Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 992

 

                                            

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, СаСа ХХК-ийн байранд оршин суух, С.М-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймаг, Ихтамир сум, Тайхар баг, Тээг хорооллын 01-28 тоот хаягт оршин суух, Б.Д-д  холбогдох 562 800  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч С.М, 

хариуцагч Б.Д, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. 

 

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 09 дүгээр сард Б.Д-ийн Тамир сувилалын байранд амаар харилцан тохиролцсоны  үндсэн дээр  дотор тасалгааны  1 хавтастай 3 ширхэг, 2 хавтастай 2 ширхэг хаалга хийж өгсөн. Нийт 9.44 мкв /1 мкв нь 120 000 төгрөгөөр үнэлэгддэг/ хаалга хийсэн. Хаалганы нэмэгдэл хавтас нь 2 ширхэг болсон бөгөөд 1 хавтсыг 40 000 төгрөгөөр хийдэг. Хаалганы нэмэгдэл хавтасны үнэ 80 000 төгрөг болсон. Ингээд нийт 1 212 800 төгрөгийн ажил хийсэн. Ажлын хөлсөнд анх хаалга хийхдээ 250 000 төгрөгийг дансаар, хаалга суулгаж өгсөний дараа бэлнээр 400 000 төгрөг авсан. Харин Б.Д нь “үлдэгдэл 562 800 төгрөгийг чинь ирэх 7 хоногт өгнө” гэж хэлээд намайг явуулсан. Миний бие Б.Д-ээс үлдэгдэл мөнгөө авах гэж олон удаа Ихтамир сум явсан. Тэгээд мөнгөө нэхэхээр “шил нэмж хийлгэнэ” гэх зэргээр арга саам хийгээд өнөөдрийг хүрсэн. Энэ ажлыг би компаниараа биш хувь хүнээрээ хийсэн. 

Иймд хариуцагч Б.Д-ээс миний хийсэн ажлын үлдэгдэл мөнгө болох нийт 562 800 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.М-тай 2016 оны 08 дугаар сард барилгын 27 вакум цонх, 5 вакум хаалга хийлгэхээр амаар тохиролцож захиалга өгсөн. Барилгын ажил дуусаж цонхоо хийлгэх  шаардлага гаргасан боловч С.М нь цонхоо хугацаанд нь авчирч өгөхгүй 7 сар болсон. Анх тохиролцохдоо хаалга, цонхны 1 мкв нь 90 000 төгрөг байхаар тооцож захиалга өгсөн. Миний бие олон удаа утсаар холбогдож, 8-9 удаа аймаг орж, өдөр, шөнөгүй шаардаж байж цонхоо авсан. Хийлгэсэн цонх нь шаардлага хангахгүй, салхивч нь буруу, доошоо онгойдог, онгойлгохоор нугас нь тогтохгүй буугаад байдаг байсан. Хаалганы хувьд 1 хавтастай 3 ширхэг, 2 хавтастай 2 ширхэг хаалгыг тус тус хийлгэсэн. Хаалгаа авчирч хийсэн боловч хаалганы шил давхар биш, дан шилтэй байсан. Хаалганы мөнгө болох 250 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хаалганы үнэ тохиролцсоны дагуу 849 600 төгрөг болсон. Би С.М-т үлдэгдэл 199 600 төгрөгийг хаалгаа шаардлага хангасан вакум болгож өгсөний дараа  ав гэж хэлсэн. С.М нь манайд 1 удаа ирж, 2-3 удаа надтай ярьсан. 

Миний бие С.М-ын нэхэмжлэлийн шаардлага болох 562 800 төгрөгөөс хаалганы үлдэгдэл мөнгө 199 600 төгрөг, нэмэгдэл 2 хавтасны үнэ 80 000 төгрөг, нийт 279 600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин үлдсэн хэсгийг төлөхөөс татгалзаж байна гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

С.М нь Б.Д-д холбогдуулан хаалганы үнийн үлдэгдэл 562 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч тал 279 600 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгаар 9.44 м.кв 5 ширхэг хаалгыг хийж хүлээлгэн өгсөн, уг ажлын үр дүнг хариуцагч хүлээн аваад 650 000 төгрөгийг төлсөн болон тухайн гэрээний харилцаа нь С.М-Б.Д нарын хооронд үүссэн гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогджээ. 

5 ширхэг вакум хаалгыг нэхэмжлэгч нь захиалагчийн захиалагын дагуу өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн, хариуцагч нь уг ажлын үр дүнг хүлээн авсан энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарч байна. 

 

Талуудын хооронд үүссэн харилцан адилгүй байр суурийн зөрүү нь 9.44 м.кв талбайтай, 5 ширхэг хаалганы үнэлгээ дээр гарч байна. 

Нэхэмжлэгч нь хаалганы 1 м.кв талбайн үнийг 120 000 төгрөгөөр тооцож, 9.44 м.кв 5 ширхэг хаалганы үнэ 1 132 800 төгрөг, нэмэгдээд 2 ширхэг хаалганы хавтасны нэмэгдэл 80 000 /нэг бүр нь 40 000 төгрөг/ төгрөг, нийт 1 212 800 төгрөгийн ажлыг хийж өгсөн гэж, 

хариуцагч нь 1 м.кв талбайн үнийг 90 000 төгрөгөөр тооцож, 9.44 м.кв 5 ширхэг хаалганы үнэ 849 600 төгрөг, нэмэгдээд 2 ширхэг хаалганы хавтасны нэмэгдэл 80 000 /нэг бүр нь 40 000 төгрөг/ төгрөг, нийт 929 600 төгрөгийн ажлыг хүлээн авсан гэж өөрсдийн мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн.  

Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээний байгуулагдах хэлбэрийг тусгайлан заагаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь амаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан гэдэг дээр маргаагүй учир хаалганы 1 м.кв талбайн үнийг хариуцагчтай талтай 120 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэдгээ шүүхийн өмнө нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт  гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг  өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн  үүргийг тус тус заасан байдаг бөгөөд энэ зохицуулалтын хүрээнд С.М нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул хариуцагчийн маргахгүйгээр зөвшөөрсөн хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд 1 м.кв талбайн үнийг 90 000 төгрөгөөр тооцож, 9.44 м.кв 5 ширхэг хаалганы үнэ 849 600 төгрөг, нэмэгдээд 2 ширхэг хаалганы хавтасны нэмэгдэл 80 000 /нэг бүр нь 40 000 төгрөг/ төгрөг, нийт 929 600 төгрөгийн үнэ бүхий ажлыг талууд харилцан хүлээлцсэн гэж тооцов. Үүнээс хариуцагчийн төлсөн 650 000 төгрөгийг хасч, үлдэх 279 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэж буй 283 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. 

 

Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг нотлох, үгүйсгэх баримтууд авагдаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн мэтгэлцэх зарчмыг  өөрсдөө хэрэгжүүлэх чиг үүрэг, мөн үйл баримтын талаар байр сууриа илэрхийлэх  талуудын эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Зохигчийн зүгээс нотлох баримт  бүрдүүлэх, бусад эрхээ хэрэгжүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 341.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д-ээс 279 600 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч С.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 283 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 534 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Б.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид 9 038 төгрөг  гаргуулан С.М-т олгосугай. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ