| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2022/0746/Э |
| Дугаар | 2022/Ш/792 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/Ш/792
2022 10 11 2022/Ш/792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч П.Итгэл /томилолтоор/,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мад холбогдох эрүүгийн 2211 01052 1520 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ... тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9-330в тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Н.М, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамжны 316 тоотод хохирогч Ц.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж зодон биед нь духанд, цус хуралт, зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, баруун шуу, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Хохирогч Ц.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дахь тал/,
- Хохирогч Ц.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
- Гэрч Б.Төмөрхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дахь тал/,
- Гэрч П.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
- Гэрч С.Баасансугарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8564 дугаартай шинжээч Т.Чимэд-Очирын дүгнэлт /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
- Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Н.Мын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 78 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Мыг 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамжны 316 тоотод хохирогч Ц.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж зодон биед нь духанд, цус хуралт, зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, баруун шуу, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Н.Мад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.М нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамжны 316 тоотод хохирогч Ц.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж зодон биед нь духанд, цус хуралт, зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, баруун шуу, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Ц.Тгийн “…Мөнхөө “Н.М” гэж дуудаад байсан залуу нь ажлын газраас гараад Сугарын гэрт очоод буух гэж байх үед миний хамар хэсэгт гараараа 1 удаа цохиод, цээж хэсэгт 1 цохисон. Тухайн үед миний уруул язарч, цээж зулгарсан тэрнээс бол бусад өөр хүмүүс гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8564 дугаартай “…Ц.Тгийн биед духанд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт, баруун шуу, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33 дахь тал/,
- Хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хавтаст хэргийн 46 дахь тал/,
- Яллагдагч Н.Мын “...сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Н.М нь хохирогч Ц.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж зодон биед нь духанд цус хуралт, зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, баруун шуу, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Ц.Тгийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Н.Мын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Н.Мын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Ц.Т нь хавтаст хэрэгт баримтаар 250,000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 44 дэх тал/ гаргаж өгснийг шүүгдэгч Н.М нь төлж барагдуулсан /хавтаст хэргийн 46 дахь тал/ байх тул шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсан зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мад оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ