Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0809/З |
Дугаар | 221/МА2024/0558 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0558
Ж.Аийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л
Нэхэмжлэгч: Ж.А
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай актын Ж.Ат холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 2023 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ат олгоогүй тэтгэврийг гаргуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 447 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х, Д.Б
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0809/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Аээс хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай актын Ж.Ат холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 2023 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ат олгоогүй тэтгэврийг гаргуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 447 дугаар шийдвэрээр: “...1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 6 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 5, 26 дугаар зүйл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Аийн нэхэмжлэлд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчдаас дахин шинэ акт гаргах хүртэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өдрийн Тэтгэврийн олголт зогсоож, тэтгэврийг буцаан төлүүлэх, хувийн хэргийн бүрдлийг хангуулах тухай 5 дугаар актын Ж.Ат холбогдох хэсгийг шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага нь дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий дээрх актын нэхэмжлэгч Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгч Ж.А нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тэтгэврийн хувийн хэрэг нээлгүүлж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Ингэж тэтгэвэр тогтоолгохдоо өргөдөл, хууль ёсны нөхөр болох Бат-Очир овогтой Наранжавын малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин Н.Оюунзулын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, малчны нөхөн даатгалд зориулж 5,050,000 /таван сая тэг тавин мянга/ төгрөгийг төлсөн баримт зэргийг өгсөн болно. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр олгогдох болсон. Үүний дараа 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5 дугаартай маргаан бүхий захиргааны актыг Нийгмийн Даатгалын Ерөнхийн Газрын улсын байцаагч нар үйлдэж, Ж.Аийн тэтгэвэр олголтыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлэн зогсоож, үндэслэлгүй авсан 7,350,000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг буцааж төлүүлэх, Ж.Аийн малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тухай баталгаажуулалтын хуудсыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Ж.А малчин даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуулиар олгосон эрхээ эдэлж байхад Нийгмийн даатгалын ерөнхий газраас хуурамч баримт бичгийг тогтоохгүйгээр нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр авах эрхийг хязгаарласан болно. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь одоо 55 нас хүрсэн бөгөөд насны дагуу тэтгэвэр тогтоолгох боломжгүй, Хөдөлмөр эрхлэлтийн хуулийг дэмжих хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
3.2. Маргаан бүхий захиргааны акт хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл байхгүй. Мөн энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар сонсох ажиллагааны арга хэлбэрийг дурдах ёстой. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй, зөвхөн ярилцлага хийсэн гэх тэмдэглэл байгаа боловч уг тэмдэглэлийг хэн хөтөлсөн нь мөн тодорхойгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэсэн байдаг. Эдгээр хуулийн заалтаас харвал маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хуульд заасны хийгдээгүй гэж харагдаж байна.
3.3. Олгосон тэтгэврийг маргаан бүхий захиргааны актын 3 дахь хэсгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр авсан 7,350,000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг буцааж Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын Хаан банкны дансанд төлүүлэхээр шийдсэн байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны актын 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг дурдсан. Уг хэсгийн үндэслэлийг харвал “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэгэнт олгосон тэтгэврийг буцаан олгох хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн энэхүү маргааны буруутай этгээд нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтан байх юм бол уг ажилтны гэм бурууг хариуцахаар хуульд заасан байгаа. Мөн нэхэмжлэгчийн хувьд болохоор 5,040,000 /таван сая дөчин мянга/ төгрөгийг төлсөн. Уг төлбөрийг хэрхэх нь тодорхойгүй, ойлгомжгүй.
3.4. Маргаан бүхий захиргааны акт хууль хэрэглээний харьяалал зөрчсөн байна. Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг 2001 оноос 2011 онд малчин хийгээгүй атлаа малчин гэж мэдүүлсэн байна гэж дурьддаг. Хариуцагчийн хариу тайлбарт 2001-2006 он 2008-2011 онуудад малчнаар ажиллаж байгаагүй нь тогтоогдсон гэж дурдагддаг. Мөн маргаан бүхий захиргааны актын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг Уг хуулийн одоо 27 дугаар зүйлийг харвал хуурамч бичиг баримт бүрдүүлснээр тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэсэн заалтыг үндэслэл болгосон. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.11 дэх хэсэгт “хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоолгон авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нэхэмжлэгчийг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэдгийг тогтоогоогүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийгээгүй гэдэг нь эдгээр хуулийн зохицуулалт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна.
3.5. Маргаан бүхий захиргааны актын 2 дугаар хэсгээр нэхэмжлэгчийн баталгаажуулалтын хуудсыг хүчингүй болгохоор заасан. Ингэж заахдаа баталгаажуулалтын хуудсыг зохих журмын дагуу хүчингүй болгохыг үүрэг болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дах хэсэгт захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлийг заахаар хуульчилсан. Гэвч баталгаажуулалтын хуудсыг ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй буюу маргаан бүхий захиргааны акт хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.
3.6. Маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Дүрэм журам батлах тухай” тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийг баримтлаагүй. Тухайлбал энэхүү дүрмийн 3.5 дах хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг зөрчсөн буруутай байгууллага, холбогдох албан тушаалтны хариуцан төлөх шимтгэл, алданги болон торгууль, үндэслэлгүй илүү, дутуу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг шийдвэрлэхээр акт үйлдэнэ”, 3.6 дах хэсэгт “Акт нь ерөнхий, тэмдэглэл, тогтоох гэсэн 3 хэсгээс бүрдэнэ”, 3.6.2 дах хэсэгт “тэмдэглэл хэсэгт шалгагдаж байгаа байгууллагын Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудлыг нягтлан бодох бүртгэл, тайлан, мэдээлэл, санхүүгийн үндсэн баримтад тулгуурлан шалгаж, илэрсэн төлбөр, зөрчлийг нэр зааж түүний гарсан шалтгаан, нөлөөлөл, хүчин зүйл, шалгалтаар илэрсэн төлбөр зөрчил нь ямар хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөрчсөн, гарах болсон шалтгаан, хугацаа, нөхцөл ба хууль тогтоомжийг зөрчиж шийдвэр гаргасан, гүйцэтгэсэн зохих байгууллагын удирдлага, албан тушаалтныг тодорхой баримтаар нотолж нэр зааж бичнэ”, 3.6 3 дах хэсэгт “тогтоох хэсэгт хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн нэр, бүлэг, зүйл, хэсэг, заалтын дугаар, тэдгээрийн товч утга, шалгалтаар төлүүлэхээр эсхүл нөхөн олгохоор тогтоогдсон төлбөр, зөрчлийг хариуцах этгээдийн албан тушаал, овог, нэр, ямар хариуцлага хүлээлгэх талаарх үндэслэл, төлбөрийн дүн, торгуулийг барагдуулах хугацаа, төлбөр төлөх дансны дугаар, төлбөрийг хугацаанд нь барагдуулж, илэрсэн зөрчлийг арилгаагүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай дурдах ба акт тогтоосон нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаал овог, нэр гарын үсэг, тэмдэг, актыг зөвшөөрч хүлээн авсан байгууллагын эрх бүхий хүмүүсийн албан тушаал, овог, нэр, гарын үсэг байх ба тамга, тэмдгээр баталгаажуулна” гэж тус тус заасныг зөрчсөн байх бөгөөд захиргааны актын хувьд агуулгын болон хэлбэрийн шаардлагыг хангаагүй болно.
3.7. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “Хуульд үндэслэх”, 4.2.5 дах хэсэгт “. . . шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа захиргааны актыг шүүхээс зөвтгөх боломжгүй тул маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байна. Мөн энэхүү захиргааны маргааны хувьд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос этэрсэн нөхцөл байхгүй болохыг анхаарч үзээгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0447 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1.3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 гэх заалтуудыг шийдвэрийнхээ 10 дах хэсэгт дурдсан боловч хэргийг шийдвэрлэхдээ хэрхэн ямар байдлаар тайлбарлаж хэрэглэсэн нь тодорхойгүй, зөвхөн дурдаад өнгөрсөн. 1994 оны “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2 заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шийдвэрийнхээ 12 дугаар хэсэгт хэрэглэхдээ уг хуулийн дагуу “үүссэн эрхээ хамгаалуулах хүсэлтэй нэхэмжлэгч’ гэж малчнаар ажиллаагүй этгээдийг хууль ёсны эрхтэй мэтээр дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн. Шийдвэрийн мөн хэсэгт хариуцагчийн бүрэн эрхийн талаарх хуулийн заалтуудыг зөв дурдаж байцаагч эрхийнхээ хүрээнд ажилласан эсэхэд дүгнэлт хийх хангалттай хуулийн үндэслэл, нотлох баримтууд байсаар байхад “дүгнэлт хийх боломжгүй” гэж буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.
4.2. Шийдвэрийн 13 дах хэсэгт “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн холбогдох заалтуудыг дурдсан боловч байцаагч дүрмийнхээ аль заалтыг ямар байдлаар зөрчсөнийг дүгнээгүй. Байцаагч шалгалт хийх эрхтэй, шалгалтыг удирдамжтай хийсэн, зөрчил илрүүлсэн, зөрчлийг нотолсон, актаа үйлдсэн, актдаа хаана, хэнийг ямар удирдамжаар, ямар баримтад үндэслэн шалгасан талаар ерөнхий хэсэгт, хэн, ямар байдлаар ямар хуулийн аль заалтыг зөрчсөнийг нэр зааж тэмдэглэх хэсэгт, хариуцлага хүлээлгэх' хуулийн нэр, бүлэг, зүйл, хэсэг, заалтын дугаар, төлбөр зөрчлийн дүн, хариуцах албан тушаалтны мэдээлэл зэргийг тогтоох хэсэгт тус тус дурдсан нь актаас тодорхой харагдаж байхад актыг “шууд зөвтгөх боломжгүй” гэж илт үндэслэлгүй дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн.
4.3. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр тогтоолгон авсан зөрчлийн шинж байдал, хууль зөрчсөн асуудлыг байцаагч судлан тогтоосон эсэхийг шүүх шууд тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, бүх талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг харуулж байна. Нэхэмжлэгч уг зөрчлийг үйлдсэн үү, баримтаар нотлогдсон уу, байцаагч зөрчлийг нотлохдоо хууль дүрмээ зөрчсөн үү гэдгийг дүгнэх нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Ямар үндэслэлээр шууд дүгнэх боломжгүй талаараа тодорхой тайлбарлаагүй. Хэрэв нотлох баримт хангалтгүйгээс гэж үзсэн бол хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх ёстой байтал харин хуулийн хүрээнд ажиллаж шийдвэрээ гаргасан хариуцагчид шалгалтыг дахин явуулж, дахин шийдвэр гаргахыг үүрэг болгож, хууль ёсны эрхийг нь зөрчиж байна. Улсын байцаагч нарт актыг дахин судалж, уг актаас илүү хуулийн үндэслэлтэй захиргааны өөр акт гаргах хуулийн зохицуулалт, эрх зүйн орчин байхгүй, хуулийг хамгийн боломжит зөвөөр хэрэглэж гаргасан шийдвэр.
4.4. Хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан байхад нэхэмжлэгчид малчны тэтгэвэр тогтоолгон авах эрх хууль ёсны дагуу үүссэн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч Ж.Аийн тэтгэврийн хувийн хэрэг болон малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хувийн хэрэгт нөхөр Б.Нын 2001-2006, 2008-2011 онуудын малын А дансны малчин өрхийн гишүүдийн мэдээлэлтэй хуудаснууд бүгд байхгүй, Ж.Аийн 371228 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 188487 дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр Алтанчимэг нь бага эмч мэргэжилтэй, 1990-1997 онд Дундговь аймгийн Баянжаргалан суманд бага эмчээр ажиллаж байсан, уг сумын нийгмийн даатгалын байцаагчийн “Алтанчимэг нь 1990-ээд оны сүүлээс сумаас явсан, суманд амьдраагүй юм байна” гэсэн утсаар өгсөн тайлбар, Цогтцэций сумын нийгмийн даатгалын байцаагч Бямбадуламаар уламжлан Ашигт малтмал газрын тосны газрын-ээс өөрөөс нь тайлбар, тодруулга авахад “нөхөр өөр эмэгтэйтэй болсон, би охиныхоо хамт сургууль бараадаж аймгийн төвд амьдраад зун нь хөдөө гардаг байсан” гэсэн мэдүүлгүүдээр 2001-2006, 2008-2011 онуудад малчнаар ажиллаж байгаагүй нь тогтоогдож байгаа.
4.5. Шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дундговь аймгийн Архивын тасгаас ирүүлсэн лавлагаануудаар нэхэмжлэгч нь 2003-2004 онд Говь-Сүмбэр, Сүмбэр сум, 2010-2013 онд Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, ойн 1 гудамжны 119 тоотод, Б.Н нь 2010-2011 онуудад Баянжаргалан суманд ганцаараа амьдарч байсан нь, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн “охин 1989 онд төрсөн, 1997 онд 8 нас хүрч сургуульд орсон тул 1997 оноос хойш хичээл сургуулийн үеэр охинтойгоо аймгийн төвд амьдардаг байсан, зөвхөн зун нь мал дээрээ очдог, хөдөө амьдрах сонирхолгүй байсан, охиноо оюутан болоход (охин 2007 онд 18 нас хүрч оюутан болсон гэж үзвэл 2011 он дуустал хотод амьдарсан) хотод дагаж ирсэн, дуудлагаар очиж эмчийн ажлаа хийдэг байсан”, “2023.03-р сард өөрийн биеэр сумын нийгмийн даатгалын байцаагч Бямбадуламтай уулзаж, тайлбар, мэдүүлэг өгч ярилцсан" гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Эдгээр баримтуудаар Ж.А нь 2001-2006, 2008-2011 онуудад малчнаар ажиллаагүй болох, сонсох ажиллагаа хийсэн болохыг дүгнэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог буюу малчны тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нь зөрчилгүй гэж үзэхэд учир дутагдалтай гэж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэлгүйгээр, өнгөц дүгнэлт хийсэн.
4.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 1. 3өрчлийн тухай хуулийн 10.17.11 буюу “Хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг үндэслэлгүйгээр илүү тогтоолгон авсан” зүйл заалтаар буруутгасан атлаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэдэг боловч энэ заалт нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр буюу шалгалтын хугацаанаас хойш хуульд нэмэгдэж орсон тул хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх үндэслэлгүй, хууль хэрэглээний харьяалал зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. 2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 29.2 заалт /нийгмийн даатгалын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна/-ыг үндэслэсэн атлаа тэтгэвэр авагчаар тэтгэврийг буцаан төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй гэх боловч энэ заалт нь нэхэмжлэгчид бус актад тусгагдсан бусад тэтгэвэр авагчдад хамаатай заалт, нэхэмжлэгчид мөн хуулийн 27 дугаар заалт хамаатай бөгөөд актад уг заалтыг дурдсан байгаа.
4.7. Актын хоёрдугаар заалтаар “баталгаажилтын хуудсыг хүчингүй болгох”-ыг үүрэг болгохдоо хуулийн үндэслэлийг дурдаагүй гэх гомдлын тухайд, актын үндэслэх хэсэгт “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг дурдсан. Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тухай шийдвэрийг нийгмийн даатгалын ерөнхий байцаагч гаргаж, гарын үсгээрээ баталгаажуулсан. Шалгалтын багийн улсын байцаагч нар нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч буюу дээд шатны албан тушаалтныхаа гаргасан шийдвэр болох 11495552 дугаартай уг хуудсыг хүчингүй болгох эрхгүй бөгөөд уг ажиллагааг иргэний хүсэлтийг хүлээн авч бүртгэлд оруулж, нийгмийн даатгалын төв байгууллага руу илгээсэн тухайн орон нутгийн нийгмийн даатгалын байгууллага хариуцан, баталгаажилтын хуудсыг зохих журмын дагуу хүчингүй болгох хүсэлтээ улсын ерөнхий байцаагчид гаргах замаар баталгаажилтын хуудсыг ерөнхий байцаагч өөрөө хүчингүй болгох зарчимтай. Энэ утгаараа уг баталгаажилтын хуудсыг зохих журмын дагуу хүчингүй болгохыг Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосон. Уг баталгаажилтын хуудас нь малчнаар ажиллаж байсныг нотлохгүй, зөвхөн малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснийг нотлох бөгөөд малчнаар ажиллаж байсныг нотлох бусад баримтуудаар давхар нотлогдож байж тухайн иргэнийг малчнаар ажиллаж байсан нь эргэлзээгүй тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийн хувьд малчнаар ажиллаж байсан нь баримтуудаар тогтоогдоогүй.
4.8. Шүүх ямар үйл баримтыг дахин судлах, дахин акт гаргахдаа хуулийг яаж хэрэглэх талаар тайлбарлаагүй. Шүүх арга ядсан, бөөрөнхий төдийгүй хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, хуулийн хүрээнд шийдвэрээ гаргаж ажилласан байцаагчдын ажилд чөдөр тушаа болсон, харин хууран мэхэлж, хуулийг буруу ашиглаж, нийтийн сангаас хумсалж байгаа этгээдүүдэд боломж, давуу тал олгосон, нийгэмд буруу сэдэл төрүүлсэн, маш хариуцлагагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх талуудын гомдлыг дараах үндэслэлээр шийдвэрлэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Ж.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай актын Ж.Ат холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 2023 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ат олгоогүй тэтгэврийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Аийг 2001 оны 01 дүгээр сараас 2011 оны 01 дүгээр сарын хооронд хамаарах 10 жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулж №11495552 дугаартай баталгаажилтын хуудас олгосон байх бөгөөд ийнхүү олгохдоо Ж.Аийн өргөдөл, түүний 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Н-тай гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэлтийн лавлагаа, Наранжав овогтой Оюунзулын төрсний гэрчилгээ, Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Малчин-Даатгуулагчид олгох архивын 505 дугаартай “Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн малчин, өрхийн тэргүүлэгч Бат-Очир овогтой Наранжавын 2001-2006, 2008-2010, 2012 онуудын мал тооллогын “А” данс”-ны болон өрхийн бүртгэлийн лавлагаа түүнд хавсаргасан мал тооллогын маягт зэргийг үндэслэсэн байна.
2.3. Харин маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тэтгэврийн олголт зогсоож, тэтгэврийг буцаан төлүүлэх, хувийн хэргийн бүрдлийг хангуулах тухай” 5 дугаартай актын 1 дүгээр хавсралтад “...Ж.Аийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр зөрчлийн төлбөрт 7,350,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
2.4. Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаагаар ирүүлсэн Мал тооллогын маягтын малчин өрхийн бүртгэлүүдэд Б.Нын ам бүл 6, 7 гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар “..манай нөхөр хүүхэдтэй хүүхэнтэй нийлээд тухайн жилүүдэд амьдарч байсан түүнийгээ бичүүлсэн байх...” гэж анхан шатны шүүх хуралдаан тайлбарласан төдийгүй 2001-2006, 2009-2012 онуудын мал тооллогын картад малчин өөр гишүүнээр нэхэмжлэгч Ж.А бүртгэгдээгүй, харин өрхийн тэргүүлэгчээр Б.Н ганцаар бүртгэгдсэн, мөн нэхэмжлэгч “манай нөхөр малчнаар тэтгэвэр тогтоолгосон надад тийм боломж байна уу гэж улсын байцаагчаас зөвлөгөө авсан талаараа өөрөө тайлбарласан” зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд түүнийг малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
2.5. Хэдийгээр нэхэмжлэгч нь ...Б.Нтай гэр бүлээ цуцлаагүй, гэр бүлийн таагүй харилцаатай байсны улмаас сургуульд сурдаг охиноо дагаж сумын төвд амьдарч, зундаа хөдөө гарч мал малладаг байсан гэж тайлбарлаж байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 9/10889 дугаартай албан бичгээр ирүүлсэн түүний иргэний улсын бүртгэлийн лавлагаанд нэхэмжлэгч Ж.А нь 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний үнэмлэхээ солих өргөдөл гаргахдаа байнга оршин суух албан ёсны хаягаа “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 32 дугаар баазын байр, 1 дүгээр байшин 1 тоот хаалга” гэж, сууж эхэлсэн он хэсэгт “2003” гэж тэмдэглэсэн, мөн малчин өрхийн хаягтаа бүртгүүлээгүй байгаа зэрэг нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг” ойлгоно гээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.
2.6. Тодруулбал, дээрх хуульд зааснаар малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор байх бөгөөд нэхэмжлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нийгмийн даатгалын тасагт гаргасан өргөдлөөс үзэхэд “...хичээлийн үеэр охин болон хадам ээжээ харж хандаад зуны улиралд малаа маллаж байсан, хөдөө гарах хүн олдохгүй байх үед бригадын эмч хийдэг байсан” хэмээн дурдсан байгаа нь түүнийг малчин иргэн буюу малчнаар ажиллаж байсан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Ийнхүү нэхэмжлэгч нь 2001-2006, 2008-2011 онуудад малчнаар тогтмол ажиллаагүй атлаа малчин байсан гэж мэдүүлэн малчнаар ажилласны тэтгэвэр тогтоолгон авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 оны/ 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд 2 дахь хэсэгт “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийг энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хариуцагчаас маргаан бүхий акт болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай актаар түүний тэтгэвэр олголтыг зогсоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул тус актын Ж.Ат холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ. Энэ талаарх хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий байна.
2.8. Түүнчлэн хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...хуулийн хүрээнд ажиллаж шийдвэрээ гаргасан хариуцагчид шалгалтыг дахин явуулж, дахин шийдвэр гаргахыг үүрэг болгосон нь буруу” гэх гомдол үндэслэлтэй бөгөөд нэгэнт эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг 2001-2006, 2008-2011 онуудад малчнаар ажиллаагүй болохыг нэхэмжлэгчийн оршин суух хаягийн бүртгэлүүд, архивын лавлагаа, түүний захиргааны байгууллагад гаргасан өргөдөл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчдаас дахин шинэ акт гаргах хүртэл, маргаан бүхий актын Ж.Ат холбогдох хэсгийг шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.9. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...улсын байцаагч нэхэмжлэгчийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг тогтоогоогүй, ...захиргааны акт хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй” гэх гомдол болон хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ж.Атэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, Цогтцэций сумын Нийгмийн даатгалын тасгийн дарга Г.Бямбадуламаас 2024 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр 24/24 дугаартай албан бичгээр ирүүлсэн тайлбар зэргээр мөн “...сонсох ажиллагаа хийгээгүй” гэх гомдол үгүйсгэгдэж байна.
2.10. Харин давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчаас маргаан бүхий улсын байцаагч нарын актад “баталгаажуулалтын хуудас” хамааралгүй гэж тайлбарлаж байх боловч тухайн тохиолдолд захиргааны байгууллага буюу нийгмийн даатгалын байцаагчаас анх баримт, бичгийг нягталж шалгалгүй, ажлын хариуцлага алдсан буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг баталгаажуулахаар 5,040,000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлж, улмаар тус баталгаажуулалтын хуудсыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Аийн өндөр насны тэтгэврийг тогтоосон нь ийнхүү үр дагаврыг бий болгосон байна.
2.11. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.4-д “Нийгмийн даатгалын салбарын мэргэжлийн хяналтыг нийгмийн даатгалын байцаагч хэрэгжүүлнэ”, 2 дугаар зүйлийн 2.1.5-д “нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоолт, олголтод баримтын шалгалт хийх” гэж заасан байх бөгөөд захиргааны байгууллага нь энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийг нягталж, шалгалгүй, хариуцлагагүй хандаж баталгаажилтын хуудас олгосон нь буруу тул нэхэмжлэгчийн шимтгэл төлсөн хугацааг баталгаажуулахаар төлсөн 5,040,000 төгрөгийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар хянан үзэж, шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 447 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь заалт, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан Ж.Аийн гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаартай актын Ж.Ат холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 2023 оны 04 дүгээр сараас хойш Ж.Ат олгоогүй тэтгэврийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасаж тус тус өөрчлөн, үлдэх хэсгийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА