Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/Ш/799

 

 

 

 

 

 

 

 

  2022        10          12                                      2022/Ш/799

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Батцэцэг /томилолтоор/,

хохирогч Б,

шүүгдэгч Д.Б оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2211 00000 1384 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эра жимс ХХК-д худалдааны ажилтай, ам бүл хоёр, эхийн ... оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялыг эдэлж дууссан,

Д.Б, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байрлалтай 2 давхар модон байшинд Бтай үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь дух, зүүн бугалгад шарх, баруун чамархай, чихэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь “...Би хохирогчийг зүссэн гэхдээ духыг нь зүсээгүй. Гадна байхад цонх нь хагарсан тэгээд яваад ороход Бын дух нь зүсэгдсэн байдалтай манай найз охин нь духнаас гарч байгаа цусыг нь арчаад зогсож байсан. Тэр үед би Быг “духаа яачихсан юм бэ” гэж асуучхаад согтуу байсан найзыгаа унтаач дээ гэж хэлсэн. Чи миний ахыг пизда гэдэг хэн бэ гээд Б эхлээд намайг цохиод авсан. Тэнд байсан Даваахүү гэдэг залуутай муудалцсан. Намайг ороход дух нь зүсэгдсэн байдалтай байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б нь “...Бид нар бүгдээрээ тодорхой хэмжээнд архи уусан байсан. Би унтаад жоохон гайгүй болсон байсан. Д.Бы найз гээд Золбаяр гээд залуу байсан. Тэр Золбаяр гэх ахынхаа лагерь дээр ууж идэцгээсэн. Золбаяр нэлээн согтсон байдалтай байсан. Д.Б ч гэсэн нэлээн уусан байдалтай байсан. Би нэг Эдэн гэх архи хувааж уучхаад унтаад өгсөн. Д.Б орж ирээд Золбаяртай муудалцаад байхаар нь би тэр хоёрыг болиулсан. Тэгээд Золбаярыг өмөөрөөд намайг цонх руу түлхээд духыг минь сэтэлсэн. Д.Бы найз охин нь ирээд миний цусыг арчиж өгсөн нь үнэн. Д.Б гэрээс гарч яваад Эдэн гэх архины шилийг хагалгаад орж ирсэн. Хэрэв тухайн үед бид хоёрын дундуур Даваахүү гэх ах байхгүй байсан бол миний зүрхэн тушаа газарт зоох байсан байх. Над руу дайрч орж ирээд миний гарыг хоёр зүссэн. Миний шарх эдгэрсэн байдалтай байсан. Золбаяр гэдэг хүн намайг хувийн эмнэлгээр авч яваад эмчлүүлсэн. Д.Б гинжээ тавиад 200,000-300,000 төгрөгийг эмчилгээнд гаргасан юм шиг байсан. Үлдсэн эмчилгээний мөнгийг Золбаяр гаргасан...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

- Хохирогч Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

- Гэрч А.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- Гэрч Ц.Баярчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- Шүүгдэгч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

- Хохирогч Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Баяртогтохын дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

- Шүүгдэгч Д.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Быг 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байрлалтай 2 давхар модон байшинд Бтай үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь дух, зүүн бугалгад шарх, баруун чамархай, чихэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байрлалтай 2 давхар модон байшинд Бтай үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь дух, зүүн бугалгад шарх, баруун чамархай, чихэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Бын ...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хуучин танил Золоо ах залгаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах лагерь дээр хүрээд ир гэсэн ба би 12 цагийн тухайн лагерьт очсон. Тухайн лагерь дээр Д.Б, түүний найз охин гэх эмэгтэй, Золоо, Даваахүү, Эгшиглэнт нар байсан ба бид хэд архи ууцгаасан юм. Тэгээд би хэсэг хугацаанд унтаад өгсөн ба нэг сэрсэн чинь Золоо, Д.Б нар нь муудалцаад байхаар нь би тэр хоёрт одоо больцгоо, битгий маргаад бай гэж хэлтэл Д.Б нь намайг цонх руу түлхсэн бөгөөд би тухайн лагерийн байшингийн цонхыг дух хэсгээрээ мөргөөд унасан. Тэгсэн Д.Бы найз охин гэх эмэгтэй над дээр ирээд миний духнаас гарч байсан цусыг цэвэрлэж өгсөн. Гэтэл Д.Б нь байшингийн үүд хэсэгт байж байснаа гараад явсан ба гаднаас нэг архины шилний хагархай гартаа барьчихсан орж ирээд зогсож байсан. Тэгсэн Даваахүү гэгч нь одоо больчихоо, чи толгойг нь хагалчхаад яах гээд байгаа юм гэтэл тэр би найз охиноо аваад явмаар байнагэснээ шууд үсэрч орж ирээд миний зүүн талын гар хэсгийг нөгөө архины шилээрээ зүсчихсэн. Тэгээд гаднаас цагдаа нар орж ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

- Гэрч А.Даваахүүгийн ...Эгшиглэнт намайг гараад ир гээд аваад гарсан. Гэтэл байшин дотор шил хагарсан. Тэгэхээр нь байшин руу яваад ороход Бын дух нь зүсэгдэж цус гарсан, харин байшингийн цонх хагарсан байсан. Тэгээд Б над руу хараад ахаа намайг Д.Б ийм болгочихлоогээд уйлаад суугаад байсан...Тэгээд удалгүй Д.Б ууж байсан Эдэн нэртэй архины шилийг хагалчихсан хүзүү хэсгийг нь бариад орж ирсэн. Тэгээд би Д.Быг түлхээд нэг удаа эрүү хэсэгт нь цохисон чинь Д.Б цаашаа болсон. Д.Б над руу дахиад дайрсан. Тэгэхээр нь доогуур нь ороод тэвэрсэн ба тэгэхэд Б миний ард байсан явж байсан ба эргээд харахад Бын гар нь ярагдаж зүсэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9882 дугаартай шинжээчийн “…Бын биед дух, зүүн бугалгад шарх, баруун чамархай, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх зүүн бугалгын шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, духны шарх, баруун чамархай, чихний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Д.Б нь хохирогч Бтай үл ялих шалтгааны улмаас маргалдан түүний эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь дух, зүүн бугалгад, шарх, баруун чамархай, чихэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Бын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Д.Бы идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Д.Бы энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Д.Б нь “...Маш их гомдолтой байна, Д.Б гэгчээс нэхэмжлэх эмчилгээний зардлын баримт байхгүй, өвчтэй байсан өдрийн цалингаа нэхэмжлэх болно...” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 18 дахь тал/ байх боловч хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч Д.Б нь хохирогч Бт 139,209 төгрөгийн эм тариа авч өгсөн баримт /хавтаст хэргийн 59 дэх тал/-ыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

   Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжпэл гаргах, гарсан нэхэмжпэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заасан байх тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэл гарган оролцож байна. Тусламж үйлчилгээний зардал болох 598,000 төгрөгийг яллагдагч Д.Баас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/-ийг гаргасан байна.

   Шүүгдэгч Д.Б нь шүүхийн шатанд дээрх тусламж үйлчилгээний зардал болох 598,000 төгрөгийг төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй байна.

   Хохирогч Б нь өвчтэй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, цагдаагийн газраас тусламж, үйлчилгээ авахаас бусдаар эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 8-290 тоотоос Хан-Уул дүүрэгт байрлах ажлын газар хүртэл зорчихоор тогтоож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ял эдлэх хугацаанд шүүгдэгч Д.Бд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ял, тогтоосон хязгаарлалтыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хохирогч Б нь өвчтэй байх хугацааны цалин хөлсний зөрүүг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ