Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0408

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Б Э” ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д.

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0299719 дүгээр шийтгэлийн хуудсаар “Б Э” ХХК-ийн 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 568,564,867.80 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай” гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.У, Б.Т, хариуцагч Ц.Б, О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн гомдолдоо:  “...Татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0299719 дүгээртэй шийтгэлийн хуудсаар “БЭ” ХХК-ийг 2014 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татвараас чөлөөлөгдсөн борлуулалтын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтаар хасалт хийж илүү төлөлт үүсгэсэн 3,790,432,453.00 төгрөгийн зөрчилд 379,043,245.40 төгрөгийн нөхөн татвар, 113,712,973.30 төгрөгийн торгууль, 75,808,649.10 төгрөгийн алданги, нийт 568,564,867.80 төгрөгийн төлбөр ногдуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал: “БЭ” ХХК нь 2014 онд 3,799,684,926.59 төгрөгийн худалдан авалт буюу зарлага гаргасан бөгөөд тухайн зарлагын дүнгээр холбогдох татварын тайландаа тусгаж тайлагнасан байдаг. Компанийн үйл ажиллагааны онцлог, барилга угсралтын ажлын үргэлжлэх хугацаанаас хамааран борлуулалтууд дараагийн жилүүдэд хийгдсэн ба 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д заасны дагуу “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад ногдуулна” гэж заасны дагуу 2015-2017 онуудад борлуулалт бүртгэгдэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдаж тайлагнасныг татварын байцаагчид баталгаажуулсан болно.

Хариуцагч татварын байцаагч нар нь "БЭ" ХХК-ийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд ил тодын тайланд тусган тайлагнаж татвараас чөлөөлөгдсөн боловч дээрх чөлөөлөгдсөн орлогод ногдох худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтаар хасалт хийж илүү төлөлт үүсгэсэн гэж дүгнэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй, хууль зөрчсөн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д худалдан авсан, импортолсон бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцохоор заасан бөгөөд "БЭ" ХХК нь хуулийн дагуу 2014 онд 10,142,001.00 төгрөгийн борлуулалт, 3,790,432,453.00 төгрөгийн худалдан авалт тайлагнаж 379,043,245.30 төгрөгийн илүү үлдэгдэлтэй гарсан хэдий ч энэхүү худалдан авалтаар барьж байгуулсан барилга, орон сууцыг дараагийн жилүүдэд худалдан борлуулан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан ба тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс их байвал татварын алба дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт шилжүүлэн тооцох тухай заалтын дагуу дараах байдлаар тайлагнаж, шилжүүлэн тооцсон.

Хариуцагч татварын байцаагч нар нь "БЭ" ХХК-ийн үйл ажиллагаа, барилгын салбарын бараа бүтээгдэхүүний онцлог, борлуулалт, худалдан авалтын уялдаа холбоог үл харгалзан "БЭ” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу тайлагнаж, мэдүүлсэн орлого, худалдан авалтыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмж мэдүүлсэн өөр бусад тайлан, орлоготой холбож үндэслэлгүй торгууль шийтгэл оногдуулж, Татварын албаны дотоод төлөвлөгөө зорилтоо биелүүлэхийн тулд аж ахуй нэгжийг дарамталж байгааг үл хүлээн зөвшөөрч байна.

Өөрөөр хэлбэл “БЭ” ХХК 2014 оны тайлангаар хийгдэж баталгаажсан татварын буцаан авалтын асуудал нь 2015 оны 8 дугаар сард батлагдсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд цаг хугацааны хувьд ч тоон мэдээллийн хувьд ч ямар ч хамааралгүй байхад хариуцагч татварын байцаагч нар нь “БЭ” ХХК-ийн 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу гаргасан тайлангийн дүнд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар акт тавьж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн болох нь илэрхий байна. Нөгөөтээгүүр хариуцагч татварын байцаагч нарын 379,043,245.40 төгрөгийн нөхөн татвар ногдуулж буй хэсэг нь хууль зөрчсөн байх тул 113,712,973.30 төгрөгийн торгууль, 75,808,649.10 төгрөгийн алданги оногдуулсан нь хууль бус болно.

“БЭ” ХХК-ийн зүгээс хариуцагч татварын байцаагч нарын 2013 оны 0299719 дүгээр шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гомдлыг хуулийн хугацаанд нь дээд шатны байгууллага болох Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаартай тогтоолоор “БЭ” ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардан авч танилцахад “БЭ” ХХК нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2014 онд 10,142,001.00 төгрөгийн борлуулалт, З,790,432,453.00 төгрөгийн худалдан авалт тайлагнаж 379,043,245.30 төгрөгийн илүү үлдэгдэлтэй байсан нь 2006, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчөөгүй байна гэж үзсэн боловч дээрх дүнгээр “БЭ” ХХК-ийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг зөрчиж авлага үүсгэсэн гэж дүгнэн хариуцагч татварын улсын байцаагч нарын хууль бус актыг засалгүй “БЭ” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байна.

Иймд татварын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0299719 дүгээр шийтгэлийн хуудас, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор оногдуулсан 2014 оны 379,043,245.40 төгрөгийн нөхөн татвар, 113,712,973.30 төгрөгийн торгууль, 75,808,649.10 төгрөгийн алданги, нийт 568,564,867.80 төгрөгийн татварын төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “БЭ” ХХК нь дээрх хугацаанд нийтдээ 36 тэрбум 158,411 төгрөгийн борлуулалт, 20 тэрбум 424 сая 645 төгрөгийн худалдан авалтыг тайлагнасан. Ингэснээр нийтдээ 15 тэрбум 733 сая 765 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос 1 тэрбум 573 сая 376,585 төгрөгийн мэдүүлж “БЭ” ХХК-д төлсөн байдаг. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д худалдан авсан, импортолсон бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын төсөвт төлөх. Нэмэгдсэн өртгийн албан татварт тооцохоор заасан байдаг. Татварын байцаагч нар нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д “БЭ” ХХК-ийн сард хийх хасалтын хэмжээг дараагийн сард, улирал, жилд тооцуулна гэж заасныг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасантай хольж тайлбарлан дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч тал тайлбартаа хасалт хийж илүү төлөлт үүсгэсэн гэж дурдсан ч үүнийгээ баримтаар нотлоогүй. Мөн хавтаст хэрэгт түүнтэй холбоотой баримтууд байдаггүй. “БЭ” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн илүү үлдэгдэлтэй гарсан дүнг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар авлага үүсгэсэн гэж үзэн 113 сая төгрөгийн торгууль 75 сая төгрөгийн алданги тавьсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 2014 оны 379 сая төгрөгийн нөхөн татвар 11,3 сая төгрөгийн торгууль 75 сая төгрөгийн алданги нийтдээ 568,564,867.80 татварын төлбөрийг хүчингүй болгож өгөөч гэсэн шаардлага гаргаж байна” гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, 5125057 регистрийн дугаартай 1,856.000.000.000 төгрөгийн дүрмийн сантай, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг. “РГ” 4 байр хаягт байрлах “БЭ” ХХК-ийн 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж", Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 26181100716 тоот томилолтын дагуу татварын иж бүрэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтын явцад 2014 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 10.142.001.00 төгрөгийн борлуулалт тайлагнасан боловч 3,779,684,926.59 төгрөгийн худалдан авалт тайлагнаж жилийн эцсийн тооцооллоор 379,043,245.33 төгрөгийг илүү төлөлт үүсгэсэн байна. Улмаар борлуулалтын орлогыг 2015-2016 онд хэрэгжсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд ил тодын тайланд тусган тайлагнаж, татвараас чөлөөлөгдсөн боловч дээрх чөлөөлөгдсөн орлогод ногдох худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авалтаар хасалт хийж, илүү төлөлт үүсгэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” Тус хуулийн 14.1.1-д “үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого орлогоос бусад албан татвар оногдох зүйл, ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил боломж, санхүүгийн болон албан татварын тайланг шинээр гаргаж харьяалах татварын албанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, мөн 6 дугаар зүйлийн 6.3-д "Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн тулд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Түүнчлэн 2015 онд 92,020,984.40 төгрөг, 2016 онд 237,312,292.60 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан албан татварыг хуулийн хугацаанаас хожимдуулан төсөвт шилжүүлсэн нь Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3 д зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.

Иймд Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “Тоо хэмж, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгах тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, мөн энэ хуулийн 74.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 74.1, 74.2-д заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалт, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д “Энэ хуулийн 60.1-д “алдангийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтоож байна” заалтыг үндэслэн нийт 4,119,765,730.00 төгрөгийн зөрчилд 379,043.245.40 төгрөгийн нөхөн татвар, 163.123.133.20 төгрөгийн торгууль, 101,799.252.80 төгрөгийн алданги, нийт 643,965,631.40 төгрөгийн төлбөр ногдуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Татвар төлөгч “БЭ” ХХК нь шийдвэрийг хэсэгчлэн зөвшөөрч, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан 379,043.245.33 төгрөгийн илүү төлөлттэй холбоотой хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан.

Гомдлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байсан ба бидний зүгээс гомдлын үндэслэлийн хэсэг тус бүрээр тодорхой тайлбарыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд дараах байдлаар гаргаж байсан. Үүнд:

Тус компани нь 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдаж улмаар “Р*******” хотхоны бүтээн байгуулалтын эхэн үе болох 2013 онд 13,655,000.00 төгрөгийн татвар ногдох орлого, 12,850,000.00 төгрөгийн хасагдах зардал, 805,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлого, 2014 онд 24,075,620,46 төгрөгийн татвар ногдох орлого, 26,424.873.39 төгрөгийн хасагдах зардал, 2,411,109.49 төгрөгийн алдагдал бүхий тайланг татварын албанд тушааснаар 2013 оны жилийн эцсийн тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босго даван 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж 36728 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авсан. 

Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2014 онд 10,142.001.00 төгрөгийн борлуулалт, 3,799,684,926.59 төгрөгийн худалдан авалт тайлагнасан ба 2014 оны жилийн эцсийн нэмэгдсэн өртгийн тооцооллоор 379,045,245.3 төгрөгийг эцсийн илүү үлдэгдэлтэй татварын тооцооллын программд орсон байна. 

Орон сууцны борлуулалтын орлогын урьдчилгаа төлбөрийг санхүүгийн тайлангийн “урьдчилж орсон орлого” дансанд бүртгэх бөгөөд тухайн орон сууцыг захиалагч иргэнд эцсийн байдлаар хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хэлцэл төгс бол борлуулалтын орлогыг зөвшөөрөн татварын тайланд тусгаж тайлагнана гэж үзвэл “Р*******” хотхоны борлуулалтын орлого нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө" гэсэн заалтад хамаарах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл дээрх борлуулалтын орлого нь нуун дарагдуулсан орлого гэх ойлголтод яагаад ч хамаарахааргүй байхад тус хуулийн дагуу тайлагнасан нь хуулийг буруу хэрэглэсэн ташаа явдал болжээ. Ийнхүү хуулийг буруу хэрэглэсний үр дагавар нь тухайн борлуулалтын орлогыг олоход зориулагдсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь тооцоололд хэвээр үлдэж, мөн дүнгээр улсын төсвөөс авлага үүсгэсэн байна. 

Түүнчлэн “БЭ” ХХК-ийн гомдлын үндэслэлийн 2 дахь хэсэгт бичсэнээр бол 2014 оны жилийн эцэс гэхэд барилгын эцсийн борлуулалт хийгдээгүй байсан гэж ойлгохоор байна. Энэ тохиолдолд зөвшөөрч тайлагнах хугацаа нь болоогүй байгаа орлогыг хэрхэн эдийн засгийн ил тод байдлын тайланд заасан нуун дарагдуулсан орлогод хамааруулж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд үнэн зөв шударгаар санхүү болон татварын тайланд тусгаагүй байгаа нь харагдаж байна.

Будыг эх компанийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд болон нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалт 2019 оноос өмнө хийгдэж байгаагүй. 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлд зөвхөн нуун дарагдуулсан хөрөнгө ба орлого хамаарах бөгөөд харин татварын улсын байцаагч бидний гаргасан шийдвэрт орлогыг ил тодын тайланд хамруулан тайлагнаснаар гарсан үр дагаврын тухай өөрөөр хэлбэл мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 д "Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн тухай л яригдаж байгаа билээ.

Гомдлын бусад хэсэгт байгаа “ил цагаандаа гарсан, дээрмийн шинжтэй... дарамт шахалт үзүүлсэн” гэх мэт үг хэллэг ашигласан хэсгүүдэд ямар нэгэн тайлбар өгөх шаардлагагүй, харин хяналт шалгалтыг 26181100716 тоот татварын хяналт шалгалтын томилолтод заасан хугацааг хамруулан “Татварын хяналт шалгалтын ажлын ерөнхий удирдамж”-ийн дагуу хийж гүйцэтгэсэн, ингэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хатуу баримтлан ажилласан болохыг тэмдэглэх нь зүйтэй. Дээрх тайлбарууд болон бусад амаар өгсөн тайлбар холбогдох баримт материалд үндэслэн Нийслэлийн татварын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 0299719 тоот шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. 

“БЭ” ХХК нь маргаан таслах зөвлөлийн тогтоолыг үл хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд 13-07/21 тоот албан бичгээр гомдол гаргажээ. Татварын улсын байцаагч бидний гаргасан 0299719 тоот шийдвэр нь хуульд бүрэн нийцсэн бөгөөд татвар төлөгчийн эрх ашгийг хууль бусаар хохироосон зүйлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Тооцооллын хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Тоон үзүүлэлтийн хувьд 2014 оны ил тодын тайлангаар 16,9 тэрбум төгрөгийн орлого тайлагнасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд орлого зарлагын зарчим гэж байдаг. Орлогоо тайлагнасан бол зардал болон худалдан авалтаа тайлагнах ёстой. Гэтэл орлогоо тайлагнаад худалдан авалтаа үлдээгээд улсаас буцаан авалт үүсгэж байгаа нь ил тодын тайланд хориглосон заалтыг зөрчсөн тул акт гаргасан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар нийт борлуулалтын 34,1 хувийг тайланд тусгачихсан. 319,405,512 тоот гэсэн 3 байшин байгаа. Тэрний 512 тоот байшин нь тухайн үед баригдаж эхэлж байсан. Түүний борлуулалтыг хүлээн зөвшөөрсөн. 9,8 тэрбум төгрөгийг борлуулалтын алба хүлээн зөвшөөрөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар тайлагнасан байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

 “БЭ” ХХК-аас “Татварын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0299719 дүгээр шийтгэлийн хуудсаар “БЭ” ХХК-ийн 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 568,564,867.80 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдол гаргажээ.       Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

“БЭ” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д нар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 26181100716 тоот томилолтын дагуу шалгалт хийж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0299719 дүгээр шийтгэлийн хуудсаар 4,119,765,730.00 төгрөгийн зөрчил илрүүлж, 379,043,245.40 төгрөгийн нөхөн татвар, 163,123,133.20 төгрөгийн торгууль, 101,799,252.80 төгрөгийн алданги, нийт 643,965,631.40 төгрөгийн төлбөр ногдуулж, арга хэмжээ авсныг гомдол гаргагч нь бүхэлд нь бус 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан зөрчилд тооцсон хэсгийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

Маргаан бүхий энэ хэсэг нь “БЭ” ХХК-ийг 2014 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татвараас чөлөөлөгдсөн борлуулалтын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авалтаар хасалт хийж, илүү төлөлт үүсгэсэн 3,790,432,453.00 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзсэн ба 379,043,245.40 төгрөгийн нөхөн татвар, 113,712,973.30 төгрөгийн торгууль, 75,808,649.10 төгрөгийн алданги нийт 568,564,867.80 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч маргасан, бусад төлбөрт маргаагүй байна.

Гомдол гаргагчаас “2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 379 сая төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг дараа жил нь суутгуулсан байхад авлага үүсгэсэн гэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай цаг хугацааны болон тоон мэдээллийн хувьд ямар ч хамааралгүй байхад төлбөр төлүүлэхээр акт үйлдсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн” гэж маргасан бол, хариуцагчийн зүгээс “орлогоо тайлагнасан боловч худалдан авалтаа үлдээгээд улсаас буцаан авалтаар илүү төлөлт үүсгэж байгаа нь эдийн засгийн ил тодын тайлангийн хориглосон заалтыг зөрчсөн учраас акт тавьсан, шийтгэлийн хуудас үндэслэлтэй” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

          Үйл баримтын хувьд, “БЭ” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 36728 дугаар гэрчилгээ авсан, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 10,142,001.00 төгрөгийн борлуулалт, 3,799,684,926.59 төгрөгийн худалдан авалт тайлагнасан байх ба 2014 оны жилийн эцсийн нэмэгдсэн өртгийн албан татварын тооцооллоор 379,043,245.30 төгрөгийн илүү төлөлтийн үлдэгдэлтэй байжээ. Энэ тооцоололтой гомдол гаргагч тал болон хариуцагч татварын улсын байцаагч нар маргаангүй, мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд дээрх борлуулалтын орлогыг ил тодын тайланд тусган тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлан баталгаажсан талаар маргаангүй байна.

          Энэ утгаараа ил тодын тайлангаар чөлөөлөгдсөн орлогод ногдох худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авалтаар хасалт хийж, илүү төлөлт үүсгэсэн байгаа нь хэргийн оролцогчдын тайлбар, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 96 дугаар тогтоол, компанийн борлуулалтын тайлан зэрэг баримтуудаар нотлогдож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т: “энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.7-д: “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно” гэж заасныг зөрчсөн байна.

          Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1-д “... татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “...татварын тайланд багасгаж тусгах...”, зэргийг үндэслэн эрх бүхий улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 4-д “... татварыг төлөөгүй бол ... 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар холбогдогч “БЭ” ХХК-ийн нөхөн татвар, торгууль, алдангийг маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан маргаан бүхий холбогдох хэсэг нь үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

          Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д: “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон 2017 оны 7 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.7, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б Э” ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0299719 дүгээр шийтгэлийн хуудсаар “БЭ” ХХК-ийн 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 568,564,867.80 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 72000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.Б