Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

 

 

 

 

 

                                     

        2022        10          17                                        2022/ШЦТ/189

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Иргэдийн төлөөлөгч Ц.Одончимэг,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

         Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бт холбогдох эрүүгийн 2219001480216 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         У.Б

          Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч У.Б нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын байранд хохирогч О.Мыг ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус хуралт, хий хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч У.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний бие 2022 оны 05 сарын 12-ны өдөр өглөө манай эхнэр ажлаасаа буусан. Орой 8 цагт ажилдаа явсан, эхнэртээ жоохон идэж уух юм аваачиж өгчихөөд гэртээ ирсэн. Гэрт байж байгаад машинтайгаа гарсан. Тэгээд тайлбарлаж хэлэхэд хэцүү байна. Тухайн үед юу болсноо тайлбарлаж хэлж чадахгүй байна. Ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна ...” гэсэн мэдүүлэг,

          Хохирогч О.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагт манай нөхөр Б намайг ажил дээр хүргэж өгчихөөд буцаж яваад 21 цагийн орчим  ажил дээр ирэхдээ архи уучихсан байсан. Тэгээд гэнэт миний гэдэс рүү 1 удаа дүрчихээд манай ажлаас гараад гүйсэн. Би куртикныхээ халааснаас утсаа гаргаж түргэн тусламж болон цагдаад мэдэгдсэн. Түгээгчийн байрнаас гарахдаа Б нь “би юу хийчихэв ээ” гэж муухай хашгираад гүйсэн. Миний хэвлий хөндий рүү хутга нэвтэрч орсон ба нээж мэс засал хийхгүй бол болохгүй юм байна гэж мэс засалд орсон. Нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 23 дугаар хуудас/,

          Гэрч Н.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Надаас ээлж авсан шинэ ажилтан М нь ээлж авч байх үедээ “би нөхрөөсөө салаад 3 сар болж байсан чинь өглөө ажлаасаа буугаад гэртээ харьтал нөхөр гэрт ирчихсэн байх юм” гэж хэлж байсан. Намайг ажлаасаа буугаад явах гэж байхад Мын нөхөр нь колонкын буланд машинтайгаа зогсож байгаа харагдсан. Намайг ажлаасаа бууснаас хойш ойролцоогоор 1 цагийн дараа фэйсбүүк хаягаар залгаад “миний оронд ажилд гараад өгөөч, эгч нь ажлаа хийх боломжгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би 3 минутын дараа ажил дээрээ ирсэн ба Мыг эмнэлэг аваад явсан  ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

          Шүүгдэгч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн өглөө манай эхнэр М нь 09 цагийн орчим ажлаасаа буугаад гэртээ ирэхэд нь ойр зуурын зүйлээс болоод маргалдаад больсон. Тэгээд тухайн өдрийн орой 20 цагаас ээлжтэй байсан болохоор ажил дээр нь хүргэж өгчихөөд ойролцоогоор 20 цаг 20 минутын орчим идэж уух юм дэлгүүрээс авч өгөөд шууд гэртээ харьсан. Гэртээ байж байгаад гараад машиндаа суухдаа машинд байсан архины үлдэгдлийг уусан. Тэгээд эхнэрийн ажил руу явсан ба ажил руу нь ороод эхнэр Мын гэдэс рүү нь хутгалсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 114 дүгээр хуудас/,

         Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/0187 дугаартай “... О.Мын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Эмнэлгийн бичиг баримтаар учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

         Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/021 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн тод цэнхэр өнгийн малгайтай цамц, бүдэг цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамцанд хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхайнууд мөн тод цэнхэр өнгийн малгайтай цамцанд түлэгдэлтийн үйлчлэлийн улмаас гарсан хуучин түлэгдэлт, татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан хуучин ханзралт, эдэлгээний явцад үүссэн хуучин уранхай байна. Бүдэг цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамц, саарал өнгийн биеийн тамирын өмд, хөх өнгийн хилэн өмд, хөх өнгийн дотоожууд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтавтаст хэргийн 77-85 дугаар хуудас/,

          Хохирогч О.Мын Өвчний түүх /хавтаст хэргийн 31-51 дүгээр хуудас/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтавтаст хэргийн 6-14 дүгээр хуудас/,

          Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/,

          Шүүгдэгч У.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч У.Б нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын байран дотор хохирогч О.Мыг ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь хутгалж, түүний эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн дотуур цус хуралт, хий хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүнд хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Тухайн үйл явдлын улмаас хохирогч О.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/0187 дугаар дүгнэлт, хохирогч О.Мын өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд өөр хоорондоо зөрөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу олж авсан, цуглуулсан баримтат мэдээлэл бөгөөд шүүх хуралдаанд талууд шинжлэн судалсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн эдгээр нотлох баримтуудыг шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн өмгөөлөгч үгүйсгээгүй, маргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хохирогч, шүүгдэгч нарт танилцуулахад хүлээн зөвшөөрч маргаагүй,  шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна.

           Шүүгдэгч У.Б нь зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгч У.Б нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан, прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байгаа тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн агуулга бүхий дүгнэлт танилцуулсан болно.

            Иргэдийн төлөөлөгч “...архи ууж согтуурч, хүнийг хутгалж гэмтээсэн гэм буруутай байна” гэж дүгнэсэн байна.

Хохирогч О.М нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

            Шүүгдэгч У.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4зааснаар шүүгдэгч У.Бт 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт оногдуулсан 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

         4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

         5.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА

                                      ШҮҮГЧИД                             Д.АДЪЯАСҮРЭН

                                                                                    Э.БОЛОРМАА