Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/666

 

          

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Ариунаа, шүүгдэгч  Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Батдулам, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2203003500397 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-гийн Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын ам руу явах замд “Toyota Prius” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдон, тээврийн хэрэгслийн зорчигч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой зардал гарвал төлж барагдуулна, А.Б-ийн шүдний талаар бид хоёр ярилцсан, эмнэлгээр хамт явж үнийг нь судалсан, тэр зардлыг би төлж барагдуулна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би найз Б-гийн хамт ажлаа тараад байрлаж байсан газраа архи ууж хоноод өглөө нь босож ажлаа хийж байгаад цайндаа орчхоод шараа тайлж урд өдөр нь уугаагүй үлдээсэн байсан 0,75 литрийн ...архийг тогооч Ж-, Б- бид 3 хувааж уугаад сууж байхад Б- цайндаа орж ирсэн. Тэгээд бид гурав архиа ууж дуусахад хоорондоо ярилцаж байгаад дахиад нэг шил архи авч уухаар болоод дэлгүүр рүү явсан ...Б- Б-гийн машиныг жолоодоод урд нь, жолоочийн хажууд Б- суугаад, Ж- бид хоёр хойно суугаад явсан. Тэгээд бидний байрлаж байсан газраас баруун тийш замынхаа хойд талд байдаг хүнсний дэлгүүр орж нэг шил архийг Б- худалдаж аваад дэлгүүрээс гараад машиндаа суухад Б- би өөрөө машинаа унана гэж хэлээд дэлгүүрийн гаднаас жолоодоод хөдөлсөн шиг л санаад байгаа юм. Би урд өдөр нь уучихсан байсан. Нэмээд нэг шил архи уугаад бараг тасарчихсан, юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд л гэмтлийн эмнэлэгт сэрсэн, машинтай онхолдсоноо ч мэдээгүй. Дараа нь хамт явсан хүмүүсээс асуухад замаас гарч онхолдсон гэж байсан ...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч А.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр унтаж байгаад 13 цагийн орчим сэрээд өдрийн хоолондоо орох гээд барилгын гал тогооны гэрт ороход Б-, Б- нар өмнөх өдөр нь уучихсан гээд жоохон халамцуухан байсан бөгөөд тал шил архи гаргаад бид нар хоорондоо танилцсан, ...анх удаа л тэр хүмүүстэй уулзаж байгаа нь тэр. ...Ж- гээд тогооч эмэгтэй байсан. Тэгээд нөгөө гурав тал шил архиа уусан, би архинаас уугаагүй. Ажил руугаа явах гэтэл Б- “дэлгүүр орох хэрэг байна, та эрүүлээрээ машин бариад яваад өг” гэхээр нь түүний 00-00 ААА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн машиныг унаад барилгын хашаанаас гараад засмал зам ороод баруун талд байх хамгийн ойрхон дэлгүүрийн үүдэнд очиж зогсоход бүгдээрээ дэлгүүр рүү орсон. Машиныг би унаад Б- хажууд суугаад арын суудалд Б-, Ж- хоёр сууж явсан. Тэгээд дэлгүүрийн гаднаас хөдлөх гэтэл Б- “би хүнээр машинаа бариулахгүй” гэж хэлээд өөрөө унаад хөдөлсөн, ...би түүнд “чи согтуу байна ш дээ, би уная” гэхэд үгэнд орохгүй өөрөө машинаа унаад хөдөлсөн. Б- машинаа жолоодоод Б- түүний хажууд суугаад арын суудалд Ж- бид хоёр суугаад явсан. Би яг жолоочийн ард харалдаа суусан.  ...Дэлгүүрийн гаднаас хөдлөөд ирсэн замаараа зүүн тийшээ буцаад барилга руугаа явсан бөгөөд Б- засмал замд ороод маш хүчтэй хаазлаад хурдтай давхихаар нь би тэд нарт бүсээ зүүцгээ гэж хэлээд би өөрөө бүсээ дөнгөж зүүгээд хажууд сууж явсан Ж-г тэврэхэд л машин засмал замаас баруун гар тийш салж шороон зам руу ороод онхолдсон, машинаас яаж гарснаа ч мэдэхгүй байгаа. Б- машинаа унаад маш хүчтэй давхисан бөгөөд тэр өөрөө баруун гар тал руугаа дараад замаас гарч онхолдсон, өөр машин тэрэгтэй мөргөлдсөн зүйл байхгүй. ...Түүнийг хүчтэй давхихаар нь айгаад бүсээ зүүгээд удаагүй байтал онхолдсон. Түүнийг хэдэн км/цагийн хурдтай явсныг хараагүй. ...Ослын улмаас миний нэг шүд хөдөлж суларсан, хоёр шүд хагарсан, зүүн гарын дотор хэсэгт зөөлөн эдийн няцралтай байна. ...Одоогоор нэхэмжлэх зүйл, баримт байхгүй. Цаашид шүдээ эмчлүүлмээр байна. ...Шүдэндээ эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гомдолгүй... ” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Уг машиныг Э.А- нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр барьцаалан 10,000,00 төгрөгийн зээл авч 2 жилийн хугацаанд уг зээлээ төлж дуусгасан, зээл нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлөгдөж хаагдсан боловч машинаа зээлдэгч нь өөрийн нэр рүү шилжүүлэлгүй явж байгаад осол гарсан байсан. ...Уг хүмүүс зээлээ хаачхаад машинаа нэр дээрээ шилжүүлэхгүй явсны улмаас манай компанийн эзэмшлийнх гэж яваад байгаа юм. ...Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Машинтай холбоотой ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... ” /хавтас хэргийн 32, 35 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Ж.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-, иргэний нэхэмжлэгч А.Б- нар нь 2022 оны 07 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ, эмийн эмчилгээ, гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас А.Б-д 209,000 төгрөг, Д.Б-д 1,150,900 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 04/3987 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б-гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 44 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Жаргалантын аманд ачааны автомашинаар ачаа буулгачхаад буцаад хот руу засмал замаар явж байтал эсрэг урсгалаас цагаан өнгийн Тоёота Приус-30 машин маш хүчтэй давхин гарч ирээд засмал замаас баруун гар тийш салаад шороон зам руу гараад тоос манараад машин урд хамраараа онхолдсон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод уг онхолдсон машин дээр гүйгээд очиход 3 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Би хаалгыг нь онгойлгож тэр хэдийг гаргасан. Жолооны ард нэг эрэгтэй байсан. Тэгээд би шууд түргэн дуудсан. Түргэн дуудсан цагаа харахад 16 цаг 43 минутад залгасан байсан. Жолооны араас хар хөх малгайтай хувцастай залуу гарч ирсэн...” /хавтас хэргийн 48 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ц.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би тухайн Барилгын ажил дээр ажиллаж байсан ажилчдад хоол хийж өгчхөөд байж байхад тэд нар бүгдээрээ архи уугаад байсан, ...би инженер Б-, ажилтан Баяндалай, Б- нарын хамтаар дөрвүүлээ архи уухаар болсон, ...тухайн газраас бид нар явж Чингисийн хүрээ гэх нэртэй газрын ойролцоох нэгэн дэлгүүр лүү очиж архи худалдан авахаар болсон. Тэгээд инженер Б- өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг унаад хажуудаа Баяндалайг, ардаа Б- бид хоёрыг суулгаад тухайн газраас Чингисийн хүрээний дэлгүүр рүү явцгаасан, ...Б- дэлгүүр лүү ганцаараа ороод архи худалдан аваад эргэж гарч ирээд ажил руугаа явж байх замд гэнэт л машин эргэчихсэн бөгөөд бид нарын сууж явсан машин осолдсон. Тухайн үед бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөгүй бөгөөд жолоо барьж явсан Б- нэлээдгүй согтолттой. Тухайн үед би тээврийн хэрэгслийн арын суудалд суугаад явж байсан учраас өөр мэдэх зүйл байхгүй...” /хавтас хэргийн 51 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Э.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тоёота Приүс-30 маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Есөн шижир инвест” ББСБ-аас 10 сая төгрөгийн зээлийн гэрээгээр орж ирсэн машин худалдаж байсан. Зээлдэгч нь миний нэрээр гарсан бөгөөд гэр бүлийн хэрэгцээнд унаж хэрэглэж байсан машин байгаа юм. ...Машин ослын улмаас эвдэрсэн бөгөөд тэр чигээр ченжид зарчихсан...” /хавтас хэргийн 54 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Жаргалантын аманд барилга дээр ажиллаж байгаад хамт ажиллаж байсан Б-, Б-, Ж- нарын хамт 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машинтай 2022 оны 06 сарын 23-ны өдөр 16 цаг 40 минутын үед Жаргалантын аманд ажиллаж байсан газраасаа дэлгүүр орчхоод буцаж явж байгаад онхолдож, Б-н эрүүл мэндэд хүндэвтэр, Болорчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ийм зүйлд хүргэсэн миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна...” /хавтас хэргийн 94 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9204 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.Б-ийн биед баруун дээд 5-р түвшний эмтрэл, зүүн дээд 3-р шүдний сулрал, баруун шуу, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 63-64 дэх тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №9208 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Б-н биед тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун зулай, баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 69-70 дахь тал/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №814 дугаартай магадалгаанд: “...1. 00-00 ААА улсын дугаартай “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б- /ЙЮ81042871/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 84 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 2 дахь тал/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-15 дахь тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 16 дахь тал/,

- Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтас хэргийн 77-79 дэх тал/,

- Осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудасны хуулбар, Д.Б-н өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 98-108 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 119 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 123 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 120 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтас хэргийн 121 дэх тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 122 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 96 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Б- нь архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын ам руу явах замд “Toyota Prius” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдон, тээврийн хэрэгслийн зорчигч А.Б-ийн эрүүл мэндэд баруун дээд 5-р түвшний эмтрэл, зүүн дээд 3-р шүдний сулрал, баруун шуу, зүүн бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол, Д.Б-н эрүүл мэндэд тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун зулай, баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Б-н “...Ж-, Б- бид 3 хувааж уугаад сууж байхад Б- цайндаа орж ирсэн. Тэгээд бид гурав архиа ууж дуусахад хоорондоо ярилцаж байгаад дахиад нэг шил архи авч уухаар болоод дэлгүүр рүү явсан ...Б- Б-гийн машиныг жолоодоод урд нь жолоочийн хажууд Б- суугаад, Ж- бид хоёр хойно суугаад явсан. Тэгээд бидний байрлаж байсан газраас баруун тийш замынхаа хойд талд байдаг хүнсний дэлгүүр орж нэг шил архийг Б- худалдаж аваад дэлгүүрээс гараад машиндаа суухад Б- би өөрөө машинаа унана гэж хэлээд дэлгүүрийн гаднаас жолоодоод хөдөлсөн шиг л санаад байгаа юм...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч А.Б-ийн “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ...Б- “дэлгүүр орох хэрэг байна та эрүүлээрээ машин бариад яваад өг” гэхээр нь түүний 00-00 ААА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн машиныг унаад барилгын хашаанаас гараад засмал замд ороод баруун талд байх хамгийн ойрхон дэлгүүрийн үүдэнд очиж зогсоход бүгдээрээ дэлгүүр рүү орсон. Машиныг би унаад Б- хажууд суугаад арын суудалд Б-, Ж- хоёр сууж явсан. Тэгээд дэлгүүрийн гаднаас хөдлөх гэтэл Б- “би хүнээр машинаа бариулахгүй” гэж хэлээд өөрөө унаад хөдөлсөн, ...би түүнд “чи согтуу байна ш дээ би уная” гэхэд үгэнд орохгүй өөрөө машинаа унаад хөдөлсөн. Б- машинаа жолоодоод Б- түүний хажууд суугаад арын суудалд Ж- бид хоёр суугаад явсан. Би яг жолоочийн ард харалдаа суусан.  ...Дэлгүүрийн гаднаас хөдлөөд ирсэн замаараа зүүн тийшээ буцаад барилга руугаа явсан бөгөөд Б- засмал замд ороод маш хүчтэй хаазлаад хурдтай давхихаар нь би тэд нарт бүсээ зүүцгээ гэж хэлээд би өөрөө бүсээ дөнгөж зүүгээд хажууд сууж явсан Ж-г тэврэхэд л машин засмал замаас баруун гар тийш салж шороон зам руу ороод онхолдсон, машинаас яаж гарснаа ч мэдэхгүй байгаа юм. Б- машинаа унаад маш хүчтэй давхисан бөгөөд тэр өөрөө баруун гар тал руугаа дараад замаас гарч онхолдсон, өөр машин тэрэгтэй мөргөлдсөн зүйл байхгүй. ...Түүнийг хүчтэй давхихаар нь айгаад бүсээ зүүгээд удаагүй байтал онхолдсон... ” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Ж.С-гийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-, иргэний нэхэмжлэгч А.Б- нар нь 2022 оны 07 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ, эмийн эмчилгээ, гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас А.Б-д 209,000 төгрөг, Д.Б-д 1,150,900 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 04/3987 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б-гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 44 дэх тал/ гэсэн, гэрч Б.Э-ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ...эсрэг урсгалаас цагаан өнгийн Тоёота Приус-30 машин маш хүчтэй давхин гарч ирээд засмал замаас баруун гар тийш салаад шороон зам руу гараад тоос манараад машин урд хамраараа онхолдсон. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод уг онхолдсон машин дээр гүйгээд очиход 3 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Би хаалгыг нь онгойлгож тэр хэдийг гаргасан. Жолооны ард нэг эрэгтэй байсан...” /хавтас хэргийн 48 дахь тал/ гэсэн, гэрч Ц.Ж-гийн “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ...Б- өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг унаад хажуудаа Баяндалайг, ардаа Б- бид хоёрыг суулгаад тухайн газраас Чингисийн хүрээний дэлгүүр рүү явцгаасан, ...эргэж гарч ирээд ажил руугаа явж байх замд гэнэт л машин эргэчихсэн бөгөөд бид нарын сууж явсан машин осолдсон. Тухайн үед бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөгүй бөгөөд жолоо барьж явсан Б- нэлээдгүй согтолттой. Тухайн үед би тээврийн хэрэгслийн арын суудалд суугаад явж байсан учраас өөр мэдэх зүйл байхгүй...” /хавтас хэргийн 51 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.Б-н “...Жаргалантын аманд барилга дээр ажиллаж байгаад хамт ажиллаж байсан Б-, Б-, Ж- нарын хамт 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машинтай 2022 оны 06 сарын 23-ны өдөр 16 цаг 40 минутын үед Жаргалантын аманд ажиллаж байсан газраасаа дэлгүүр орчхоод буцаж явж байгаад онхолдож, Б-н эрүүл мэндэд хүндэвтэр, Болорчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ийм зүйлд хүргэсэн...” /хавтас хэргийн 94 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №9204 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: А.Б-ийн биед баруун дээд 5-р түвшний эмтрэл, зүүн дээд 3-р шүдний сулрал, баруун шуу, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 63-64 дэх тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 9208 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.Б-н биед тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун зулай, баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 69-70 дахь тал/ гэсэн,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны №814 дугаартай магадалгаанд: “...1. 00-00 ААА улсын дугаартай “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б- /ЙЮ81042871/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 84 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-15 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 16 дахь тал/, осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудасны хуулбар, Д.Б-н өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 98-108 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэв.

Шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд баруун дээд 5-р түвшний эмтрэл, зүүн дээд 3-р шүдний сулрал, баруун шуу, зүүн бугалга, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол, Д.Б-н эрүүл мэндэд тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун зулай, баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Д.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч А.Б- эмчилгээний зардал нэхэмжилнэ, гомдолтой гэсэн боловч эмчилгээний зардлын баримт гаргаж ирүүлээгүй тул хохирогч Д.Б-, А.Б- нарын гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 04/3613 дугаартай албан бичгийн дагуу мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор Тээврийн прокурорын газрын орлогч прокурор Ж.С-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож, иргэний нэхэмжлэгч шүүгдэгчээс 1,359,900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 10090020080 тоот дансанд төлүүлэх талаар мэдүүлсэн, шүүгдэгч шүүхийн шатанд Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд 1,350,900 төгрөг төлсөн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч төлөгдөөгүй 9,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгов.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Эрүүл мэндийн даатгал гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг...”,

“Даатгуулагч гэж энэ хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл тогтмол урьдчилан төлж, эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэнийг...” ойлгоно гэж тус тус заасан бөгөөд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь иргэн өөрийн эрүүл мэндэд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хуульд зааснаар шимтгэлийг урьдчилан тогтмол төлж, ...хожим эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авч буй үйл ажиллагаа болно.

Иймд хохирогч А.Б-, Д.Б- нарын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан нь даатгуулагч иргэд өөрсдийн урьдчилж төлсөн шимтгэлийн дагуу даатгалын төлбөрөө гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ашигласан нь тэдний хожим зайлшгүй тохиолдолд авах ёстой байсан үйлчилгээгээ авч чадахгүй, эсхүл төлбөрийг өөрөө төлөхөөр зохицуулалт ба төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол бус тухайн иргэнд учирч буй хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн төлүүлнэ гэж заасныг даатгуулагч иргэний өмнөөс зардал төлбөрийг нөхөж эрүүл мэндийн байгууллагад төлөх агуулга бүхий заалт гэж үзэхээр байх бөгөөд шүүгдэгчээс гаргуулж буй дээрх төлбөр тухайн даатгуулагч иргэн А.Б-, Д.Б- нарын эмнэлгийн тусламж үйлчилгээний зарим төлбөрөө эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх болон даатгуулагч иргэн жилд авах даатгалын хөнгөлөлтийн эрхийг сэргээж буй эсэх нь тодорхойгүй энэ талаар баримтгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож “...Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй...” гэж

Прокурорын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12-д прокурор шүүх хуралдаанд дараах бүрэн эрхтэй оролцоно: “...шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах...” гэж тус тус заасан бөгөөд хэрэв төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзвэл шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож буй прокурор энэ талаар нэхэмжлэл, хүсэлт гаргах эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 2203003500397 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б- гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б-гийн Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд шүүгдэгч Б.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б- нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- Эрүүл мэндийн даатгалын санд 1,350,900 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Ж.С-гийн нэхэмжлэлээс 9000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Б-, иргэний нэхэмжлэгч А.Б- нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн 2203003500397 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б- гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР