| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2019/0591/Э |
| Дугаар | 829 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 829
Д.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1808031220857 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
................., 1974 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 2 дугаар гудамжны 41а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /.................../;
Д.М нь 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг блокны үйлдвэрийн хашаан дахь Б.Нэмэхжаргалын гэрээс “Самсунг Эс 2” маркийн гар утас, Ж.Янжинхоролын цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 362.300 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 6 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг блокны үйлдвэрийн хашаан дахь Э.Оюунтуяагийн гэрээс цүнх болон доторх эд зүйлс, “Самсунг Эс 6” маркийн гар утас зэргийг хулгайлан 518.100 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг блокны үйлдвэрийн хашаан дахь Ж.Зоригт-Очирын гэрээс “Самсунг Жи 7” маркийн гар утсыг хулгайлан 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........................г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Мг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Мгийн урьдчилан хоригдсон 1 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.М бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийнхөө хийсэн гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Би Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. Эмчийн гарын үсэг, тамгатай бичгээр байнга эм уудаг. Энд ирээд эм ээ авч ууж чадахгүй чихэнд юм дуугарч улмаар чих өвдөж, чихний хэнгэрэг хагарч 10 хоног цустай идээ гоожиж дүлийрсэн, хэнгэрэг цоорсон, бөөр цустай хурц үрэвсэлтэй, элэг хурц үрэвсэлтэй В вирустай оноштой 461 дүгээр ангийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Миний бие охины хамт хөлсний байранд амьдардаг нэн ядуу. Хоригдох хугацаанд эрүүл мэндийн байдал хүндэрсэн тохиолдолд эмчилгээ хийлгэх чадваргүй тул яаралтай мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж байж болох хамгийн доод ял оногдуулсан тул хэлэх тайлбар алга байна.” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Мд холбогдох хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагааг хийсэн. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлбөрөө төлөх гэж завсарлага авсан. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг хийсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан 1 жилийн хорих ял авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Д.М нь 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг блокны үйлдвэрийн хашаан дахь Б.Нэмэхжаргалын гэрээс “Самсунг Эс 2” маркийн гар утас, Ж.Янжинхоролын цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 362.300 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 6 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг блокны үйлдвэрийн хашаан дахь Э.Оюунтуяагийн гэрээс цүнх болон доторх эд зүйлс, “Самсунг Эс 6” маркийн гар утас зэргийг хулгайлан 518.100 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг блокны үйлдвэрийн хашаан дахь Ж.Зоригт-Очирын гэрээс “Самсунг Жи 7” маркийн гар утсыг хулгайлан 336.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ж.Зоригт-Очирын “...2018 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 12-2а тоотод байрлах блокны үйлдвэрийн ажилчдын гэрт ороод унтсан. Би “Самсунг Жи 7” маркийн гар утсаа орныхоо дэргэд цэнэглээд унтчихсан байсан. 12 цагийн үед сэрэхэд гар утас алга болчихсон байсан. Монгол гэрийнхээ хаалгыг цоожлоогүй хаагаад унтсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хяналтын камер шүүж үзэхэд үл таних эмэгтэй гар чийдэн бариад манай гэр рүү ороод гарч байгаа бичлэг хадгалагдсан байна. Миний “Самсунг Жи 7” маркийн гар утас нь шаргал өнгөтэй, 2016 онд 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” /1хх 11/,
хохирогч Б.Нэмэхжаргалын “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 12-2а тоотод байрлах блокны үйлдвэрт 2018 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байгаа юм. Би уг блокны үйлдвэрийн хашаан дахь монгол гэрт байрлаж ажил хийдэг. 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 23 цагийн орчим гэрийн баруун талд унтсан. Би “Самсунг Эс 2” маркийн гар утсаа дэрэн доогуураа хийчихсэн унтаж байсан. Надтай хамт ажилладаг ах, эгч хоёрын найзууд нь ирчихсэн жаахан архи уучихсан байж байсан. Намайг гэртээ ганцаараа унтаж байхад хамт ажилладаг ах, эгч хоёр найзуудынхаа хамт шөнө 02 цагийн үед орж ирээд унтсан. Би тэрнээс хойш сэрээгүй. Өглөө 07 цагийн үед сэрээд гар утсаа үзсэн чинь алга болчихсон байсан. Монгол гэрт хамт хоносон Янжинхорол гэх хүний цүнх, дотор нь байсан гар утас, бичиг баримт, түрийвч нь бас алга болсон байсан. ...” /1хх 48/,
хохирогч Ж.Янжинхоролын “...2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр найзуудынхаа хамт хүүхдийн үсний найранд оччихоод гэртээ харилгүй өөрийн найз Нэмэхжаргалын гэрт очиж хоносон юм. Тэдний гэр Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын ард байдаг блокны үйлдвэрийн хашаанд байдаг юм. Шөнө 03 цагийн үед очсон. Өглөө 07 цагийн үед сэрэхэд миний цүнхтэй эд зүйлс цөм алга болсон байсан. Гэр дотор нь хайгаад ер олоогүй. Тэгээд хяналтын камер шүүгээд үзэхэд цэнхэр өнгийн цамцтай эмэгтэй хүн хашаан дотор явж байгаад бид нарын унтаж байсан гэр рүү ороод гарахдаа миний цүнхийг мөрөндөө үүрчихсэн гарч байгаа нь харагдаж байсан. ...” /1хх 51-52/,
насанд хүрээгүй хохирогч Э.Оюунтуяагийн “...2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 12-2а тоотод байрлах гэрт найз залуу Билгүүний хамт зүүн талын унтлагын орон дээр унтсан. Өглөө 08 цагийн үед сэрсэн чинь орны дээд талд байсан хар өнгийн эмэгтэй хүний цүнх, дэрэн доор байсан “Самсунг Эс 6” маркийн гар утас зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...” /1хх 91/,
гэрч Г.Билгүүний “...Унтахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоогүй, хаагаад унтсан. Би өглөө 8 цаг өнгөрч байхад сэрэхэд орны хажууд байсан “Самсунг Эс 6” маркийн гар утас алга болчихсон байсан. ...” /1хх 92/ гэх мэдүүлгүүд,
эд зүйлийн үнэлгээ /1хх 17-18, 43-44, 60-61, 96-97/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 118-122/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Д.Мг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Мг иргэн Б.Нэмэхжаргалын гэрээс “Самсунг Эс 2” маркийн гар утас, цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 362.300 төгрөгийн хохирол, иргэн Э.Оюунтуяагийн гэрээс цүнх болон доторх эд зүйлс, “Самсунг Эс 6” маркийн гар утас зэргийг хулгайлан 518.100 төгрөгийн хохирол, иргэн Ж.Зоригт-Очирын гэрээс “Самсунг Жи 7” маркийн гар утсыг хулгайлан 336.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Д.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн шүүгдэгч Д.Мгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ