Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 997

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      129/ШШ2018/00997

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4 дүгээр баг, Бортолгойн 37-06 тоот хаягт оршин суух, Ш.С-ийн  нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Төрийн орон сууцны корпорацийн 42 дугаар байрны 40 тоот хаягт оршин суух, П.Х, 

Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Төрийн орон сууцны корпорацийн 42 дугаар байрны 40 тоот хаягт оршин суух, Б.М нарт холбогдох 

байрнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, 

хариуцагч П.Х, Б.М, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А  нар оролцов. 

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бэр Ш.С нь Төрийн өмчид орон сууны корпорацийн 42 дугаар байрны 40 тоот хаягт амьдарч байгаад ар гэрийн гачигдлаар удаан хугацааны турш эрүүл мэндээ эмчлүүлэх шаардлагатай болсон. Тэгээд Ш.С нь 2017 оны 05 дугаар сараас байрандаа хэсэг хугацаанд амьдрах боломжгүй болсон бөгөөд нөхрийнхөө танил н.Э-г байрандаа байрны мөнгөө төлөөд байж байхаар харилцан тохироод үлдээсэн. Тэгтэл Ш.С нь 2018 оны 06 дугаар сард буцаж ирээд байрандаа орох гэтэл н.Э нь нөхөртэй болж байрнаас гараад тус байранд П.Х, Б.М  нарыг оруулсан байсан. н.Э нь байрнаас гарах болсон, хүмүүс оруулсан тухайгаа  өмнө нь мэдэгдээгүй бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байрандаа орох гээд иртэл тэрээр манай байрны 2 ширхэг түлхүүрийг өгөөд  “танай байранд орсон хүмүүс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэхэд байрнаас гарна” гэсэн. Бид хүлээсэн боловч дээрх хүмүүс одоог хүртэл байрнаас гараагүй. Ш.С нь өөрөө өрх толгойлсон эмэгтэй бөгөөд Улаанбаатар хотод ажилгүй, хүүхдээ хараад гэртээ байж байгаа. П.Х, Д.М нартай эхлээд уулзахад “ойрын үед гарч чадахгүй” гэж  хэлдэг байсан бол одоо “гарахгүй” гэдэг болсон. 

Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 5 дугаар баг, Төрийн өмчит орон сууцны корпорацийн  42 дугаар байрны 40 тоот хаягт байрлах байрыг хууль бусаар эзэмшиж амьдарч байгаа П.Х, Д.М  нарыг тус байрнаас албадан гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд нэгдмэл байдлаар гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр н.Э эмчтэй нэг газар ажилладаг. Н.Э эмч “Та хоёр байраа зараад, миний амьдарч байгаа байранд орооч” гэсэн. Тэгэхээр нь -бид нарын нэр дээр нь шилжүүлж өгөх үү гэхэд “нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэсэн. Тэрнээс болж бид хоёр өмнөх байраа зарсан. Одоо бид хоёр бага насны хоёр  хүүхэдтэй бөгөөд амьдрах байргүй байгаа. 

Мөн н.Э эмч “Ш.С эгч хугацааг нь дуусахаар байрыг нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн” гэсэн. Тэгтэл н.Эрдэнэхүү эмч 2018 оны 06-07 дугаар сарын үеэр “Нараа эгч бэрийнхээ байрандаа орно гээд байна,  Ш.С эгч надтай яриагүй” гэсэн. Нараа эгчийн хүү нь гээд байгаа хүн над дээр ирээд хэл амаар доромжилж, мөн удаа дараа гэрт ирсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 

Нэхэмжлэгч нь өөрсдөө байраа бусдад түрээслэж болохгүй байж гэрээгээ зөрчсөн, бид нар гарвал өөрсдөө байраа алдана гэв. 

 

          Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.С нь П.Х, Д.М нарт холбогдуулан байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Ш.С нь Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Төрийн өмчит орон сууны корпорацийн 42 дугаар байрны 40 тоот хаягт байршилтай, 44.24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Төрийн өмчийн орон сууцны корпорацитай гэрээ байгуулан 2016 оноос эзэмшиж ирсэн, энэхүү гэрээ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй, мөн Г.С нь өөрийн байранд н.Э гэдэг хүнийг оруулсан, н.Э нь хариуцагч нарыг тухайн байранд оруулсан гэх үйл баримт, дараалал талуудын маргаагүй байдлаар болон Ш.С-Төрийн орон сууц корпораци нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”-ээр тогтоогдсон. 

Төрийн орон сууц корпорацитай гэрээ байгуулсны үндсэн дээр  Ш.С нь Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Төрийн өмчит орон сууны корпорацийн 42 дугаар байрны 40 тоот хаягт байршилтай орон сууцыг түрээсэлснээрээ тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй, уг эзэмшил хэвээрээ байна. 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл П.Х, Д.М нарт холбогдуулан  Ш.С нь өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлж, тухайн орон сууцыг чөлөөлүүлэх эрхтэй гэж үзнэ.   

Харин хариуцагч нарын хувьд одоогоор маргаж буй орон сууцыг эзэмшиж байгаа боловч эзэмшигчээс нь биш гуравдагч этгээдээс орон сууцыг хүлээн авсан үйлдлээсээ  шалтгаалан Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч болж чадахгүй, мөн хууль ёсны эзэмшигч Ш.С-өөс илүүтэйгээр уг маргаж буй байрыг эзэмших эрхтэй гэх баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нарыг Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Төрийн орон сууцны корпорацийн 42 дугаар байрны 40 тоот /гэрээнд бичсэнээр Булганхангай хороолол, 2 дугаар байр, 40 тоот/ хаягт байрлах байрнаас хариуцагч П.Х, Д.М нарыг албадан гаргах нь зүйтэй байна. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.С-ийг Төрийн орон сууц корпорацитай байгуулсан гэрээгээ зөрчиж бусдыг түрээсийн орон сууцанд оруулсан гэж хариуцагч нар маргасан боловч энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, харин гэрээний талуудын хооронд хариуцлага тооцох асуудал нь нээлттэй болохыг дурдвал зохино. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Х, Д.М нараас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Ш.С-д олгохоор шийдвэрлэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ хуульд заасан арга журмын хүрээнд авагдаагүй хариуцагч талаас гаргаж өгсөн 2 хуудас “фэйсбүүкээр харилцсан чат” гэх баримтыг үнэлээгүй болно. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуульд заасан журмаар мэдэгдсэн байхад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр товлон зарлагдсан эрүүгийн шүүх хуралдаанд өөрөө сонгож оролцсон байсан учир нэхэмжлэгчийн гаргасан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэн шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

                                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Х, Д.М нарыг Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Төрийн орон сууцны корпорацийн 42 дугаар байрны 40 тоот /гэрээнд бичсэнээр Булганхангай хороолол, 2 дугаар байр, 40 тоот/ хаягт байрлах байрнаас албадан гаргасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, П.Х, Д.М нараас 70 200 төгрөг гаргуулан Ш.С-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ