.Б бүрэн хариуцаж, 47-20, 47-21-ийг А.Батцэцэг, 47-22-ыг М.Энхтуяа нарт бүрэн шилжүүлэх, С.Бд 5 000 000 төгрөгийг бэлнээр, 2 000 000 төгрөгийг Хаан банкны 5741008273 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон болох нь дээрх хэлцэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  /хх 5/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах  гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн зөв болжээ.

 

Зохигчдын хооронд хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцлээр С.Бэс 2016 оны 07 дугаар сарын 01-нд 7 000 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойт 47-20, 47-21, 47-22 тоот газрыг худалдан авсан боловч дээрх газар дээр н.Жаргал гэгч айл бууж маргаантай байгаа тул арилжаагаа буцаахаар шийдвэрлэж 7 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор М.Ат өгөхөөр, тохирсон хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 6/

 

Талуудын хооронд байгуулагдсэн дээрх хэлцлийн дагуу М.А болон М.Энхтуяа, А.Батцэцэг нарын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжээгүй, мөн хариуцагч С.Б нэхэмжлэгч М.Аээс газрын үнэ 7 000 000 төгрөгийг хүлээж авсан, С.Бямба-Эрдэнийн худалдсан гэх гэр бүлийн хэрэгцээний газарт Г.Амарзаяа гэх айл зөвшөөрөлгүй байгаа болох нь зохигчдын тайлбар, 000623432 дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5411 дугаартай тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул  хариуцагч С.Б гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойт 47-20, 47-21, 47-22 тоот газрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс хойш олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан байна. /хх 29-30, 31/

 

Энэхүү 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцлээр хариуцагч С.Б нь 7 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор буцаан төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон боловч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буруутай тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч дээрх төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бэс 7 000 000 төгрөг, алдангид 3 500 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Учир нь хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжигдэх хүртэл 6 сарын хугацаанд газартай холбоотой асуудал үүсгэхгүй байхыг хариуцсан, энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Шүүх хариуцагч С.Бд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу С.Бд өөрт нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцсэн байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт худалдах, худалдан авах гэрээний заалт, зохицуулалтыг баримталсан нь учир дутагдалтай хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүй гэж үзсэн болно.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН