Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/793

 

 

 

 

 

 

 

 

  2022         10         11                                      2022/ШЦТ/793

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох эрүүгийн 2203 00425 0438 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, ... тоот оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Э, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Ерөнхий боловсролын 39 дүгээр дунд сургуулийн зүүн замд, 2022 оны 7 дугаар сарын 18-ны 21 цаг 15 минутын орчимд “Хюндай Верна” маркийн 48-64 АРА улсын дугаартай Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 4 дүгээр хавсралт. Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, Нэг: 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, Хоёр. Жолооны механизм. 2.1. Жолооны механизмын эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн, Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, гэрэл нь бүдэг асдаг болсон,” гэсэн заалтуудад заасан эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Рийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э нь “...Би 7 дугаар сарын 18-ны өдөр Дэнжийн 1000-ын эргэлт өнгөрөөд явган хүний гарц дээр Ж.Р эгчийг мөргөж хүндээр гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Тэгээд эмнэлэг болон цагдаа дуудсан. Эмнэлэгт хүргэж өгсөн...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7, 9-14 дэх тал/,

- Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Хохирогч Ж.Рийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Гэрч Е.Лашыны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

- Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №10102 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 999390 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

- Мөрдөгчийн 864 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

- Шүүгдэгч Г.Эн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 156, 157 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол /хавтаст хэргийн 159 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Тээврийн прокурорын газраас Г.Эг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Ерөнхий боловсролын 39 дүгээр дунд сургуулийн зүүн замд, 2022 оны 7 дугаар сарын 18-ны 21 цаг 15 минутын орчимд “Хюндай Верна” маркийн 48-64 АРА улсын дугаартай Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 4 дүгээр хавсралт. Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, Нэг: 1.1. “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, Хоёр. Жолооны механизм. 2.1. Жолооны механизмын эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн, Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, гэрэл нь бүдэг асдаг болсон,” гэсэн заалтуудад заасан эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.” Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Рийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Г.Э нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Ерөнхий боловсролын 39 дүгээр дунд сургуулийн зүүн замд, 2022 оны 7 дугаар сарын 18-ны 21 цаг 15 минутын орчимд “Хюндай Верна” маркийн 48-64 АРА улсын дугаартай Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 4 дүгээр хавсралт. Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, Нэг: 1.1. “Ажпын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, Хоёр. Жолооны механизм. 2.1. Жолооны механизмын эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн, Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, гэрэл нь бүдэг асдаг болсон,” гэсэн заалтуудад заасан эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.” Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Рийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7, 9-14 дэх тал/,

- Жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Хохирогч Ж.Рийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Баянбүрдийн автобусны буудлаас ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй төрсөн охин Лашины хамт явганаар явж байгаад 39 дүгээр сургуулийн зүүн талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш зам хөндлөн гарч байсан. Би охиныхоо баруун гараас зүүн гараараа хөтлөлцөөд гарч байсан. Гарцаар зам хөндлөн гараад явж байтал хойноосоо урагшаа чиглэлтэй цагаан өнгийн машин ирж байсан. Тэр машин нэлээд их хурдтай ирж байсан. Тэгтэл манай охин гүйе ээжээ наад машин чинь мөргөх нь байна гэж хэлсэн. Тэгээд манай охин түрүүлээд гүйх шиг болсон тэгтэл нөгөө машин намайг мөргөсөн. Мөргүүлснээс хойш би ухаан алдсан байсан. Нэг сэрхэд би  охиныхоо өвдгийг дэрлээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

- Гэрч Е.Лашыны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны оройн 20 цаг өнгөрч байхад гэртээ харихаар Баянбүрдийн тойргоос хойшоо явган хүний замаар явганаар явж байгаад 39 дүгээр сургууль тал руугаа ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Гарцаар гарч байхдаа би ээж Ж.Рийн гараас хөтлөөд ээж миний зүүн гар талд явж байсан юм. Тэгэхэд цагаан өнгийн жижиг оврын тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй 50 орчим метрийн зайтай ирж байгаа харагдсан. Тэгээд бид хоёр зам хөндлөн гарч байтал тэр машин шууд ирээд эхлээд намайг тээврийн хэрэгслийнхээ баруун хэсгээрээ шүргээд дараа нь миний зүүн гар талд явж байсан манай ээж Ж.Рийг мөргөчихсөн. Тухайн үед би маш их сандарсан байсан учир манай ээжийг тээврийн хэрэгслийнхээ аль хэсгээр яаж мөргөснийг хараагүй. Манай ээж Ж.Р машины урд талд машины доор орчихсон толгойноос нь цус гарсан байдалтай байж байсан. Манай ээжийг ойр орчимд явж байсан хүмүүс ирж машины доороос татаж гаргаж авсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд манай ээжийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед замын хөдөлгөөний ачаалал багатай хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаа ганцхан машин л байсан. Тухайн зам нь гэрэлтүүлэгтэй гэрэлтүүлэг ассан үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тэр машин шууд ирээд л мөргөчихсөн. Тэр машин маш их хурдтай явж байсан. Ойролцоогоор 70 орчим км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Цагдаа эмнэлэгт хэн дуудлага өгснийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

- Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны оройн 21 цаг өнгөрч байхад найз Г.Эн хамт Хюндай Верна маркийн 48-64 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дэнжийн мянгын Нарантуул-2 худалдааны төвөөс 3, 4 дүгээр хороолол, Өргөө кино театр орохоор хөдөлсөн. Уг тээврийн хэрэгслийг манай найз Г.Э жолоодоод би өөрөө урд талын суудалд суугаад явж байсан. Тэгээд Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал гэнэтхэн Г.Э тоормос гишгэх шиг болсон тэгтэл явган хүний гарцаар гарч байсан эмэгтэй хүнийг мөргөсөн байсан. Би тухайн явган зорчигчийг явган хүний гарцаар гарч байгааг нь хараагүй би цонхоор өөр тийшээ хараад явж байсан юм...”, “...Тухайн үед манай найз Г.Э 60 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Бид хоёрын явж байсан зам нь гэрэлтүүлэгтэй гэрэлтүүлэг нь асаж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаарын байдал таатай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №10102 дугаартай: “...гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, болон 3.1,12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 999390 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

- Мөрдөгчийн 864 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

- Шүүгдэгч Г.Эн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 18-ны оройн 22 цагийн орчимд найз Батжаргалын хамт Хюндай Верна маркийн 48-64 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй дэнжийн мянгын Нарантуул-2 худалдааны төвөөс 3, 4 дүгээр хороолол орохоор хөдөлсөн. Уг тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодоод манай найз Батжаргал миний баруун гар талд тээврийн хэрэгслийн урд суудалд суугаад явж байсан ба дэнжийн мянгын замаар уруудаад явж байгаад гэрэл дохиотой уулзвараар баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр урагшаа эргэсэн. Уулзвараар эргээд 1 км орчим газар явж байхад зорчих хэсгийн баруун талд явган хүний гарц байгааг анхааруулсан тэмдэг байсан ба уг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй 3 хүн зам хөндлөн гарч байсан. Тэр 3 хүний нэг нь түрүүлээд зам хөндлөн гарчихсан. Тэр хүний араас явж байсан 2 хүн гүйгээд зам хөндлөн гарч байхад нь нэг хүнийг нь мөргөчихсөн. Би явган хүний гарцаар гарч байсан хүмүүсийг ойролцоогоор 100 орчим метрийн зайд харсан ба би тухайн үед 60 км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Эг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” 4 дүгээр хавсралт. Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, Нэг: 1.1. “Ажпын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, Хоёр. Жолооны механизм. 2.1. Жолооны механизмын эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн, Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, гэрэл нь бүдэг асдаг болсон”, 16.1.” Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Рийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж буй нийгэмд аюултай үйлдэл бөгөөд хүний эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.  

Иймд шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Эд 2 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Ж.Р нь “...хохирлоо барагдуулж авсан тул одоо надад гомдол, санал байхгүй...” /хавтаст хэргийн 20 дахь тал/, “...бүх эмчилгээний зардал барагдуулж өгсөн...” /хавтаст хэргийн 157 дахь тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

Иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяа: “...Дүүргийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Рд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,978,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г.Эгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009 0002 0080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/-ийг гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.

Хохирогч Ж.Рд бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,978,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан бөгөөд шүүгдэгч Г.Э нь 500,000 төгрөгийн эмчилгээний зардал төлж барагдуулсан байх тул үлдэх 3,478,000 төгрөгийг дээрх хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Г.Эгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Эн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Эд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1022288 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            6. Шүүгдэгч Г.Эгаас 3,478,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд хохирол төлж барагдуулахаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Рийн эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ