| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2018/01048/И |
| Дугаар | 994 |
| Огноо | 2018-11-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймаг, Тариат сум, Тэрх баг, Гүүр нэртэй газар оршин суух, Ө.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СДЭ-т холбогдох
урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ө.С, түүний өмгөөлөгч В.У,
хариуцагчийн төлөөлөгч Т.Г,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.С миний бие Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн эмчээр 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Миний бие Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот тушаалаар Тэрх багийн эмчийн ажлаас чөлөөлөгдсөн. Мөн надад тус эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар мэдэгдлийг надад өгсөн. Уг мэдэгдэлд дурдсан ажлын бүтээмжгүй, үүрэгт ажлаа чанаргүй гүйцэтгэж байгаа гэсэн үндэслэлтэй санал нийлэхгүй байна. Би энэ талаар тайлбараа ерөнхий эмч Т.Г-д хэлсэн боловч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тушаал гарсан үндэслэлийг зөвшөөрөхгүй.
Иймд Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Тэрх багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэг нь Ө.С-ийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Тэрх багийн эмчээр ажиллуулж эхэлсэн. Ө.С нь эмчлэх эрхийн лицензгүй, мэргэжлийн диплом авчирч үзүүлээгүй, багаа тойрдоггүй, дуудлаганд явдаггүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын байрыг орхиж явдаг, гэрийн идэвхитэй эргэлт, урьдчилан сэргийлэх үзлэг болон 0-5 насны хүүхдийн гэрийн эргэлтийг хийдэггүй, тайлан мэдээг цаг хугацаанд нь өгдөггүй зэрэг зөрчлүүдийг гаргадаг.
Ө.С-д эмнэлгийн удирдлагын баг болон хамт олны хурал дээр удаа дараа сануулах арга хэмжээ авсан. Мөн түүний гаргасан зөрчилтэй холбогдуулан 2018 оны 05 дугаар сараас цалин бууруулах арга хэмжээ авсан боловч ажлын ахиц гараагүй тул ажлаас чөлөөлсөн болно. Мөн Ө.С-ийн ажилтай холбогдуулан иргэдээс олон удаа гомдол, санал ирж байсан учир сумын Засаг даргаас тус эмнэлэгт тоот хүртэл ирүүлж байсан.
Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэг нь ажилчдын ажлыг улирал тутамд удирдлагын баг, ёс зүйн баг, халдвар хамгааллын баг 100 оноогоор дүгнэж урамшуулал олгодог. Харин Ө.С нь 2018 оны 1 дүгээр улиралд 48 оноо, 2 дугаар улиралд 70 оноо, 3 дугаар улиралд 42 оноотой дүгнэгдэж урамшуулал аваагүй.
Ерөнхий эмчийн хувьд би Тэрх багийн эмч Ө.С-ийг үндсэн ажлын үүргийн гүйцэтгэлийг хангалтгүй биелүүлсэн буюу 3 удаа хангалтгүй дүгнүүлсэн, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан буюу сануулах, үндсэн цалингийн 20 хувиар 2 сар бууруулах арга хэмжээ авагдсан, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй зэрэг үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд Ө.С-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.С нь СДЭ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч нь Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эрүүл мэндийн төвд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлэг гэж тодруулсан, энэ талаар зохигч маргаагүй.
Мөн хэрэгт нэхэмжлэгчийг Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлгийн Тэрх багийн эмчээр томилсон тушаал, байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй боловч талуудын маргаагүй байдлаар өгсөн тайлбараар Ө.С нь тухайн ажилд 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр томилогдсон үйл баримт тогтоогдсон.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.С-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/37 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлан Ө.С-ийг Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн эмчийн ажлаас чөлөөлжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг эмчлэх эрхийн лицензгүй, мэргэжлийн диплом авчирч үзүүлээгүй, багаа тойрдоггүй, дуудлаганд явдаггүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын байрыг орхиж явдаг, гэрийн идэвхитэй эргэлт, урьдчилан сэргийлэх үзлэг болон 0-5 насны хүүхдийн гэрийн эргэлтийг хийдэггүй, тайлан мэдээг цаг хугацаанд нь өгдөггүй, үндсэн ажлын гүйцэтгэлээ 3 удаа хангалтгүй дүгнүүлсэн, сахилгын шийтгэл хүлээж байсан зэрэг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж мэтгэлцээний байр сууриа илэрхийлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, улмаар ажлаас чөлөөлөх эрхтэй болохыг заасан. Харин Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.С-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/37 тоот тушаалаар Ө.С-ийн хэзээ гаргасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдлийг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй болжээ. Өөрөөр хэлбэл дээрх тушаалд Ө.С-ийн давтан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болсон үйлдэл, эс үйлдлийг тодорхой тусгаагүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын аль хэсгийг ажилтан зөрчсөн болохыг дүгнээгүй, сахилгын шийтгэл ногдуулах болсон үйл баримтын талаар нотлох баримт байхгүй байна.
Ийнхүү ажилтны хэзээ гаргасан үйлдлийг сахилгын давтан зөрчил гэж үзэж буй нь тодорхойгүйгээс шалтгаалан ажил олгогч өөрийн эрх хэмжээгээр сахилгын шийтгэл ногдуулах болсон үйл баримт, үндэслэлийг дараа нь тодорхойлох боломжтой, мөн сахилгын зөрчил давтан гаргасан гэж тооцох хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй байгаа нь ажилтны эрх ашгийг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг шүүхийн зүгээс өгөв.
Сахилгын давтан зөрчлийг ажилтан хэзээ гаргасныг ажил олгогч нотолж чадахгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт гаргах боломжгүй, ажил олгогч нь хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэлгүй.
Түүнчлэн ажилтан нь ажлын байрны тодорхойлолтыг хангахгүй, мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан өөр үндэслэлээр ажлаас чөлөөлөх ёстойг дурдав.
Иймд өгсөн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ө.С-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул сахилгын шийтгэл ногдуулсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.С-ийг Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлгийн Тэрх багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Архангай аймгийн Тариат сумын Сум дундын эмнэлгээс 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ